Ковер зургийн тайлбар: 9-р сарын 20-ийг тэмдэглээд аваарай

Дэлхий дахинд

Энэ сарын сүүлээр эхлэх уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын чуулганы өмнө Шведийн активист Грета Тюнберг 15 хоногийн нүүрстөрөгчийн хаягдалгүй аяллаа дуусгалаа. Английн Плаймотоос эхлэлтэй тус аялал нь 4800 км-ийн турш нарны эрчим хүчээр ажилладаг завиар үргэлжилж Нью Йоркт өндөрлөсөн байна. 16 настай Грета дэлхийн удирдагчдаас хүрээлэн буй орчны асуудалд илүү анхаарлаа хандуулахыг шаардаж буй, голлон хүүхэд багачуудаас бүрдсэн хөдөлгөөний манлайлагч болоод байгаа билээ.

Хонгконг даяар өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын үзэл санааны лидерүүдийг баривчилсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэв. 2014 оны шүхэрт тэмцлийн удирдагч, 22 настай Жошуа Вонг болон түүний Демосисто намын хоёр ч төлөөлөгчийг эрх баригчид баривчилсан байна. 13 дахь долоо хоногтоо өрнөж буй жагсаалтай зэрэгцэн Хятадын цэргийн хүч хил даван орж ирсэн тухай эх сурвалжууд мөн мэдээлсээр байгаа билээ. 6-р сараас хойш энэ эсэргүүцэлтэй холбоотойгоор 900 орчим хүнийг саатуулаад байгаа аж.

Дэлхий дээр ердөө хоёулахнаа үлдээд буй умардын эм цагаан хирсээс гарган авсан 7 өндгөн эсэнд эрдэмтэд хиймлээр үр тогтоож чаджээ. Өнгөрсөн жил сүүлийн эр цагаан хирс нь нас барснаар энэхүү зүйл устаж үгүй болох нь гэсэн айдас төрөөд байсан юм. Үр тогтооход шаардлагатай байсан эрэгтэй биологийн материал нь хөлдүү хэлбэрт хадгалагдаж байсан аж. Энэхүү амжилтаас улбаатайгаар цаашид устаж мөхөх аюулд автаад буй амьтдын төрөл зүйлийг аврах боломж нээгдэж байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Атлантын далайд дэгдсэн түүхэн дэх хамгийн хүчтэй хар салхи Багамын арлуудыг чиглэн 285 км/цагийн хурдтайгаар урагшилж байгаа гэнэ. Дориан нэртэй уг хар салхи нь тавдугаар буюу хамгийн аюултай ангилалд багтах бөгөөд ойролцоох бүс нутгуудыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхлээд байгаа юм. Сүүлийн 3 жилд тавдугаар ангиллын дөрвөн хар салхи дэгдсэн бөгөөд нийт 3600 гаруй хүний аминд хүрсэн билээ.

АНУ-ын Оклахома мужийн шүүхээс үндэстэн дамнасан гигант Johnson & Johnson-ийг 572 сая доллараар торгох шийдвэр гаргалаа. Тус компанийг өвчин намдаагчийн агуулгатай эмийн бүтээгдэхүүнээр дамжуулан олон нийтийг төөрөгдүүлж, улмаар донтуулан, эрүүл мэндийн болон бусад хохирлыг учруулсан хэмээн буруутгаж байсан юм. АНУ-ын хэмжээнд өнгөрсөн 20 жилийн хугацаанд өвчин намдаагчийг хэтрүүлэн хэрэглэсэн буюу буруу ашигласнаас болж 400 мянган хүн амиа алдсан бөгөөд зөвхөн Оклахома мужид 17 тэрбум долларын хохирол учруулсан хэмээн тооцож байсан аж. J&J торгуулийн хэмжээг 5 тэрбум орчим байна хэмээн тооцож байсан бөгөөд харьцангуй хөнгөн шийтгэлийн дараагаар хувьцааны үнэлгээ нь 2 хувиар нэмэгджээ.

