Хүн бүр тухлаг сайхан газар амьдарч, ажиллахыг хүсдэг. Өөрийн хүссэнээр өрөө тасалгаагаа тохижуулах хүсэл хэн бүхэнд л байдаг. Тэгвэл энэ хүслээ биелүүлэхэд тань туслах бизнесийг та бүхэнтэй уулзуулж байна. Тэд бол Cap Contents компанийн бүтээлч, эрч хүчтэй залуус. Тус компани URGA хэмээн өвөрмөц содон хийц, зоригтой шийдэл бүхий, захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн модон тавилга үйлдвэрлэлийн брэндийг эхлүүлээд байгаа юм.

Бизнесийн нэр: URGA
Хаяг: 19-р хороолол, хуучнаар Гутлын үйлдвэрийн 4 давхар, What3words хаяг: Урагшлах.тогтож.тогос
Үйл ажиллагааны чиглэл: Интерьер дизайн, тавилга үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2014
Үүсгэн байгуулагч: Ө.Энхбаяр, Б.Дөлгөөн
Ажилтны тоо: 10
Сошиал хуудсууд: URGA (фэйсбүүк хуудас)

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Ө.Энхбаяр: Би интерьер дизайны мэргэжлийн хүн биш ч багаасаа сонирхдог, өнгө будганд дуртай хүн байсан. Валиант Арт компанид ажиллаж байхдаа 2 төсөл хариуцаж, юмыг оргүй хоосноос бүтээж бий болгож үзээд ихэд урамшиж, энэ сонирхолдоо улам хөтлөгдөх болсон. Үүний дараа гэрийнхээ тохижилтыг өөрөө хийх гэх мэтээр энэ тал руу хэлбийж эхэлсэн дээ. Улмаар энэ төрлийн бизнес хийж үзмээр санагдаад нэг их том зорилгогүйгээр Cap Concepts-ийг анх үүсгэж байлаа. Хэд хэдэн ажил аваад онохдоо оноод, алдахдаа алдаад хэсэг явж байгаад түр завсарласан. Тэгээд энэ оны эхээр цоо шинээр дахин эхэлсэн гэж болно. Энэ удаа харин бүх юмыг зүй зохисоор нь, амжилттай хийхийг хүссэн.

Б.Дөлгөөн: Би хот төлөвлөлтийн мэргэжилтэй. Барилгын компанийн төсөл удирддаг байсан. Өөрөөр хэлбэл интерьер дизайн, санхүү, хүний нөөц гэх зүйл барилгын бүх л бүрдэл хэсгүүдийг уяж, зохицуулдаг байв. Тийм ч учраас интерьер дизайныг тодорхой хэмжээгээр мэддэг сонирхдог, байхгүй юмыг бүтээж бий болгохын амтанд нь орсон байсан. Тийм болохоор Ө.Энхбаяртай санаа нийлж, интерьер дизайны зураг гаргаж өгөхөөс гадна тэр зургийг хэрхэн бодит болгохыг зааж өгдөг, тэр үйл явцад оролцдог, өөрсдөө хийж өгдөг компанийг хамтрах бий болгохоор сэтгэл шулуудсан юм.

Ө.Энхбаяр

Б.Дөлгөөн

ХАМТРАГЧДАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

Ө.Энхбаяр: Би анх гаднаас бас импортын бүтээгдэхүүнүүд оруулж ирдэг байлаа. Дөлгөөн ресторан ажиллуулж байсан тул хивс зарчих санаатай очиж уулзсан юм. Бид хоёрын аавууд удаан хугацаанд хамт ажиллаж байсан болохоор эднийхнийг сайн мэддэг байсан. Ингээд яриад үзтэл ер нь яриа нийлээд, бизнесийн талаар нэлээд хөөрөлдсөн. Ингэж л хэрвээ Дөлгөөнтэй нэгдвэл менежмент, санхүү, зохион байгуулалтын тал дээр эрс сайжрах юм шиг санагдаад бид бөөндөө очиж, сүртэй гэгч нь хамтрах санал тавьж байлаа.

