Дарга ч бай, цэрэг ч бай, баян ч бай, ядуу ч бай, хүн бүхэнд 24 цаг оногддог. Өдөр бүр энэ 24 цагийг хэрхэн ашиглахаас ихэнх хүний ирээдүй хамаардаг шүү дээ. Харин өдрийг хэрхэн өнгөрүүлэх нь өглөөний цагуудыг хэрхэн өнгөрүүлэхээс ихээхэн хамааралтай байдаг. Өглөө нэг таагүй зүйл тохиолдоход тэр өдөртөө хямарчихдаг, эсвэл сэтгэлд таатай нэг л зүйл болоход өдөржин таатай сайхан байдаг тохиол бидэнд мөн ч олон гардаг. Тиймд өнөөдрийн бичвэрээр өглөө ямар дадлуудыг хэвшүүлбэл зохих талаар санал бодлоо жишээнүүдийн хамт хуваалцъя.

ОРоо хураах (2 минут)

Ороо хураадаггүй хүн гэж ховор биз ээ. Гэхдээ заримдаа бид яарсан үедээ юм уу, хайхрамжгүй үедээ ороо хураалгүй явчихдаг. "Автобусанд орох гэж яарч дайрсан 1 минутандаа та юу чухам хийж бүтээдэг вэ?" гэсэн онигоо маягийн асуулт шиг ороо хураалгүй орхисон 2 минутандаа та бид үнэхээр чухал ажил амжуулчихдаг ч юу гэх вэ :) Гэр новшроод, дээр нь би ороо хураасангүй гэж бодоод, жаахан залхуурал маань түүнээсээ давсан өртөгтэй болчихдог. Тиймээс хэчнээн завгүй байсан ч ороо хураан онц гавьяа байгуулж өдрийг эхлүүлдэг байя.

ДАСГАЛ ХИЙХ (5-15 минут)

Зарим хүн өглөө гүйнэ, зарим нь иог хийнэ, зарим нь бүр фитнесс хийх нь ч бий. Ямартай ч дасгал хийх нь унтаа байдалд орсон биеэ идэвхжүүлэх, эрч хүч мэдрэх чухал алхам билээ. Миний хувьд өглөө бүр 30 удаа суниахыг хичээдэг. Алдарт зөвлөх Тони Роббинс лав өглөө бүр хүйтэн шүршүүрт ордог гэдэг юм билээ. Тиймээс та заавал өөрт тохирсон нэг дасгалтай болоорой.

СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ БЭЛДЭХ (3-5 минут)

Дасгал гэдгээр бие махбодоо бэлдэх тухай ярьсан бол сэтгэл зүй, оюун санаагаа бэлдэх тухайд одоо өгүүлье. Энд бясалгал бол хамгийн сонгодог жишээ болж орж ирэх байх. Би хувьдаа нэг хэсэг "Чухамхүү өнөөдөр" гэх бичвэрийг их уншдаг байлаа. Гоёмсог, сэтгэл сэргээх шүлэг уншиж ажилдаа гардаг хүмүүс ч байдаг. Манай ярилцлагын зочин П.Баярмагнай ажлын өдрөө эхлүүлэхдээ "Гэгээн алсад одох юм сан" хэмээх гайхалтай аялгууг сонсдог хэмээн өгүүлж байсан нь бас л сэтгэл санаагаа хөглөж буй нэг хэлбэр юм даа. Энэ дадалд бас дуртай хөгжмөө сонсох, подкаст сонсох зэргийг ч багтааж болох юм.

ЧАНАРТАЙ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ УУХ (10-15 минут)

Өглөө болгон шүршүүрт орох албагүй ч өглөөний цайгаа заавал уух шаардлагатай шүү. Өглөөний цайгаа ууж чадахгүй бол өдрөө их л энерги багатай эхлүүлнэ гэсэн үг тул Рэппэр Цэцэгийн "Чанартай юм идэж уу" гээд байдгийг тун чухалд авч үзэх хэрэгтэй. Гэртээ цайлж амжаагүй бол ажилдаа явах замдаа, эсвэл очсон хойноо заавал юм идэж байхыг хичээгээрэй.

Өглөөний цай уухыг дадал болгоход бэлтгэл чухал. Зарим хүн өдөр бүр нэг л төрлийн цай уудаг нь юу идэж уух билээ гэж цаг алдахаас сэргийлэх зөв арга юм. Манай багийн нэг гишүүний гэр нэлээн зайтай учраас өглөөний цайгаа машиндаа уудаг, өглөө идэх нарийн боов, жимсээ 7 хоногоор нь авчихдаг гэж байсан нь үлгэр авууштай санагдсан.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТ ГАРГАХ

Хийх ажлын жагсаалт гаргах ч ойлгомжтой, зайлшгүй хийх зүйл. Ажилдаа явах замдаа юм уу ажил дээрээ очоод хамгийн түрүүнд тухайн өдөр хийх ажлаа бодоод буулгаарай. Гэхдээ зүгээр жагсаалт гаргахын төлөөнөө биш, үнэхээр ажлаа зөв сайн төлөвлөж, өдрийг үр дүнтэй өнгөрүүлэхийн төлөө хэдэн минутыг бодож төлөвлөхөд зарцуулах учиртай юм. Тухайн өдөр 2-3 чухал ажил амжуулна гэж тооцоод, түүнийхээ хажуугаар, завсар зайгаар жижиг ажлуудаа төлөвлөх нь үр дүнтэй болов уу. Хүн хүн янз янзаар л жагсаалтаа гаргадаг. Том жижиггүй холиод олон даалгавартай жагсаалт үүсгэх нь зарим талаар бас хэрэгтэй байдаг. Жишээ нь жагсаалтад ор хураахыг хүртэл оруулаад, ороо хураасан гээд дарах нь юм хийгээд байгаа шүү, ахицтай явна гэсэн дохиог тархинд өгч байдаг.

Зарим хүн жагсаалтаас гадна өглөөний тэмдэглэл хөтөлж үр шимийг нь хүртдэг. Тэмдэглэл хөтлөх "5 минутын журнал" гэх мэт төрөл бүрийн арга, формат байдгийг та өөрөө хүсвэл дэлгэрүүлэн судлаарай.


Төгсгөлд нь хэлэхэд, мэдээж хүн бүр дээрх таван зүйлийг өдөр бүр ягштал хийж дадаагүй байх. Гэсэн ч хувь хүний онцлог, өөрийн амьдралын хэв маягтаа тохируулан ядаж гурвыг нь тогтмол хэвшүүлэх нь таны өдөр бүрийн амьдралд үнэмлэхүйц эерэг өөрчлөлтийг бий болгох юм шүү.