Орчин үеийн хүүхдүүдэд цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөх олон сонголтон дунд хорвоо ертөнцийг олон өнгөөр таних боломж бий болжээ. Хүн төрөлхтөн 1970 оны сүүлээр зоосон мөнгөөр ажилладаг анхны автомат тоглоомын машиныг бүтээсэн түүхтэй. Ингэснээр хүүхдүүд анх удаа технологи ашиглан хөгжилдөх боломжтой болсон юм. Тухайн үед Pac-Man хэмээх тоглоом хамгийн алдартай байсан бөгөөд 100 иенээр ажилладаг энэ тоглоом 19 жилийн хугацаанд 3,5 тэрбум ам.долларын ашиг олж байжээ. Эцэг эхчүүдэд үр хүүхдээ битгий хэл өөрсдөө ч технологийн нөлөөнөөс зайлсхийх боломжгүй болсон энэ үед ухаалаг утасны зөв хэрэглээг дэмжиж, хүүхдийн насны онцлог тохирсон, тэдний танин мэдэхүйн хөгжилд сайнаар нөлөөлөх аппуудыг танилцуулж байна.

Ухаалаг утас ашиглах цагийн хязгаар бий юу? 

Зөвхөн хүүхэд гэлтгүй бүх насныханд ухаалаг гар утас, зөөврийн компьютер, телевиз ашиглах зохистой хэрэглээг бий болгох хэрэгтэй. Америкийн хүүхэд хамгаалах нийгэмлэгийн судалгаагаар 2-5 насны хүүхдэд өдөрт дээд тал нь нэг цагаас илүү лед дэлгэц харуулахгүй байхыг зөвлөдөг байна. Тиймээс хүүхдэд зориулсан аппууд 4 наснаас дээш насны хүүхдийг эцэг эхийн хяналттайгаар ашиглах боломжтой байдаг. Иймд бид 4-15 насны хүүхэд үзэхэд тохиромжтой аппуудыг сонголоо.

Хүүхэлдэйн кино, дүрс бичлэг үзүүлэх бол 

Аливаа контентийг хүүхдэд тохирсон эсэхийг тодорхой тэмдэг, үгээр ялгахгүй бол хүүхэд сониучирхан үзэх магадлалтай байдаг. Тиймээс 2012 онд Netflix зүүн дээд буландаа “Just For kids” товчийг гарган контентуудаа ангилан хүргэдэг болсон юм. Мөн Cartoon Network, Nickelodeon, DisneyNOW зэрэг хүүхдийн суваг вэб хөтөч хэлбэрээр нэвтрүүлгүүдээ хүргэдэг. Хамгийн сүүлд, дөрвөн жилийн өмнө Google компани Youtube дэх бага насны хүүхдүүдэд зориулан бичлэгүүдээ ялган Youtube Kids хэмээх аппыг олон нийтэд танилцуулсан билээ.

Youtube-ээс Монгол хүүхдүүд үзэж боломжтой сувгууд:
Монголын анхны цуврал анимэйшний нэг “Маамуу” энэ жил гурван нас хүрч байна. Хүүхдийг хамгаалагч сахиус Явуубаатарын тухай “Язгуур” цувралаас төсөөллийн ирээдүйг үзэх боломжтой.
Монгол үлгэр, хүүхдийн дуунуудыг эндээс үзэж болно.
Мөн орон орны үлгэрийг Монгол орчуулгаар эндээс үзэх боломжтой байна.

Хүний бие махбодыг танилцуулахАд

Хүүхэд үргэлж "Яагаад сүүн шүд унадаг вэ?", "Хүүхэд хаанаас ирдэг вэ?", "Усанд орохоор арьс яагаад эмээгийнх шиг болдог вэ? зэрэг асуултаар биднийг түмэн “яагаад” дотор унагаадаг. Заримд нь хариулахын тулд олон зүйл тайлбарлаж, үзүүлэх шаардлага гарах нь бий. Тэр үед зарим эцэг эхчүүд дараа хариулт өгье хэмээн амлалт өгөөд мартах тохиолдол гарна. Ийм нөхцөлд эцэг эхчүүдэд туслах зорилготойгоор хүний биеийн эртхэн тогтолцооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх зураг, дуу, дүрс бүхий олон апп байдаг юм билээ.
Тухайлбал, анимэйшн дүрслэл сайтай, хүний биеийн эрхтэн тогтолцоог нарийн, тодорхой, энгийн үгээр тайлбарласан My Incredible Body апп гарсан даруйдаа л олны анхаарлыг татжээ. Томчууд хүртэл энэ аппаас олон шинэ зүйл сурч мэдэх боломжтой. Түүнчлэн Tinybop компани байшин, роботын үйлдвэр, гараг эрхэс, хөхтөн амьтан болон хүний биетэй танилцах боломжтой танин мэдэхүйд чиглэсэн олон төрлийн апп зохиосны нэг нь The Human Body юм.
Мөн химийн элементийн нэрийг цээжлэнгээ тоглоом тоглох боломжтой My Molecularium апп дээр ганц нэршил гарч ирэх бус элементүүдийг хооронд нь холбон бодис үүсгэн, химийн хичээлийг амархнаар тогтоох боломжтой байдгаараа онцлогтой ажээ.

