Өнөөдрийн дугаартаа бид дижитал контентийн салбарыг түүчээлэн сэтгүүл зүй, мэдээллийн технологи, зар сурталчилгаа хосолсон контентийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй “Nomadic Сontent” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Г.Гантуяаг урьж ярилцлаа. “Мобиком” компанид контент оператороор ажлын гараагаа эхэлж, технологид суурилсан контент үйлдвэрлэлийн компани болох "Mongol Content"-д олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн тэрбээр өдгөө соёл урлагийн бүтээлийг бизнесийн эргэлтэд оруулах зорилготой менежментийн компани байгуулан, үндэсний цогц контентийг бүтээхээр ажиллаж байна. Ингээд түүний ажлын арга барилтай танилцацгаая. 

Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: “Nomadic Сontent” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone Xs Max
Хэрэглэдэг компьютер: Macbook Air
Сошиал хуудаснууд: Gantuya Ganburged (Twitter), Gantuya Ganburged (Linkedin)

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ТАНЬ ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Миний ажлын арга барил их чөлөөтэй. Шийдвэр гаргах түвшний менежерүүддээ гол ачааллаа төвлөрүүлэн, тэднийг багийнхныгаа удирдан зохион байгуулахад нь дэмжиж ажилладаг. Манайд сэтгүүл зүй, контент үйлдвэрлэл, реклам зар сурталчилгаа зэрэг өргөн салбарт мэргэшсэн хүмүүс нэгдэж ажилладаг учраас чадварлаг менежерүүдтэй байх нь аливаа төсөл амжилттай хэрэгжих гол суурь нь болдог. Төслөөс төслийн хооронд ажилладаг болохоор гүйцэтгэх захирал бүх ажилд оролцоно гэдэг хүнд. Тиймээс би аливаа төслийг голлон ахалж, том ажлыг хариуцах хүмүүстээ анхаарал хандуулж, сургадаг юм.

Манай байгууллагын ажлын нэг өдөр өглөө оффистоо ирээд хөнгөн цэвэрлэгээ хийж, кофе уухаас эхэлдэг. Ингээд шаардлагатай бол гаднын хүмүүстэй уулзах эсвэл дотоод хурлаа хийдэг. Гэхдээ аль болох хурал бага хийхийг эрмэлзэж, зайлшгүй хүмүүстэйгээ л тулж уулзахыг илүүд үздэг дээ. Заримдаа төслийн багууд дээр шууд очоод ажлын явцтай нь танилцан, асуудлыг ярьж хэлэлцэх нь бий. Ингээд өдрийн хоолны цагаар бид гадагш гарч, үнэтэй хоол идэж, цаг алдахын оронд оффис дээрээ эрүүл хооллож, өөрсдөдөө амрах цаг гаргадаг юм. Энэ үеэр ажилчдадаа анхаарал тавьж, аль болох чөлөөт уур амьсгал бий болгохыг хичээдэг. Тухайн үед шинэ хүн орж ирсэн бол цай аягалж өгөөд, хамтдаа юм ярьж суух нь хүртэл бий. Монголын нөхцөлд ихэнх бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээ олон улсын зах зээл дээрх ханшаар үнэлэх боломжгүй байдаг учраас ажилчдадаа хангалттай цалин өгч чаддаггүй. Бидний хувьд ажилчдадаа цалин хангамжаас гадна тухайн хүнийг дэмжих боломжуудыг эрэлхийлж, тав тухтай орчныг нь бүрдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, ажилчдадаа зориулж оффис дээрээ өглөөний цагаар агаарын иог хичээллүүлж эхэлсэн. Энэ нь тэдний өөрсдөдөө чөлөөт цаг гаргах гээд гадуур дахиад л 1-2 цаг түгжирч явах асуудлын нэг шийдэл болж өгсөн болов уу.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Чухал ажлуудаа нэг файлд багтааж, олон бүлэгт хуваан хадгалдаг учраас компьютер дээрээ Microsoft Excel, PowerPoint, Word зэрэг аль болох цөөн программыг ашиглахыг эрмэлздэг.