Грета уур амьсгалын өөрчлөлтийг топ сэдэв болгохыг хүсэж байна.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн хамгийн том бөгөөд хүчирхэг цөмийн хурдасгуур байрладаг "CERN" судалгааны институт жолоочгүй машины технологи хөгжүүлэх хиймэл оюуныг сургах төслийг эхлүүллээ. Тэд Volvo, Veoneer-ийн хамтаар илүү хурдтай, илүү боловсронгуй технологийг бүтээхэд оролцох болсон нь энэ салбарын хувьд том мэдээ байв.

ОХУ-ын Союз хөлөг Олон Улсын Сансрын станц руу анх удаа өөрсдийн хөгжүүлсэн робот нисгэгчийг илгээлээ. Skybot F-850 загварын уг бот нь хэдий жолоочийн үүргийг гүйцэтгэхгүй ч мэдээлэл дамжуулах, орчныг хянах, гол үзүүлэлтүүдийг мэдээлэх үүргийг гүйцэтгэх гэнэ.

KFC өнгөрөгч долоо хоногт Атланта дахь салбартаа анхны ургамлын гаралтай тахианы махан хоолоо танилцууллаа. Тэд энэ оны эхээр нээлттэй компани болж, хоол зүйн салбарт хувьсгал хийж буй Beyond Meat-тэй хамтран лабораторид ургуулсан тахианы мах, ясгүй далавчийг хэрэглэгчдэд санал болгохоор зэхэж байна. KFC хэрэглэгчдийн санал хүсэлт, санаа бодолд үндэслэн хэдий хугацааны дараагаар бусад салбаруудад ижил технологи нэвтрүүлэх шийдвэрээ гаргана гэнэ. Тэднээс өмнө Burger King, Subway зэрэг топ франчайзууд хиймэл махан бүтээгдэхүүн туршиж эхлээд байгаа билээ.

Ухаалаг гэрийн туслах төхөөрөмжийн зах зээл өнгөрөгч улиралд 55 хувиар өссөнийг судалгаа харууллаа. Зах зээлийг Amazon Echo 6.6 сая төхөөрөмж нийлүүлснээр тэргүүлж байгаа бол 3700 хувийн өсөлт үзүүлсэн Baidu жагсаалтын 2-р байрт бичигдсэн байна. Тэд өмнөө явсан Google-ийг гүйцсэн нь энэ. Google Home 4.3 сая ширхэг борлуулагдсанаар гуравт бичигджээ. Ухаалаг туслахын өсөлт нь Хятадын зах зээл дэх эрэлттэй шууд холбоотой бөгөөд зөвхөн тус улсад 12 сая ширхэг төхөөрөмж зарагдсан байна.

200 сая хэрэглэгчтэй чат апп Telegram 10-р сард "Gram" нэртэй криптовалютаа гаргах гэж байна. Хамгийн аюулгүй, нууцлал сайтай чат апп-д тооцогддог тэд энэ төслийн хүрээнд 1.7 тэрбум долларыг босгоод байгаа билээ.

Бэлдсэн шинэ амттан нь ердөө 5 цагийн дотор дууссан гэнэ шүү.

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Apple 9-р сарын 10-нд шинэ бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөгөө зарлалаа. Энэ удаагийн арга хэмжээгээр тэд гурван ч шинэ iPhone-оо зарлах төлөвтэй байгаагаас гадна хэд хэдэн төрлийн дагалдах үйлчилгээний нэмэлтүүдээ ил болгох бололтой.

Дэлхийн тамхины зах зээлийн тэргүүлэгчид болох Altria болон PMI 200 тэрбум долларын үнэ цэнтэй нэгдлийг эргэн үүсгэх төлөвлөгөөгөө танилцууллаа. Marlboro-г үйлдвэрлэгч Altria 2008 онд олон улсын зах зээлд төвлөрөх зорилгоор PMI-г өөрөөсөө салгаж байсан түүхтэй. Гэхдээ тэд энэ удаад эргэн нийлж, цахилгаан тамхи болон каннабисын зах зээл дээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Хэрвээ энэ нэгдэл үүсвэл гол өрсөлдөгч British American Tobacco-оос бараг 2 дахин өндөр үнэлгээтэй болох учиртай юм.