Математикийн хичээлд дурлуулахыг хүсвэл 

Бүх зүйлийг амархан аргаар сурах боломжтой. Шинжлэх ухааныг хүртэл шүү. Хүүхэд аливаа зүйлийг сурахын тулд цээжлэх, дадах болгох хэрэгтэй учраас тоог нүдлүүлэн, тогтоолгосноор цээжээр түргэн боддог болгох боломжтой юм. Тухайлбал, тоглоомын гол дүр гэртээ харихын тулд олон сорилтыг давах даалгавартай MathTango гэдэг апп бий. Уг тоглоомыг тоглосноор тоог нүдлэхээс гадна, нэмж, хасах үйлдлийг шуурхай бодож сурах боломжтой байна. Мөн гүйлгээ ухааныг хөгжүүлэх зорилготой, олон даалгавар уншиж, биелүүлдэг Marble Math гэдэг апп байдаг. Marble Math апп дээр нэмж хасахаас гадна их, бага хэмжээг ялгах, үржих, хуваах үйлдлүүдийг хурдан хийж сурах боломжтой. Түүнчлэн хүүхэд цаасан дээр ноороглох шаардлагагүйгээр, даалгаврыг баганан бичилтээр бичсэн Math Learner: Class Teacher гэдэг сонирхолтой апп ч бас бий. Өөрөөр хэлбэл, тоог нэмж, хасах, үржих хуваах үйлдлийг ухаалаг утсан дээрээ бичиж сурна гэсэн үг.

Хэл сургахыг хүсвэл 

Дөрвөн настай хүүхэд 10 гаруй хэлийг унаган хэл шигээ сурах боломжтой гэдгийг олон судалгаа нотолсон байдаг. Тэрхүү чадварыг дээр үндэслэн англи хэлний цагаан толгойноос гадна далайн амьтдын талаар ч мэдэх боломжийг Fish School гэх апп олгож байна. Мөн Испани, Франц хэл сурахад зориулсан Duolingo Kids апп өнгөрсөн онд мэргэжилтнүүдийн сайшаалыг хүртжээ. Түүнчлэн гаднын оюутан залуус, жуулчдад зориулсан Learn Mongolian: WordPower, Simply Learn Mongolian: Mongolia Travel Phrases зэрэг аппууд Монгол хэл заадаг.

Орчлон ертөнцийг танилцуулахыг хүсвэл 

Мянга мянган од эрхэс, галактик, нарны аймагтай танилцах нь хорвоо ертөнцийг ямар том болохыг бахдаж бишрэхээс гадна эх дэлхийгээ хайрлах сэдлийг төрүүлдэг. Nasa Visualization Explorer апп NASA-н дүрс, бичлэгээр баяжуулан нарны аймгийг бүхэлд нь энгийн, ойлгомжтойгоор тайлбарласан байна. Мөн The Earth by Tinybop апп газрын давхарга болон дэлхийн цөм, галт уул зэргийг сонирхолтой график зураглал бүхий дүрсээр харуулдаг ажээ.
Түүнчлэн Kids Discover компанийн Geology аппаас дэлхийн гадарга дээрх чулуунуудтай танилцах боломжтой аж. Тухайлбал, хиргисүүр, үнэт чулуу, хөшөө, дурсгалд ашиглан сийлсэн чулуу, агуйд олборлодог чулуу, ердийн чулуу зэрэг найман төрлийн чулууны тухай дэлгэрэнгүй мэдэх боломжтой юм.

Уран зургийн мэдрэмжийг сайжруулахад 

Хүн төрөлхтөн мэдрэмжээ үргэлж ямар нэгэн аргаар илэрхийлэхийг хүссээр ирсэн учраас соёл урлаг нь олон зууны турш хүний мэдрэмжийг илэрхийлэх янз бүрийн урсгалын дагуу хөгжиж ирсэн байдаг. Art Set Pocket Edition апп хүүхдийн зурах авьяасыг хөгжүүлэх зорилготой бөгөөд тосон будаг, усан будаг, харандаа, пастел гэх мэт 12 төрлийн будгийн сонголттой тул хүүхдэд зургийн хэрэгслийг ялгах, ойлгох мэдрэмжийг төлөвшүүлэхэд тусалдаг ажээ. Мөн Drawing pad, Doodle Buddy аппууд нэгдэн Drawing pad & Doodle Paint Art гэх апп гаргажээ. Үүгээр бэлэн зурсан хар зургийг тодруулан зурж, будах боломжтой юм. Ингэснээр хүүхэд зурж сурахаас гадна төхөөрөмжтэй харьцаж сурах аж.

Хөгжмийн авьяасыг хөгжүүлэхэд 

Бага насны хүүхдийн сонсголыг сайжруулан дуу чимээг ялган таних чадварыг хөгжүүлэхэд Easy Music тоглоом туслах юм. Энд дуу чимээ гарган даалгавар биелүүлж тоглохоос гадна олон амьтдын анимейшн дүрсээр чимэглэсэн учир амьтдыг ч тогтоох боломжтой юм билээ. Харин хөгжмийн авьяасыг нь илүү хөгжүүлэхэд Sample Bot, Crayola DJ зэрэг апп туслах боломжтой. Эдгээр нь хөгжмийн хэмнэлийг мэдрэх чадварыг сургахаас гадна хөгжим бүтээх сонирхлыг төрүүлнэ.

Холбоотой нийтлэлүүд:

Хүүхдийн баярын өдөрт: Түүхийг өөрчилсөн 5 хүүхэд
Гэр бүлээрээ ашиглавал зохих 4 сонирхолтой апп
Онцлох бизнес: “Ботгохон” - Хүүхдүүдийн хайрыг татах Бөнбөн, Бабу, Гүүгий гурав
Онцлох бизнес: Creative Bamboo - Хүн болох багаасаа, бүтээлч болох Bamboo-аас