Онлайн орчинд, ялангуяа англи үг хайх, орчуулах хэрэг гарвал бид "Болор Толь" руу шууд ордог гээд дүгнэчихэд нэг их хол зөрөхгүй. Бидний онлайн хэрэглээний салшгүй хэсэг болсон энэхүү онлайн толь бичгийг бүтээгч эрхмийг Монголд ирээд буцах гэж байхад нь амжиж "Би хэрхэн ажилладаг вэ?" буландаа урилаа. Монголд нээлттэй эх гэсэн ойлголтыг дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, Линукс үйлдлийн системээс эхлээд Open Office-ийг хүртэл монгол хэл рүү хөрвүүлэн нутагшуулалт хийхийн сацуу "Болорсофт", "Бадрал Инженеринг" компаниудыг амжилттай удирдан авч яваа С.Бадралын ажилладаг арга барил танд нэгийг бодогдуулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Байршил: Аахен - Улаанбаатар
Одоо хийж буй ажил, албан тушаал: "Болорсофт" ХХК-г үүсгэн байгуулагч, "Бадрал Инженеринг"-ийг үүсгэн байгуулагч
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Тууштай, өөрийн гараар
Хэрэглэдэг гар утас: iPhone 4S /саяхныг хүртэл Нокиа барьсан/
Хэрэглэдэг компьютер: Schenker XMG /ажлын онцлогоос шалтгаалж хүчин чадал өндөртэй компьютер ашиглах хэрэгтэй болдог/
Сошиал хуудсууд: S_Badral /твиттер/, Badral.net

Таны ажлын онцлох арга барил юу вэ?

Би код бичдэг хүн. Систем архитектур, бүтэц загварчлал тал дээр нэлээн сууна. Өглөөнөөс шөнө хүртэл удаан цагаар сууж ажилладаг. Сүүлийн үед кодоос гадна багуудын харилцаа холбоог хангах, бизнес төлөвлөгөө гаргах зэрэг ажлууд хийж байгаа.

Ажлын гол онцлог маань тив дамнан алсаас ажилладаг явдал. Би өөрөө Германд, манай үндсэн баг Монголд ажилладаг. Хол зайтай, цагийн зөрүүтэй учир хоорондоо тогтмол холбоотой байх, мэдээлэл солилцох нь нэлээд түвэгтэй байдаг. Монголд өглөө болж байхад тэнд шөнө таардаг тул 4 цаг хүртэл унтахгүй ажилладаг юм.

Нөгөө талаар аливаа ажлыг өөрөө гардаж хийх гээд байдаг талтай. Энэ нь нэг талаар сул тал болдог ч байж мэднэ. Юмыг анхнаас нь эхлүүлээд тултал нь зүтгээд эцсийг нь үзэх дуртай.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Ажлын хувьд GIT, VIM, Terminator-ийг хамгийн их ашиглана. Манай багууд Slack-аар дамжуулж хоорондоо харилцдаг. Төслийн удирдлагаа бол Trello-оор хийнэ.

Утсаар ярихдаа сүүлийн үед голчлон FaceTime л ашиглаж байна. Viber-аар мөн хүмүүстэй харилцдаг. Мэйлийг бол Thunderbird ашиглаж бичдэг. Веб хөтөч гэвэл Mozilla Firefox-ийн үнэнч хэрэглэгч.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Ямар нэгэн сошиал медиад хэт автахгүй байх нь цаг маш их хэмнэдэг. Би бол Фэйсбүүк рүү бараг ордоггүй. Твиттерээ шагайхгүй нэлээн уддаг. Германд ажиллаж байгаа орчин маань намайг ийм зан төлөвтэй болгосон байж мэднэ. Ажлын үеэр хоорондоо утсаар ч ярьдаггүй хүмүүс шүү дээ. Залгавал их л ноцтой зүйл болсон гэж ойлгож болно. Элдэв зүйл сатааралгүй ийм сахилга баттай байж л бүтээмжээ их өндөрт барьж чаддаг байх.

