Өнөөдрийн мэдээгээр COVID-19-ийн халдвар дэлхийн 162 улсад бүртгэгджээ. Энэ өвчин хэнийг ч ялгалгүй халдаж, дэлхий нийтийн хэмжээнд маш хүнд хэцүү сорилт болж байна. Бүгд хамтдаа хичээж буй энэ цаг мөчид бид БНХАУ, АНУ, Иран, Итали, Франц, Швед, Оман зэрэг оронд амьдарч буй монгол ба гадаад хүмүүсээс оршин суугаа газрынх нь нөхцөл байдлын талаар мэдээлэл авснаа нэгтгэн хүргэж байна.

ОМАНЫ СУЛТАНТ УЛС  

БАЙРШИЛ: ОМАН, МАСКАТ

COVID-19 АНХ ИЛЭРСЭН ОГНОО: 2020.02.25

НИЙТ БҮРТГЭГДСЭН ТОХИОЛДОЛ: 22

НАС БАРСАН: 0

(Эх сурвалж: ДЭМБ, 2020.03.17)


Оман улсад 4.8 сая орчим хүн, нийслэл Маскат хотод нь 1.7 сая орчим хүн амьдардаг. Одоогооор 22 хүнд COVID-19 вирусын тохиолдол илэрсэн. Анхны тохиолдол нь Иранаас ирсэн хоёр эмэгтэй байсан. Саудын Араб (103 тохиолдол илэрсэн, нас баралтгүй) болон Кувейт (112 тохиолдол илэрсэн, нас баралтгүй) улсууд хилээ хааж эхэлсэн.

Оман улс дахь жуулчдын тоо багассаар байх бололтой. Жишээ нь манай компанийн 11 хүнтэй групп аяллын 6 хүн аяллаа цуцалж, 5 хүнтэй болсон. Энд маск зүүж буй хүн маш цөөхөн байна.

Булангийн Хамтын Ажиллагааны Консулын (Gulf Cooperation Council) зургаан орон буюу Саудын Араб, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират, Катар, Бахрейн, Оманы Султант улсын иргэд өмнө нь хоорондоо иргэний үнэмлэхээрээ зорчиж болдог байсан бол хянах зорилгоор заавал гадаад паспортоор зорчдог болсон. Маскат хотод одоогоор хамгийн том дуурийн театр нь л хаагдсан. Катар (401 тохиолдол илэрсэн, нас баралтгүй), Бахрейн (221 тохиолдол илэрсэн, нас баралтгүй) гэх мэт газар нутаг жижиг улсуудад вирусын тархалт ихээр нэмэгдэж байх шиг байна. Кувейт дахь найзын маань хэлснээр, тэнд олон нийтийн газруудыг хаасан гэж байсан.

Булангийн орнуудад аппликейшнуудын Voice call, Video call цэс нь ажилладаггүй, хязгаарлалттай байдаг тул энд буй хүмүүстэй холбогдох болбол Google Duo апп-ийг ашиглаарай гэж зөвлөе.

ИТАЛИ УЛС

БАЙРШИЛ: ИТАЛИ, БОЛОНЬЯ

COVID-19 АНХ ИЛЭРСЭН ОГНОО: 2020.01.31

НИЙТ БҮРТГЭГДСЭН ТОХИОЛДОЛ: 27,980

НАС БАРСАН: 2158


Итали улсад 60.3 сая орчим хүн, Болонья хотод 389 мянган хүн амьдардаг. Болонья хотод одоогоор 108 тохиолдол илэрсэн. Бусад хотуудтайгаа харьцуулбал бага тоо. 2020 оны 3-р сарын 11 хүртэл Итали улсад энэ вирусын тархалт хэдийгээр их өсөж байсан ч Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага олон нийтэд зарласнаас хойш хүмүүс багагүй сандралдсан. 3-р сарын 8-наас хойш Италид хөл хорио тогтоож эмийн сан, дэлгүүр хоёроос бусад нь хаагдсан. Дэлгүүрт ороход хүмүүсийг үүдэнд нь тоогоор хязгаарлаж, эхний хүмүүс ороод дууссаны дараа үүдэнд нь хүлээж байсан дараагийн хүмүүс ордог болсон. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөөгүй. Манай их сургууль 21 хоногийн өмнөөс хаагдаад, хичээлүүдээ онлайнаар зааж эхэлсэн. Италид вирус огцом нэмэгдэж эхэлснээс хойш манай их сургуулийн гадаад оюутнуудын ихэнх нь гэр лүүгээ явцгаасан. Уг нь оюутнууд ихтэй манай хот хүнгүй юм шиг л хот болчихлоо. Энд маск зүүгээд хэрэггүй гэдэг зөвлөмжийг засгийн газраас нь өгч байна.

