"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.

Unread Media

Өөрийн туршлагаас ойлгож мэдэрсэн болохоор тэр Хенри Фордын “Чадна гэж бодвол чиний зөв, чадахгүй гэж бодвол мөн л чиний зөв” гэсэн үгэнд дуртай. Топ компанид ажиллахыг зорьсон, тухтай ажил, таатай орчноос татгалзан эрсдэл өндөртэй гарааны бизнес хийхээр шийдсэн гэх мэтээр зүрхшээж халгаж байсан атлаа зориглон хийсэн алхмууддаа одоо тэр баярладаг. Монголдоо ирж гадагшаа экспорт хийх бизнес эхлүүлэхээр зөвлөх үйлчилгээний дэлхийн гигант McKinsey & Company-ийн Европ дахь оффисоос гарна гэдэг ёстой л “ёсолмоор” зоригтой шийдвэр гэлтэй.

Б.Энхжаргалын аялал Эрдэнэтээс эхэлсэн юм. Уул уурхайн энэ хотод тэр 90-ээд оны эхээр төржээ. Аав нь Эрдэнэт үйлдвэр, ээж нь “Эрдэнэт ноолуур”-т ажилладаг байсан бөгөөд иргэдийн дийлэнх нь улсын байгууллагад ажилладаг, хоорондын ялгаа багатай, цэвэрхэн хотдоо өсөн торниж, ахлах сургуулиа тэнхдийн Монгол, Туркийн хамтарсан сургуульд суралцжээ.

Хичээлээ л хийдэг даруу охин сургуулийнхаа дотуур байранд бусад охидын хамт амьдран нийтэч зантай болж, 11-р ангидаа турк хэлний олимпиадад оролцохоор Туркт очихдоо олон орны хүүхдүүдтэй танилцаж, нүд нээсэн нь гадаадад сурах хүслийг бадраажээ. Улмаар АНУ-д коллежид сурах боломж олдсон авч очсон сургууль нь төсөөлсөн америк орчноос нь өөр, буйдхан бэсрэг хотынх байсанд соёлын шоконд орж байснаа дурсан ярив. Хичээл ном нь ч тун амархан санагдсан тул дараа жилээс нь биеэ дайчлан шалгалтууд өгч, чансаа өндөртэй хувийн сургууль болох Майамигийн их сургуульд шилжиж суралцсан байна.

Б.Энхжаргал (Эжа) дулаан, чөлөөтэй уур амьсгалтай Майамид эдийн засаг, санхүүгээр суралцсан жилүүддээ сургуулийнхаа ганц монгол оюутан байж. Хэдийгээр заримдаа ганцаардах ч бүхэл бүтэн улсыг төлөөлж байгаа тул зөнгөөрөө л хариуцлагатай байх ёстой хэмээн сэтгэж, хичээл номдоо ч, хичээлээс гадуурх зүйлсэд ч идэвхийлдэг байв. Сургуулийнхаа ширээний теннисний клубд ороод, азаар аялан тоглох тэмцээнүүдэд оролцож байсан, мөн сургуулийнхаа Эдийн засгийн клубийн гишүүн болсон нь сүүлд ажилд ороход нь асар их тус хүргэснийг хөгжүүн өгүүлнэ. Тодруулбал, сургуулиа төгсөх дөхмөгц ажил орох өргөдөл явуулахдаа клубээрээ дамжуулан нэгэн профессорын тусламжийг авсан аж. Энэ үйл явц ямар хэцүү болохыг, шалгуур өндөртэй компанид орохын тулд оюутнууд 100 өргөдөл илгээгээд 15-20 орчмоос нь хариу авна, тэгээд тав ч хүрэхгүй газар л ярилцлагад уригддаг хэмээн баримжаалж өглөө. Мөнөөх профессор нь 90-ээд онд Монголд зөвлөх үйлчилгээний ажлаар ирж байсан тул ганц монгол оюутандаа сайхан хандсан бололтой. Тэрээр Эжаг CV-ээ маш сайн болгож, ярилцлагадаа бэлдэхэд нь дасгалжуулсан бөгөөд үүний ачаар McKinsey-ийн Майами дахь салбарын үүд өмнө нь нээгджээ. Ажил, хичээлээс гадуурх идэвх, утга учиртай харилцаа үүсгэхийн чухлыг ойлгосон тэр одоо ч мөнөөх профессортой сайн харилцаатай хэвээр.

