Дэлхийг хамарсан цар тахлын аюул олон салбарт нөлөөгөө үзүүлж байгаагийн нэг нь спорт. Хамгийн их үзэгчтэй уралдаан тэмцээн зогсон хойшилж, тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна. Спорт клубүүдийн орлого зогсож, шууд дамжуулалтын гэрээнүүд дахин яригдаж, ивээн тэтгэлэг-сурталчилгааны зардал хумигдан спорт бизнесийн салбар тэр чигтээ нуман тулгуурт шахагдав. Үүнтэй зэрэгцэн хүн төрөлхтний хамгийн том баяр цэнгэл наадам Олимпийн наадмын ирээдүй хааш чиглэх нь олон хүний анхаарлыг татсаар байгаа билээ.

1896 оноос эхтэй Олимпийн наадам 1916, 1940, 1944 онуудад зөвхөн дайны улмаас л цуцлагдаж байлаа. Хүйтэн дайны айдас 1980, 1984 онд зогсоож чадаагүй, SARS, Зика вирусын аюул 2004, 2016 онд садаа болоогүй.

Одоогоор Олон Улсын Олимпийн Хороо болон Токиогийн Олимпийг Зохион Байгуулах Хороо аль аль нь тэмцээн хойшлохгүй, цагтаа эхэлнэ хэмээн мэдэгдсээр байгаа ч бодит нөхцөл байдлыг олон талаас нь дүгнэхээс өөр аргагүй болжээ. Бид Токио 2020-ийг хүлээж буй хамгийн магадлал өндөр дөрвөн хувилбарыг танилцуулж байна.

ХУВИЛБАР 1: ОНЫ ЭЦЭС ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛАХ

7 жилийн өмнө Токио хот Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авахдаа ОУОХ-той байгуулсан гэрээ энэ хувилбарыг дэмжих шалтгаан болж буй. Учир нь ОУОХ болон Токиогийн Олимпийг Зохион Байгуулах Хорооны хооронд байгуулсан гэрээ 2020 оноор дуусгавар болж байгаа юм. Тийм учир Токиод энэ жилдээ багтаан зохион байгуулах "хатуухан" даалгавар тулгараад буй.

Үүнээс гадна Олимпийн наадмын эрх олгох тэмцээнүүд коронавирусын тархалтаас болж явагдаж чадахгүй хойшлогдсоор байгааг мартаж болохгүй. Хамгийн сүүлд боксийн Европын эрх олгох тэмцээн Лондонд явагдах байсан ч дууссангүй. Монголчуудын гол найдвар тавьж буй 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн эрх олгох тэмцээн Энэтхэгт товлогдсон ч цуцлагдаж, дараагийн тов тодорхой болоогүй л байна. Тиймээс спорт холбоодод хамгийн шилдэг тамирчдаа тодруулах хугацаа зайлшгүй хэрэгтэй.

Японы ард иргэдээс авсан санал асуулгын дүнг харвал 70 хувь нь товлосон хугацаандаа нээлтээ хийнэ гэдэгт итгэлгүй байгаа нь харагдана. Коронавирусын тархалт Япон улсад удааширч, эрүүл мэндийн тогтолцоо нь вирусыг дийлж байгаа мэт харагдавч ийм том хэмжээний наадмыг явуулахад энэ нь хангалттай бус. Токиод дэлхийн 200 гаруй орны 11 мянган тамирчин ирэх ёстой. Үүн дээр үзэгчид, албаныхан зэргийг нэмбэл дэлхий даяар цар тахлыг дарсан цагт хэвийн наадам явагдах ёстой нь ойлгомжтой.

Гэхдээ үүнээс илүү том асуудал нь телевизийн шууд дамжуулалт. ОУОХ-ны хамгийн том санхүүжилт шууд дамжуулалтаас орж ирдэг. Үүн дотроос хамгийн том гэрээ нь Хойд Америкийн зах зээл дэх NBC-тэй хийсэн гэрээ юм. 1964 оноос эхтэй уг түншлэл 2014 онд шинэчлэгдсэн бөгөөд 2032 он хүртэлх шинэ гэрээний үнийн дүн 7.7 тэрбум доллараар хэмжигдэж байв. Оны сүүлээр NBC-ийн зах зээл дээр илүү эрэлттэй байж болох NBA, NHL зэрэг мэргэжлийн спортын лигүүд ид явагдаж байх тул блок хийх магадлалтай. Өөр уралдаан тэмцээнүүдтэй зэрэгцүүлж үзэгчээ хуваах, спонсороо үргээх сонирхол NBC гэлтгүй бусад медиа компаниудад ч байхгүй. Ядаж байхад NBC Олимпийн үеэрх сурталчилгаануудаа аль хэдийн 1.2 тэрбумаар доллараар зарчихсан гэнэ.

