Өнөөдрийн дугаартаа бид Улаанбаатар хотод өнгө төрх нэмж буй олон барилгын дүр төрхийг бүтээсэн "Анаграм" компанийн гүйцэтгэх захирал, ерөнхий архитектор Б.Золбоог урилаа. Үндэсний соёл амралтын хүрээлэн, "Зайсан хилл комплекс", "Шинэ Яармаг" цогцолбор хороолол, "Степпе арена" мөсөн өргөө зэрэг 60 гаруй төслийн барилгын зураг төслийг боловсруулсан тэрээр Туркийн Анандолу их сургуулийг архитектор мэргэжлээр төгсжээ. Их сургуулиа төгсөөд тус улсын  Истанбул, Эскишехир хотод архитектурын олон төсөл дээр ажилласан бөгөөд өөрийн туршлагад тулгуурлан Монголдоо ирээд "Анаграм" компанийг байгуулжээ. Ингээд барилгын архитектур, инженер, ерөнхий төлөвлөгөөний чиглэлээр олон чадварлаг залуу мэргэжилтнүүдийг амжилттай удирдан ажиллаж буй Б.Золбоогийн ажлын арга барилтай танилцацгаая. 

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Ананграм ХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий архитектор
Хэрэглэдэг гар утас: Samsung A70
Хэрэглэдэг компьютер: Mac Pro & iPad Pro
Сошиал хуудас: Zolboo Baatarzevseg (Facebook), Zolboo Baatarzevseg (Instagram)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би анх ШУТИС-ийг Үйлдвэрлэлийн дизайнерын ангийг төгсөж, цаашид эдлэхүүний дизайнерын чиглэлээр гадаадад мэргэжил дээшлүүлэх төлөвлөгөөтэй байсан ч таарч нийцэх сургууль олдоогүй тул архитектурын ангийг сонгон Туркэд суралцахаар явсан юм. Тэнд очоод архитектурт дизайнаас илүүтэй дурлаж, сонирхон судлах болсон доо. Архитектурын шийдэл бүхэн тухайн барилгын ашиглалт, хэрэглээнээс шалтгаалан өөр өөрийн онцлогтой учраас хийж буй ажил бүхэн шинэ туршлага болдог.

Карьерын эхэнд үедээ би зөвхөн барилгын интерьер гаргадаг байсан бол яваандаа ажлын цар хүрээ томорч, барилгын шинэ концепт зохиох, зураг төсөл боловсруулах гэх мэтээр хариуцсан төсөл бүрийнхээ барилгын үйл явцад бүхэлд нь анхаарал хандуулж ажиллаж байна. Энэ мэтчилэн архитекторын үндсэн ажлаа хийхээс гадна компанийн менежментийг удирдаж, багаа бэлтгэж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Миний ажлын өдөр ерөнхийдөө гурван хэсэгт хуваагддаг. Өглөө толгой сэргэг байгаа үедээ аль болох хүнтэй уулзахгүйгээр эскиз, шинэ санаануудаа цаасан дээр гараар буулгахад төвлөрдөг юм. Ер нь хүн үдээс өмнө илүү тайван байдаг учраас төвлөрч суух ажлаа хийх нь зүйтэй. Өглөөг ямар нэг бухимдал, стресс ихтэй ажлаар эхлүүлчихвэл оройдоо анхаарал төвлөрдөггүй тул чухал ажлуудаа өглөө хийж, үдээс хойш багийн ажилд анхаарч, уулзалтуудаа хийдэг. Харин оройдоо компьютер дээр сууж, бусад ажлуудаа амжуулна даа.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Багийн ажиллагааг хамгийн түрүүнд тавьдаг. Сайн баг бүрдүүлэхийн тулд ажилтнуудаа тэр хэрээр сургах шаардлагатай учраас дотооддоо янз бүрийн сургалт зохион байгуулдаг. Мөн судалгаа хийнэ гэдэг бүх ажлын 70 хувь гэсэн үг. Үлдсэн 30 хувь бол цаасан дээр буулгах ажил юм.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Компьютер, iPad бол миний ажлын хамгийн чухал хэрэгсэл. Орчин үед цаасан дээр гараар зурахаас илүүтэй дижитал хэрэгсэл дээр ажиллах нь хялбар болсон. Тиймээс эхлээд iPad дээр зурж, дараа нь компьютерт шилжүүлдэг юм.

Програмын хувьд хуучин шиг AutoCad дээр ажиллахаас илүүтэй BIM програмын шинэчлэл дээр ажиллаж, 3D програмууд ашиглаж байна. Тухайлбал, Archicad, SketchUp, Lumion зэрэг програм дээр өдөр тутам ажилладаг. Харин гараар зурахад Concepts, Morpholio Trace апп-ийг зайлшгүй хэрэглэнэ. Мөн захиалагчтайгаа Viber-аар харьцаж, мэдээлэл солилцдог.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Барилгын зураг төсөл зохиож, цаасан дээр буулгах үйл явц ихээхэн хугацаа шаарддаг учраас нэг төсөл дуусгаад дараагийнх руу орох биш, нэгэн зэрэг олон төсөл дээр ажиллах нь цаг хугацааны хувьд үр дүнтэй байдаг.