2015 онд McKinsey-д аналистаар орсон эхний жил нь үнэхээр амаргүй байв. Өглөөний зургаад ирээд орой 21 цаг хүртэл ажиллах өдөр олон. Түүний хэлснээр McKinsey өндөр шалгуур даваад орж ирсэн залуучуудыг эхний хоёр жил тултал нь ашиглаж, шигшдэг системтэй гэнэ. Майами өртөг өндөр тул Эжа оюутан байхдаа цагийн ажил хийдэг байсан бөгөөд бүтэн цагийн ажилд ороод л бүх юм сайхан болох нь гэж санатал тийм байсангүй. Гэхдээ хичээж орсон ажилдаа удах төлөвлөгөөтэй байсан боловч ажлын виз нь урт хугацаагаар гараагүй байна. Хамаг зүтгэл нь талаар болсон шиг санагдаж, сэтгэлээр унасан ч McKinsey-ийн Герман дахь салбар луу шилжих боломж гарсанд шүүрэн авчээ. Германд гурван сар ажиллаад Чехийн Праг дахь салбар луу мөн шилжин ажиллажээ.

Европт түүнийг тэс өөр ажлын орчин, соёл угтан авав. Энд хүмүүс ажилдаа 09 цагт ирээд 19 цагт яс тардаг нь Майамид ажилд дарагддаг байсан хүнд ёстой л соёлын шок болсон нь ойлгомжтой. Европт ажлын хангамж, даатгал тэргүүтэн хангалттай сайн, ёстой л хүндээ ээлтэй бизнес гэж юу болохыг мэдрүүлдэг, харин Америкийн бизнесийн орчин хурц өрсөлдөөнтэй тул сунасан цагаар ажиллах, байнга санаачилга гаргах ёстой болдог талаар тэр туршлагаа хуваалцав. Ийнхүү ажил амьдралаа тэнцвэртэй авч явах боломжтой болж, анхандаа сөрөг мэт санагдах ямар ч зүйлд эерэг сайн тал бас байдгийг ойлгож авчээ. McKinsey дахь эхний жилдээ Procurement Consultant-аар ажиллан аливаа худалдан авалтыг хэрхэн хямд болгох тал дээр толгой ажиллуулдаг байсан бол түүний дараа компанийн дотоод үнэлгээний, тив бүрээс нэг нэг хүн багтдаг багт орж ажилласан гэнэ.

McKinsey-д ажиллахдаа түүний хийсэн презентац тоймгүй олон. Салбар салбарын олон том харилцагчтай ажиллаж, өдөр бүрийн ажил нь төсөөлөхөд ч хэцүү өндөр дүнтэй гэрээ хэлцлийг тойрон эргэлдэнэ. Энэ нь хэдий бахархам боловч нэлээд хугацааны дараа их давталттай ажил шиг санагдаж, өөрийгөө сорих, илүү их нөлөөлөл үзүүлж чадах ажил мөрөөдөхөд хүргэх ажээ.