Тэмдэглэл хөтлөхөд зөөврийн компьютер болон гар утсанд байдаг Note ашиглахад амар санагддаг. Өмнө нь Evernote апп их ашигладаг байсан ч сүүлийн үед аль болох толгойдоо хийх ажлуудаа цээжилж, боловсруулахыг хичээж байгаа. Хүн хийх ёстой хамгийн чухал ажил, хүрэхээр зорьж буй зүйлсээ сайн тогтоож чадвал зөвхөн ажил дээрээ ч гэлтгүй хаана ч явсан толгойдоо бодож, боловсруулж болно.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Би уулзалт бүрийг аль болох утга учиртай, бүтээмжтэй байлгахыг хичээдэг. Бизнес уулзалт хийж буй тохиолдолд тухайн асуудалд хамааралтай хүмүүсээ шууд татан оролцуулдаг юм. Тэгэхгүй бол ярьсан зүйлээ хурлаас гараад дахиад л өөр хүмүүст ярих хэрэг гардаг. Том, жижиг гэлтгүй компаниуд хурлаас хурлын хооронд тайлан, судалгаа бэлтгэх гэж хамаг цагаа алдаад байдаг юм шиг санагддаг юм л даа. Тиймээс бичиг цаастай зууралдахаас илүү бүтээмжтэй байхын тулд контент үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн үйл явцдаа цагаа зарцуулах хэрэгтэй.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Би нэг их тэмдэглэл хөтлөөд байдаггүй. Бодож буй ихэнх зүйлсээ толгойдоо хадгалан, боловсруулж явахыг хичээдэг. Харин төсөл, бичиг баримт, бизнесийн төлөвлөгөө, явцын тайлан, үр дүн зэрэг чухал материалуудаа олон тусдаа файл болгохын оронд нэг Microsoft Excel, нэг Microsoft Word гэсэн зарчмаар бүртгэлжүүлэн ажиллаж байна. Аливаа төсөл судалгаанаасаа эхлээд төлөвлөлт, хэрэгжүүлэх үйл явц, тайлан гээд олон хэсэгт хуваагддаг учраас бүгдийг нэг дор цуглуулснаар бүтнээр нь харахад хялбар байдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Хүмүүсийг хооронд холбож, зуучлахдаа сайн гэж боддог. Хэн нэгэнд миний таньдаг өөр хүний тусламж хэрэг болсон бол тэднийг хамтран ажиллахад нь сайн тусалж чадна.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Бид үргэлж шинэ зүйл сэдэж, шинэлэг санаа, шийдлийг хэрэгжүүлдэг болохоор миний ажил надад маш сонирхолтой, хэзээ ч уйдамгүй санагддаг. Хийж буй ажлуудын ач холбогдол, цар хүрээ нь өргөн, өдөр бүр дахин давтагдашгүйгээр өнгөрдөг болохоор өөрийгөө үргэлж хөгжүүлэн, шинэчилж байх шаардлагатай болдог. Хэрэгжүүлж буй төсөл бүр дээр бүтээлч байхын тулд шинийг сэтгэн, олон зүйл судалж мэдэх хэрэгтэй болдог учраас нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, ажлаа маш дуртай хийдэг юм. Гэхдээ нөгөө талаас нь харвал санхүүжилтийн асуудал хамгийн бэрхшээлтэй байдаг. Манайд соёл урлагийн салбарын ашигт ажиллагаа тааруухан, бизнес агуулгаараа сайн хөгжөөгүй гэж хэлж болно. Хэдийгээр энэ салбарын зах зээл жижиг ч бид нийгэмд соёл урлагийн салбарт үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгуулж, цаашид улам хөгжихөд нь өөрсдийн хувь нэмрээ оруулахаар хичээж явна. Соёл урлагийн салбарыг дагаад бусад салбар нь хөгждөг учраас бизнес агуулгын хувьд маш сайн хөгжүүлж, зах зээлээ томруулах шаардлагатай. Тиймээс биднийг соёл урлагийн бүтээлийг бизнесийн эргэлтэд оруулах зорилготой менежментийн компани гэж тодорхойлж болно.