Өнгөрөгч тавдугаар сарын эхэнд кино урлагийн "Холливуд Монголд" олон улсын фестиваль анх удаа зохион байгуулагдсан билээ. Энэ арга хэмжээний хамгийн хүндтэй зочдын нэг нь жүжиглэхүйн багш, Холливудын олон гайхалтай одтой тулж ажиллаж байсан Ивана Чаббак байсан юм. Тухайлбал, тэрээр Брэд Питт, Чарльз Терон, Халле Берри, Эва Мендес, Бейонсе зэрэг та бидний сайн мэдэх олон алдартныг дасгалжуулж байжээ. Фестивалийн зохион байгуулагчид Ивана Чаббакийн эх зохиолын дүрийг бодит мэт амилуулан амьдруулах 12 шатлал бүхий арга барилаа толилуулсан "The Power of the Actor" номын монгол орчуулгын нээлтийг хийсэн бөгөөд энэ үеэр жүжигчид, кино урлагийн салбарынхан сургалтад нь сууцгаасан юм. Ингээд Чаббак арга барилыг үндэслэгчийн ажлын арга барилтай танилцацгаая.

Байршил: АНУ, Лос Анжелес
Эрхэлдэг ажил: Жүжиглэхүй урлагийн багш, бестселлер номын зохиогч, "Ивана Чаббак Студи"-ийн захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone
Хэрэглэдэг компьютер: Macbook
Вэб хуудас: www.ivanachubbuck.com
Сошиал хуудсууд: @ivanachubbuk (Фэйсбүүк), @ivanachubbuk (Твиттер)

ТА ЭХЛЭЭД ЖҮЖИГЛЭХҮЙН БАГШ БОЛСОН ТОВЧ ТҮҮХЭЭ, ӨӨРИЙН АРГЫГ ХЭРХЭН БОЛОВСРУУЛСНАА ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?

Би ажлын хэнхэгтэй аав, сэтгэцийн асуудалтай, загнаж зоддог ээжийн хүүхэд байлаа. Ганцаардмал зожиг охин болж, хүнд хайрлуулахаар хүн биш хэмээн өөрийгөө голж, сэтгэл зүйн хувьд аажмаар унтарч байв. Насанд хүрээд жүжигчин болохоор шийдэж, Холливудад 1973 онд ирсэн. Тэр үед ч гэсэн бага, өсвөр насныхаа айдас хүйдсийг тээсээр, өөрийгөө бусдад ойлгуулж өрөвдүүлэх гэж ядаж цөхөж, хөөрхийлүүлэх юм бол хамаг зовлон минь арилах юм шиг санадаг байв. Бусдаас ялгарах юмгүй сэтгэлийн зовлондоо баригдсан жүжигчин төдий л байлаа. Гэхдээ удалгүй дотроос минь "Би ер нь яах гэж ингэж явна вэ? Миний өнгөрсөн амьдралын гуниг зовлон жүжигчний маань замналд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүх зовлон шаналлыг одоогийн зохиолын дүрээ бүтээхэд хэрхэн ашиглаж болох вэ?" гэж эргэцүүлэх болсон.

Танигдах гэж хичээж байх тэр үедээ жүжигчид бие биедээ их тусалдаг юм. Ингээд заримдаа найз нөхөд, бусад жүжигчдэд зөвлөж, санаа оноо хэлэх болж, яваандаа бусдад заах сургах их сонирхолтой юм байна гэдгээ олж мэдсэн. Жүжиглэх үед цаг удаан өнгөрч, хүнд зааж зөвлөх үед харин хурдан өнгөрч байгааг хараад би багш болохоор шийдсэн. Ингээд өөрийн туулсан бие сэтгэлийн зовлонгоо өөрийгөө хөөрхийлөх шалтгаан болгохын оронд харин ч урагш зүтгэх урам, амжилтад хүрэх хөшүүрэх болгон ашиглах арга барилыг хөгжүүлсэн юм.

