Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын засгийн газраас тус улсын гадаад сурталчилгааг 2012 оноос “Great” сэдэвтэй маркетингийн төслийн дор нэгтгэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Аялал жуулчлалыг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад оюутны тоог өсгөх гурван үндсэн чиглэлтэй энэ төсөл нь “Great" буюу "Агуу” хэмээх эшлэл үгээр дамжуулан Британийг дэлхий ертөнцөд сурталчлан таниулдаг юм. Кампанит ажлын хүрээнд амжилттай хэрэгжсэн төслүүдийн нэг нь Лондонгийн зуны Олимпийн наадам болж байв. 2012-2015 онд тавьсан зорилтоо бүрэн биелүүлсэн “Great” төслийнхөн 2020 он хүртэлх төлөвлөгөөндөө 40 сая жуулчин хүлээж авах, хөрөнгө оруулалтыг 1.5 их наяд фунт стерлингээр нэмэгдүүлэх, Европын холбооны бус орнуудаас 55,000 оюутан хүлээж авах зорилт тавьжээ. Бид уг төслийн удирдагч хийгээд Их Британийн Ерөнхий Сайдын сурталчилгааны албаны захирал, өндөр нэр хүндтэй энэ эрхмийг Монголд ажлаар түргэн ирээд буцахад нь ярилцсанаа толилуулж байна. 

Байршил: Лондон, Number 10
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Great Campaign-ийн захирал, Их Британийн Ерөнхий Сайдын сурталчилгааны албаны захирал
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Тууштай, зорилготой, олон цагаар
Хэрэглэдэг гар утас: iPhone 6
Хэрэглэдэг компьютер: Macbook, HP

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Миний ажил бол дэлхий дээрх хамгийн сайхан ажил. Улс орондоо ажлын байр, эдийн засгийн өсөлт бий болгодог ажил хийнэ гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг. Би дэлхийн хамгийн алдартай газруудын нэгт (Number 10) байрлан ажиллаж, маш ажилсаг, ухаалаг 5 хүнтэй цомхон багийг удирддаг. Манай төсөл өнгөрсөн хугацаанд144 улсад хэрэгжиж, 4 тэрбум фунт стерлингийг эх орондоо татсан байна. Би төрийн албан хаагч учраас эерэг өөрчлөлт гаргахын төлөө зорьж ажилладаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМУУДААСАА НЭРЛЭНЭ ҮҮ?

Би хувьдаа ЛинкэдИн, Фэйсбүүкийг ашигладаг. Харин төслийн хувьд бид төрөл бүрийн дижитал медиаг идэвхтэй ашиглана. Мэдээж хүмүүст хүрэхэд Фэйсбүүк чухал. Инстаграм хэрэглэнэ. Хятадад бол Weibo дээр ажиллах шаардлагатай гэх мэт. Мөн бид ажилдаа VR технологийг ашиглахыг эрмэлзэж байгаа. Жишээ нь бид Пол Маккартнигийн хэд хэдэн концертыг VR технологиор дамжуулаад байна.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Алдарт Number 10 бол Их Британийн Засгийн газрын төв байр. Оффис ч мөн, орон сууц ч мөн. Би тэнд олон жижиг өрөөтэй оффист хамтран ажиллагсадтайгаа суудаг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Гүйх гэж хэлж болох байх. Нэлээд удаан гүйж ирснийхээ дараа ажлаа төлөвлөж, чухлаар нь эрэмбэлдэг дадалтай. Би 13 настайгаасаа хойш гүйж байгаа. Өдгөө 39 марафонд гүйсний 7 нь Лондонгийн марафон. Гүйлт биед ч гэлтгүй оюун ухаанд ч тун эерэг нөлөөтэй.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Би Moleskine-ийн жижиг хар дэвтэртэй. Түүн дээр маань хийх ёстой зуу зуун зүйлс бий. Энэ дэвтрээ би цуглуулдаг. Төсөл эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд 9 дэвтэр гүйцээсэн байна лээ. Одоо 10 дахь дэвтрээ хэрэглэж байна.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Би тун сониуч бөгөөд чанарыг эрхэмлэдэг хүн. Энэ байдлаа бас хүмүүст халдааж чаддаг. Мөн юмыг хараад дүгнэх буюу вижуал чадвар сайтай. Хүн ер нь амьдралаа уншихаас илүү харж мэдээлэл авдаг шүү дээ. Засгийн газруудын хувьд юм бичиж боловсруулахад хамаг цагаа зарцуулж, нүдэнд үзэгдэхүйц зураг, дүрсүүдийг бий болгоход хангалттай хүч тавьж чаддаггүй.

