Өдрийн мэнд. Хэрвээ та дөнгөж энэ хуудсанд нэвтэрсэн бол энэ бол Unread-ийн коронавирусын дэгдэлттэй холбоотой таны мэдэх ёстой хамгийн чухал мэдээллүүдийг нэгтгэн хүргэх шууд блог. Бид энэхүү блогийг тогтмол шинэчилж, хамгийн сүүлийн үеийн мэдээг цогцоор нь хүргэж байх болно. Та хуудсаа доош гүйлгэж мэдээллүүдээ уншаарай.

3-р сарын 16-19-ны хооронд болсон үйл явдлуудыг тоймлосон шууд блогийг эндээс уншаарай

Unread

Дүрслэлийн тайлбар:
- Зүүн дээд буланд байрлах сонголтоор тив, тивээр ангилан дүрслэлийг үзэж болно.
- Зүүн доод буланд байгаа товчийг ашиглан зогсоож, урагшлуулж болно.
- Доод дүрслэл нь тивүүдийн тархалтын үндсэн зураглалыг илтгэнэ.

- Хамгийн дор байрлах он сар, өдөр дээр даран дурын өдөр лүү үсрэхээс гадна шинээр эхлүүлж, урагшлуулах боломжтой.

Таны мэдэх ёстой гол зүйлс

  • Монгол улсад нийт 10 тохиолдол бүртгэгдээд байна
  • Дэлхий даяар 300 мянган хүн халдвар авлаа. Одоогоор 12,944 хүн нас бараад байна.
  • Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг 4-р сарын 30 хүртэл сунгалаа
  • Италид нэг өдөрт 793 хүн амиа алдсан нь дээд үзүүлэлт болов
  • Хятад улсад гурван өдөр дараалан дотоодын тархалт бүртгэгдсэнгүй шинээр коронавирусын халдвар илрээгүй байна

2020 оны 3-р сарын 22

16:50 Дэлхийн хамгийн их хүн амтай улсуудын нэг Энэтхэг хөл хорионы туршилтыг 14 цагийн хугацаанд хийж байна. Тус улсад одоогоор 320 тохиолдол илрээд байгаа бөгөөд онцгой нөхцөлд ард иргэд болон холбогдох бүтцийг хэрхэн зохицуулах талаар анхаарч байгаа нь энэ юм.

15:30 Ираны шашины тэргүүн Али Хаменей Персийн шинэ жилийг тохиолдуулан ард түмэндээ хийсэн мэдэгдэлдээ "АНУ Иранд туслах гэж оролдсон нь их сэжигтэй, өвчнийг улам дэвэргэх сэдэл байж магадгүй" хэмээн дурджээ. Иранд 20 мянган хүн өвчин тусан 1500 хүн амиа алдаад байгаа юм.

14:45 Латин Америкт халдвар эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Эль Салвадор улс 30 хоногийн хөл хорио тогтоолоо. Энэ үеэр Колумб улс мөн анхны нас баралт бүртгэгдснийг зарлав.

11:30 ХӨСҮТ-өөс Монгол улсад коронавирусын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй хэмээн зарлав.

09:00 Норвеги, Бразил, Словений Олимпийн Хороод Токио 2020 наадмыг хойшлуулах хүсэлтээ ОУОХ-нд илгээжээ.

07:31 Реал Мадрид клубын ерөнхийлөгчөөр 1995-2000 оны хооронд ажиллаж байсан Лоренцо Санц 76 насандаа коронавирусын халдварын улмаас таалал төгслөө. Түүнийг ажиллах хугацаанд Реал Мадрид 1998, 2000 онд Аваргуудын лигт түрүүлж байсан билээ.

07:00 NHL-ийн 2 дахь тоглогчоос халдвар илэрлээ. Өмнөхтэй ижил Оттава Сенаторс клубын хоккейчин коронавирусын халдвар авсан тухай клуб нь баталжээ.

06:44 Уганда улсад анхны тохиолдол илэрлээ. Дубайгаас ирсэн 36 настай иргэн халдвар тээгч болжээ.

06:05 Болив улс 14 хоногийн бүрэн хөл хорио зарлалаа. Энэ хооронд эмийн сан, хүнсний дэлгүүр ажиллах хэдий ч нэг гэр бүлээс нэг л хүн гадуур гарахыг эрх баригчид зөвлөж байна

05:40 Италийн хөлбөмбөгийн амьд домог Паоло Мальдини 18 настай хүүгийн хамтаар халдвар авчээ. Үүнийг АС Милан клуб баталсан байна. Тэрээр АС Миланы техникийн албаны захирлаар ажиллаж байгаа юм.

