Өнөөдрийн дугаартаа бид Монголын анхны финтек спартап болох "ЛэндМН" ХК-ийн гүйцэтгэх захирал О.Болдбаатарыг урилаа. Тэрээр Турк улсад бизнесийн удирдлагын чиглэлээр дээд боловсрол эзэмшээд Турк, Англи улсуудад E&Y, KPMG, PwC зэрэг дэлхийн санхүү, аудитийн хамгийн том фирмүүдэд ажиллажээ. Улмаар энэ арвин туршлагадаа тулгуурлан Монголд анх удаа технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй нэгтгэсэн бизнес моделийг санаачилж, финтек компанийг үүсгэн байгуулалцсан юм. Ингээд 700 гаруй мянган хэрэглэгчтэй болоод буй ЛэндМН-ийг амжилттай удирдаж буй түүний ажлын арга барилтай танилцацгаая. 

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: ЛэндМН ХК-ийн гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone X, 7
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудас: Boldbaatar Ochirsuren (Facebook), Boldbaatar Ochirsuren (LinkedIn)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би Туркэд бизнесийн удирдлагаар их сургуулиа төгсөж, аудитын чиглэлээр Турк, Монголд ажилласнаас гадна "PwC" компанийн Монгол болон Англи дахь салбарт таван жил гаруй ажилласан. Арав гаруй жил E&Y, KPMG, PwC зэрэг олон улсын аудитын компаниудад корпорейт байгууллагын хэв маягаар ажилласны эцэст хамтрагчидтайгаа нийлэн бизнесийн санаагаа бодит болгож, 2016 онд ЛэндМН компанийг байгуулан, энтрепренер болж байлаа.

Аудитороор ажилладаг байхад төрөл бүрийн байгууллагуудын санхүүгийн тайлан, тооцоог шалгаж, мөнгөө хэрхэн, юунд зарцуулж байгааг нь бизнесийн талаас нь их сонирхдог байсан гэж хэлж болно. Ингэснээр ямар ч компанийн бизнесийн модель болон стартап компанид хөрөнгө оруулалт татах арга замыг ойлгодог болж, энэ туршлагадаа тулгуурлан хамт олонтойгоо хөрөнгө босгож чадсан. Аудиторуудын аливаа бизнесийн үйл ажиллагааг нэг өнцгөөс бус том зургаар харж ажилладаг онцлог бизнесээ эхлүүлэхэд багагүй нөлөөлсөн гэж боддог.

Ахлах сургуульд байхдаа мэдээллийн технологи, компьютер их сонирхдог, улсын мэдээлэл зүйн олимпиадаас хүртэл алт, мөнгөн медаль авч байлаа. Тухайн үед мэдээлэл зүйн багшаар дөнгөж их сургууль төгсөөд байсан эгч маань Windows 95-ийн тухай ямар ч ойлголтгүй байгааг хараад энэ салбар хурдан өөрчлөгдөж, сурсан зүйл нь амархан хоцрогддог юм байна гэж бодож байлаа. Тиймээс энэ чиглэлээр нарийн мэргэшихээс илүүтэй менежментийг нь судалж, мэргэшсэн хүмүүсийг авч ажиллуулах нь зүйтэй байх хэмээн бизнесийн удирдлагаар сурахаар шийдсэн юм. Санхүү, менежментийн туршлагаас гадна код бичдэг, мэдээллийн технологийн суурьтай байсан нь технологийн компанийг удирдахад дөхөм болсон болов уу.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ихэнх өдрийг уулзалтаас уулзалтын хооронд өнгөрөөдөг учраас ажлын ширээний хойно тогтож суух нь ховор. Хийж буй ажлууд маань намайг байнга хурдтай байх, өөрчлөлтөд бэлэн байхыг шаарддаг учраас тогтсон цагийн хуваарьт баригдах боломжгүй байдаг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Аливаа асуудлыг том зургаар харж, хоорондын уялдаа холбоог нь үүсгэн ажилладаг гэж хэлж болно. Бусад хүмүүсийг ч ажлаа томоор харж, өөрсдөө шийдвэр гаргах хэмжээнд бие даагаасай гэж хүсдэг. Өөрөөр хэлбэл, багийн гишүүн бүрийг манлайлагч байх, эрсдэлээс эмээхгүйгээр хариуцлага үүрэх боломжийг олгодог. Ажлыг хүчилж биш байж болох хамгийн сайн хувилбарт нь хүргэх нөхцөлийг бүрдүүлж, шинэ зүйлс туршиж үз, санаачилгыг гартаа ав, алдаа гаргасан ч хамаагүй хийгээд л бай гэж хэлдэг юм. Энэ арга барил нь аливаа зүйл хэзээ ч өөрчлөгдөж болно, тэр бүхэнд бэлэн байх хэрэгтэй гэсэн сэтгэл зүйг хүмүүст суулгаж өгдөг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ажлын дотоод сүлжээ, имэйлийг түлхүү хэрэглэхээс гадна хурал хийхэд Zoom, Google Meeting зэргийг, гар утсан дээрээ Viber, WhatsApp, Telegram зэрэг харилцааны аппуудыг ашигладаг. Мөн мэдээж LendMN, SuperUp аппуудаа байнга хэрэглэнэ. Түүнээс гадна Монголын хөрөнгийн бирж дэх хувьцааны үнэ ханшийг MN Stocks-аас, цаг үеийн мэдээллийг CNN-ээс авдаг юм байна.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Аль болох ухаалаг ажиллах нь чухал. Өөрөө бүх асуудалд оролцохоос илүүтэй бусдад ажил хариуцуулж даалгах нь цаг хэмнэх хамгийн сайн арга гэж боддог. Хүн бүхэнд хамгийн сайн хийж чаддаг зүйл гэж бий. Муу ажилтан гэж байдаггүй. Харин өөр хүн хийвэл зохих ажлыг хийх нь хамгийн их цаг үрнэ.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Хамтрагч байгууллагууд, бусад хүмүүстэй хийх уулзалтуудаа календарьтаа оруулдаг ч ажлын онцлогоос шалтгаалан ягштал төлөвлөх боломж бага байдаг. Тиймээс нэлээн уян хатан, нөхцөл байдалдаа тааруулан ажилладаг. Бидний ажлын цар хүрээ, төлөвлөлт нь нийгэм, эдийн засгийн байдалтай шууд хамаатай. Тиймээс дэлхийн нийтэд тархаад буй халдварт өвчний үед харилцагчаа бодсон шийдвэрүүдийг гаргаж, түүнийг богино хугацаанд багаараа хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллаж байна.

