Unread-ийн зүгээс ням гараг бүр та бүхэнд хүрэх “Тойм” булангийн анхны дугаарыг толилуулж байна. Бид уг булангаараа өнгөрч буй долоо хоногт гадаад дотоодод болж өнгөрсөн салбар салбарын хамгийн онцлох, хамгийн шуугиант, хамгийн сонирхолтой үйл явдлуудыг нэгтгэн нийтэлж байх юм. Тэдгээр үйл явдлуудыг танилцуулахдаа бид энэ талаар өгүүлсэн хамгийн шилдэг эх сурвалжийн мэдээллийг хавсаргаж байх болно.

Зургийг: Times.mn

Өнгөрсөн долоо хоногт Монголын улс төрийн амьдрал халуухан болж өнгөрлөө. Өршөөлийн хууль, байнгын ажиллагаат Парламент байгуулагдсны ой, Exclusive vs Татварын газрын хэрэг, Л.Гансүх нарт холбогдох хэрэг зэрэг олны анхаарлыг татсан олон үйл явдлууд болсон ч бид эдэн дундаас Монголын сэтгүүл зүйн хамгийн нэр хүндтэй шагналд зүй ёсоор тооцогдох “Балдорж” шагналын эзэн тодорсныг онцолж байна. Борооны дараах мөөг шиг олширч буй бөөн бөөн шагнал, урамшууллуудаас чанар чансаа, цар хүрээгээ хадгалж үлдэн, улам бүр үнэ цэнээ өсгөсөөр буй уг шагналын энэ жилийн эзнээр “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э. Хүрэлбаатар тодорлоо. Тэрээр “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусаж байна” зэрэг бүтээлээрээ болор цом, алтан тэмдэг, 5000 долларыг хүртсэн юм.

GOGO: Балдорж шагналын эзэд тодорлоо
ӨДРИЙН СОНИН: Э.Хүрэлбаатар: Уншигчид миний нийтлэлээр амьсгалахад машиныхаа түлхүүрийг эргүүлж, исгэрмээр санагддаг

Зургийг: Apple.com

Харин дэлхий нийтийн анхаарал Америкийн ерөнхийлөгчийн сонгууль, БНХАУ-ын мөнгөний бодлого, Европын дүрвэгсдийн хямрал зэрэг рүү хандаж байх зуур дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани Apple шинэ утасны загвар болон шинэ үйлдлийн системээ зарлалаа. Бүх цаг үеийн хамгийн шилдэг гар утас нь болсон хэмээн үнэлэгдэж байсан iPhone 6-г гаргаснаас нэг жилийн дараа тэд илүү сайн камертай, илүү хурдтай, илүү чанартай iPhone 6S, 6S Plus-ийг худалдаанд гаргав. Хэрэглээг илүү хялбарчилсан “3D Touch”, гэрэл зургийг амьд болгох “Live Photos” зэрэг нэмэлтүүдийг шинэ утаснууд агуулж буй. iOS 9 үйлдлийн систем ч хэрэглэгчдийн хамгийн их гомдоллодог асуудлуудыг шийдэж чадсанаараа, тодруулбал товчлуурын хэмжээг томсгож, цэнэгээ барих хугацааг уртасгаж, програм суулгахад бага зай эзэлдэг болгосноор олон нийтийн талархлыг хүлээгээд байна.

Mashable: iPhone 6S-ийн дэлгэрэнгүй тойм
Ikon: iOS 9 гарлаа. Түүний шинэ боломжууд

Зургийг: NASA

Өөр гараг дээр амьдрал байх боломжтой юу хэмээн үеийн үед хүн төрөлхтний хамгийн ихээр сониучирхдаг асуултын хариултыг олоход NASA нэг алхам ойртсоноо зарлалаа. Санчир гарагийн 62 дагуулын нэг Экселадус дээр хийсэн олон жилийн ажиглалтын судалгааны үр дүнд Кассини хөлөг уг гараг дээр ус шингэн хэлбэртэй оршиж байгааг баталсан байна. Судлаачид 2005 онд уг гарагийг мөсөн гадаргуутай гэдгийг ажигласан ч өнгөрсөн долоо хоногт л асар том далайтай болохыг нь илрүүлжээ. NASA мөн 10-р сарын сүүлээр Кассини хөлөг Экселадусын гадарга дээр буун, шинжилгээний сорьц авахаар болсныг батлав. Гэхдээ энэ бол энэ гараг дээр амьд биет амьдарч чадна гэсэн үг биш юм. Амьдрал үүсэхэд шаардлагатай олон урьдач нөхцөлийн зөвхөн нэг нь боловч маш чухал нөхцөл гэдгийг энэ баримт илтгэж байна.