Миний бий болгосон 12 шатлал бүхий энэ цогц аргачлал нь жинхэнэ, оргилуун, олон талт авир араншинг бүтээх тийм арга. Жүжигчинд дүрийнхээ зорилгын төлөө өөрийгөө дайчилж, дотоод зовлон шаналлаа ашиглахад замчилж, дүрийг жинхэнээсээ бүтээх увдис өгөх тийм агуулга юм. "Monster's Ball" кинонд Халле Берритэй ажилласан маань Чаббак арга барилын сонгодог жишээ болдог. Үүнийг номдоо дэлгэрэнгүй оруулсан байгаа. Тус киноны найруулагч надад "Та түүнийг үнэхээр сайн бэлджээ. Бидэнд зөвхөн түүн рүү камер чиглүүлэх л ажил үлдсэн байсан" гэж хэлж билээ.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Хүн болгон өөр, дүр болгон өөр байдаг учраас өдөр бүхэн шинэ байдаг. Тэр нь үнэхээр сайхан. Эхлээд л шинжлэх ухааны зөгнөлт кинонд тоглох жүжигчинтэй ажиллаж байгаад хэдэн цагийн дараа романтик инээдмийн кинонд дүр бүтээх хүнтэй ажиллах зэргээр үргэлжилнэ. Жирэмсэн хүн, алуурчин, баатарлаг үйл бүтээгч гээд л дүрийн төрөл асар олон шүү дээ. Ганцаарчилсан зөвлөгөө өгнө, студи дээрээ бүлэг хүмүүст сургалт хийнэ, дэлхийгээр тойрон явж сургалт семинарууд зохион байгуулна, киноны зураг авалт дээр очиж богино хугацаанд жүжигчидтэй тулж ажиллана.
Арга барилын хувьд, би маш их ажилладаг. Ажилдаа дуртай болохоор ажил ч гэж боддоггүй, өдөр дуусаж байна гэж алгуурладаггүй дээ. Жишээ нь номоо бичих үедээ өглөө 6-10 цагийн хооронд яс суудаг байв. Сайжруулаад л дахин дахин бичнэ. 20-25 удаа давтан бичиж байж ном маань бүтсэн.
Шаргуу хөдөлмөрлөх, сахилга баттай байх, эрсдэл хийх гурав бол миний чухалчилдаг гурван зарчим.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Би технологид тун тааруу. Хэдийгээр бичих ажлаа компьютер дээр хийдэг ч зарим зүйл дээр гацаж нөхрөө дуудах нь бий. Сошиал хуудсуудыг маань манай хүмүүс хөтөлдөг. Би чинь өөрөө арын албаны буюу бусдын ард байдаг хүн. Тийм болохоор сошиал медиа нэг их зохидоггүй юм шиг санагддаг. Сошиал медиа дээр хүмүүс "би ингэж байна, би тэгж байна" гээд л өөрийгөө харуулж дөвийлгөх хандлагатай байдаг шүү дээ.

За тэгээд ажлын гол хэрэгсэл бол миний аргачлал, миний ном юм даа.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Надад цаг хэмнэх ойлгох гэж ер нь байхгүй дээ. Би чинь цагийг "иддэг" хүн. Хорвоод хүн өөрт тохирсон ажлаа олох л хамгийн их цаг хэмнэлт шүү дээ.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Ажил маань нэлээд урт хугацаагаар төлөвлөгдсөн байдаг. Төлөвлөлтийг мэдээж багийнхантай хамтарч гаргадаг. Энд ажлаа дуусгаад Хятад руу чиглэж, номын гарын үсэг зураг ажиллагаанд орох, кино академийнхантай уулзаж сургалт орох зэрэг хэд хэдэн ажил бий. Түүний дараа гэртээ хариад, зургаадугаар сард Ром, долоодугаар сард Өмнөд Африк, есдүгээр сард Киев, аравдугаар сард Мюнхен, түүний дараа Москва гээд л явж өгнө дөө.

