Өвлийг өнтэй давж, урин цагийг угтаж буйгаа тэмдэглэдэг, Монгол үндэстний уламжлалт сар шинийн баяр айсуй. Ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, түүх соёл, зан заншлын илэрхийлэл болсон цагаан сарын баярыг бид өнөө жил үүсээд буй цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан тэмдэглэх нь зүйн хэрэг билээ. Энэ үед Юнител зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд ахмад настан, ахан дүүсийн амар мэндийг алсаас мэндчилэхийг уриалсан шинэлэг санаачилгуудыг гаргаж байна. Өнөөдрийн нийтлэлдээ бид залуучуудыг урьж, цагаан сарын талаарх санаа бодол, энэ жил хэрхэн тэмдэглэх гэж буйг нь асууснаа уламжилж байна.

Д. Индра 

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сангийн захирал Д.Индра

Сар шинийн баярыг хүүхэд байхаасаа л гэр бүлийн хүрээнд тэмдэглэж ирсэн. Бэлгэдлийн баяр гэдэг утгаар дагах учиртай зан үйлүүдийг зөв хийхийг хичээдэг. Энэ бол нүүдлийн соёлтой ард түмний хувьд өвлийн хахир хүйтнийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгож, нэг нас нэмж буйг илэрхийлдэг баяр шүү дээ. Мөн ахмадын амар мэндийг асууж, сургаал ерөөлийг нь сонсож тухайн жилийн зам мөрөө тэгшлэх ач холбогдолтой баяр гэж ойлгодог.

Гэхдээ дэлхий даяар халдварт өвчин гарч, улс орон бүр аюулгүй байдалдаа санаа зовж буй энэ цаг үед айлаар зочлохгүй, гэртээ бэлгэдлийн зан үйлээ сахиж, сар шинийн баяраа тэмдэглэнэ гэж бодож байна. Тийм болохоор зайнаас мэндчилэх уриалгыг дэмжиж байгаа. Монголчууд бид аливаа баяр наадмыг хийхдээ хэлбэрээс илүү агуулгад ач холбогдол өгдөг шүү дээ. Тиймээс хөл хорио тогтоосон энэ үед ахмадуудтайгаа утсаар холбогдон амар мэндийг нь асууж, бурхан сахиусандаа идээ будаагаа өргөж, сайхан шинэлнэ ээ.

Э. Мөнх-эрдэнэ 

Mesmerism видео контент бүтээгч Э.Мөнх-Эрдэнэ

Манай гэр бүл сар шинийн баярыг өндөр настанууд, аав ээж дээрээ очин золгож өргөн дэлгэр тэмдэглэдэг юм. Цагаан сар бол удаан уулзаагүй хамаатан садан, ах дүү нартайгаа нэг дор цугларан хөл хөөр болдог сайхан баяруудын нэг. Гэхдээ энэ жил гадуур халдвар өвчин тарах эрсдэл өндөр байгаа учраас эрүүл мэндээ бодож, өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхаар шийдсэн. Өндөр настанууддаа утсаар сар шинийн мэнд дэвшүүлж алсын зайнаас шинэлэх бодолтой байна.

а. энхцацрал 

ATOZ брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер А. Энхцацрал

Би айлын бага болохоор цагаан сараар ихэвчлэн эмээгийндээ "тогоо барьж" тэмдэглэдэг юм. Залуу хүн болоод тэр үү, цагаан сард тийм ч өндөр ач холбогдол өгдөггүй. Гэхдээ удаан уулзаагүй хамаатан садантайгаа уулзах боломж гардаг ганц баяр болохоор дотно санагддаг. Энэ үеэр залуус үндэсний хувцсаараа жигдэрч, өв уламжлалаа хүндэлж байгааг харах сайхан байдаг. Энэ жилийн хувьд зөвхөн гэр бүлийнхэнтэйгээ идээгээ засаж, хоолоо хийн, халуун дотно яриа өрнүүлэн тэмдэглэнэ. Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулахгүйн тулд өргөнөөр тэмдэглэхгүй байхыг хувьдаа их дэмжиж байгаа. Иргэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хариуцлагатай байгаасай гэж хүсэж байна. Удахгүй эмээ дээрээ очин мессенжерээр дүрс бичлэг хэрхэн хийхийг зааж өгнө гэж амласан байгаа.

б. базарсүрэн 

CHUU CHUU Travel club-ийн үүсгэн байгуулагч Б.Базарсүрэн

Манай гэр бүлийнхэн малчин хүмүүс учраас би жил бүр очиж хонио хариулж "гийгүүлдэг" юм. Тиймээс сар шинийн нэгнээс гурван бол миний хишиг өдөр гэж хэлж болно. Энэ үеэр хониныхоо дэргэд номоо уншиж, хажуугаар нь тэмдэглэл хөтөлдөг. Мөн ахмад буурлуудынхаа тохойг өргөж, амар мэндийг нь мэддэг.

Цагаан сар бол монгол үндэстний уламжлалт баяр тул манай гэр бүл багагүй ач холбогдол өгдөг юм. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг дээ. Ураг төрлөөрөө уулзан золгож, хахир өвлийг үдэж, урин хавраа угтаж буй баяр. Энэ жил хувьд өмнөх жилүүдтэй адил гэртээ харин аав, ээждээ золгоод, хониндоо явна. Гадуур ханиад томуу ихтэй байгаа энэ үед цахимаар мэндчилгээ дэвшүүлэн, сар шинийн мэнд хүргэхийг дэмжиж байгаа.

Г. ТЭНҮҮН 

Уран бүтээлч Г. Тэнүүн

Намайг хүүхэд байхад цагаан сарын баярыг гэр бүлийнхэн, хамаатан саднууд маань их өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан. Харин одоо нүсэр тэмдэглэх нь багасаж, гэр бүлийн хүрээнд сар шинийн баяраа угтдаг болсон. Мөр гаргах, идээгээ засах зэрэг уламжлалт зан үйлээ орхигдуулахгүйг хичээдэг. Гэхдээ энэ жил ханиад томуу, вирусийн халдварт өвчин тархаад байгаа учраас тэмдэглэхгүй байхаар шийдсэн. Жил болгон л тэмдэглэх нь ойлгомжтой юм чинь өндөр эрсдэлтэй ийм үед олуулаа цуглаад байх шаардлагагүй гэж бодож байна. Гол нь эрүүл байх шүү дээ. Хүн бүр эрүүл байгаасай, элдэв өвчин зовлон битгий гараасай гэж найдаж байна. Технологи хөгжсөн энэ цаг үед гар утас, компьютероо ашиглан алсын зайнаас сар шинийн мэнд дэвшүүлж, гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ эрсдэлээс хамгаалаарай гэж уриалъя.