NASA: Кассини Санчирын дагуул Экселадусаас далай илрүүллээ
Ikon: Санчир гарагийн саран дээр ус байгааг илрүүллээ, харин амьдрал...

Зургийг: MASHABLE

Өнгөрсөн долоо хоногт 66 настай япон жуулчин алдарт Таж Махалын урд сельфи авах гэж оролдох үедээ хальтран амь насаа алдсан харамсалтай хэрэг гарав. Үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой судалгааны үр дүнг Mashable танилцуулсан юм. Энэ онд сельфи авах гэж оролдох үедээ амь насаа алдсан хүний тоо махчин загасанд бариулж амиа алдсан хүний тооноос их байжээ. 2015 он гарснаас хойш нийт 12 хүн шат болон өндрөөс унах, галт тэргэнд дайруулах зэрэг “золгүй” үхлээр нас баржээ. Харин аварга загасанд 8 хүн бариулсан гэнэ. Колорадогийн нэгэн парк баавгайтай сельфидэх гэж оролдсон хүмүүсээс болж хаалгаа барьсан бол Тур Де Францад оролцож байсан дугуйчид тэдэнтэй сельфидэхээр оролдож буй үзэгчид замд нь саад болж буй талаар гомдоллож байлаа. Дурсамжтай бөгөөд сонирхолтой зураг авах гэж хэт улайрч болохгүй нь байна шүү.

Mashable: Аварга загас биш сельфи илүү үхлийн шалтгаан болж байна
BBC: Япон жуулчин Таж Махалаас унаж нас баржээ

Зургийг: USTA

Талбайн теннисний спортын энэ оны хамгийн сүүлийн их дуулгын тэмцээн US OPEN дуулиан шуугиантай өндөрлөлөө. Эмэгтэйчүүдийн төрөлд төдийлэн таамаглагдаагүй үр дүн гарч, 33 настай Флавио Пеннетта түрүүлсэн. Их дуулгын финалд анх удаагаа үлдсэн теннисчдээс хамгийн ахмад нь болсон Пеннетта нутгийн тамирчин, багийн анд, сайн найз Роберта Винчигээ 7:6 6:2-оор хожин аваргалсан юм. Гэхдээ энэ үдшийг хамгийн сонирхолтой болгосон зүйл нь тэрээр шагналаа хүлээн авч, сэтгэгдлээ хуваалцах үедээ их спортоосоо зодог тайлж байгаагаа зарласан явдал байлаа. Эрэгтэйчүүдийн финал энэ цаг үеийн хамгийн шилдэг теннисчид болох Новак Жокович, Рожер Федерер нарын хооронд өрнөлөө. Энэ жилийн хамгийн шилдэг тоглолт гэж нэрлэгдэж болох уг тоглолтонд серби теннисчин 4 сетэд илүүрхэж, энэ жилийн 3 дахь, карьерын 10 дахь түрүүгээ хүртсэн юм. Нью Йоркт ихэд онцгой байж, өрсөлдөгч бүрээ илүүрхэж байсан Р.Федерер 6 жилийн дараа энэ тэмцээний финалд үлдсэн ч 18 дахь гранд сламаа хүртэж чадсангүй. Пеннеттагийн хэлсэнчлэн энэ тэмцээн “зүгээр л ТӨГС” байлаа.

Eurosport: Жоковичийн US OPEN-ий ялалт яагаад чухал вэ?
Eurosport: Пеннеттагийн гайхамшигт ялалт - "Зүгээр л төгс"