05:20
Берлин хот 10-аас дээш хүн нэг дор цугларахыг хориглолоо. Ресторан, хоолны газрууд зөвхөн хүргэлт, авч явах хоолоор л үйлчилж байгаа гэнэ.

04:33 Итали улсад нэг өдрийн дотор 793 хүн нас барснаар 3 дахь өдөртөө дараалан рекорд үзүүлэлт тогтоож байна. Тус улсад нийт нас баралтын тоо 4825-д хүрчээ.

03:42 Испанид өдөрт 5000 мянгаар халдвар тархаж байгаа учир иргэдийг гэртээ өөрийгөө сайн дураар тусгаарлахыг Засгийн Газраас шаардаж эхэллээ. Нийт халдварын тоо 25 мянгад хүрсэн бөгөөд нас баралтын хувь 5-тай тэнцүү байгаа нь бусад улсуудтай харьцуулахад өндөрт тооцогдож байгаа юм.

03:13 Нью Йорк мужийн амбан захирагч Э.Куомогийн мэдэгдснээр шинжилгээнд хамрагдсан 5 хүн тутмын нэг нь эерэг хариутай гарч байгаа гэнэ. Одоогоор тус мужид халдвартай иргэдийн тоо 10 мянга давсан бөгөөд 2 долоо хоногийн дараа эмнэлгийн багаж хэрэгслийн нөөц нь шавхагдаж магадгүйг онцолсон байна.

Мадрид одоо хүртэл метрогоо бүрэн хаагаагүй байгаа нь шүүмжлэл дагуулж байна

02:50 Ювентус клубын довтлогч Паоло Дибала халдвар авснаа зарлалаа. Тэрээр тус клубээс илэрсэн гурав дахь эерэг тохиолдол болж байгаа юм.

02:09 Ангол улсад анхны тохиолдол бүртгэгдлээ

00:10 АНУ-ын Усанд сэлэлт болон Хөнгөн Атлетикийн Холбооноос Үндэсний Олимпийн Хороо руугаа Токио 2020 наадмыг хойшлуулах санал гаргахыг шаардсан албан бичиг явуулжээ. Одоогоор ОУОХ-ноос 7-р сарын 24-нд Олимпийн наадам эхэлнэ хэмээн мэдэгдсээр байгаа юм.

2020 оны 3-р сарын 21

23:22 Куба улс хилээ хааж, гадаадын иргэдийг хүлээн авахгүй байхаар шийджээ.

21:00 Netflix коронавирусын улмаас үйл ажиллагаа нь тасалдаж зогссон төслүүдэд ажиллаж байсан киноны мэргэжилтнүүд, ажиллагсдад зориулан 100 сая долларын сан үүсгэж байгаагаа зарлалаа.

20:14 Франц улсын Эрүүл Мэндийн Яамнаас халдвартай холбоотой тоон мэдээллүүдийг нэгтгэн нягталж шинэ мэдээлэл танилцууллаа. Тус улсад өнгөрсөн 24 цагт нас барсан иргэдийн тоо 100 илүүгээр нэмэгдэж 562 болсон байна.

19:30 N95 маскийг үйлдвэрлэгч 3М дэлхий даяарх эрэлт хэрэгцээнд тулгуурлан үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлж байгаагаа зарлалаа. Ингэснээр тэд сард бараг 100 сая ширхэг, жилд 1,1 тэрбум маск үйлдвэрлэж нийлүүлнэ гэжээ.

19:00 Google жил бүр хөгжүүлэгчдэд зориулан зохиож, шинэ нэмэлт-төслүүдээ танилцуулдаг I/O арга хэмжээгээ цуцаллаа.

18:30 Колумб улс 19 хоногийн хугацаанд орон даяар хөл хорио тогтоолоо. Өмнөд Америкт одоогоор тахлын тархац удаашралтай байгаа ч нөхцөл байдал хормын дотор өөрчлөгдөж магадгүйг сануулсаар байгаа юм.

18:00 Үндэсний Статистикийн Хорооноос Монгол улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын судалгааг танилцууллаа.

