Урин дулаан цаг айлчилж, сар шинийн баяр хаяанд иржээ. Энэ үеэр ихэнх хүмүүс үндэсний дээл хувцсаараа гоёж, өргөн дэлгэр баярладаг ч энэ жилийн хувьд байдал өөр байгаа билээ. Нэг нь нийтийнхээ төлөө монголчууд уламжлалт том баяраа цомхон тэмдэглэхээр зэхэж байна.

Ийм үед, одоогийн нөхцөл байдалтай уялдуулан сар шинийн өдрүүдэд, цаашлаад хаврын урин дулаан цагаар хэрхэн хувцаславал зохих талаар Монголын шилдэг дизайнерууд юу гэж зөвлөснийг өнөөдөр хүргэе.

"FUTURISTIC TYPE" брендийн үүсгэн байгуулагч, дизайнер И.МӨНХТУЯА

Сар шинийн баяраар хүмүүс ихэвчлэн үндэсний хувцас, дээл өмсдөг ч миний хувьд заавал тэгэх ёстой гэж боддоггүй. Ер нь тэр үеэр гэрээс нэг их гардаггүй болохоор жирийн өдрүүд шиг л хувцасладаг. Надтай ижилхэн бодолтой хүмүүсийн хувьд үндэсний хэв шинж агуулсан мөртлөө орчин үеийн стрийт хэв маягаар хувцаславал илүү сонирхолтой, “күүл” харагдах байх гэж бодож байна.

Өнгөрсөн намар манай бренд Германы Енна хот дахь Макс-Планк хүрээлэнгээс санаачилсан “Цагаан идээний соёл” төслийн багийнхан болон нийгэм, соёлын антропологич Э.Золжаргалтай хамтран шинжлэх ухааныг хувцас загвартай хослуулан “Сүүний бактерийн хөрөг” коллекцоо гаргасан. Энэ нь ааруул ээзгийний микроскоп зургуудыг харуулснаараа онцлог. Өөрөөр хэлбэл, хувцасны материал дээрх хээ нь хэт өндөр нарийвчлалтай микроскопоор авсан, нүдэнд үл үзэгдэх ааруул, ээзгийн доторх бичил ертөнцийг харуулсан зургууд байгаа юм. Үүгээрээ дамжуулан бид цагаан идээний доторх бактерийн талаарх шинжлэх ухаанч, сонирхолтой мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа хэрэг л дээ. Тэгэхээр миний хувьд үндэсний хэв шинжтэй хувцасны харагдах байдал төдийгүй агуулга нь чухал санагддаг.

Үүнээс гадна би хүмүүсийг баяр болгонд зориулж шинэ хувцас битгий худалдаж аваасай гэж хүсдэг. Угаас авлаа гэж бодоход байнга өмсөж хэрэглэж чадахгүй, хаягдал болоод л үлддэг шүү дээ. Тиймээс энэ жилийн хувьд сар шинийн баярыг тэмдэглэхгүй байгаатай холбогдуулан нэг удаа ч болов шинэ хувцас авахаас татгалзаж, эх дэлхийгээ хайрлаарай гэж хүсэх байна.

"FUTURISTIC TYPE" бренд

"IDA STUDIO" брендийн үүсгэн байгуулагч, дизайнер Б.Батжаргал

Сар шинийн баяраар хүмүүс урин дулаан цаг ирлээ, шинэ жил ирлээ хэмээн шинэ дээл хувцсаа өмсдөг. Зарим хүмүүс бүр яг л хаад, хатад шиг хэт хээнцэр чамин дээл, малгай, гутлаар гангардаг. Орчин цагт хүн бүр хүссэнээ өмсөж, эдэлж болдог болсны шинж л дээ. Миний хувьд хүмүүст өөрт таалагдсан, биед эвтэйхэн, энгийн даруу мөртлөө бага зэрэг үндэсний хэв маяг үнэртсэн, классик хувцаслалтыг санал болгомоор байна.

