20-р зууны Монголын түүх нэн сонирхолтой билээ. Тэр дундаа 20-р зууны эхэн үеийн Монгол Улсын нөхцөл байдал,  тэр үед болж өнгөрсөн үйл явдлууд хойших жилүүдийн өрнөлийг тодорхойлжээ. Энэ үед мөн дэлхийн улс орнуудад олон агуу монголч эрдэмтэн төрөн гарсан байдгийн нэг нь Финландын нэрт эрдэмтэн Густав Йон Рамстедт юм. Тэрээр 20-р зууны эхэнд дорно зүгт олон удаа, түүний дотор Монгол руу гурвантаа аялсан тэмдэглэлээ "Дорно этгээдэд долоон удаа" хэмээх ном болгосон нь зөвхөн хэл шинжлэл, утга соёл судлал төдийгүй түүхийн чухал ач холбогдолтой бүтээл болжээ. Ингээд ээлжит дугаартаа бид энэ гайхалтай номыг тоймлон танилцуулъя.

ЗОХИОГЧИЙН ТУХАЙ

Густав Йон Рамстедт бол шинэ цагийн Монгол хэл шинжлэлийг үндэслэгч, харьцуулсан Алтай хэл шинжлэлийг үндэслэгч, монгол, түрэг, солонгос, япон, эсперанто судлаач, сурган хүмүүжүүлэгч, дипломат, нэрт аялагч, Монголын хэл соёл, ард түмнийг сэтгэл зүрхнийхээ гүнээс хайрлагч нэрт эрдэмтэн юм. Түүний энэ бүтээлийг Конгрессын номын сангийн мэргэжилтэн, монгол хэлний М.Саруул-Эрдэнэ багш албан ёсны эрхийг нь авч монгол хэлнээ хөрвүүлжээ.

Рамстедтын талаар нэг сонирхолтой баримт өгүүлэхэд, тэрээр монгол хэл үзэж эхлэхээсээ, Монгол руу аялахаас бүр өмнө хүүхдүүддээ монгол нэр өгч эхэлсэн байдаг аж. Хүүхдүүдийнх нь нэрсийг дурдваас: Сэдхил, Билгэ, Цэцэг, Эрдэм, Элзэтэ буюу Өлзийт, Ойлик буюу Ойлго, Алдар, Майдари.

Хожим нь тэрээр Финландаас Японд суух анхны элч болон тус улсад олон жил амьдарч, Финланд Японы харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсны сацуу Солонгос хэлний дүрмийг дэлхий дахинд танилцуулсан анхны номыг бичиж байжээ.

НОМЫН ТУХАЙ

Нэрт эрдэмтэн бээр финчүүдийг монгол уу, эсвэл ядаж монголжуу улс уу хэмээн бүр дунд сургуульд байхаасаа сонирхож эхэлсэн нь хожим холдоо Монголтой хувь заяатай холбох шалтгаан болсон ажээ. Рамстедт 1897 онд Оросын Черемис, Сибирийн бүс нутгууд руу аялан судалгаа хийж, 1898 онд Монголд анх хөл тавьжээ. Улмаар Монголд хоёр жил амьдарч, арвин судалгаа хийгээд 1900 онд нутаг буцсан нь өөрийнх нь тодорхойлсноор "арай ч дэндүү адал явдалтай аялал" болсон гэдэг. Аяллынх нь адал явдалтай боловч харамсалтай нэг жишээг хэлэхэд, Рамстедт энэ урт, хэцүү аяллынхаа олз болох судалгааны бүх үр дүн, авсан гэрэл зургууд, дүүрэн тэмдэглэл бүхий дэвтрүүдээ буцах замдаа галт тэрэгний буудлаас алдсан нь Монгол судлалд тохиосон асар том гарз болсон хэмээн орчуулагч М.Саруул-Эрдэнэ тайлбар бичжээ. Гэсэн хэдий ч Рамстедт өөрийн ой тогтоолтод найдан 1902 онд Финландад "Халх-Монгол хэлний үйл үгийн хувиллын асуудалд" хэмээн докторын ажлаа хэвлүүлжээ. 20-р зууны эхэн үеийн Монголын дүр төрх, хүрээн дэх монголчуудын амьдралыг тольдсон энэхүү аяллын тэмдэглэлийг унших нь ёстой л кино үзэх мэт болно.

Үүний дараа Рамстедт Халимаг, Туркестаны нутгаар, цаашлаад Афганистан орж моголчуудыг хайн аялж байснаа өгүүлнэ. Энэ хэсгээс Төв Азийн өргөн уудам нутгаар тархан суурьшсан монгол угсаатнуудын хэл соёл, амьдрал ахуй ямар байсныг харж болох аж. Заримдаа энэ хүн ийм их адал явдалтай аялдаг байв уу, эсвэл тэр үед ер нь хол аялна гэдэг өөрөө агуу адал явдал байв уу гэж эрхгүй бодогдож байлаа.

