Энэ он бол олимпийн жил. Технологи, роботын хөгжлөөр тэргүүлэгч орнуудын нэг Японы Токиод зохиогдох тул энэ том арга хэмжээнд роботуудын оролцоо багагүй байх нь ойлгомжтой. Энэ удаа бид Японы машин үйлдвэрлэгч аварга компани Тоёотагийн бүтээсэн, олимпод "ажиллах" таван роботыг танилцуулъя. Олимпийн үеэр ажиллах роботууд өөр өөр үүрэгтэй бөгөөд зорилго чиглэлээсээ хамааран өвөрмөц дизайнуудтай. Энд хүний дүрстэйгээс өгсүүлээд энгийн хайрцаг шиг хэлбэртэй ч бий.

Бэлгэдлийн роботууд болох Miraitowa, Someity хоёр

Токиогийн олимпийн бэлгэдэл болсон өхөөрдөм роботуудын гол үүрэг бол хүмүүст халуун дулаан уур амьсгал мэдрүүлэх. Miraitowa, Someity хоёр зочид ба тамирчдыг угтан авч, мэндэлж, хамтдаа патиар татуулах аж. Тэд сэтгэл хөдлөл илэрхийлэх чадвартай бөгөөд энэ нь нүүрний хувирал таних камер, дижитал нүдний тусламжтайгаар бий болдог байна. Мэдээж хэрэг роботууд хөл гараа ч гэсэн хөдөлгөх чадвартай. Miraitowa болон Someity-ийг бүтээхийн тулд шалгаруулалт зарлан хоёр зуун мянган хүний санал асуулга зохион байгуулж 2042 загвараас сонгожээ. Ийнхүү олимпийн наадмын түүхэнд анх удаа бэлгэ тэмдгээрээ бодит амьтан бус робот сонгосон тохиолдол бий болов. Ташрамд дурдахад Япон улсын дэвшилтэт технологийг илэрхийлсэн Miraitowa робот олимпийг, зөөлөн мөртлөө хүчтэй байдлыг илэрхийлсэн Someity робот нь пара олимпийг төлөөлнө.

T-HR3 HUMANOID РОБОТ

Орчин цагт humanoid роботуудыг ихэвчлэн хүнтэй харилцах, тоглуулах зорилгоор бүтээдэг болсон. Олимпийн үеэр ажиллах T-HR3 роботууд ч гэсэн ижил зорилготой. Эдгээр роботууд Miraitowa, Someity хоёр шиг эгдүүтэй биш ч гэсэн зорилгын хувьд ижил. T-HR3 нь бэлгэ тэмдэг болсон роботуудыг дэргэдээс нь харах боломжгүй хүмүүст зориулагджээ. Тэд Miraitowa, Someity хоёрын хөдөлгөөнийг алсаас яг тухайн цаг мөчид хуулбарлан үзүүлнэ. Гэхдээ тэдний хуулбарлаж чадах зүйл ердөө энэ биш бөгөөд Тоёотагийн мэдэгдсэнээр тэд хөгжөөн дэмжигчдийн хөдөлгөөнийг дуурайн тэдэнтэй харилцаж, бүр алгаа цохилцож чадна. Үүгээр зогсохгүй T-HR3 дуу дүрсийг олимпийн сайт руу шууд дамжуулах боломжтой.

HSR, DSR ТУСЛАГЧ РОБОТУУД

Бидний дараагийн танилцуулах робот бол хосоороо байдаг HSR, DSR робот юм. HSR нь үндсэндээ роботорхуу хэрэгсэл бөгөөд зочдод суудал зааж өгөх, хөнгөн ачаа хүргэх үүрэгтэй. Мөн уг роботын тусламжтайгаар та тэмцээн үзээд сууж байхдаа амттан, жижиг сувенир хүргүүлж болно. DSR нь урьд өмнө олимпийн үеэр огт ашиглагдаж байгаагүй бүтээл бөгөөд хүмүүсийн захиалгын дагуу уух зүйлс хүргэж өгөх зориулалттай. Энэ нь нэг ёсондоо тоглолтын үеэр амттан зарж явдаг хүмүүсийг автоматжуулсан орчин үеийн хувилбар юм.

T-TR1 АЛСЫН ЗАЙНААС ХАРИЛЦАГЧ РОБОТ

Энэ бол уламжлалт хэлбэрийн телепресенс робот. Онцлог нь доороо дугуйтай маш том босоо дэлгэцтэй, олон камертай. Эдгээр роботууд нь юмсыг бодит хэмжээгээр, илүү амьдралд ойр байдлаар харуулах зориулалттай. Тиймээс T-TR1-ийг ашиглан үзэгчид тамирчидтай алсаас уулзаж, бодитоор мэдрэх боломжтой.

FSR ТАЛБАЙН РОБОТ

Бидний танилцуулах хамгийн сүүлийн робот бол юм ихээр шиддэг зарим спортын талбайд зориулагдсан FSR юм. Энэ нь зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг шидэлт зэргийн талбайд хэрэглэгдэнэ. Робот нь дөрвөлжин хэлбэртэй, өөртөө юм агуулах хэсэгтэй, доороо дугуйтай. Үүнийгээ ашиглан тамирчдийн хол шидсэн зүйлсийг бүгдийг цуглуулан, буцааж авчрах зориулалттай.