Мөн би өөрийгөө сайн аав гэж боддог. 3 охинтой. Тэд маань хорь гарсан ч бид багагүй цагийг хамтдаа өнгөрөөдөг юм.

Бас би гэртээ комик зурах дуртай. Түүнчлэн ном цуглуулах, тэгэхдээ бүр анхны хэвлэлтүүдийг нь цуглуулах дуртай.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

"Great” төсөл анх 14 зорилтот улс, хотуудад хэрэгжиж эхэлсэн бол одоо 144 улсын 300 гаруй хотод өргөжиж, 2015 онд л гэхэд 193 газарт 1,100 гаруй арга хэмжээ зохион байгуулаад байна. Бид сардаа 140 орчим арга хэмжээг дэлхий даяар зохион байгуулдаг. Ерөнхий сайдын ажлын албанаас удирдан чиглүүлдэг "Great" төсөлд ГХХНЯ, Худалдаа, хөрөнгө оруулалтын яам, хилийн чанад дахь ДТГ-ын тэргүүнүүд оролцохоос гадна Хатан хааны гэр бүлийн гишүүд болон Burberry, McLaren, Premier League, LSE, BAFTA, Land Rover, Jaguar, British Airways, Virgin зэрэг 250 гаруй компани, Пол Смит, Вивиен Вэствүүд, Ричард Брансон, Дэнис Льюс, Жеймс Бонд нарын алдартанууд үнэ төлбөргүй дэмжин сурталчилдаг юм.

Миний хувьд улс улсад буй бүх салбар байгууллагынхаа захирал нь. Уг ажилтай холбогдолтой 400 орчим бизнес, бүх элчин сайдын яамд, элч төлөөлөгчдөө хамаарч ажилладаг гэсэн үг.

Эерэг тал нь түрүүнд хэлсэн. Хамгийн сайхан ажил. Харин хэцүү тал нь засгийн газрын 23 өөр хэлтсийг нэг зорилгын дор зангидах байдаг. Тэд чинь үе үе өөрсдийнхөө чиг үүргийн юм хийх гэнэ. Тэгэхээр нэг талаас тэднийг дэмжих, нөгөө талаас хянах удирдах ажил хийдэг.

ТАНЫ МОНГОЛД ИРЭХ БОЛСОН ШАЛТГААН?

Газрын зураг дээр очихыг хүссэн газраа хүмүүс тэмдэглэдэг шүү дээ. Миний тэр жагсаалтад Монгол дээр үеэс л байсан. Монгол газрын зураг дээр ч том шүү дээ. Би Монголын засгийн газарт улсаа гадаадад сурталчлахад нь туслах, хамтран ажиллан боломжийг эрэлхийлж ирсэн. Өөрөө заавар зөвлөгөө өгөхийн зэрэгцээ би давхар очсон газар орноосоо ихийг сурч байдаг.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Бид одоо 400 сая фунт стерлингийн төсөвтэй, хөрөнгө оруулалт татах томоохон кампанит ажил эхлүүлэхэд бэлэн болоод байна. 50 сая долларыг л гэхэд асар далайцтай дижитал сурталчилгаанд зарцуулна. Энэ ажил маань онгоцны буудлууд дээр том плакатууд гаргахаас л эхэлнэ дээ. Энэ намар, өвөл гээд дараа жил хүртэл үргэлжилнэ. Үүн дээр анхаарлаа сайтар төвлөрүүлээд явж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХДАА ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Би ажиллаж байхдаа, бүр гүйж байхдаа ч хөгжим сонсдоггүй. Олон хүн гүйж байхдаа хөгжим сонсдог шүү дээ. Олон жилийн өмнө бол Нэйл Ёнг зэрэг хэдэн хамтлаг дуучдыг их сонсдог байсан. Харин одоо хүүхдүүд маань л гайхалтай хөгжмүүд сонсож байх шиг байна. Би бол чимээ аниргүйд ажиллахыг илүүд үздэг.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Миний хамгийн дуртай зохиолч бол Харүки Мураками. Түүний сүүлийн зохиолуудыг уншсан. Энэ зохиолчийг би үнэхээр алсын хараатай нэгэн гэж боддог юм.