Сүүлийн үед Гүүглээс хайлт хийхээс цааргалдаг болоод байгаа. Гүүгл байхгүй байхад бид ажиллаад л, кодоо бичээд болдог л байсан. Гарсан асуудал бүр дээрээ гүүгл ашиглаж, ийшээ тийшээ салаалж явсаар цаг нэлээн барах тохиолдол их. Хэрвээ чи үнэхээр л технологио, хэлээ сайн эзэмшсэн бол өөртөө итгэж, өөрөө бодож шийдэл эрэлхийлсэн нь хамаагүй цаг хэмнэж байгаа мэт санагдах болсон.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Саяхныг хүртэл MS Excel дээр л хөтлөлт хийдэг байлаа. Харин одоо бол Трелло руу шилжчихсэн байна. Алба, амины ажлуудаа нэг дор тэмдэглэж явахгүй бол хэцүү шүү.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

20 жил код бичсэнийх овоо туршлагатай болж, найдвартай код бичдэг болсон байх. Гэхдээ хамгийн гаргууд гэвэл software localization буюу cофтвэйр нутагшуулалт байх гэж бодож байна. Би бүр 2002 оноос л Linux-ийг монгол хэл рүү хөрвүүлнэ гэж төсөл эхлүүлж, Open Office-оос эхлээд олон софтвэйрийг орчуулж байлаа. Энэ бол зөвхөн текст орчуулна гэсэн үг биш л дээ, тест хийж, чанарын хяналтыг хийх гэх мэт арай өөр цогц ойлголт.

Ахуйн талаас гэвэл би техник оролдох, нухах дуртай. Ямар нэг цахилгаан хэрэгсэл эвдэрвэл өөрөө л эхэлж задалж үзнэ, янзлах гэж үзнэ шүү.

Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд? 

Их олон ажил зэрэг хийж байна. Монголд "Болорсофт" маань "Болор Толь", "Болор Дуран", "Эдүгэ", "Кудос" гээд төслүүд дээр ажиллаж байна. Германд "Бадрал Инженеринг" гэж стартап үүсгэн байгуулчихаад мөн зүтгэж байна. Бельгид төвтэй IMCI гэж компанийн IT-г хариуцаж ажилладаг. Тэгэхээр хэд хэдэн цагийн бүс, бүтэн тив алгасаж Герман, Бельги, Монголд зэрэг баг удирдан, ажил урагшлуулж байгаагаараа онцлог байх.

Түвэгтэй нь цагийн зөрүү л байна. Шөнө бүр 4 цаг хүртэл сууж байгаагийн шалтгаан энэ л байх. Багуудтайгаа байнга харилцаа холбоотой байх хэрэгтэй.

Эерэг сайн гэвэл миний мэргэжил, хийж байгаа ажил маань гараасаа юм гаргадаг, бүтээл туурвидаг нь гэж боддог. Толгой доторх санаагаа бодит бүтээгдэхүүн болгож, түүнийг хүмүүс хэрэглэж байна гэдэг их сайхан мэдрэмж. "Болор Толь"-ийг маань хүн бүр мэддэг болоод ашиглаж байна гэдэг их урам өгдөг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Болорсофт маань дөнгөж сая үг, үсгийн алдаа шалгагч "Болор Дуран"-ийнхаа 2.0 хувилбарыг гаргаж, нээлтээ хийлээ. Бид энэ бүтээгдэхүүнээ 10 гаруй жилийн судалгаан дээр үндэслэж гаргасан. Шинэ хувилбар маань Майкрософт Оффисийн бүх хувилбартай төгс нийцэж ажиллах болсон байгаа. Гол онцлог нь бид "үгийн тайлбар" гэдэг нэмэлтийг оруулж өгсөн. Энэ үг яагаад алдаатай байгаа юм бэ гэдэг дээр их маргаан гардаг байсныг бид үгзүйн талаас нь дүрмийн бүрэн тайлбартайгаар тайлбарлаж өгч байгаа хэрэг. Дараагийн хувилбар дээр утга ялгах, найруулга засдаг болгохоор төлөвлөж байна.