Гэрийн фитнесийн төхөөрөмж үйлдвэрлэгч Peloton нээлттэй компани болох хүсэлтээ албан ёсоор гаргалаа. 1.4 сая хэрэглэгчтэй, 915 сая долларын борлуулалттай тус компани IPO-оосоо 500 сая доллар босгох зорилготой байгаа юм. "Аз жаргал зардаг" хэмээн өөрсдийгөө тодорхойлсон тус төхөөрөмж 2200-4295 доллараар зарагддаг бөгөөд сарын 39 долларын төлбөртэй дасгалын хичээлийг авах боломжтой байдаг гэнэ.

Хууль сахиулагчдын шахалтаар Celgene гол бизнесүүдийн нэг "Otezla" эмийг үйлдвэрлэх эрхээ Celgene 13.4 тэрбум доллараар Amgene-д зарлаа. Хамгийн түгээмэл арьсны эмгэгүүдийн нэгт тооцогдох хайрст үлд өвчний эсрэг үйлчлэлтэй тус эмийн өнгөрсөн жилийн борлуулалт 1.61 тэрбум доллар байсан гэнэ. Ингэснээр удтал хүлээлгэсэн Celgene болон BMS-ийн 74 тэрбумын нэгдэл эцэслэгдэх боломжтой болж байгаа юм.

Instagram хэрэглэгчид хоорондоо тогтмол холбогдож, мэдээлэл солилцох боломж олгох бие даасан чат апп-ийг хөгжүүлж байгаа гэнэ. Thread нэртэй уг апп нь Instagram-ийн хэрэгслүүдийг ашиглан зураг, видео ба хөдөлгөөнт дүрс дамжуулах боломж олгохоос гадна байршил, хурд, статус зэргээ солилцох нэмэлттэй байх ажээ.

Шинэ утасныхаа өнгийг урилгандаа шингээв үү?

энтертейнмент ертөнцийн эргэн тойронд

"Angel Has Fallen" 14.4 сая долларын орлогоор бокс оффисыг 2 дахь долоо хоногтоо тэргүүллээ. Өнгөрөгч амралтын өдрүүүдээр шинэ кино төдийлөн нээлтээ хийгээгүй учир "Good Boys", "The Lion King" зэрэг кинонууд эхний гурван байрыг бүрдүүлсэн байна. Харин олон улсын бокс оффисын жагсаалтыг нийт 684 сая долларын орлогын босгыг давсан "Hobbs & Shaw" манлайлав. Тэд энэ жил 4 долоо хоног дараалан чартыг тэргүүлсэн анхны кино болжээ. "Avengers", "Captain Marvel", "Spider-Man" зэрэг энэ жилийн топ бүтээлүүд бүгд гурван долоо хоног л тэргүүллээ хадгалсан аж.

Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй талбаруудын нэг "Венецийн кино фестивал" нээлтээ хийлээ. 76 дахь удаагийн наадмыг Японы найруулагч Хирокуза Кореадагийн "The Truth" бүтээл нээсэн юм. Энэ жил хүлээлт өндөртэй байгаа "Joker", "Seberg", "Ad Astra" зэрэг кинонууд энд нээлтээ хийж буй. Олны анхаарлыг ихэд татаж буй Ж.Финиксийн гол дүрд нь тоглосон "Joker"-ийн анхны үзвэрийн дараа үзэгчид 8 минутын турш алга ташсан гэнэ.

Microsoft-ийн үүсгэн байгуулагч Билл Гэйтсийн тухай гурван ангит баримтат кино Netflix-ээр 9-р сарын 20-нд нээлтээ хийх гэж байна. "Inside Bill's Brain: Decoding Bill Gates" нэртэй уг кино тэрбумтны өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай өгүүлэх бөгөөд ажил карьераас нь гадна хувийн амьдрал руу нь гүн орсон гэдгээрээ онцлогтой байна. Уг киног уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсанд тооцогддог "An Inconvenient Truth"-ийн Д.Гюггенхайм найруулжээ.