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Nomadic content” компанийг байгуулаад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Бид анх байгууллагын зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлэн, хэрэглэгчийн боловсролд зориулсан контентийг бэлтгэж эхэлсэн. Одоогоор компаниудтай урт хугацааны гэрээ байгуулан, зар сурталчилгааны эх бэлтгэх ажлыг гүйцэтгэж байгаа. Форматын хувьд дүрс бичлэг, гэрэл зураг, анимейшн, текст хэлбэрээр байж болно. Мөн хүүхдийн ном, хүүхэлдэйн кино, дуу, нэвтрүүлэг, төрөл бүрийн тоглоом зэрэг үндэсний цогц контентийг бүтээх зорилготой “Ботгохон” төсөл дээр төвлөрөн ажиллаж байна. Монголын соёл урлагийн салбарт үндэсний хүүхдийн контент маш дутмаг, зах зээл нь хөгжөөгүй байгаа. Тиймээс “Ботгохон” төслийг өөрийн хүсэл тэмүүлэл, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд заавал хийх ёстой ажил болохыг ойлгосон учраас компаниа байгуулсныхаа дараахан хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн бид шинэ үеийн залууст зориулсан Lead.style хэмээх мэдээллийн вэб сайтыг хөгжүүлэн ажиллаж байна. Бид уншигчдад хөгжих, боловсрох, урам зориг авах бүхий л мэдээллийг хүргэх зорилготой.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Сардаа нэг удаа уран зохиолын болон хувь хүний хөгжлийн ном түлхүү уншихыг хичээдэг. Гэхдээ ном болгоныг барьж унших гээд байдаггүй. Ерөнхий агуулгыг нь уншиж байгаад нийтлэг санаа давтсан байвал буцаагаад хаагаад орхичихдог юм. Харин Жим Коллинзийн “Сайнаас агууд дэвшихүй” гээд номыг дөрвөн сарын өмнө уншсан ч одоог хүртэл дахин эргүүлж тойруулан уншсаар байгаа. Бизнесийн ертөнцийн ажиллах зарчмыг тодорхой тайлбарласан сайн ном болохоор менежерүүддээ хүртэл уншихыг санал болгож байна. Хамгийн гол нь зөв багаа бүрдүүлэх юм. Харин түүний дараа хаашаа явахаа шийдэж болно гэсэн утгыг агуулсан ном.

ТА АЖИЛЛАХ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Би ямар ч хөгжмийн урсгалд баригдахгүйгээр төрөл бүрийн хөгжим сонсох дуртай. Өмнөх ажил минь хөгжимтэй холбоотой байсан болоод ч тэр үү зохиолын дуунаас авахуулаад поп, рок, к-поп хөгжим хүртэл сонсдог юм. Гэхдээ яг хобби гэхээс илүү уран бүтээл талаас сонирхох нь давамгайлаад байдаг. Хэрэглэгчид юу хүсч, сонирхож байна тэр бүхнийг дагаад туршиж, сонирхож үзнэ дээ. Харин ажил дээрээ төвлөрч байх үедээ аль болох зөөлөн, намуухан аялгуу сонсдог. Ялангуяа, Б.Шарав, Н.Жанцанноров зэрэг Монголын сор болсон хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг сонсох дуртай.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Би өглөө 6 цагт босоод, орой 10 гэхэд гэр бүлийнхэнтэйгээ зэрэг унтдаг. Оройн 10 цагаас өмнө унтаж, нойроо сайн авахгүй бол буруу хэмнэл руу орж, ядаргаанд ордог юм билээ. Эцэг эхчүүд өөрсдөө унтахгүй хэрнээ хүүхдүүдээ эрт унт гээд шаардаад байдаг. Өөрөө хийгээгүй зүйлээ хүүхдэдээ хий гэж шахах нь утгагүй шүү дээ. Тиймээс хүүхдээ унтуулмаар байгаа бол хамт унтаж, ном уншуулах гэж байгаа бол хамт уншиж, өөрөө үлгэр жишээ болох ёстой.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Чөлөөт цагаараа юу л бол юуг туршиж, хийж үзнэ дээ. Янз бүрийн шинэ зүйлс туршиж, нийгмийн идэвхтэй байх нь их сонирхолтой байдаг шүү дээ. Өнгөрсөн амралтын өдөр гэхэд зуслангийнхаа талбайд сонгино, огурцы тарилаа. Зуны нарлаг өдрүүд эхэлсэн учраас ажиллаагүй үедээ ихэнх цагаа зуслан дээрээ гэр бүлтэйгээ өнгөрүүлж байгаа. Өглөө босоод цэвэр агаарт 5 км дугуй унаж, өдөр нь хоол ундаа хийж, гэр орноо цэвэрлээд ногооны талбайгаа тордоно. Хотод байгаа тохиолдолд гэртээ хүүхдүүдийнхээ хоол ундыг нь бэлтгэж, гэр даалгаврыг нь хийлгэхээс гадна нөхөртөө анхаарал тавьж, халамжлах гээд завгүй л өнгөрдөг дөө. Оройн цагаар ихэвчлэн өөртөө цаг гаргаж, өөрийгөө хөгжүүлэхэд анхаардаг. Би бизнес эрхэлж, гэр бүлдээ анхаарал хандуулахаас гадна хэд хэдэн төрийн