Италид бүх хотуудыг тусгаарлаад, шаардлагатай биш бол оруулахгүй, тэндээс гаргахгүй байгаа.

БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС 

БАЙРШИЛ: ВЬЕТНАМ, ХАНОЙ

COVID-19 АНХ ИЛЭРСЭН ОГНОО: 2020.01.24

НИЙТ БҮРТГЭГДСЭН ТОХИОЛДОЛ: 57

НАС БАРСАН: 0


Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад 95.5 сая орчим хүн, нийслэл Ханой хотод нь 8.1 сая орчим хүн амьдардаг.

Европт өвчтэй хүн маск зүүдэг, азид эрүүл хүн маск зүүж өвчтэй хүнээс өөрийгөө хамгаалдаг гэдэг соёлын ойлголтын зөрүү энд анзаарагдаж байна. Энэ улсад одоогоор 57 тохиолдол илэрсэн. 2-р сарын эхэн гэхэд гайгүй намжсан байж байгаад 3-р сарын 2-нд Лондон-Ханой чиглэлийн онгоцоор Италийн Милан хотоос ирсэн нэг вьетнам охиноос халдвар илэрсэн. Энэ бүсгүй Вьетнамд ирээд халдвар авсан гэдгээ мэдэлгүй гурав хоног гадуур хүн ихтэй олон газраар явж арга хэмжээнүүдэд оролцсон нь цахим орчинд маш их шүүмж дагуулсан. Тэр бүсгүйтэй онгоцонд ирсэн 9 гадаад хүн халдвартай гэж илэрч, Европын хэд хэдэн улсаас ирэх нислэгийг хориглоод байна.

Нэгдүгээр сарын сүүлээр Вьетнамын цагаан сарын үеэр сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон нь үргэлжилсээр байгаа, сүүлд БНХАУ-аас жуулчин авахгүй гэж шийдсэн, мөн Өмнөд Солонгосоос ирсэн жуулчдыг тусгаарлаж эхэлсэн. Ханойд ихэнх дэлгүүр, хоолны газруудыг хаачихсан, хот нэлээн сэлүүхэн байна. Гэхдээ сургуулиас бусад газар хаах зохицуулалтгүй ч хөл хөдөлгөөн татарснаас бизнесүүд өөрсдөө сайн дураараа үйл ажиллагаануудаа түр зогсоосон байдалтай байна. Вьетнамын иргэд харьцангуй тайван байна. Нээрээ Вьетнамын эрүүл мэндийн яамнаас коронавирусын тухай дуу хүртэл гаргаад байна лээ.

ШВЕДИЙН ХААНТ УЛС

БАЙРШИЛ: ШВЕД, СТОКГОЛЬМ

COVID-19 АНХ ИЛЭРСЭН ОГНОО: 2020.01.31

НИЙТ БҮРТГЭГДСЭН ТОХИОЛДОЛ: 1059

НАС БАРСАН: 3


Шведэд 10.3 сая орчим хүн, нийслэл Стокгольм хотод нь 974 мянга орчим хүн амьдардаг.

Шведэд вирус гарсан гээд нийт хүн ам нь айхтар сандарсан зүйл алга. Швед улсад маск зүүхийг албан ёсоор хориглосон. Яагаад гэвэл хүн чөлөөтэй амьсгалж байж дархлаа нь илүү сайн байна, мөн маскийг зөв зүүхгүй бол илүү их нян бактери цуглуулна, муу гэж тайлбарлаж байна. Халдвараас сэргийлэх зөвлөмжүүдийг бол өгч байгаа.

1059 орчим тохиолдол илэрсэн байгаа ч одоогоор Шведэд сургууль, цэцэрлэг, байгууллагууд бүгд хэвийн ажиллаж байна. Хязгаарлаж хөл хорио тогтоосон зүйл байхгүй. Бүх нислэг, тээвэр хэвийн явагдаж байна.