Германд байгуулсан стартап маань хиймэл оюун ухаан хөгжүүлэлт дээр ажилладаг юм. Дюссельдорфын их сургуулийн нэгэн клиниктэй хамтран хорт хавдрыг эрт оношлох төсөл дээр ажиллаж байна. Дүрс оношлогооны эмч нарын ачаалал их, төхөөрөмж нь зургуудыг "үйлдвэрлэж", 500, 600 зургийг хөндлөн зүсэлтээр нь харуулдаг болсон. Тиймээс тэдгээр эмч нар ажлын ачаалал, бололцооноосоо хамаараад хамгийн гол гол зургуудыг л харж оношлогоо хийдэг нь алдаа гарах магадлалыг бий болгодог. Тус алдааг бууруулахын тулд хиймэл оюун ухааны тусламжтайгаар сэжигтэй цэгүүдийг тодотгож, прогноз гаргаж өгөх боломжтой болгохоор зорьж байгаа юм.

Та монголын стартап хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдлын талаар ямар бодолтой байдаг вэ?

Нийгмийн орчин хэвдээ байгаад байхаар мэдээллийн технологийн салбар шууд хөгжихөд их хэцүү байх шиг байна. Ганц хоёр мундаг хүн гарч ирээд нөхцөлийг сайжруулна гэдэг тун хүнд. Залуучууд маань сайн гадагшаа гарч, гадны стартапууд яаж ажиллаж байгааг дотроос нь үзэж туршаад, суралцвал оновчтой байж мэднэ. Би залуустаа гадаадад сургуульд явангаа тэндээсээ стартап эхлүүлбэл дэлхийд гарах арай хялбар гарц байж мэдэх юм гэж зөвлөх болсон. Хэлээ сайн үзээд, их сургуульд нь очиж сураад, тэндээсээ стартап эхлүүл гэж хэлдэг. Үүнийг бараг 20 жилийн дараа л ойлгож байна.

Нөгөө талаар бид өөрсдийгөө бас өөрчлөх хэрэгтэй. Багаар ажиллах тал дээр бид дутагдалтай. Сайн баг гэдэг бол чадах чадахгүй хүмүүсийн нийлбэр огт биш, хувь хүнийхээ хувьд 100 хувь бүтээмжтэй болчихсон, хийх юмаа сайн мэддэг, яс хийдэг хүмүүсийн нэгдэл байдаг. Хэн нэгэн нь л доголдолтой, асуудалтай байвал баг урагш явдаггүй юм.

Гэхдээ миний хамгийн эмзэглэж явдаг зүйл бол програм хангамжийн хууль бус хэрэглээ. Хэрэглэгчид нь програм хангамжийн үнэ цэнийг үнэлдэггүй байхад хөрөнгө оруулалтын талаар ярих ч хэрэг байхгүй. Өчнөөн олон жил, бөөн юм болж байж гаргасан бүтээгдэхүүнээ зарах гэхээр ямар үнэтэй юм, ийм үнэтэй байдаг юм уу гэж уулга алддаг хандлага байсаар л байна. Уул нь манай зах зээл бага биш л дээ. Зөвхөн төрийн албан хаагчдад л гэхэд 100 мянган компьютер байна. Гэтэл ухамсраараа төлбөр төлөөд програм хангамжийн хэрэглээгээ хангадаг хэсэг нийгэмд цөөнх л байх шиг байна даа.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар хөгжим танд эрч хүч өгдөг вэ?

Ажиллаж байх үедээ огт хөгжим сонсдоггүй. Шөнийн цагаар, хүн бүр унтаж амран чимээгүй болсон үед ажлын бүтээмж маань эрс нэмэгддэг. Н.Жанцанноров, Б.Шарав гуайн бүтээлүүдэд дуртай. Классик эсвэл рок хөгжмүүд сонсдог.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Ер нь бол мэргэжлийн номуудаа л барьж авч уншдаг. Сүүлийн үед зав багасаад 2 сардаа нэг ном л уншиж дуусгадаг болсон. Continuous Delivery гэж мэргэжлийн номоо хамгийн сүүлд уншлаа. Яг одоо бол „Langlebige
Software-Architekturen“
гэсэн номыг уншиж байна. Герман хэл дээр ном уншдаг нь тэдний бичлэгийн хэлбэр их цэгцтэй байдгийнх нь байх.