Спорт эзгүйрэх цагаар

ХУВИЛБАР 2: 1 эсвэл 2 ЖИЛЭЭР ХОЙШЛУУЛАХ

Европын Хөлбөмбөгийн Холбоо өчигдөр 12 улс дамжин явагдахаар төлөвлөгдөж байсан "Евро 2020" тэмцээнээ нэг жилээр хойшлуулж байгаагаа зарлалаа. Тэд энэ зун Европын бусад топ лигүүдэд улирлаа "шахаж" дуусгах боломж олгож байгаа нь энэ. Бас л тэрбумаар хэмжигдэх том хэмжээний шууд дамжуулалтын гэрээнүүд яригдаж байгаа учир Англи, Испани, Германы лигүүд энэ зуныг ашиглахыг хүссэн нь тодорхой. Копа Америка ч тэднийг дагав.

Үүнтэй ижил боломж Токио 2020-д байгаа юу? Бараг байхгүй. Хэдий ирэх жил топ хэмжээний наадмууд байхгүй, тамирчид "сул" байх боломжтой ч ложистикийн хувьд ихээхэн төвөгтэй нөхцөл байдал Токиод үүсэх магадлалтай. Наадмын үеэр тамирчдын тосгон болон ашиглагдах барилгын борлуулалт аль хэдийн хийгдсэн буюу дараагийн эзэд нь тодорхой болсон талаар мэдээлэл гарсан. Паралимпийн наадам дууссаны дараа асар их эрэлт дундаас худалдан авалт хийсэн шинэ эзэд нь байрандаа орох гээд хүлээж байгаа гэсэн үг. Аливааг жилээр төлөвлөдөг япончуудын хувьд ахин нэг жил хүлээнэ гэдэг санаанд багтамгүй хүсэлт байж болох талтай.

Тэрнээс гадна тамирчдыг ч мартаж болохгүй. Тамирчдын хувьд олимпийн циклд тааруулан бэлтгэл сургуулилалтаа маш нарийн төлөвлөж, хамгийн оргил үеэ өндөр жилд таардаг наадмын үед тохируулахыг эрмэлздэг. Спорт шинжлэх ухаан болтлоо хөгжөөд буй энэ үед оргил үеэсээ "1 жилийг алдах эрх" тийм ч олон тамирчинд байхгүй.

2 жилээр хойшлуулах магадлал бол тэгтэй тэнцүү гэж хэлж болно. Учир нь тивийн спортын наадмууд энэ үеэр явагдах тул бусад наадмуудыг хөдөлгөх нь бүр ч төвөгтэй нөхцөлийг үүсгэх юм. Сонирхуулахад, 2022 оны Азийн наадмыг хүлээн авах Ханжоу хот коронавирусын хөл хорионы дараагаар барилгын ажлаа үргэлжлүүлэн хийж эхэлснээ зарласан гэнэ шүү.

ХУВИЛБАР 3: БҮРМӨСӨН ЦУЦЛАХ

Энэ бол маш олон талаараа байж болох хамгийн муу хувилбар. 2011 оны Тохокугийн газар хөдлөлт, цунамигийн гамшгийн дараа ард түмнийг сэргээх, шинэ үеийнхэнд итгэл бэлэглэх зорилго Засгийн Газрын гол хараа. Яг л дайнд ялагдсан дурсамжийг мартагнуулж, сэргээж чадсан гэх 1964 оны Олимп шиг. 2 тэрбум долларын орлого олж, аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалт ч эдийн засагт эергээр нөлөөлнө гэж тэд тооцсон. Гэвч нөхцөл байдал тэдний эсрэг тал руу улам бүр хэлбийсээр байна.

Токио анх тооцсноосоо 10 дахин их буюу 12.6 тэрбум долларыг олимпийн наадмын бүтээн байгуулалтад зарцуулаад буй. Хэрвээ коронавирусын цар тахлын аюул дарагдахгүй удвал тэдэнд цуцлахаас өөр сонголт үлдэхгүй байж магадгүйг шинжээчид сануулсаар байна.