Өдөр тутмын ажилд жигтэйхэн жагсаалт гаргаад байдаггүй. Хийх зүйлсээ би дотроо бодчихдог.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Би тун ч ой сайтай шүү. Энэ чадвараа өөрөө ч гайхширдаг юм. Бас өөрийгөө гайгүй хошин мэдрэмжтэй гэж боддог шүү.

Мөн түрүүнд хэлсэнчлэн сахилга баттай, шаргуу ажилладаг.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Яг одоо тантай уулзаж байгаа минь миний ажлын сайхан тал. Дэлхийгээр аялж, урьд очиж үзээгүй гоё сайхан газруудтай танилцаж, өөр өөрийн үүх үүхтэй, сонирхолтой хүмүүстэй уулздаг. Ажил маань жүжигчдийн амьдралыг өөрчилж, алдрын оргилд хөтөлдөг. Тэдний өмнө нь хаана байсан, одоо хаана хүрснийг харах, өсөлт хөгжлийг нь ойроос ажиглах сайхан байдаг. Жишээ нь Брэд Питт миний сургалтад суух үедээ түргэн хоолны рестораныг сурталчлагч байв. Брэд Питтийн онцлог нь асар хөдөлмөрч. Тэр бол хичээл зүтгэлийнхээ ачаар өндөрт мандсан жүжигчин.

Их ажиллавал мэдээж бусад зүйлдээ бага цаг зарцуулж таарна. Би охиндоо арай бага цаг зарцуулж дээ гэж боддог. Одоо гэхдээ охин маань мундаг, хүчтэй эмэгтэй болсоон.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Ном маань ийнхүү 20 хэлээр хэвлэгдэж байна. Номын ажлаа би чухалчилж авч үздэг болохоор, бас кино урлагийн шинэ тутам фестиваль зохион байгуулагдаж буй тул би Монголд ирсэн. Энэ ташрамд миний номыг монгол хэлээр эрхлэн хэвлүүлсэн, энэ фестивалийг санаачлан зохион байгуулж буй жүжигчин А.Баярцэцэгт талархал илэрхийлье. Фестиваль цаашдаа улам бүр өргөжиж, бүр ч өргөн цар хүрээтэй болно гэдэгт итгэж байна.

Өөрийн ажилтай холбоотойгоор хэлэхэд, өнөөгийн дэлхийд болж бүтэхгүй зүйлс их болдог болжээ. Тиймээс хүмүүст урлаг, энтертайнментээр дамжуулан урам зориг, итгэл найдвар өгөх нь чухал. Урлагаар дамжуулан хүмүүс нэг нэгийгээ дэмжин, нэгдэн нягтрах хэрэгтэй гэж боддог. Урлагт газар зүй, шашин, улстөрийн ялгаа гэж үгүй. Ийм ч учраас би улс орнуудаар явж, урлагийг таниулан ярьж, нөхцөл байдлыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулж яваа гэж боддог.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Би номын хорхойтон. Гэрт маань сайхан номын сан бий. Гэхдээ кино зохиол, скрипт л миний ихэнх уншлагын цагийг авдаг. Харин энд хоёр ном санал болгоё. Нэг нь “Geek Love” хэмээх гашуун егөөдөлтэй роман. Аялагч циркийн маш хачин жигтэй гэр бүл, тэдний хүүхдүүдээ өсгөсөн түүх, хайр ба бутралыг өгүүлдэг. Сэтгэл санааг ч ёстой янз бүр болгоно доо.

Нөгөө нь "A Confederacy of Dunces" хэмээх зохиол. Зохиолч нь номоо хэвлүүлэх гэж хэдэн жил оролдоод хэвлэлийн компаниуд тоогоогүйгээс амиа хорлочихсон юм билээ. Харин ээж нь номынх нь бичвэрийг гэрээсээ олж, хэвлүүлэх гэж хэдэн жил уйгагүй зүтгэсний хүчинд хэвлүүлж чадсан байдаг. Нас барснаас нь 11 жилийн дараа тийнхүү хэвлүүлсэн нь алдаршиж, зохиолчид Пулитцерын шагналыг нөхөн олгож байсан түүхтэй ном юм. Инээдмийн төрлийн агуу бүтээл гэж тооцогддог.