Шведийн иргэдийн нэг баримталдаг зарчим бол салбарын мэргэжилтнүүдийнхээ үгийг маш анхааралтай сонсож, дагаж мөрддөг. Баталгаагүй мэдээллийг, мэргэжлийн бус хүмүүсийн тайлбарыг тоодоггүй. Ямар нэгэн зүйл болоход Шведэд ул суурьтай шинжилгээ хийж байж, түүнд ямар хариу үйлдэл үзүүлэхийг мэргэжилтэнүүд нь шийддэг.

БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛС 

БАЙРШИЛ: ФРАНЦ, ТУЛУЗ

COVID-19 АНХ ИЛЭРСЭН ОГНОО: 2020.01.25

НИЙТ БҮРТГЭГДСЭН ТОХИОЛДОЛ: 5380

НАС БАРСАН: 127


Франц улсад 67 сая орчим хүн, Тулуз хотод 480 мянга орчим хүн амьдардаг.

Миний бодлоор францууд эхэн үедээ энэ вирусын тархалтын талаар хажуу айлд болж байгаа зүйл мэт ярьдаггүй, тоодоггүй байсан. Харин одоо мэдээж өдөр тутмынх нь ярианы сэдэв болоод байна.

3-р сарын 12-ны 20 цагт албан ёсоор Францын ерөнхийлөгч хөл хорио тогтоож, эхний ээлжид ясли, цэцэрлэг, дунд сургууль, их сургуулиудыг тодорхойгүй зогсоосон. Мөн мянгаас дээш хүнтэй арга хэмжээ зохион байгуулахыг, цугларахыг хориглосон. Үүнийг дагаад Францад бараг өдөр тутам болж байсан жагсаал цуглаанууд зогсож байх шиг байна. Одоогоор Францын иргэд нэг их айж сандралдаж байгаа зүйл мэдрэгдээгүй байна. Харин зарим иргэд нь Шенгений хил хязгааргүй бүс тархалтыг улам нэмж мэднэ гэж санаа зовж байх шиг. Маск зүүсэн хүн эргэн тойронд алга. Хэрвээ ханиаж найтаах бол амаа зөв таглаж найтаах, олон нийтийн газар нус цэрээ хаяхгүй байх, гараа сайн угаа гэж зөвлөж байна.

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС 

БАЙРШИЛ: АНУ, СИЭТТЛ

COVID-19 АНХ ИЛЭРСЭН ОГНОО: 2020.01.22

НИЙТ БҮРТГЭГДСЭН ТОХИОЛДОЛ: 1714

НАС БАРСАН: 41


Миний амьдарч байгаа Вашингтон мужид 7.5 сая хүн амьдардгаас 3.5 орчим сая нь Сиэттл хот орчмоор оршин суудаг.

2020 оны 3-р сарын 14-ний байдлаар Вашингтон муж нь COVID-19-ийн халдвараар АНУ-даа хамгийн өндөр үзүүлэлттэй буюу халдвар авсан хүний тоо 642, нас барсан хүний тоо 40, эдгэрсэн хүний тоо 1 байна. АНУ-ын анхны тохиолдол Сиаттл-д 1-р сарын 20-нд илэрсэн ч тэр үед хүмүүс нэг их тоохгүй байв. Ингээд 3-р сар гармагц л хүмүүс нас барж, вирус анхаарлын төвд орж эхэлсэн.

2-р сарын 29-нд анхны нас баралт бүртгэгдсэнээс хойш хүмүүс сандралдаж, худалдан авалт ихсэж, өргөн хэрэглээний гурил, будаа, мах, ариун цэврийн цаас, ариутгагч зэрэг бүтээгдэхүүний тасаг хоосорч эхэлсэн. Хэд хоногийн дараагаас ерөнхийдөө хэвийн байдалд орж буй боловч зарим бараа хомсдолтой хэвээр л байна. АНУ-ын зах зээл маскны хомсдолтой байгаа болохоор Ebay дээр өндөр үнээр дамлан зарж байгаа харагдсан. Хомсдолд орсон гол шалтгаан нь БНХАУ болон Азийн орнуудад өвчин дэгдэж эхэлсэн цагаас хүмүүс дотоодын нөөцийг худалдан авч гадагшаа явуулсантай холбоотой болов уу. Маск зүүсэн хүн бараг гудамжаар харагдахгүй байгаа нь маскны нөөцөөс гадна өвчтэй хүн л маск зүүхэд хангалттай гэсэн мэдээлэл гарснаас болсон байх гэж хувьдаа таамаглаж байна.