Ингэж хэлэх хэд хэдэн шалтгаан бий. Нэгт, оролцох тамирчид тодорхойгүй. Одоогоор нийт тамирчдын 57 хувь нь л эрхээ авсан. Бусдыг нь ОУОХ чансааны оноо, түүхэн амжилтаар шууд оноож олгож болох юм гэж мэдэгдсэн ч энэ нь олон хүмүүсийг хохироож, бас гомдооно. Хоёрт, ирэх үзэгчид тодорхойгүй. Тасалбар борлуулалт өндөр байгаа ч ийм айдас хүйдэстэй үеийн дараа олон нийтийн газрыг зорих, ялангуяа гадаадаас зорьж ирэх магадлал их бага. Гуравт, бүтээн байгуулалтын ажил хөл хорионы улмаас удааширсан. Дөрөвт, уралдаан тэмцээн явагдах заал, цэнгэлдэхүүд туршигдаж амжаагүй. Наадмын өмнө товлогдсон 15 тест эвент цуцлагдаад байгаа. Эдгээр тест эвентүүдийг спорт холбоод хамтран зохион байгуулж, учирч болзошгүй эрсдэл, алдаа дутагдлыг тодруулж, ложистикийн хувьд төгсөд ойртсон хэлбэрийг сонгодог уламжлалтай. Энэ удаад бэлтгэл бүрэн хангагдаж амжихгүй байж мэдэх нь.

ХУВИЛБАР 4: ХУВААРИЙН ДАГУУ ЯВУУЛАХ

Энэ бол ОУОХ-ны өчигдөр болон өнөөдөр спорт холбоод болон үндэсний олимпийн хороодтой хийж буй видео хурлын гол мессеж. Долоо хоногийн өмнө "цуцлах, хойшлуулах гэсэн үг яригдаагүй" хэмээн итгэл төгс хэлж байсан ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах энэ удаад харьцангуй болгоомжтой болсон нь мэдэгдлээс анзаарагдана. Дахиад 4 сарын хугацаа байгаа учир эрс шийдвэр гаргах шаардлагагүй гэж тэд мэдэгджээ.

Японы ерөнхий сайд Абе Шинзо ч адил санааг илэрхийлсээр байгаа. G7-ийн орнуудын төрийн тэргүүдтэй хийсэн видео дуудлагын үеэр тэд бүгд Японтой хамт байгаагаа илэрхийлж, цагтаа хийх ёстой шүү хэмээн ятгасан гэх. Гэхдээ Абе ч тэр, Бах ч тэр цаг хожсон үйлдлүүд хийж байгаа мэт харагдаж байгаа нь санамсаргүй биш.

Олимпийн наадмыг маш нарийн хяналтан дор хаалттай хийх хувилбар яг одоо хамгийн боломжтойд тооцогдож байна. Энэ нь бүх уралдаан тэмцээн үзэгчгүй явагдана гэсэн үг. Япончууд бүгд тасалбар олгох сугалаанд идэвхтэй оролцож, сонирхолтой-уйтгартайг нь үл хайхран улсаа дэмжин тасалбараа авсан юм. Энэ шийдвэр баталгаажвал зохион байгуулагчдад 7.8 сая тасалбарын борлуулалтын 850 сая долларын хохирол учирах тооцоо гарчээ. Тасалбар буцаах явц төвөгтэй, гэхдээ боломжгүй биш.

Тамирчдад урамгүй байж магад. Гэхдээ үзэгчид телевизээр дэлгэц, сошиал хуудсуудаар тэднийг дэмжсэн хэвээр л байх болно. Олимпийн уур амьсгал бүрдэхгүй байж магад. Гэхдээ 7 жилийн бэлтгэл, зохион байгуулалт талаар болохгүй гэдэг нь илүү чухал мэт. Зарим тэмцээн уралдаан чанаргүй болж мэднэ. Ялангуяа улирлын тоглолт нь хойшилж, зун ид үргэлжлэх магадлалтай байгаа NBA-ийн одод Олимпийг зорих эсэх нь эргэлзээтэй болно гэсэн үг.

Олимп цуцлагдана гэвэл авлига, хүнд суртал, нүсэр зардлын улмаас нэлээд уначихаад байсан ОУОХ-ны нэр хүндийг арай гэж сэргээж буй Т.Бахын багийн хувьд их л хүнд цохилт болох нь. Тиймээс үзэгчгүй, хаалттай байсан ч хамаагүй цагт нь амжуулж явуулахыг л бүгд эрмэлзэх биз ээ.

Сэтгэл түгшээсэн мэдээ, айдас хүйдэс дүүрэн энэ цаг үед чухам Олимпийн наадмын ялалт, ялагдлын торгон мөчүүд, тодрон гялалзах одод, дурсамж үлдээх мөчүүд хүн төрөлхтөнд итгэл найдвар бэлэглэж, шинэ цагийн ялгуусан эхлэлийг тавих учиртай билээ. Галт бамбар хэдийн ассан, одоо бадамлуулах л үлдлээ...