"Унших ном олон ч унших цаг бага байна." "Book quotes Mongolia" фэйсбүүк хуудас энэ үгээр таныг угтана. Тус хуудсыг хөтлөгч дөрвөн жилийн турш өөрсдийн уншсан номуудаас олон зуун эшлэлийг хуваалцаж, уншигчдад сонголтоо хийхэд нь тусалж иржээ. Өнөөдөр бид 70 гаруй мянган хүнд хүрдэг  "Book quotes Mongolia"-ийн хөтлөгч ямар ямар ном санал болгосныг уламжилъя.

Унших тухайд

Би ихэвчлэн уран зохиолын ном уншдаг. Тэр дундаа Орос, Японы зохиолуудад дуртай. Манай Book quotes Mongolia хуудсанд "Яаж ном уншиж сурах вэ ?", "Ямар ном унших вэ?" гэсэн асуултууд их ирдэг юм. Эдгээр хүмүүст зүгээр л өөрт ойрхон номын дэлгүүр ороод аль нүдэнд дулаахан харагдсан номоо барьж авахыг зөвлөх байна. Тэгээд эхний хэдэн хуудсыг эсвэл оршлыг нь уншиж үзээрэй. Магадгүй танд таалагдах ч юм билүү. Би сурагч байхдаа номын дэлгүүрт их очдог байлаа. Заримдаа дэлгүүрийн номыг тэндээ зогсоогоороо уншаад дуусгачихдаг байсан (инээв). Том зохиолыг бол санаа зоволгүй ахин дахин тэр дэлгүүртээ очоод л уншина. Эхэн үедээ бол номыг сайн, муу гэж ангилалгүйгээр өөртөө унших дадлыг суулгах нь чухал. Аажимдаа олон ном уншаад ирэхээр шүүлтүүр тавиад ямар ном уншихаа мэддэг болчихдог. Мөн эргэн тойрондоо байнга ном байлгаж байгаарай. Нүдэнд харагдах л юм бол уншиж орхино шүү дээ. Эцэст нь ном унших бол гангараа юм уу хэлбэр биш, зүгээр л кино үзэхтэй адилхан хүмүүсийн энгийн дадал гэдгийг санаарай.

1. Ж.ПҮРЭВ “ХӨГЖМИЙН ЭГШИГ”

Энэхүү бүтээл 1920-оод оны хувьсгалын үеэр ноёндоо бараа болон харь орон руу дүрвэсэн Сайнбилэг хүүгийн амьдралын тухай өгүүлдэг. Хүний амьдралд ганцхан тохиох олон үйл явдал байдгийг сануулж, одоогоо хайрлаж, байгаа бүхнээ гололгүй нандигнах ёстойг харуулдаг зохиол. Гол баатар маань эх орон, элгэн садан, хайрт жаалаа санан дэлхийгээр бэдэрч явахдаа багадаа сонсож суудаг асан ганцхан аялгуугаа өдөр бүр дурсаж буй нь туйлын ганцаардал гэж юу болохыг мэдрүүлнэ. Бидний мэдлээс хэтэрсэн, хянаж өөрчилж болохгүй олон үйл явдал бий шүү дээ гэж бодогдоно. Мөн монгол хэлний яруу сайхныг харуулдаг сод бүтээл.

2. Ф.М.Достоевский “Газар доороос бичсэн тэмдэглэл”

Энэ зохиол түүний бусад бүтээлүүд шиг том, хүнд биш болохоор орос зохиол уншиж эхлэх гэж байгаа хүмүүст хамгийн түрүүнд санал болгоно. Зохиолыг өөрийн гутрангуй амьдрал, дотоод зөрчлийг уншигчтай хуваалцах "би" баатар хүүрнэдэг. Тиймээс хувь хүний дотоод зөрчил, сэтгэл зүйн асуудлуудыг тод томруунаар харуулж чадсан зохиол. "Би" баатрын өөрийгөө яллаж буй үзэл, цаашлаад энэ бүхэнд үнэн хэрэгтээ өөрийгөө бус нийгмээ буруутгаж буй үзэл ч ажиглагддаг нь сонирхолтой. Мань эр эргэн тойрныхонтойгоо өөрийн хүссэнээр харилцаж чаддаггүй. Тэр дэвтрээсээ өөр газар эрх мэдэлгүй, дургүй зарцаа ч хөөгөөд явуулчих чадалгүй учир дотроо бүхнийг үзэн яддаг нэгэн. Энэ зохиолоос нийгэмд байсаар байдаг атаархуу зан, ядуу нэгнээ үйл ойшоох, баян хүнийг хүчээр өөдгүй хүн болгож буруутгах хандлагууд тод томруун харагддаг.