16:49 Иордан улс даяар хөл хорио зарлагдлаа.

16:22 Starbucks Хойд Америк даяар бүх салбаруудаа хааж, зөвхөн машинтай хэрэглэгчдэд шууд үйлчилдэг цэгүүдээ нээлттэй үлдээнэ гэдгээ мэдэгдлээ.

15:55 Зүүн Тиморт анхны тохиолдол бүртгэгдлээ

15:25 Индонезийн нийслэл Жакарта хот хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хаалаа. Тус улсад өнгөрсөн 24 цагт л гэхэд 81 шинэ тохиолдол нэмэгдэж, 6 хүн амиа алдсан юм.

14:00 Google коронавирусын талаар нэг дор мэдээлэл олгох боловсролын вебсайт хуудас нээснээ зарлалаа. Энд гол мэдээний эх сурвалжууд, зөвлөгөө, онцлох мэдээнүүд багтаж байгаа гэнэ.

ЗОЧЛОХ: https://www.google.com/covid19/

13:25 Тайланд тахал эхэлснээс хойш хамгийн өндөр буюу 89 тохиолдол нэг өдөрт бүртгэгдснийг зарлалаа. Ингэснээр нийт халдварын тохиолдол 411 болсон байна.

13:00 Италичууд тагтан дээрээсээ дуулж байсныг санаж байна уу? Тэгвэл Ливанчууд ч дутахгүй гэдгээ харуулжээ.

11:30 Монгол улсад 4 шинэ тохиолдол бүртгэгдснийг албан ёсоор зарлалаа. Берлинээс ирсэн тусгай үүргийн нислэгийн зорчигчдоос халдвар илэрсэн нь энэ. Ингэснээр Монгол улс нийт 10 халдварын тохиолдолтой болж байгаа нь энэ.

10:55 АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсийн ажлын албанаас халдварын тохиолдол илэрсэн гэнэ. Гэхдээ уг ажилтан Д.Трамп болон М.Пенсийн хэнтэй нь ч ойрын хавьталд байгаагүй гэнэ.

10:29 БНХАУ Филиппин улсад халдвараас сэргийлэх 100 мянган маск, 100 мянган эмнэлгийн маск, 100 мянган хамгаалалтын хэрэгслийг буцалтгүй тусламж болгон олгожээ.

09:40 Их Британи коронавирусын улмаас үйл ажиллагаа нь зогсоод буй бизнесийн байгууллагуудын ажилчдын цалингийн 80 хувь хүртэлх хэмжээг нөхөн олгоно гэдгээ мэдэгдлээ. Уг хөтөлбөрт жижиг, том ямар ч компани хамрагдах боломжтой бөгөөд хамгийн ихдээ сард 2500 фунтыг 3 сарын турш олгох аж.

09:12 Хятад улсад шинээр 41 тохиолдол бүртгэгдсэн ч бүгд гадаад улс орноос зөөвөрлөгдөн ирсэн гэдгийг мэдээллээ. Ингэснээр тус улс 3 дахь өдөртөө дараалан дотоодын тархалтгүй өнжиж байгаа юм.

08:45 Итали улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 627 хүн амиа алдсан нь урд өмнө хаана ч үзэгдээгүй тохиолдол болов. Үүний улмаас Италийн арми тусгаарлагдсан хотуудын харуул хамгаалалтыг чангатгах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд гарчээ.

08:22 АНУ-ын Цагаан Ордны зөвлөх Д.Биркс Итали болон БНХАУ-ын нас баралтын тоон үзүүлэлтээс үзэхэд эрэгтэйчүүдийн нас барах магадлал эмэгтэйчүүдийнхээс 2 дахин илүү байгааг онцолжээ.

07:39 General Motors цар тахлын үеэр амьсгалын аппарат үйлдвэрлэх болсноо зарлалаа.

2020 оны 3-р сарын 20

20:55 Испанийн засгийн газрын мэдээллэж байгаагаар нийт 19,980 хүн халдвар авсан нь тогтоогдож, 1,002 хүн нас бараад байна. Дэлхийд тархалтын хэмжээгээр 3-т жагсаж байна.

20:28 Нью Йорк мужийн амбан захирагч Эндрю Куомо твиттер хуудсаараа дамжуулан Нью Йорк, Коннектикут, Нью Жерси, Пенсильван мужуудад байрлах үсчин, маникюр, гоо сайхны салон, шивээсний газар болон бусад ижил төстэй үйлчилгээ үзүүлдэг газрууд 3-р сарын 20-ны 8.00 гэхэд хаагдаж байгааг зарлалаа.