бус байгууллагад ажилладаг. Дээр нь одоогоор бизнесийн удирдлагын чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа. Тийм болохоор тэр бүхнийг амжуулахын тулд өглөөний цагаа гэр бүлийнхэндээ зарцуулдаг. Өглөөдөө чухал ажлаа хийж чадсан бол оройдоо хэчнээн оройтсон ч ар гэрт асуудал үүсэхгүй, амар тайван л гэсэн үг. Гэхдээ би олон ажлыг зэрэг амжуулдаг гэсэн үг биш шүү. Нэг ажлыг гараас гаргачхаад дараагийн ажил руугаа орж, дэс дараатай ажилладаг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Намайг 2014 онд “Mongol Content” компанид ажиллаж байхад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Коичи Кавасэ гэж Япон хүн намайг их өөрчилсөн юм болов уу гэж боддог юм. Тухайн үед намайг хийж буй ажлаа болохгүй, бүтэхгүй талаас нь харж шүүмжилдэг байсныг анзаараад “Бүх зүйлийг боломжгүй гэж харах юм бол бүх зүйл боломжгүй л байна шүү дээ. Бүхнийг боломжгүй гэдгээр хайрцаглаад байна” гэж хэлж байсан юм. Тэрнээс хойш би өөрчлөгдөж, хүн болгоны болохгүй гэдэг зүйлийг барьж аваад болгох гэж зүтгэж эхэлсэн дээ. Ажил урагшлахгүй, бүтэлгүйтэх гээд байвал надад өөр нэг боломжийг олгох гээд байна уу даа, гэдэг сэтгэхүйгээр харж өөрийгөө хурцалдаг болсон.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Миний таньдаг бизнесийн хамтрагч эгч маань нэг удаа намайг их бараан хувцаслаж, нүүрээ үрчийлгэж явах юм гэж хэлж байсан юм. Эмэгтэй хүн аль болох өнгөлөг хувцаслаж, байнга инээмсэглэж явбал сайхан харагддаг юм билээ. Тэрнээс хойш би бүх хувцсаа өнгөлөг болгож, хүмүүстэй аль болох инээмсэглэж харьцахыг хичээдэг болсон. Бидэнд олон сайн ном уншиж өөрийгөө өөрчилж, хөгжүүлэх боломж байдаг ч амьдрал дээр бодит хүнээс зөвлөгөө авах нь сэтгэлд шууд хүрдэг юм болов уу.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЖ ЗӨВЛӨХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Утсаа бага оролд, зүгээр битгий суу, битгий их унт. Энэ гурван зүйл залуу хүнийг хөгжихөд хамгийн том садаа болдог. Орчин үеийн залууст өнөөдөр бүх зүйл боломжтой, өөрийгөө хэдэн талаас нь хөгжүүлэх орон зай нээлттэй байна. Манай нийт ажилчдын 70 хувь нь эрэгтэй, 30 хувь нь эмэгтэй байдгаас 90 гаруй хувь нь 90-ээс дээш оны залуус бий. Менежерүүдийн хувьд ихэнх нь 10-аас дээш жил ажилласан туршлагатай. Би залуу хүн ажилд авахдаа тийм ч өндөр шаардлага тавьдаггүй. Тухайн хүнийг хэр их зүйл сонирхож, өөрийгөө хөгжүүлэх гэж хичээдэг эсэхийг харахаас гадна үзэл бодол нь хэрхэн тогтож төлөвшсөн болохыг нь л мэдэхийг хүсдэг. Учир нь, олон зүйл сонирхон судалж явдаг хүн илүү бүтээлч байх хандлагатай байдаг юм. Бид нарийн мэргэшлээр мэргэшсэн залуусыг ажилд авахаас илүү тухайн хүний төлөвшил, үзэл бодлыг чухалд тооцож харгалзан үздэг. Тиймээс залуу хүнийг аль болох цагийг завгүй өнгөрөөж, хорвоог танин мэдэх хүсэлтэй байхыг зөвлөмөөр байна. Кино үз, ном унш, хүмүүстэй уулз, аял. Зүгээр л битгий суу.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Аливаа байгууллагад хүн гэдэг хамгийн чухал үнэ цэнтэй зүйл нь юм. Тиймээс хүндээ анхаарал хандуулдаг, санаа тавьдаг байх ёстой. Жижиг, том гэлтгүй ямар ч компани ажилчдадаа санаа тавьдаг, түүнийг дагасан цалин хөлсний бодлоготойгоор чадварлаг, аз жаргалтай хамт олныг бүрдүүлэх хэрэгтэй. Тийм орчинг бүрдүүлж чадсан жижиг, дунд бизнес эрхэлж буй бизнес эрхлэгчдийг оруулахыг санал болгож байна.