3. Нацүмэ Соосеки “Сэтгэл”

Мөн л хувь хүний дотоод зөрчлийг харуулах боловч гэмших сэтгэл гэдэг ямар хүчтэй болох тухай, бас хайр сэтгэл гэдэг заримдаа хорвоо дээр байж болох хамгийн муу дүрээр ирж болдог, тийм үед нь бид сэтгэлээ хянаж, тэр хайраасаа татгалзаж чадахгүй байх тохиолдол байдгийг харуулсан бүтээл. Бас япон хүний мөн чанар, сэтгэл хөдлөлөө дотроо хадгалж, бусдад хэзээ ч бурууг нялзаадаггүй үзэл тод харагддаг нь таалагддаг.

4. Жером Сэлинжер "Catcher of the rye"

Монгол хэлнээ сүүлийн таван жилд гурван өөр нэрээр орчуулагдсан уг зохиолыг Сэлинжер арван жил бичсэн гэдэг. Энэ номоос өсвөр үеийнхний сэтгэл зүй ямар чухал, ямар адармаатай сэдэв гэдгийг харж болно. Гол баатар нь 16 настай Холден нэртэй хүү бөгөөд "хүүхэд ч биш, эрх чөлөөт насанд хүрэгч ч биш" энэ завсрын насандаа буруу зөвийг ялгахаар хичээж буйг нь өгүүлнэ. Тэрээр насанд хүрэгчид, үеийнхэнтэйгээ муухай харилцдаг хэрнээ дүү охинтойгоо эелдэг сайхан харьцдаг нэгэн. Үүнээс түүний насанд хүрэх явцдаа том хүмүүсийн ертөнц хэчнээн ёс зүйгүй, хуурмаг болохыг олж мэдэн, дасан зохицохыг хүсэхгүй байгааг харж болно. Амьдралын босгон дээр хаашаа явахаа мэдэхгүй мөртөө урагшаа тэмүүлсээр байгаа хүүгийн тухай ном гэж товчоор хэлж болох юм.

5. Л.Түдэв “Хорвоотой танилцсан түүх”

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, XX зууны манлай сэтгүүлч Л.Түдэв гуайн намтар зохиол. Уг бүтээлд багш болохоор Улаанбаатарыг зорьж буй хөдөөгийн бор хүүд хот газрын бүх юм шинэхэн, содон, алхам тутамдаа шинэ зүйл сурч буйг өгүүлэх бөгөөд “Замтай танилцаж” эхэлсэн урт аялал нь “Өсвөр нас минь” баяртай гэсэн бүлгээр дуусдаг. Уг бүтээлийг зөвхөн сургуулийн сурагчид гэлтгүй бүх насныхан уншиж 50, 60 аад оны Монголын амьдралтай танилцах боломжтой. Амьдрах орчин, соёлын эрс өөрчлөлттэй нүүр тулж буй хөвгүүний сэтгэл зүйн байдал, танин мэдэх хүслээс эхлээд хөдөөгийн бор хүүгийн хотын сэхээтэн залуу болох үйл явцыг, энэ бүх хугацаанд туулсан бүхий л адал явдлыг өгүүлдэг. Хэдий үйл явдал нь одоогийн бидний байгаа нийгмээс огт өөр цаг үед өрнөх ч би хувьдаа өсвөр үеийн залуусын насанд хүрэх үйл явцыг тэр чигт нь өгүүлж чадсан ховор бүтээлийн нэг гэж боддог.