19:55 Covid-19 халдварын улмаас дэлхий даяар нас барсан хүний тоо 10,000-т хүрсэн ба нас барсан хүмүүсийн 3 хүн тутмын 2 нь Хятад болон Итали улсын иргэд байна.

19:10 Герман улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 2,958 шинэ тохиолдол нэмэгджээ.

18:35 Халдварт өвчиний тархалт эрчимжиж байгаатай холбоотойгоор BTS, Madonna, Billie Eilish, Khalid зэрэг маш олон уран бүтээлчид тоглолт, үзүүлбэрүүдээ цуцлаад байна. Зарим Neil Young, Coldplay хамтлагийн дуучин Chris Martin, Keith Urban зэрэг уран бүтээлчид үзэгч, сонсогчидынхоо хүсэлтийн дагуу сошиал ертөнцөөр дамжуулан багахан хэмжээний тоглолтуудыг хийгээд эхэлжээ.

Coldplay хамтлагийн дуучин Chris Martin албан ёсны youtube-ын хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ уулзан, хамтлагийн дуунуудаасаа толилуулсан бичлэгийг хүргэж байна.

18:10 Хонконг улсад өнөөдөр 48 коронавирусын шинэ тохиолдол илэрч, нийт өвчлөгчдийн тоо 257 болсон гэж мэдээллэсэн. Энэ нь нэг өдөрт Хонконг улсад гарсан хамгийн их шинэ тохиолдол юм. Үүнээс 36 тохиолдол нь Сингапур, Америк, Канад, Их Британи, Швейцарь зэрэг орнуудаас ирсэн хүмүүс хэмээн Эрүүл мэндийг хамгаалах төвийн доктор Чанг Шук Кван мэдээллэв.

17:21 Пүрэв гарагт Австралийн Princess Cruises аяллын усан онгоцноос буусан 2,647 зорчигчдоос 3 коронавирус халдвар одоогийн байдлаар илэрсэн байна. Өвчилсөн хүмүүс нь зорчигч болон тухайн хөлөг онгоцны ажилчид байсан бөгөөд цаашдаа энэ тоо өсөх хандлагатай байгаа тул бүх зорчигчдыг гэртээ өөрсдийгөө тусгаарлахыг хүссэн байна. Австралийн засгийн газар тухайн хөлөг онгоцонд байсан бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулах ажилдаа оржээ.

17:00 Улсын Онцгой Комиссын 13-р чуулганаар хэд хэдэн шийдвэр гарсаны нэг нь "Эхний хагас жилд БСШУСЯ-наас зохион байгуулагдах бүх соёл урлаг, спортын арга хэмжээнүүд болохгүй" гэсэн байна. Зөвхөн олимпод бэлдэж буй баг тамирчид тусгай орчинд бэлтгэл сургуулилалтыг хийнэ.

16:51 Өнөөдөр болсон УОК-ын хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн зогсоосон хугацаа болон олон улсын нислэгүүдийг түр зогсоосон хугацааг 4-р сарын 30 хүртэл сунгаж, 8-р сарын 15-наас хичээл сургуулийг оруулахаар зохицуулалт хийж буй талаар зарлалаа. Мөн ЭЕШ-ыг сонгуулын дараа буюу 7-р сарын 2-оос 5-ны өдрийн хооронд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

16:35 Youtube Европын холбоо болон Их Британиас гаргасан хүсэлтийн дагуу бичлэг, үзвэрүүдийн чанарыг багасгахаар болжээ. Өнөө өглөө Netflix мөн багасгахаар болоод байгаа билээ. Дэлхий даяар маш олон сая хүмүүс гэрээсээ суралцаж, ажлаа хийж байгаа тул интернэт орчинд саатал үүсгэхгүйн тулд дараах шийдвэрийг гаргасан байна.

16:11 Дэлхийд циркийн тоглолт, үзүүлбэрүүдээрэй алдаршсан томоохон компани болох Cirque du Soleil нь 4,679 ажилчидаа түр хугацаанд ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг цахим хуудсаараа дамжуулан гаргажээ.

