Фэйсбүүкийн "World Wanderers. Дэлхийгээр аялагчид." групп нь 2014 оны 11 сард анх үүссэн цагаасаа хойш маш богино хугацаанд 200 мянган хэрэглэгчийг хамраад буй Монголын хамгийн идэвхтэй бөгөөд хэрэгцээт группуудын нэг юм. Бид өмнө нь тус группийн хэрэглэгчидтэй хамтран "Заавал аялах ёстой 20 орон" гэх нийтлэл бичиж байсныг та санаж байж магадгүй. Тэгвэл тус группийг удирдан явуулдаг админууд World Wanderers хэмээх аялагчдад зориулсан аппийг гаргаснаа өчигдөр зарласан юм. Энэ нь фэйсбүүкийн группийг тусад нь апптай болгож буй Монгол дахь анхны тохиолдол болж байгаа бөгөөд нэг ёсондоо аялагчдад зориулсан шинэ сошиал нэтвөркинг суваг юм.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Аялах бол хүмүүсийн хамгийн их хүсдэг зүйлүүдийн нэг. Очиж үзээгүй газруудаараа явж юм үзэж нүд тайлж, шинэ мэдрэмжийг авч, туршлага хуримтлуулснаар тухайн хүн сайхан дурсамжуудтай үлдэж, амьдралыг арай өөрөөр харж, бодол сэтгэлгээ нь тэлдэг. Тийм ч учраас 200 мянган хүн энэ группт нэгдсэн нь тодорхой. Тэдний зарим нь аялсан туршлага, сонирхолтой түүхүүд, гоёмсог зургуудаа хуваалцаж, зарим нь аялалтай холбоотой зүйлсийг бусдаас асууж, зарим нь аялж байгаа, аялсан хүмүүсийн бичсэн зүйлс, тавьсан зургуудаас аялах эрч хүч, урам зориг авч, ирээдүйн аяллаа төлөвлөн суудаг. Харин энэ бүхнийг та аппаас илүү цэгцтэйгээр, илүү хялбараар хийж, апп-ийн өгч буй давуу талуудыг эдлэх боломжтой юм.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Апп руу ороод үзэхэд цэвэрхэн, илүү дутуу юмгүй дизайн нь эрхгүй анхаарал татна. Ер нь инстаграмтай тун төстэй. Гэхдээ цаана нь фэйсбүүк ажиллаж, группийн мэдээллийг (newsfeed)-ийг яг байгаагаар нь харуулж, таны хийсэн үйлдлүүд, постуудыг фэйсбүүк рүү шууд оруулж байх юм.

Өөрийн болон бусад хүмүүсийн өмнө оруулж байсан постуудыг үзэж болох нь хамгийн том давуу тал. Фэйсбүүк дээр өөрийн болон бусдын оруулсан постуудыг сүүлд нь эргэж харахад хүндрэлтэй байдаг бол уг апп-ийн профайл хэсэг танд энэ боломжийг олгож байгаа юм.

Өөрийн аялсан улсуудыг газар зураг дээр болон жагсаалтаар харах, сонирхож байгаа улсуудаа дагаж, тэдгээр улсуудын талаарх бүх постуудыг үзэх, түлхүүр үгс, хаштагаар хайлт хийх зэрэг боломжууд нь танд лавтай таалагдах болно. Өөрөө ч хялбархан пост хийж болох ба 4 хүртэлх зургийг нэг постонд зөвшөөрдөг юм билээ. Аппаас та өөрийн оруулсан пост, сэтгэгдлүүдийг устгах, зохимжгүй постуудыг фэйсбүүкт мэдэгдэх боломжтой.

Ер нь дүгнээд хэлэхэд олон зүйлд сатааралгүй зөвхөн аялалтай холбоотой хэрэгцээт мэдээ мэдээлэл, сонирхолтой контентуудыг хялбар байдлаар хүлээн авах буюу бүтээх боломжийг энэ апп олгож байна.

Мөн энэ далимд, өчигдөр группийн админ Ө.Батбаяр "алдарт" аялагч Г.Ганхүүг урьж, live хийн аппаа танилцуулах "Дэлхийгээр аялагчид" группийн зүгээс аяллууд зохион байгуулна, мөн бусад сонирхолтой зүйлсийг хийж хэрэгжүүлнэ гэдгээ зарласныг дуулгая.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Ард талд нь Фэйсбүүк ажиллаж байгаа тул тодорхой хэмжээний удаашралууд хааяа үүсэх магадлалтай. Жишээлбэл таны аппаас оруулсан пост шууд бус ойролцоогоор 1 минут хэртэй хүлээгдэж байж Фэйсбүүкт орж ирэх юм. Мөн дөнгөж гарсан тул бага сага алдаа байхыг мөн үгүйсгэхгүй. Ямартаa ч уг апп-ийг цаашид улам сайжруулж хөгжүүлж явах биз ээ.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Фэйсбүүк группийг апп болгосон анхны бөгөөд сонирхолтой жишээ болж буй, таны аялах хүсэл зоригийг бадраах World Wanderers-д бид 8 оноо өгч байна.