Европт ирсэн цагаасаа хүмүүс ноолуур их хэрэглэдгийг ажиглах болсон Эжа ноолуураас өөр ямар бүтээгдэхүүнийг Монголоос экспортолж болох бол гэж бодох болжээ. Сониуч зандаа хөтлөгдсөөр 2018 оноос сарлагийн хөөврийг найз нөхөд, хамт ажиллагсдадаа танилцуулан тандаж эхлэв. Тэнд сарлагийн хөөврийн талаар ойлголт тааруу тул дулаан чанар, эдэлгээний хувьд ноолууртай адил ч илүү байгальд ээлтэй түүхий эд гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй болов. Улмаар энэ санаагаа Kickstarter дээр Yakmere нэртэй төсөл болгон тавьж, сарлагийн хөөврөөр хувцас хийхийн давуу талуудыг таниулан, олон нийтийн санхүүжилт босгох гэж үзжээ. Тэгтэл Мексик, Сингапур зэрэг халуун уур амьсгалтай орнууд хүртэл багтсан 30 гаруй улсын 250 орчим хүн санхүүжилт нэмэрлэж, хэрэгтэй санал сэтгэгдлийг олноор ирүүлэх нь тэр. Ажлынхаа хажуугаар хийсэн энэ туршилт амжилттай болсонд машид урамшсан Эжа 2019 онд ажлаасаа гарч, Yakmere-даа төвлөрье гэж шийджээ.

Тэр ажлынхаа чөлөө заваар залуучуудын хөтөлбөрт хамрагдаж, сайн дурын ажил хийх дуртай. Ямар хоббитой болохыг нь асуухад, хамрагддаг клуб, хөтөлбөрүүдийнхээ сайн дурын төслүүдэд оролцдог хэмээн ярилаа. 2017 онд Ж.Тана найзынхаа зөвлөгөөгөөр ДЭЗФ-ын дэргэдэх The Global Shapers нийгэмлэгийн Праг дахь салбарын гишүүн болжээ. Дэлхийн 400 гаруй хотод салбартай тус нийгэмлэгийн Праг дахь салбарын анхны гадаад гишүүн болсон бөгөөд манлайллаа харуулан бүр дэд тэргүүн болж байсан нь тэмдэглүүштэй. Мөн жил бүр дэлхийн олон улс оронд суралцдаг, ажилладаг залуусыг шалгаруулан авдаг MYLP хөтөлбөрийг 2019 онд Праг хотноо буухиалан авчирч, “Улаанбаатар 2030” сэдвээр гурван өдрийн хөтөлбөр бэлтгэн, залуучуудыг оюун санаагаа уралдуулан, танилын сүлжээгээ өргөтгөхөд тусалжээ.

Yakmere-ийн цамцаа өмссөн Б.Энхжаргал

Ийнхүү Эжа 2019 оны аравдугаар сард ажил, амьдралын шинэ хуудсаа эхлүүлэхээр Монголдоо ирсэн юм. Гэрийнхэн, найзууд нь том компанийг орхиж, бизнес эхлүүлэх эрсдэлтэй шийдвэр гаргасанд нь тун ч их гайхаж байж. Гэсэн ч эхний 100 цамцны захиалгаа аваад “Чадчихлаа” хэмээн догдолж, дараа нь учрах асар их бэрхшээлийг таамаглалгүй итгэл дүүрэн, сэтгэл дэврүүн байв. Удалгүй бодит байдалтай нүүр тулж, хийнгээ суралцах явцдаа энэ төрлийн бизнесийг хүссэн түвшиндээ хүргэх хүртэл нэлээд хугацаа орохыг ойлгожээ. Сарлагийн хөөврийг Европт хувь хэрэглэгчид гэхээсээ бизнесүүдэд борлуулахад илүү төвлөрөх болж, давхар өөр ажил хийхийг эрмэлзэх болов.

Гадаадад байхдаа Монголын талаар голдуу л сөрөг мэдээ хүлээн авдаг байсан тул тун ч амаргүй байна байх гэсэн төсөөлөлтэй эргэж ирснээ тэр нуусангүй. Харин Монголдоо ирээд бодит байдал цахим орчны мэдээллээс нэлээд өөр болохыг, залуучууд найрсаг гоё хандлагатай, маш чөлөөтэй сэтгэдэг болохыг шууд л мэдэрчээ. Хийх ажил ч зөндөө аж.