Б.Дөлгөөн: Манай багийн гишүүдийн нийтлэг тал бол бүгд мэргэжлээсээ гадна төрөл төрлийн туршлагатай, аливаа зүйлийг эхлээд өөрсдөө оролдож туршиж үзэх хэрэгтэй гэсэн итгэл үнэмшилтэй. Энэ нь ажил амжилттай явах шалтгаан болдог.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Ө.Э: За ер нь энд тэндээс нэг их хөрөнгө таталгүй, зээл авалгүй эхлүүлсэн дээ. Анхны ажлын хөлсөөрөө компьютер авах гэх мэтээр бага багаар л мөнгө санхүүгээ шийдээд явж байгаа. Дөлгөөн маань нэгдэж, санхүүгийн хувьд хүч нэмэгдүүлсэн. Яваандаа том хөдлөх шаардлага гарах байх. Гэхдээ түүнээс өмнө бид юмаа сайн хийж чаддаг, хүмүүсийн итгэлийг даасан байх ёстой. Тэгэхээр дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглана даа.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Б.Д: Монголд байгаа тавилгын зах зээлийг судалж үзээд бид хангалттай орон зай байгааг олж харсан. Хэдийгээр манайд сонголт их байдаг юм шиг харагддаг ч өвөрмөц хийц загвартай, өрсөлдөхүйц үнэтэй тавилга олох амаргүй байдаг юм билээ. Мэдээж захиалгаар тавилга хийдэг газрууд байдаг боловч манайх шиг захиалагчийн хүсэлт шаардлагыг хүлээж аваад, интерьер дизайны зураг гаргаад, байгальд ээлтэй байдлаар өөрсдөө үйлдвэрлэж хийж өгдөг газар ховор болов уу. Үүнд манай уян хатан байдал нөлөөлдөг гэж боддог.

Workshop Experience төслийн хувьд URGA-г нэг алхам урагшлуулсан, захиалагч тавилга хийх явцад өөрөө оролцох боломжийг илүү бүрдүүлсэн гэдгээрээ онцлог. Хүн өөрөө хийхээр эдээ улам л хайрлана.

Манайх үнийн хувьд өрсөлдөхүйц. Хэдийгээр гараар урласан (handmade) бүтээгдэхүүнүүд үнэтэй талдаа байдаг ч, бид хамаг нөөц боломжоо ашиглаад, илүү ухаалаг ажиллаад, үнээ өрсөлдөхүйц байлгахыг хичээж байгаа. Мэдээж импортын бүтээгдэхүүнээс хавьгүй их цаг, бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөр шаарддаг.

Бид зоригтой илэрхийлэх дуртай. URGA бол бусдаас огт өөр бүтээгдэхүүнүүдийг гаргадаг гэж бид хэлж чадна. Монголд олддоггүй, дутуу тавилга, эд хэрэгслийг бид энгийнээр, өөрсдийн дизайны шийдлээр хангах зорилготой.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Ө.Э: Бид маш ихийг мөрөөдөж байгаа. URGA, Workshop Experience бол манай гол төслүүд. Яваандаа Cap Concepts дотоод орон зайг (интерьер) гадаад орон зайтай (экстерьер) уялдуулах, байгальд ээлтэй, удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнийг хийх чиглэлд ажиллана. Хүний гадаа л байвал жаргалтай байдаг шүү дээ. Gardening and Landscape чиглэл рүү орно гэсэн үг.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Б.Д: Ажилдаа дуртай байх, эерэг, бүтээлч байх нь манай үнэт зүйлс гэж болно. Бид захиалагчидтайгаа эерэг энергитэй, гоё харилцаа үүсгэхийг чухалчилдаг.