Тухайлбал, манай улсад COVID-19-ийн тохиолдлууд илэрсэнтэй холбогдуулан LendMN апп хэрэглэгчдийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгаснаас гадна ЛэндМН ББСБ ХК-ийн хувьцаа эзэмшигчдын хурлыг анх удаа онлайнаар хийхээр төлөвлөөд байна. Бид хувьцаа эзэмшигчдэдээ 1.2 тэрбум төгрөгийн ноогдол ашиг хуваарилахаар зэхээд байгаа. Энэ нь манай байгууллага 2019 онд өсөлттэй байсны том илрэл болов уу.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Ууланд гарч, толгойгоо амраах дуртай ч сүүлийн үед цаг гаргаж амжихгүй л явна.

Мөн бидний хийж буй ажлын үр дүн хурдан гардаг учраас тэр хэрээр ажлаасаа, хамт олноосоо урам зориг авч чаддаг. Саяхны жишээ гэвэл манай аппаас Цагаан сарын өмнөх өдөр 2.5 тэрбум төгрөгийн дүн бүхий 9300 зээл гарсан нь бидний рекорд болсон шүү.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Ажиллаагүй үедээ гэр бүлдээ л цаг зав гаргахыг хүсдэг юм. Мөн гадуур хааяа стартап компаниудад зөвлөгөө өгч, залуустай уулзалт хийдэг. Тэд яг л бидний туулсан замаар явж буй болохоор зөвлөж чиглүүлэх зүйлс багагүй. Шинээр компани байгуулахдаа бүх л зүйлсээ анхнаас нь маш цэгцтэй эхлүүлэхгүй бол явцын дунд олон асуудал үүсдэгийг сайн хэлж зөвлөж, мэддэг чаддагаа харамгүй хуваалцдаг.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Өдөр бүр шинэ сорилт, асуудалтай тулгарч, түүнийг шийдэх нь өөрөө маш сонирхолтой, адал явдалтай. Бидний ажиллаж буй талбар асар хурдтай өөрчлөгдөн шинэчлэгддэг учраас тухайн нөхцөлд байгаа мэдээлэлдээ үндэслэн, зөн совингоороо хурдан шийдвэр гаргах шаардлагатай болдог. Үүнийг бэрхшээл гэж хүлээж авах уу, сорилт гэж үзэх үү гэдэг нь тухайн баг хамт олны хандлагаас бүрэн шалтгаална. Бид байгуулагдсанаасаа хойш гурван жилийн хугацаанд маш олон шинэ зүйлийг туршиж, шуурхай ажилласан. Энэ арга барил л өнөөдрийн LendMN-ийг бүтээсэн гэж хэлж болно. Шинэ зүйл турших, өөрчлөх, сайжруулах боломж өөрсдөд маань байгаа болохоор цаг алдаж, хүлээхийн хэрэг байхгүй. Стартап компанийн онцлог нь энэ шүү дээ.

Бидний найзууд дундаа ярьсан бизнес санаа томоохон байгууллага болтлоо өргөжсөн нь компанийн өсөлтийн хамгийн сайн кэйсүүдийн нэг болсон гэж итгэдэг. Асар хурдтайгаар, богино хугацаанд арвин туршлага хуримтлуулж, Монголд байгаагүй бизнес моделийг бий болгож чадсан гэж боддог.