Төслийн судалгааг маш сайн хийснээр эргэж буцах, цаг алдах эрсдэл бага. Захиалагчаас ирэх янз бүрийн санал хүсэлтийг сайтар боловсруулсан судалгаан дээр үндэслэж тайлбарлах нь хоёр талын ойлголцлын зөрүүг арилгаж, цаг алдахаас сэргийлдэг. Архитекторуудыг ажлаа хүлээж авчихаад зурж эхлэхгүй байна гэх нь бий. Тэр бол дараа нь цаг алдахгүйн тулд өмнө нь сайн судалж буй хэрэг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Хийх ажлуудаа сар сараар нь хувааж төлөвлөдөг. Түүнийгээ өдөр бүр задалж, тухайн өдөрт хийх ажлуудаа нарийвчлан гаргадаг. Гэхдээ захиалагчийн санал хүсэлттэй холбоотой өөрчлөлт гарах магадлалтай учраас аль болох уян хатан байж зохицуулахыг хичээдэг. Мөн барилгын талбай дээр гэнэтийн шаардлагаар очих үе гарна.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Архитекторын мэргэжил бол миний ажил ч, хобби ч мөн учраас хаана ч байсан гэсэн үүнтэй холбоотой ном, сонин эргүүлж тойруулсаар л байдаг.

Мөн металл хөгжим сонсох дуртай. MetalCore, Progressive metal төрлийн хүнд хөгжим тархи илүү амраадаг гэж хэлж болно. Ажилдаа төвлөрөх буюу амарч байх үедээ сонсдог. Ганцаараа байх үедээ ч хөгжмөө сонсоно шүү. Түүнээс гадна зураг зурах хоббитой. Гэхдээ ойрд зурах цаг зав гарахгүй л явна.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Хөрөг зурах сонирхолтой. Хүний царайны төвлөрлийг сайн гаргаж зурахыг хичээдэг.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Архитектур гэдэг аливаа орон зайг зохион байгуулахыг хэлдэг. Хүмүүс илүү урлаг, уран бүтээл талаас нь ойлгоод байдаг. Гэхдээ бидний ажлын хагас нь уран бүтээл талдаа гэж хэлж болно. Хамгийн гол нь хүний хэрэглээнд зохицсон орон зайг бий болгох, функцийг зөв байрлуулах тухай ойлголт юм. Ингэхдээ хүнд таатай санагдуулах урлаг, гоо зүйн шийдлийг шингээсэн байх учиртай. Орон зайг зохион байгуулах бүх үйл явц нь өөрөө нэн сонирхолтой учраас ажлаа дурлаж хийдэг.

Орчин үед захиалагчид өмнөхөөсөө илүү мэдээлэлтэй болсон учраас хоёр тал ойлголцоход их амар болсон. Тухайн ажлыг хэр хурдан гүйцэтгэх нь захиалагчийн хандлага, боловсролоос их шалтгаалдаг. Нөгөө талаас, бид захиалагчийн боловсролыг дээшлүүлж, төлөвшүүлэх учиртай. Архитекторууд бол уран бүтээлч, инженер, бизнесмен гэсэн мэргэжлүүдийг хослуулж явдаг болохоор захиалагчаа хэр сайн ятгаж, хангалттай мэдээлэл өгч чадна, тэр хэрээр өөрсдийн хүссэн концептийг гаргах боломжтой байдаг.

Нөгөө талаас, тухайн барилгын зураг төслийг бодитоор бий болгох явцад олон бэрхшээл тулгарах нь бий. Барилгын зураг төсөл гаргах эхний шатны үйл явцад цөөн хүнтэй мэргэжлийн баг хамтран ажилладаг бол бодитоор барих үйл явцад олон хүний оролцоо нэмэгдэж, тэр хэрээр хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй болдог. Төслийн санхүүжилт, ажиллах хүч зэрэг олон шалтгаанаас үүдэн бидний анх зохиосон төсөл ажлын явцдаа танигдахгүй болтлоо өөрчлөгдөх вий гэсэн болгоомжлол байдаг. Барилгын салбар нас залуу ч маш хурдацтай хөгжиж байгаа учраас ирээдүйтэй зах зээл гэж итгэлтэй хардаг.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Одоогоор бидний төвлөрч буй хамгийн том төсөл бол “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд баригдаж буй "Шинэ Яармаг" цогцолбор хороолол юм. Тус хорооллын орон сууц, сургууль, цэцэрлэгийн зураг төслөөс гадна Олимпын хорооны стандартад нийцсэн 2600 хүний суудалтай Монголын анхны мөсөн өргөө болох "Steppe arena" төсөл дээр ажиллаж байгаа. Бид уг мөсөн өргөөний зураг төслийн ажлыг гаргахын тулд маш их судалгаа хийж, Канадын туршлагаас санаа авсан. Мөн олон улсын стандартад нийцсэн усан бассейн зураг төслийг гүйцэтгэж, тус цогцолбор хорооллын "Indoor Shopping mall" концепт дээр ажиллаж байна. Дээрх ажлаас гадна хэд хэдэн төслийн концепц боловсруулах ажил бий.