Анзаараад байхад хүмүүс баяр болгоноор заавал шинэ хувцас өмсөх нэрийдлээр нэг удаа өмсөөд л багадах, эсвэл уйдаж шүүгээндээ хадгалах хувцас худалдаад авчихдаг. Ингэж өндөр зарлага гаргахын оронд ээж аав, эмээ өвөөгийнхөө авдрыг нэг уудлаад үзээсэй гэж хүсэх байна. Тэндээс ховор нандин эмжээр товчтой, тансаг торгон, эсвэл маш энгийн хуучны дээлүүд гарч ирдэг шүү. Би л гэхэд өвөөгийнхөө хөх эмжээртэй, бор даавуун дээлийг одоо болтол хадгалж, цагаан сар, наадмаар гарган өмсдөг. Тэрлэг бол үнэхээр сонгодог хувцас. Биед ямар эвтэйхэн гээч.
Энэ жил нийтээр цагаан сарыг тэмдэглэхгүй учраас миний хувьд гэр бүлийнхэнтэйгээ хамт цомхон баярлана гэж бодож байгаа. Бууз жигнэх, бэлэг бэлдэх гэж санаа зоволгүйгээр хэд хоног шагай тоглож, сайхан өнгөрөөнө өө.

"IDA STUDIO" бренд

үндэсний түүхэн хувцас судлаач, "kadr" брендийн үүсгэн байгуулагч Б.Энхбаатар

Цагаан сар бол үндэсний уламжлалаа, өвөг дээдсээ хүндэтгэн тэмдэглэдэг баяр. Энэ үеэр бид ахмадуудынхаа мэндийг мэдэж, золгож ёсолдог шүү дээ. Тийм ч учраас би сар шинийн баярт өндөр ач холбогдол өгдөг юм. Харин энэ жилийн хувьд одоо үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж гэр бүлийн хүрээнд өнгөрөөхөөр төлөвлөсөн. Гэхдээ тэглээ гээд гэрийнхээ хувцастай ч юм уу, энгийн байна гэсэн үг биш. Дизайнер хүний хувьд урьдын адил зориулж бэлтгэсэн шинэ хувцсаа өмсөж, аль болох дэгжин харагдахыг хичээнэ дээ.

Монголчуудын дунд шинийн нэгний өглөө ямар байгаагаар нь тухайн хүний тэр жилийн өнгийг шинждэг ёс ч бий. Тэгэхээр энэ жил сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхгүй ч гэсэн хайртай дотнын хүмүүстэйгээ хамт байж, хүндэтгэлийн зоог барих үедээ аль болох сайхан хувцаслахыг эрхэмлээрэй. Энэ бол хувцаслалтын том соёл юм шүү.

"KADR" бренд

"URANGOOIDER" брендийн үүсгэн байгуулагч, дизайнер и.урангоо

Монгол улсын иргэн хүний хувьд би төр засгаас гаргасан шийдвэрийг дагаж, бусдын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан, хариуцлагатай байх үүднээс энэ жил цагаан сарын баярыг тэмдэглэхгүй.
Уламжлал гэдэг бидний амьдралын мөн чанар. Орчин үеийнхээр хэлэх юм бол бидний Lifestyle. Нөгөөтээгүүр, энэ нь өвөг дээдсийн маань хэрхэн амьдарч ирснийг гэрчлэх түүх учраас цагаан сар, наадам зэрэг баяруудыг тэмдэглэх нь залуу үе бидэнд ёс заншлаа ойлгох, түүнээсээ хэт төөрчихгүй, чигтэй явахыг сануулдаг. Тийм ч учраас цагаан сараар өмсөх хувцсыг жинхэнэ түүхээ хадгалсан монгол хувцас байгаасай гэж хүсдэг. Хараад л бидний уламжлалт дээл “энэ юм байна” гээд шууд ойлгохоор.