15:56 Бээжинд хөл хорио тогтоон гэр, гэртээ байх тушаалыг засгийн газраас нь гаргаад байгаа билээ. Тэгвэл энэ тушаалыг зөрчин гэрээсэй гарч дасгал хийсэн эмэгтэй ажлаасаа халагджээ. Сошиалд тархаад байгаа бичлэгт гарсан эмэгтэй "Би гадаа гүймээр байна. Би дасгал хиймээр байна. Намайг өвдчихвөл хэн асарч, санаа зовох юм бэ?" гэж уцаарлангуй хэлж буй нь бичигдсэн байна. Энэ үед эмэгтэй маск зүүгээгүй, дөнгөж дасгал хийгээд гэртээ ирж байжээ.

15:25 Америкийн нэгдсэн улсын хамгийн их хүн амтай Калифорни муж хөл хорио тогтоохоор болжээ. Энэ нь вирус тархсанаас хойш авч буй хамгийн том арга хэмжээ ба 40 гаруй сая хүнийг хорионд оруулж байгаа юм байна. Калифорни мужид халдвараас болж 19 хүн нас барж, 900 хүн халдвар авсан болох нь тогтоогдоод байна. Мөн дараагийн 2 сарын хугацаанд Калифорни мужийн нийт хүн амын 56 хувь нь коронавирусын халдвар авах эрсдэлтэй байгааг дурджээ.

15:01 ХӨСҮТ-д эмчлүүлж буй Францын иргэн талархсан сэтгэлээ илэрхийлж эмнэлэгийн ажилтан болон Монголын ард түмэнд захиа бичсэн байна. Үүнд өөрт нь захидал бичсэн Оюунцэцэг, эмчилж буй эмч сувилагч болон бусад захидал бичсэн хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлжээ.

14:32 "Hawaii Five-0" болон "Lost" зэрэг кинонуудаар алдаршсан ази гаралтай жүжигчин Даниэл Дэе Ким өөрийн инстаграам хуудсаар дамжуулан коронавирусын халдвар авсанаа мэдэгджээ. Тэрээр мөн "Тийм ээ. Би Ази гаралтай. Коронавирустэй нь үнэн. Гэхдээ би энэ халдварыг Хятадаас бус Нью-Иорк хотоос авсан." хэмээн арьс өнгөний ялгаварлын эсрэг үгээ хэлээд амжсан байна.

14:00 Өмнөд Солонгос улс энэ бүтэнсайн өдрөөс эхлэн Европын орнуудаас ирж байгаа хүн бүрийг шинжилгээнд хамруулахаар болсноо Солонгосын эрүүл мэндийн яам өнөөдөр мэдэгдлээ.

13:47 Итали, Иран, Солонгос гэх улсуудад сүүлийн 10 гаруй хоногт хэрхэн коронавирусын тархалт хурдацтай нэмэгдэж буйг доорх бичлэгнээс харж болох юм. Хэдий азид тархалтын тоо хэмжээ буурсаар байгаа хэдий ч, 2 дах давалгаа орж ирэх магадлал тун өндөр байгаа тул анхаарал боломжоо алдаж болохгүй.

13:07 Олимпийн бамбар Японд газардлаа. Японы Үндэсний Олимпийн Хорооны албан ёсны төлөөлөгч 2020 оны зуны Олимпыг хойшлуулах сонирхолтой байгаа талаараа дурдсан ба энэ халдварт өвчиний тархалтын үед тамирчид хангалттай сайн бэлтгэлээ хангаж чадахгүйгээс гадна, тамирчдыг эрсдэлд оруулж буй хэрэг юм хэмээн хэлжээ.

Жүдо бөхийн Олимпийн аварга Т.Номура, чөлөөт бөхийн олимпийн аварга С.Ёшида нар Японд Олимпын бамбарыг асааж буй нь

12:22 Японы Toyota, Honda болон Nissan зэрэг авто машин үйлдвэрлэгч компаниуд Америкийн нэгдсэн улсад байх салбаруудынхаа үйл ажиллагааг коронавирусын халдвар намжитал түр зогсоох шийдвэрийг гаргажээ.

12:14 Хятад улсад 2 дахь өдрөө ямар ч шинэ коронавирусын тохиолдол илрээгүй байна.

12:07 Австралийн банкууд энэ хүнд хэцүү үед жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжихийн тулд 6 сараар зээлийн хугацааг хойшлуулжээ.