Бид цаашид зөвхөн Монголд бус олон улсын хэмжээнд ажиллахаар зэхэж буй учраас маш сайн баг бүрдүүлэхээр хичээж байна. Манай баг өмнө нь Канад, АНУ, Өмнөд Солонгос, Хятад зэрэг улсын мэргэжлийн багуудтай хамтран ажилласан багагүй туршлагатай учраас олон улсаас захиалга авах нь бидний хувьд холын, боломжгүй зүйл биш болсон гэж итгэж байгаа.

Харин хувь хүнийхээ хувьд барилгын материалыг угсрах технологийг нарийн сонирхон судлахыг хүсдэг. Тухайлбал, 3D принтерээр байшин барих байж болно. Зөвхөн хүний гар ажиллагаагаар барилга барих ёстой юу, өөр ямар шийдэл байж болох вэ гэх асуултын мөрөөр барилгын үйл явцыг технологижуулах боломж, ирээдүйг судалж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Маш сайн судлах гэж хэлнэ. Архитектурын тухай янз бүрийн онлайн сурвалж, вебсайтуудаас сонирхолтой нийтлэл, судалгааны ажлууд болон алдартай архитекторын ярилцлагуудыг түүж уншдаг. Мөн хариуцан ажиллаж буй төсөл бүрээс суралцаж, туршлага хуримтлуулж байна. Багийн ажиллагааг дээшлүүлэх, бусдад хийж буй ажлаа ойлгуулах, шаардлагатай мэдээллээ сайн солилцохын тулд soft skills буюу бусад харилцах чадвараа сайжруулахаар ажиллаж байна.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Хөгжмийн хувьд Lamb of God, Meshuggah хамтлагийн дууг сонсож үзэхийг санал болгоё. Металл хөгжим бол өндөр түвшинд хөгжсөн урлагийн төрөл учраас сонирхолтой санагдах болов уу.

Ном гэвэл хувь хүний намтар, түүх, нийгмийн тухай ном түлхүү сонирхож, зэрэг эхлүүлж уншдаг. Одоогоор Юваль Ноа Хараригийн Sapiens: A Brief History of Humankind, Тревор Ноагийн Born a Crime, Карл Циммэрийн "Вирусийн ертөнц" ном уншиж байна. Уншигчдад Айн Рэндийн “Эх сурвалж” ном болон дээрх номуудыг санал болгоё.

Мөн гурван гадаад найруулагчийн хамтран бичиж, Японд зураг авалтаа хийсэн Tokyo! кино их сонирхолтой. Их хотод өрнөж буй гурван өөр үйл явдлын бараан талыг хэтрүүлэгтэйгээр харуулсан фантази кино гэж хэлж болно. Би бас Чарли Чаплины кинонуудыг үзэх дуртай. Түүний кинонууд хэзээ ч хоцрогдохгүй гэж боддог юм.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Ажлын шаардлагаар хүмүүстэй байнга уулзаж, ярилцах хэрэг гардаг даа. Их сургуулийн багш минь шинэ санаануудаа дор дор нь тэмдэглэж, хадгалж яваарай гэж хэлж байсан юм. Тухайн бүрд нь шинэ санаа гаргах гэж хичээхээс илүүтэй өмнө нь бодож олсон шинэ санаануудаа марталгүй эргэж харах нь чухал гэж хэлсэн багшийнхаа зөвлөгөөг мартдаггүй.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хүмүүс математик, шинжлэх ухаан, бизнес зэргийг илүү сонирхож, ирээдүйд олон зүйлд хэрэгтэй хэмээн чухалчлах болсон. Үүнийг буруу гэж хэлэхгүй ч бид урлагийн боловсролыг хэт орхигдуулаад буй мэт санагддаг юм. Тиймээс хүмүүсийг аль болох гоо зүй, урлагийн тухай мэдлэг, ойлголттой болоосой гэж хүсэж байна. Хийж буй ажилдаа урлаг, гоо зүйн мэдрэмжийг шингээгээсэй. Бид урлагийн боловсролоос хоцорч болохгүй.