Мөн бид бүтээлч, уртай хүмүүсийг үнэлдэг байх ёстой гэж итгэдэг. Гоё зураг компьютерээр гаргалаа гээд түүнийг нь хийж чадах хүн олдохгүй байвал хэцүү биз дээ. Тийм ч учраас бүтээлч үйлдвэрлэлийн салбарын ижил бизнес хийж байгаа, хийх хүсэлтэй хүмүүсийг дэмжих, хамтрах сонирхолтой байдаг. Ер нь боломжийг өгөх дуртай компани. Цаашдаа оюутнуудыг дэмжинэ гэж бодож байгаа.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Б.Д: Дизайн, гүйцэтгэлийн ажлууд маань төсөөлснөөр явж байгаа. Одоо төвлөрч байгаа зүйл гэвэл дотоод менежмент, хүний нөөцөө чадавхжуулах асуудал. Энэ оныг дуустал хүмүүсээ сургах, багийн ажиллагаагаа сайжруулах зэрэгт анхаарна. Ер нь анзаараад байхад манайхтай төстэй үйл ажиллагаа эрхэлдэг газрууд гаднаас буюу хөрөнгө мөнгө, эд материал зэрэг зүйлсийг хүлээгээд байх шиг санагддаг. Түүний оронд дотоод нөөцөө сайн ашиглавал болохоор харагдаад байдаг юм.

Мөн манайтай хамтрах, холбогдох боломжтой хүмүүсийг эрэлхийлж байна. Авьяастай хамтарчих залуус өчнөөн байдаг юм байна. Бид өдөр бүр л шинэ хүмүүсийг нээж илрүүлж байдаг. Эдгээр залуусыг нийлүүлбэл нэг нэгээсээ суралцаж, бүтээлч сэтгэлгээний шуурга дэгдээх байх.

Ө.Э: Хүнээр яривал компаниа сайн хүн байлгахыг хүсдэг. Гишүүд нь энгийн, тусархуу, сайхан ааштай. Тийм байж бид төгс сайн гүйцэтгэл хийж чаддаг болно. Өнгөрсөн хугацаанд туршлагагүйгээс болж зарим нэг үйлчлүүлэгчээ сэтгэл дундуур үлдээсэн тохиолдол гарч байсан байх. Одоо түүнийгээ засмаар байгаа. Эхлээд мөнгө олохоос илүү төгс сайн гүйцэтгэл хийдэг болмоор байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Ө.Э: Ажил маань бидэнд хязгааргүйгээр бүтээлч байх боломжийг олгодог. Байхгүй юмыг бий болгоод гартаа барих, хүмүүст өгөх ямар гоё гээч. Энэ сайхан мэдрэмж ажлыг маань улам хялбар болгож байдаг. Хүмүүсийг гэртээ ажил дээр илүү аз жаргалтай байхад бид хувь нэмэр оруулдаг. Мөн ижил сонирхолтой, залуу хүмүүстэй хамтарч ажиллах урамтай шүү дээ.

Нөгөө талаас, үйлдвэрлэл гэдэг нарийн түвэгтэй шат дарааллуудтай байдаг. Маш хариуцлагатай ажил. Одоогоор хааяа туршлагагүйтэх тал гарч байгаа ч үзэх ёстой юм үзээд илүү туршлагажаад чадваржаад явж байна. Юмыг арай өөрөөр, өөр замаар хийх гэж хичээж байгаа болохоор аргагүй байх. Төлөвлөлт сайтай, эмх цэгцтэй ажиллахыг хүсдэг болохоор ажлын төлөвлөгөө, хүснэгтээ хүртэл бид маш олон янзаар туршиж үздэг. Бэрхшээл сорилтууд тууштай даваад яваад байвал компани маань ирээдүйд үнэ цэн өндөртэй болно гэдэгт итгэдэг.

ХҮМҮҮСЭЭС ЯМАР ТАВИЛГЫН ЗАХИАЛГА ХАМГИЙН ИХ ИРДЭГ ВЭ?

Б.Д: Ер нь хүн бүр өөр өөр тавилга хийлгэдэг. Үйлчлүүлэгчид маань голдуу бидний насны, бүтээлч хүмүүс байдаг. Тэд голдуу минимал, зай талбайг зөв ашигласан юмс хийлгэхийг хүсдэг. Жижиг зайг үр ашигтай ашигламаар байна гэсэн хүсэлтүүд их ирдэг юм байна шүү. Номын тавиур, ажлын ширээнүүд төстэй гарах нь арай элбэг.
Мөн хаягдал, илүүдэл материалыг бүтээлчээр сэтгэж тавилга хэрэгсэл болгох тохиолдлууд олон гарна.

Гэрэл зургийг Х. Хантүшиг