Мэдээж жижиг дунд бизнесүүдэд хэцүү тусаж, томоохон компанийн хувьцаанууд унаж байна. Энэ хавийн бүхий л (Microsoft, Amazon, Google гэх мэт) технологийн компаниуд 3-р сарын эхнээс гэрээсээ ажиллах удирдамж өгч байна. Бүх коллеж, ерөнхий боловсролын сургуулиуд шат дараалалтайгаар хаагдаж, зарим нь онлайн хөтөлбөрт шилжсэн. Томоохон ресторанууд түр хугацаагаар хаалгаа барьж, 250-аас дээш хүнийг хамарсан бүх арга хэмжээнүүд цуцлагдаад байна.

Миний ажиглаж байгаагаар бол ихэнх хүмүүс харьцангуй тайван, хувь хувьдаа бэлтгэлээ базааж, ажил амьдрал хэвийн үргэлжилж байна.

ИСЛАМЫН БҮГД НАЙРАМДАХ ИРАН УЛС 

БАЙРШИЛ: ИРАН

COVID-19 АНХ ИЛЭРСЭН ОГНОО: 2020.02.20

НИЙТ БҮРТГЭГДСЭН ТОХИОЛДОЛ: 14,991

НАС БАРСАН: 853


Иран улсад 83.1 сая орчим хүн амьдардаг.

Бид гэрээрээ 21 хоног орчим гэртээ өөрсдийгөө тусгаарласан, зөвхөн хүнс гэх мэт шаардлагатай зүйлс авахын тулд л гадагш гарч байна. Хэдийгээр энд одоогоор хязгаарлалт тогтоогоогүй ч гэлээ маск болон зарим эрүүл ахуйн зүйлс хомсдолтой болсон. Миний нагац ах саяхан нас барсан (COVID-19-ийн улмаас биш) ч гашуудлын арга хэмжээг хориглосон тул ойр дотно хүмүүс, хамаатнуудтайгаа утсаар л холбогдож байна.

Зарим хүмүүс гэр бүлээ тэжээхийн тулд гарч ажиллах хэрэгтэй боловч чадахгүй байгаа учраас хүндхэн нөхцөлд л байна. Нийслэл Тегеранаас өмнө зүгт орших Ираны 7 дахь том хот, исламын томоохон санваартнууд байрладаг Кум-д коронавирусын Иран дахь анхны тохиолдол илэрсэн, тэнд нөхцөл байдал сайн биш байгаа. Энэ хотын эмнэлгүүдийн ачаалал ихэссэн. Хэрвээ Кум хотыг тусгаарласан бол вирус одоогийн хэмжээнд тархахгүй байсан гэж ярьцгааж байна.

Харамсалтай нь зарим иргэд өвчний аюулыг төдийлөн сайн ойлгохгүй байх шиг. Мөн зарим хотууд, төрийн бус байгууллагууд болон өөрсдийн мөнгөөр хотоо вирусээс хамгаалж, цэвэр байлгахыг хичээж байна. Засгийн газрын зүгээс иргэдэд гэртээ байж гараа тогтмол угаах зөвлөмжийг гар утас болон бусад хэлбэрээр тогтмол өгч байна.

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС 

БАЙРШИЛ: БНХАУ, ХУБЭЙ, ЛАНФАН

COVID-19 АНХ ИЛЭРСЭН ОГНОО: 2019.12.31

НИЙТ БҮРТГЭГДСЭН ТОХИОЛДОЛ: 81,116

НАС БАРСАН: 3231


БНХАУ-д 1.4 тэрбум орчим хүн амьдардаг.