Багадаа би Ж.Верний зөгнөлт зохиолуудыг тун амтархан уншдаг байсан. Дараа нь түүх сонирхож, монголын түүх их уншиж, бахархах болсон нь намайг өөртөө итгэлтэй болоход нөлөөлсөн байх. Одоо бол хуучны сайн орчуулгатай номуудыг сонгож, хэлний уран яруу, зөв найруулгыг нь шимтэн уншдаг. Ядаж л үг, үсгийн алдаа бараг байхгүй бүтээлүүд шүү дээ.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Би багаасаа их удаан темптэй, дуу цөөтэй, дотогшоо хүүхэд байсан. Гэхдээ их сургуулиудад багшлах болж, олон нийгэмлэгүүдэд хамаарагдах болсноороо улам бүр нээлттэй болж, одоо бол их ярьдаг, их нээлттэй хүн болчихоод байх шиг байна.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Сүүлийн жил хагас шөнө 4-т унтаж, өглөө 8-д босдог хэмнэлтэй ажиллаж байна. 4 цаг унтаад одоо дасаж байна даа.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Ганц амардаг ням гарагийн өдрөө би гэр бүлдээ бүтэн зориулахыг хичээдэг. Хүүхдүүдтэйгээ л өнжинө дөө. Гэрийнхэнтэйгээ салхинд гарч, хүүхдүүдээ хонь малтай ойртуулахыг эрмэлздэг. Нэг хэсэг жүдогийн секцэд явдаг байсан, суудаг ажилтай хүн учир хөдөлгөөн хэрэгтэй гэдгээ ойлгож байгаа ч цаг гаргаж амжихгүй л байна.

Залуу мэргэжилтнүүдэд хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Сошиал сүлжээг аль болох бага ашигла, найдвартай эх сурвалжаас мэдээллээ уншиж бай гэж захимаар байна. Сураг ярианд бүү итгэ. Элдэв нийгмийн сүлжээнд зарцуулж байгаа цагаа өөр илүү чухал юманд зориулбал урт хугацаандаа хэрэгтэй байх. Нөгөө талдаа бидний байнга ашигладаг Википедиа хүртэл найдвартай эх сурвалж биш гэдгийг ойлгож ухамсарладаг, сайн эх сурвалж хайдаг, эрэлхийлдэг болоосой гэж хүсэж байна. Уул нь академик судалгааны материалууд уншаад хэвшчихвэл наад зах нь тэр сэдвээрээ итгэлтэй ярьчихдаг зөв зуршил болох юм.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Гэрийнхэн, хүүхдүүдээсээ эрч хүч авна. Ажлаасаа ирээд гурван хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөхөд бүх стресс тайлагдчихдаг. Хамтран ажиллаж байгаа багийнхнаасаа эрч хүч авна. Хийж байгаа бүтээлүүд, хийсэн ажлаасаа урам зориг авна шүү. "Болор Толь"-ийг анх 2009 онд гаргаж байснаас хойш хэд хэдэн шинэчлэл хийгдэж, япон, солонгос, герман хэлтэй болж, монгол бичигтэй ч болсон байна. Одоо бол өдөрт давтагдаагүй тоогоор 30 мянга гаруй хүн 250 мянга гаруй хайлт хийж байна. Жилд бараг 100 сая хайлт хийгддэг гэсэн үг.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

"Бүх зүйл 2 талтай, хэдий чинээ гэрэлтэй байна, төдий чинээ хар сүүдэртэй байдаг. Таны амжилттай сайн явах нь тэр гэрэлд л байх асуудал шүү дээ" гэж одоо ажиллаж буй IMCI-ийн захирал Ульрих Хайннеман гэж хүн хэлж байсан юм. Юм болгоныг сүүдэртэй талаас нь хараад байвал амьдрал там болно шүү, аливааг аль болох бүтэх талаас нь харж байгаарай гэсэн утгатай түүний энэ яриа миний санаанаас огт гардаггүй юм. Ер нь програмистууд үргэлж л болох талаас нь хардаг, болгох гэж зүтгэдэг хүмүүс л дээ.

Та манай энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

Берлиний техникийн их сургуульд ажиллаж байгаад өнгөрсөн жилээс нэгэн стартапад home automation-ий чиглэлээр ажиллах болсон Төгстөгөлдөр гэдэг залууг санал болгоё. Мэдрэмжтэй, их цэгцтэй ажлын арга барилтай юм шиг санагддаг.