ТА ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Би сонгодог хөгжим болон хип хоп хөгжимд дуртай.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Орой 23 цагт унтахыг хичээж өглөө 5-6 цагийн үед босдог. Би өдөртөө дугхийдэг буюу үе үе бага хэмжээний нойр аваад олон цагаар унтахгүй яваад байж чаддаг төрлийн хүн. Тиймээс сургалт семинар хийх газруудаас 20 минут дугхийгээд авах газар бэлдэхийг хүсдэг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Амрах цаг багатай. Амралтад явсан ч утсаар ярьж зөвлөж л байдаг. Эхлээд ажилла, тэгээд амрах эрхээ олж авах гэж өөрөөсөө шаарддаг.

Чөлөө зав гарвал өөрийн намтар дурсамжийг бичиж байгаа. Эхэнд хэлсэнчлэн, миний намтар дурсамжид гашуун зүйлс их бий. Тиймээс би тэрхүү нөхцөл байдлыг комеди маягаар харахыг хичээдэг. Ер нь комеди, хошигнол гэдэг олон зүйлийн түлхүүр шүү.

Хобби гэвэл би эртний эд хэрэглэл цуглуулах дуртай. Эртний Хятад, Грек, Ромын үед хэрэглэгдэж байсан эд өлгийн зүйлс гээд л. Эндээс бас нэг юм олж авах санаатай л байна. Гэхдээ хаанаас яаж олж авахаа сайн мэдэхгүй байна.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Аав минь 26 жилийн өмнө өөд болсон. Гэхдээ би аавыгаа бодсоор байдаг. Юу ч хийсэн, аав минь хараад бахархах түвшинд сайн хийхийг хүсдэг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

"Хүмүүст таалагдах гэж санаагаа бүү чилээ. Харин хүмүүсийн хүндлэлийг хүлээхэд санаа тавь" гэж хэцүү амьдралаас босож ирсэн нэгэн тэрбумтан телевизээр ярьсныг сонсож байлаа. Санаанд тод үлджээ. Таалагдана, хүндлэгдэнэ гэдэг их зөрүүтэй ойлголт юм.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЖ ЗӨВЛӨХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Бурхан хүн бүрд бэлэг өгсөн. Тэрийгээ л олохыг хичээгээрэй. Өөрийгөө эрэлхийл. Туршилтууд хий. Тэгж байж сайн хийж чадах зүйлээ олно. Тэгвэл нас эцэслэх үедээ харамсах зүйлгүй байна шүү дээ.

Шаргуу хөдөлмөрлөх, сахилга баттай байх, эрсдэл хийх гэсэн гурван зарчмаа бас давтъя. Хүн эрсдэл хийхгүй тайван амгалан, алдах зүйлгүй явж болно. Гэхдээ том зүйлд хүрье гэвэл бас тэр хэмжээгээр эрсдэл гаргах ёстой л доо.

Мөн надаас авьяасын талаар хүмүүс нэлээн асуудаг юм. Жүжиглэхэд хэр их авьяас хэрэгтэй вэ гэх мэт. Энэ нь яг л аз жаргал гэж юу вэ гэдэгтэй адилхан асуулт. Хүн авьяасыг өөрөө бүтээдэг, аз жаргалаа ч тэр. Аз жаргал гэж ийм зүйл байдаг, ингэж аз жаргалтай болдог гэсэн дүрэм журам байхгүй. Ажилла, хөдөлмөрлө, түүний дараа авьяас ирнэ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Барак Обама, Мишель Обама хоёрыг зэрэг оруулбал гоё доо, уг нь. Тэдний нийцэл, зохицол, бие биеэ дэмждэг байдал нь гайхалтай шүү.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.