Миний хувьд будаа, гурил, мах, тос зэрэг хэрэгцээт хүнсээ авч нөөцөлсөн. Мөн маск болон ариутгалын шингэн зэрэг зүйлсийг ахиухан авч хадгалсан байдалтай. Үүнээс гадна өргөн хэмжээгээр хөл хорио тогтсон учраас компани ажиллахаа больж, цалин мөнгө зогсоод байна. Иймээс санхүү мөнгөндөө маш гамтай байх хэрэгтэй болж байна. Байрны зээл төлдөг тул энэ байдал удвал маш хэцүү болно.


Хятадын энэ мужаар халдвар багасаж байгаа ч хөл хорио сулраагүй. Ойрын хагас сарын хугацаанд Бээжин, Шанхай гэх мэт гадаад дотоодын хүн ихтэй хотуудаар болон дэлхий даяар хурдан тархаж байгаа учраас хятад иргэд гэр лүүгээ буцаж ирж байна. Онгоцны тасалбарын үнэ өсөж авах хэцүү болсон. Вирус дахин өргөн хэмжээгээр тархахаас сэргийлэхийн тулд Бээжингийн олон улсын онгоцны буудлын хавьд байдаг Бээжин олон улсын экспод гадаадаас ирсэн хүмүүсийг төлбөртэйгөөр 14 хоног тусгаарлаж, эрүүл мэндийн шинжилгээ хийж эхэлсэн. Үүнээс гадна ресторанууд зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа. Супермаркетаас бусад бизнес, үйлчилгээний бүх газрууд зогссон нь тархалтыг бууруулахад маш хэрэгтэй боллоо гэж бодож байна.

Цагаан сараас эхлээд хөл хоринод 50 гаруй хонолоо. Аав, ээж, эгч гээд гэр бүлийнхэн маань Өвөр Монголоос ирж шинэлсэн. Гэхдээ шинийн нэгнээс хойш хоригдоод хүүхдийн хувьд тоглож гүйх зай талбай ч бага, бүх юмнаас хол байлгахыг хичээж байгаа болохоор жаахан хэцүү л байлаа. 10 хоноод аргагүйн эрхэнд би машинаар хөдөө рүү хүргэсэн. Хөдөө харьсны дараа бас 14 хоног хөл хоригдож, өдөржин биеийн дулааны хэмийн байцаалт өгсөн.

Кинонд сонирхолтой учраас өдөржин утсаар кино үзэхэд гоё байлаа. Гэхдээ гэртээ удаан амрахаар өөрийн эрхгүй ажиллая гэж хүсдэг юм байна. Бас эхнэртэйгээ хоёул хоол их хийх болж, олон шинэ хоол хийж сурлаа. Нэг хэсэг уйдаад WeChat-аар найз нартайгаа видео дуудлага хийсэн. Ер нь зарим үед хүсээд ч ирдэггүй цаг мөчийг өнгөрүүллээ. Би аав ээжтэйгээ ингэж удаан хамт байгаагүй олон жил болсон байсан. Эхнэртэйгээ ч гэсэн ийм удаан цагийг өнгөрүүлж байсангүй.

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН УХАНЬ ХОТ 

Ухань хотод 50,004 тохиолдол илэрсэн, нас баралтын тоо буурч байгаа.

Миний мэдэхээр энд нөхцөл байдал өмнөхөөсөө арай дээрдсэн. Хүмүүс энд одоо вируснээс гэхээсээ хөл хорионоос болж бага зэрэг стрессдэж байх шиг байна. Хэзээ гадагш гарч цэвэр агаар амьсгалж чадах бол л гэж бодож байна. Гадаад оюутанд мэдээж хэцүү байгаа нь ойлгомжтой хэдий ч эндхийн засаг захиргааны вирусын эсрэг авсан арга хэмжээг товчхон дүгнэвэл “тэд бусад аль ч орноос илүү ажиллаж, байдлыг хяналтандаа оруулж байна”.

Хэдийгээр оффис, олон нийтийн газрууд бүгд хаагдаж, хөл хорио тогтоосон ч гэлээ иргэд нь өдөр тутмын шаардлагатай бүх зүйлсээр хангагдсан байдалтай байна. Ухань хотод хүмүүс нэг нэгэндээ туслаад амьдрал онлайнаар үргэлжилж байна. Их сургуулиуд оюутнуудынхаа цагийг үрэхгүйн тулд онлайнаар хичээлээ явуулж, төгсөлтийг ч хойшлуулахгүй гэсэн яриа гарч байна.