Санхүүгийн хувьцаат компани гэдэг маш дэг журамтай, шийдвэр гаргах олон үе шаттай байдаг онцлогтой. Гэвч бид нөгөө талаас стартап учраас аль болох хурдан шийдвэр гаргаж, шинэ санаагаа цаг алдалгүй туршихыг эрмэлздэг. Энэ хоёрыг тэнцвэртэйгээр авч явах нь багагүй сорилт болж байна.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Бид Монголын зах зээлд гар утаснаасаа онлайнаар зээл авах үйлчилгээг нэвтрүүлсэн нь зорилтот хэрэглэгчдэдээ хүрч, үйл ажиллагаа нь тогтвортой болсон тул дараагийн алхмууд буюу шинэ төслүүд дээрээ төвлөрч байна. Тухайлбал, найман нэрийн дэлгүүрийн худалдан авалтад зориулсан бичил зээл, лизинг буюу бараа бүтээгдэхүүн худалдан авалтын зээлийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Одоогоор манай апп-д бүртгэлтэй 700 гаруй мянган хэрэглэгч байдаг ч зээлийн эрх нь нээгдээгүй болон зээл авах шаардлагагүй олон мянган хэрэглэгч цаана нь үлддэг. Тэдгээр хүмүүсийн эрэлт хэрэгцээ, орон зайг нөхөхөөр бид And Systems компанитай хамтран SuperUp апп-ийг бүтээсэн. Энэхүү апп-аар дамжуулан такси дуудах, хоол хүнс, бараа бүтээгдэхүүн захиалах зэрэг төлбөр тооцооны болон амьдралын хэв маягт нийцсэн үйлчилгээнүүдийг авч болно. Мөн бичил зээл авах боломж нь эргээд ЛэндМН-ээ дэмжиж буй хэрэг юм.

ЛэндМН маань финтекийн экосистемийн нэг хэсгийг бүрдүүлж чадсан. Цаашид бусад бүрдэл хэсгүүдийг бий болгохын тулд нэмэлт хэрэгсэл, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх шаардлагатай. SuperUp бол түүний нэг хэсэг юм. SuperUp нь санхүүгийн янз бүрийн хэрэгцээтэй хүмүүст зориулсан үйлчилгээг санал болгож, үйл ажиллагааны маань цар хүрээг томсгож байна. Хоол захиалах, бараа худалдан авах, зээлийн хүсэлт өгөх зэрэг олон апп ашиглаж хийх шаардлагатай үйлдлийг бид нэг л апп-д багтаан хүргэж байна.

Бидний хичээж ажилласныг үнэлэн Ази, Номхон Далайн бүсийн банк санхүүгийн байгууллагуудын шилдгүүдийг шалгаруулдаг “Asia Money” сэтгүүлээс өнгөрсөн онд Монголын банк, санхүүгийн салбарын шилдгүүдийг шалгаруулахдаа LendMN-ийг “Best Digital Bank” буюу Шилдэг дижитал санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээр тодруулсан. Энэ шагнал биднийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээг үзүүлж буйг илтгэсэнд баяртай байгаа.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Дандаа шинэ зүйлс хийж буй учраас хамт олноосоо, бусад хүмүүсээс цаг үргэлж суралцсаар явна. Би өөрийгөө сүрхий, мундаг гэж боддоггүй. Би л энэ ажлыг мэдэж, хийж чадна гэх хандлага байдаггүй. Аль болох бусдаас үг сонсож, залуу үеэсээ суралцаж, туршлага хуримтлуулаад явж байна.

Мөн олон улсад ямар үйл явдал өрнөж, юу тренд болж байгааг уншиж, эргэн тойрноо ажиглаж, сурч судлахыг хичээдэг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Юваль Ноа Хараригийн Sapiens номыг санал болгоё. Киноны хувьд МcDonald's компани хэрхэн байгуулагдсан түүхийг өгүүлэх “The Founder” киног хэлнэ.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Хүүхэд байхад аав минь хаана ч явсан нөхцөл байдалдаа дасан зохицож, сохрын газар сохор, доголонгийн газар доголон яваарай гэж хэлж байсан. Энэ үгийг нь санаж, аливааг тийм л байх ёстой гэж харах бус нөхцөл байдлаа мэдрэн, хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн явахыг хичээдэг болсон доо.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Шинэ бүхэнд нээлттэй байгаарай. Технологийн нөлөөгөөр өнөө цагт бүх зүйлс маш хурдан өөрчлөгдөж байгаа учраас өөрчлөлтөд бэлэн, нээлттэй ханддаг байх нь зүйтэй. Аливааг хэвшсэн ойлголтоор, нэг өнцгөөс харах бус "Яагаад өөрчилж болохгүй гэж" гэсэн нүдээр хараад үзээсэй гэж боддог. Орчин үед юуг ч сонирхон судлах эрх чөлөө байгаа учраас асуулт тавьж, сониуч байгаарай.