Асуудал дагуулсан хэл яриа, үзэл бодлоороо байнга шуугиан дэгдээдэг "PewDiePie" Youtube-ийн анхны 100 сая дагагчтай хувь хэрэглэгч боллоо. 9 жилийн өмнө анхны видеогоо оруулж байсан тэрээр 2013 оноос хойш тус платформын хамгийн олон дагагчтай хэрэглэгчид тооцогдож байсан билээ.

2019 оны MTV Video Music Awards ялагчдаа тодрууллаа. Уг наадмаас Ариана Гранде, Тэйлор Свифт, Билли Айлиш нар тус бүр гурван төрөлд тэргүүлсэн нь хамгийн өндөр амжилт болов. Оны шилдэг видеогоор Т.Свифтийн "You Need To Calm Down" тодорсон бол шилдэг хамтлагаар БНСУ-ын "BTS" нэрлэгдсэн байна.

Мобиком корпорациас Be брендийн хэрэглэгч залуустаа зориулан “Be Digital Show 2019” тоглолтыг гурав дахь жилдээ Huawei Mobile Mongolia-тай хамтран зохион байгуулжээ. Тус шоу тоглолтын тайз засалт, орчин бүрдүүлэлт, төлбөрийн систем зэрэг бүхий л зүйлсдээ дижитал хэв маягийг шингээж, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлж өгснөөрөө тун онцгой байлаа.

"Be Digital Show 2019" тоглолтын "онцлох" уран бүтээлч The Colors хамтлаг

Алдалгүй унших арван мэдээ

CNBC: Диснейн шинэ паркаас онцлох 4 зүйл
Сэдэв - Оддын дайн. Байршил - Орландо, Флорида. Дундаж хүлээлгийн хугацаа - 5 цаг.

The Verge: Volocopter анхны туршилтын нислэгээ үйлдлээ
Нисдэг такси бодит амьдралд нэвтрэхэд алхам алхмаар ойртсоор. Герман стартап Хельсинки хотноо амжилттай нислэг хийжээ.

Newspress: Ард олондоо ахиад үнсүүлээрэй
Энэ жилийн наадмын түрүү Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь батлагдав. Одоо түүнд булзах зам үгүй.

Wired: Жак Дорси хэрхэн хакдуулав?
Твиттерийн үүсгэн байгуулагч Жак Дорсигийн твиттер хуудас хакдуулав. Яаж тэд нууцлалын эрин үед сонор сэрэмжээ алдаж чадав? Одоо тэдэнд хүн итгэж чадна гэж үү?

BBC: Британид улс төрийн хямрал улам даамжрав
Шинэ ерөнхий сайд Борис Жонсон парламентын үйл ажиллагааг зогсоосон нь мянга мянган иргэдийн бухимдлыг төрүүлэв.


Guardian: Сагсан бөмбөгийн ДАШТ-ийн өмнө
Хятадад эхэлсэн ДАШТ-ий иж бүрэн анализтай танилцаарай. АНУ гурав дахиа дараалан түрүүлж чадах болов уу? Аль баг шуугиан тарих бол?

Vox: Америкийн бууны хямралыг тайлбарлах нь
Ахиад л халдлага. Ахиад л амь. Ахиад л гомдол,бас цөхрөл. Буруутан нь мэдээж буу.

Gizmodo: iPhone-оор дамжуулж үндэстний цөөнхийг хянах гэж оролдов уу?
Хятадын хакерууд уйгуруудыг утсаар нь дамжуулан тандаж, хянах гэж оролдсон байж болзошгүй талаар мэргэжилтнүүд сануулж байна.

Techcrunch: Nike таны пүүзийг ухаалаг болгож байна
Huaraches загвар одоо гар утастай холбогдож, танд хамгийн тухтай мэдрэмжийг төрүүлэх болно.

The Atlantic: Хонгконгийн цагдаагийн хүч хэрхэн хамаг нэр хүндээ алдав?
Тэд нэгэн үе Азийн хамгийн шилдэгт тооцогдож байв. Гэтэл одоо тэднийг бүгд жигшин зэвүүцэж байна. Юу буруу болов?