Бид үндэсний хувцсаа өдөр тутам өмсөөд байж чаддаггүй юм чинь цөөхөн хэдхэн уламжлалт баяраараа чанартай сайн хийлгээд өмсөх нь зүйтэй. Зарим хүмүүс монгол дээлийг орчин үеийн хэв маягтай болгож байгаа нэрийдлээр юу нь ч мэдэгдэхгүй болгочихсон байдагт би жаахан эмзэглэдэг. Мэдээж хэрэг, дээл хувцсаа хийж сурах гэж байгаа нь сайшаалтай ч хэт өөрчилснөөс болоод эргээд үндэсний хувцасны мөн чанарыг алдагдуулчих гээд байдаг. Үүний оронд яг байгаагаар нь хадгалж, өв болгон үлдээх нь илүү дээр болов уу. Тэгэхээр ирэх олон олон сар шинийн баяртаа энэ бүхнийг анхаараасай гэж хүсэх байна.

"URANGOOIDER" бренд

стилист Б.Золжаргал

Цагаан сар гэхээр надад хамгийн ганган, шинэ хувцсаа өмсөөд айл хэсэж бэлэг цуглуулан, маш их баярладаг байсан багын дурсамжууд санаанд буудаг. Харин одоо насанд хүрч, айл хэссэн 20 гаруй жилийн туршлагатай болсон надад сар шинийн баярыг тэмдэглэхгүй байсан ч урь орж буйг бэлгэшээн хаврын шинэ дүр төрхийг бүрдүүлэх цаг ирээд байна. Өөрөөр хэлбэл, бид гадаа дулаарахтай зэрэгцэн хэдэн сар өмссөн зузаан хувцаснуудаа нимгэлж, шинэ, тод өнгийн хувцсаар сэтгэл санаагаа сэргээн хаврыг угтах хэрэгтэй шүү дээ. Тиймээс хүмүүст шинэ улирлыг бэлэглэхэд туслан, энэ хаврын халуухан өнгөнүүдээс сар шинийн даруухан дүр төрхөө хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөгөө хүргэе.

Сүүлийн жилүүдэд шинэ улирлын хувцасны чиг хандлагыг загварын шоу бус, тэнд ирсэн үзэгчдийн хувцаслалт тодорхойлчихдог болсон. Тиймээс Нью Йорк, Лондонгийн загварын долоо хоногт ирсэн “тогоснуудын” өнгө, загварын сонголт ямархуу байсныг хараад аваарай.

1. Жаргаж буй нар
Энэ жилийн өнгөний трендийг тэргүүлж буй улбар шаргал өнгө нь монокроматик болон өөр ямар ч өнгөтэй төгс зохицож, сонгодог дүр төрхийг бүрдүүлж чадна. Тиймээс хэдэн улирлын туршид тренд болж байгаа савхин материалтай хувцас, хүрэм, юбка зэргээ энэ өнгөөр сонгоорой.

2. Сонгодог цэнхэр
Мэдээж сар шинийн баярыг шууд бодогдуулдаг өнгө бол цэнхэр. Яг үүнтэй давхцан аз таарч гүн тэнгисийн цэнхэр (Pantone-оос сонгодог цэнхэр хэмээн нэрлэсэн) өнгө энэ жилийн тренд болж байна.

3. Хүчирхэг улаан
Сар шинийн баяр гэхээр тэр бүр санаанд буугаад байдаггүй цөөн хэдэн өнгөний нэг нь улаан. Дээл юм уу үндэсний хэв маяг оруулсан хувцас өмсөхгүйгээр, хэт их хичээсэн байдалтай харагдахгүй байхыг хүсэж байвал ийм өнгөнөөс сонгоорой.

4. Яг л сарнай шиг
Сарнай цэцгэнд дургүй бүсгүй гэж үгүй. Тиймээс энэ сар шинийн өдрүүдэд цэцэг мэт дэлгэрч, дуртай цэцгээрээ гангарахыг хүсвэл энхрий бүсгүй та энэ өнгийг сонгоорой.

5. Үргэлж тансаг
Хэрвээ та анзаарсан бол энэ жилийн трендээр завсрын цайвар, гэгээлэг өнгүүд давамгайлж байгаа. Тэдгээрийн нэг нь бидний нэрлэж заншсанаар биеийн өнгө юм. Ямар ч арьсны өнгө дээр төгс зохицож, тансаг дүр төрхийг гаргахад энэ өнгө туслах болно.

2020 оны тренд өнгөнүүд