Энд ирээд олон хүнтэй уулзсаны нэг нь MYLP хөтөлбөрөөр танилцаж байсан, And Global-ийн В.Баярсайхан байв. Тэрээр боловсролын салбарт технологийн шинэ шийдлүүд нэвтрүүлэн, олон улсад өрсөлдөх бүтээгдэхүүн гаргах Tomyo Edtech стартапыг байгуулаад байсан бөгөөд бизнесийн хүн дутмаг байна, хамт ажиллая хэмээн Эжаг урьжээ. Орон нутагт төрж өссөн, бас Монтуркт суралцаж сайн боловсролын нөлөөг хүртсэн гээд төстэй тал цөөнгүй байсан тэр хоёр дорхноо л ойлголцож хамтрахаар шийдэж. Боловсролын зуучлалын агентлагаар дамжуулан Америкт хөл тавьж байсан туршлага нь, мөн олон улсад өрсөлдөх бизнес санаа л зөв гэсэн бодол нь энэ саналыг хүлээн авахад хүргэсэн хэмээн тэр нэмж хэлсэн юм. Мөн хамтрагчийнх нь оргилсон эрч хүн, алсын хараа, төслөө амжилтад хүргэх гэсэн гал эрмэлзэл энэ төсөлд орох нэг шалтгаан болсон гэлээ. Ингээд Эжа Tomyo Edtech-ийн Бизнес хөгжил, олон улсын өргөжилт хариуцсан захирал болов.

Хэдийнээ анхны хөрөнгө оруулалтаа татаж, 20 гаруй хүнтэй баг бүрдүүлсэн тэд энэ оны эхний хагаст багтаан бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх төлөвлөгөөтэй гэнэ. Том компанид хамгийн бага нь байсан тэр одоо хамгийн эгч нь болчихоод байна хэмээн инээх бөгөөд шинэ орчинд, шинэ ажил эхлүүлээд баяртай байгаа нь нүднээ ил. Бизнесийн орчинд богино хугацаанд хангалттай туршлага хуримтлуулж чадсан тэр одоо багийнхаа залуу гишүүдэд түшиг тулгуур болохыг хичээн, эрч хүчтэй ажиллаж байна.

McKinsey-д хэдэн жил ажиллахдаа тэр юу сайн сурсан бэ гэвэл аливаа ажилд тооцоотой, системтэй хандах. Гол асуудал нь юу вэ, ямар хүчин зүйлс нөлөөлөв, ямар оролцогч талууд, ямар нөөц боломж байгаа вэ гэх мэтээр төслийн менежментийн зарчмыг ягштал баримталдаг. Ийнхүү гадагшаа чиглэсэн стартапыг эхлүүлэн амжилтад хүргэнэ гэдэг амаргүйг Yakmere-ийн туршлагаасаа гадарлах болсон Эжа, том амбицтай Tomyo-ийн багт консалтант хүний арга барилаа нэгтгэн, чухал бүрдлийг авчирчээ. Корпорацад ажилласан туршлага, стартапын шаламгай байдал хоёр бол чухамхүү сайн хольц билээ.

Эрсдэлтэй шийдвэрүүдийг гаргасан Б.Энхжаргалд гэгээлэг ирээдүйг өртөөлөн авчрах мөрөөдөл, түүнд туслах сайн боловсрол, зөв хандлага бий. “Эргээд харахад би сайн сургуульд сурах, топ компанид ажиллах гээд уламжлалт замаар явж ирсэн. Нэгэнт л бусдын адил амьдрах зардлаа олоод байх ажил хийж чадахаа ойлгосон юм чинь яагаад хэцүү, сонирхолтой зүйлсийг барьж авч болохгүй гэж? Залуу хүмүүс байгаадаа сэтгэл ханаад байж болохгүй шүү дээ” гэж тэр ярианыхаа төгсгөлд хэлсэн юм.

Уул уурхайн хотоос гаралтай залуу бүсгүйн оюуны уурхайг нээх аялал үргэлжилсээр…


Б.Энхжаргалын сошиал хуудсууд:

Инстаграм
Фэйсбүүк


Та бүхэн манай "Өртөөлөгчид" буланд хийж буй өөр өөрсдийн салбарт чичиргээн үүсгэж, өөрчлөлтийг авчирч буй залуучуудыг санал болгоорой.