Яг одоо гэвэл дэлхийн 1-р дайны үеийн нэгэн тулалдааны талаар өгүүлсэн, саяхан олонд ил болсон франц романыг уншиж байна. Тэрхүү тулалдааны 100 жилийн ой тохиож байгаа юм л даа.

Хиймэл оюун бидний амьдралыг хэрхэн өөрчлөх тухай өгүүлж, ирээдүйн дүр зургийг тодорхойлсон Sentience хэмээх саяхан уншсан номоо харин залууст санал болгоё. Хүн бүхэнд чухал сэдэв гэж бодож байна.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Ажил дээрээ бол тун ч нээлттэй хүн. Бусад үед гэртээ эхнэртэйгээ буйдан дээр тухлах дуртай (инээв). Аль аль чанарыг нь л агуулдаг байх.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Миний унтах дэглэм тун боломжийн шүү. Ажлаар гадагшаа яваагүй үедээ 23 цагт унтаад өглөө 7 гээд босдог. Мэдээж ийш тийшээ нисэх шаардлага их гарна. Гэхдээ хэтийдүүлчихгүй юм сан гэж хичээдэг. Яг одоо бол манай улсын дотоодод их зүйл өрнөж байна. Харин аяллын үед их ус уух, орон нутгийн цагийг баримталж, аль болох тухайн газар орноосоо таашаал авахыг зорьдог доо.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Түрүүнд хэлсэнчлэн буйдан дээрээ эхнэртэйгээ тухлах тун ч дуртай. Бид хоёр баасан юм уу бямбад нэг франц ресторанд очиж хооллодог юм. Мөн Темза мөрний дагуу гүйнэ. Сайн номын дэлгүүрээс ч бас намайг олж болно.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Хийж байгаа ажлаасаа, улсдаа оруулж буй хувь нэмрээсээ. Их Британиар аялж явахад авьяаслаг, чадалтай залуус, гайхалтай баялаг өв дурсгалууд, үнэ цэнтэй музейнүүд олон байдгийг хараад бахархдаг юм. Тэдгээр зүйлс бол нэг талаар бидний улсаа сурталчлах контент юм даа.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Nike-аас авсан "Зүгээр л хий" гэдэг зөвлөгөө.

ЗАЛУУЧУУДАД ХАНДАН НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Байнга шалмаг бай гэж хэлье. Өөрийгөө үргэлж сорьж бай. Тэгэхдээ бас даруу бай. Бусад хүмүүсээс суралц. Суралцахдаа авах гээхийн ухаанаар ханд. Энэ чинь залуу насны давуу тал шүү дээ. Тэгээд эцэст нь залуу насаа харамсмааргүй сайхан өнгөрүүл гэж захья.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Одоо байхгүй хүмүүсийн арга барилтай танилцаж болдог сон бол Шекспирийн хэрхэн ажилладаг байсныг сонирхох сон.

Миний хувьд Apple-ийн ерөнхий дизайнер Жонни Айв-ийн ажлын арга барилтай танилцахыг хүсэж байна. Бас мэдээж "Харри Поттер"-ыг зохиосон Ж.К.Роулинг.

Гэрэл зургийг Shangrila Residence-д Д.Ганзул авав.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.