11:34 Оксфордын профессор Сара Гилберт гэгчээр удирдуулсан баг коронавирусын эсрэг вакциныг дараа сар гэхэд гаргаж авахаар ажиллаж буйгаа мэдээллээ.Учир нь 6 болон 7 дугаар саруудад өвчний тархалт дээд цэгтээ хүрэх магадлалтай байгаа гэж үзсэн тул вакциныг гаргаж авах ажиллагааг яаравчилж байгаа юм байна.Мөн үүнтэй адил Англид туршиж буй вакцин нь дараа долоо хоногоос эхлэн амьтан дээр туршигдахаар болжээ.

11:30 Израйлийн засгийн газар 10-аас дээш хүн цугларахыг хориглосон байгаа билээ. Энэ үед нэгэн гэрлэлт зохион байгуулагч залуу гэр бүлүүдэд зориулан багахан хэмжээний хуримын ёслол зохион өгч, түүнийгээ онлайнаар шууд дамжуулан үзүүлжээ. Энэ нь хүмүүсийн таашаалыг их хүртээд байна.

11:10 Эрүүл мэндийн яамны ээлжит коронавирусын халдварын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал болж өндөрлөлөө. Коронавирус нь эхний 3 сарын хугацаанд нийт 100,000 гаруй тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн 12 хоногт 100,000 тохиолдол бүртгэгдээд байна гэж мэдээллээ. Мөн Хятад болон Хонконгуудад сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлуудын дийлэнх хувь нь Европын орнуудаас ирсэн иргэд болохыг тогтоожээ. Ингэснээр Азид коронавирусын 2 дах давалгаа үүсэх магадлалтай юмаа гэж дэлхийн Эрүүл мэндийн байгууллагууд үзэж байгааг мөн хэвлэлийн бага хурал дээр дурдлаа. Монголд өнөөдрийн байдлаар шинээр коронавирус илрээгүй байна.

08:50 Итали улсад коронавирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо Хятадыг гүйцэв.

08:20 NBA-ийн багууд тоглогчид болон албаны хүмүүсээс халдвар илэрч буйг зарласаар байна. Одоогоор 6 багаас 13 халдвар илэрснийг баталжээ. Хамгийн сүүлд Бостон Селтикс клубын хамгаалагч Маркус Смарт өөрийгөө ил болгосон юм.

07:40 АНУ-д шинжилгээний цэгүүд нэмэгдсэнтэй холбоотой халдварын тоо эрс өсөн 13 мянгыг давлаа. АНУ-ын засаг захиргаа 18 сар хүртэлх хугацаанд цар тахлын аюулд бэлтгэлтэй байх сануулгыг өгсөөр байна.

07:10 Хятад улс анх удаа дотоодын халдваргүй өдөр өнгөрснийг зарлалаа. Өнгөрсөн 24 цагт нийт 34 шинэ тохиолдол илэрсэн ч бүгд гадаадаас тээвэрлэгдэн ирсэн байсан гэнэ.

06:25
Европын Холбоо стриминг үйлчилгээ үзүүлэгч Netflix, Youtube-ээс контентийн чанарыг стандарт түвшинд хадгалж, хэрэглээг дэмжихийг уриалсан байна. Гэрийн хорио, зайнаас ажиллах жишиг нэмэгдэж байгаатай холбогдуулан стриминг үйлчилгээний хандалт 10-15 хувиар нэмэгдэж байгаа гэнэ.

06:00 Панам улс ирэх сарыг дуустал агаарын тээврийн орох гарах бүх урсгалыг хаалаа. Тус улсад 105 тохиолдол илрээд буй.

05:30 Монакогийн ханхүү Алберт коронавирусын халдвар авсныг албан ёсоор зарлалаа. 62 настай тэрээр өвчин авсан нь ил болсон анхны төрийн тэргүүн болж байна.

05:10 Гаити улсад анхны тохиолдол илэрлээ. Тус улсад асрамжийн газар ажиллуулдаг Бельги иргэнээс халдвар илэрсэн байна. 11 сая хүнтэй тус улс хилийн хорио тогтоож байгаагаа ийн зарлажээ.

04:30 Африкийн Нигер улсад анхны тохиолдол бүртгэгдлээ.

Төгсгөл хүртэл нь уншсанд баярлалаа. Unread-ийн 3-р сарын 16-19-ны өдрүүдэд бэлтгэсэн тоймыг эндээс уншаарай.