Тийнхүү Рамстедт 1909 онд буюу Үндэсний эрх чөлөөний хувьсгалын өмнөхөн Монголд дахин ирэх болно. Тонюкукийн гэрэлт хөшөөг судалсан хийгээд хөдөө нутгаар хэл соёл, түүх дурсгалын судалгаа хийснээ энэ хэсэгт өгүүлэх бөгөөд уг аяллын үеэр Чин Ван Ханддорж, Хайсан гүн зэрэг Монголын нөлөө бүхий хүмүүстэй танилцсан байдаг. Түүний энэ танилын сүлбээ улмаар монголчуудын эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн үйл явдалтай холбогдсон нь хувь төөрөг гэлтэй. Чин ван Ханддорж, Хайсан гүн, Да лам нар 1910 онд Петрбургт нууцаар ирэхдээ Рамстедтад захиан бичин туслалцаа хүсэж, Оросын Цэргийн Яамнаас зэвсэг гуйхдаа хэлмэрчлүүлж байжээ. Өөрөөр хэлбэл, Рамстедт монгол хэл, соёлын судлалд үлэмж хувь нэмэр оруулсны сацуу монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн их үйлийн нэгэн хэсэг болж явсан эрхэм юм.

НОМЫН ЗАРИМ ЭШЛЭЛҮҮД

"Монгол гэр гэж ёстой нэг хөөрхөн эд байна."

"Номоо тарааж байхыг нь харвал монголчуудыг хэчнээн уншиж чадахгүй ч номд үнэхээр шунан дурладаг улс байна гэж хэлэхээр. Угаасаа лам нарынх нь ном төвөд хэлээр байдаг, дээр нь монгол бичгийн хэл ярианых нь хэлээс маш их ялгаатай билээ. Ер нь бол гэхдээ мөнөөх Библүүд голдуу гал асаах, аргал ноцоох үйлд зориулагдана."

"Олон зуун ламын уншлага, олон мянган нохсын хуцаах дуун, Өргөө хотын өвөрмөц сонин дуу чимээ нь болой."

"Нэг удаа тэгж явахад нь Ламын гэгээн бараа бологсодтойгоо явж байгаад таарчиж. Тэгээд хэрэг болгон зогсож, элчээ илгээн хэдэн арван тэмээгээр охиныг маань худалдаж авах санал тавьдаг юм байна."

"Монгол лам нартай миний бие хоосон чанар, ертөнцийн утга учрын талаар ном хаялцсаар бүр дассан байлаа."

"Үүр цайхын өмнөхөн, шөний гурван цагийн үед 13 чоно биднээс тун холгүй байхыг олж харав."

"Хүн ам нь тархан суурьшсан монголчуудын зан заншил, нөхөрлөл, тус дэм гэж ийм сүрхий. Дайн болж байгаа гэж үзэж байхдаа хүртэл, намайг дайснаа гэж тооцож байгаа хэрнээ л дэм дэмдээ гэх заншлаа ийн дагах аж."

"Хожим профессор Лайтинен хумхаагийн тийм ховор төрлийг буй биеэрээ Финландад авчирсны минь төлөө шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулав хэмээн надад талархаж билээ."

"Өнөөг хүртэл явж ирэхэд эзгүй энэ хязгаар нутагт айл хунар таарах нь бараг үгүй, харин ой шугуйд нь бол зэрлэг гахай, тэр ч бүү хэл бар харагдах нь олонтоо."

"Монголчууд загасыг "усны хорхой" гэж нэрийдээд тоодог ч үгүй. Хойт нутгийн монголчууд ердөө хоёр л загасыг нэрлэж мэднэ."

"Эхний асуулт нь иймэрхүү байв. "Их гүрнүүд Монголыг тусгаар тогтнолоо зарлан тунхагласан талаар ямар бодолтой байна вэ? Тэд манайхыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөх нь үү?" Энэ асуултыг би Котвичид оросоор орчуулж өгөв. Котвич бараг л тоглоом шоглоом гэлтэй, ёжтойгоор "Тэд энэ их том улсыг Орос бараг үнэгүй авчхаж байгаад нэг их дуртай байгаа нь тодорхой л доо" хэмээн хариулдаг юм байна. Миний бие энэ хариултыг хэрхэн орчуулахаа ч мэдэхгүй, ихэд ичин балмагдаж, хожим тайлбарлаж өгье хэмээн хойшлуулав."