Дэлхий даяар 192 улсад бүртгэгдээд буй COVID-19 цар тахлын халдвараар өдгөө 421 мянган хүн өвчлөөд буй. Манай улс уг халдварын тархалтыг бууруулж, урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг хэрэгжүүлж буй энэ цаг үед баттай мэдээ мэдээллийг авах нь иргэдэд хамгийн чухал болоод байна. Иймд бид Монгол улсын Засгийн Газар, Эрүүл мэндийн яамтай хамтран хурдан шуурхай, мэдээллийн эх сурвалжийг бий болгохоор ажиллаж буй НҮБ-ын Хүүхдийн сангийн уриалга, судалгааны ажлуудыг энэ удаа танилцуулахаар бэлтгэлээ. 

Аливаа өвчний дэгдэлт, онц байдлын үед хүүхэд багачууд хамгийн их эрсдэлд өртдөг. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сан "Коронавируст халдвар COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах ажлын хэсэг"-ийг байгуулан иргэд, олон нийтэд шаардлагатай тусламжийг үзүүлэх, баталгаат мэдээ мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж байгаа ажээ.

хаанаас мэдээллээ авах вэ? 

1. ЦУВРАЛ АНИМЕЙШН:

Тахлын үед авах арга хэмжээ, анхаарах зүйлсийн талаар сонирхолтой бөгөөд энгийн байдлаар үлгэрлэсэн, хүүхэд болон эцэг эхчүүдэд зориулсан анимейшнүүдийг та гэр бүлээрээ хамтдаа сууж үзээрэй. Эдгээр богино цувралуудаар дамжуулан ээж аав нар хүүхдүүддээ эрүүл ахуй, халдвараас урьдчилан сэргийлэх зөв, цэгцтэй ойлголтыг хялбар аргаар ойлгуулж чадах юм.



2. COVID-19-ИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЧАТБОТ:

Коронавируст халдвар COVID-19-ийн тухай сүүлийн үеийн тоон мэдээлэл, сэргийлэх арга зам, зөвлөгөөг өгөх зорилгоор автомат хариулагч буюу чатботыг Фэйсбүүк дээрх UNICEF Mongolia, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн хуудас дээр хөгжүүлэн, ажиллуулж эхэлснийг бид өмнө нь нийтлэл болгон хүргэж байсан билээ.

Шаардлагатай тохиолдолд та эмнэлэгт хандалгүй, уг чатботод хандан хэрэгцээт зөвлөгөө, мэдээллээ авах нь учирч болох боломжит эрсдэлүүдээс таныг хамгаалах юм.

Санал болгох: COVID-19-ийн тухай мэдээлэл, зөвлөгөө өгөх Чатбот ажиллаж эхэллээ

Unread

3. ОЛОН НИЙТЭД ХАНДСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, аюулгүй байдал, сэтгэл санаа, боловсролын асуудлыг онцгойлон анхаарч, хүүхдэд үзүүлэх сөрөг үр нөлөө, эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор үнэн, зөв мэдээллийг хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан болон эмзэг бүлгийн хүмүүст түгээх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүн худалдан авах зэрэг ажлууд зохион байгуулагдаж байгаа юм байна.

Эдгээр ажлын хэрэгжилтийг дэмжин USAID, Япон улсын Засгийн газар, БНСУ-ын Child Fund болон НҮБ-ын Хүүхдийн Сан нийт 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг босгон, ажиллаж байгаа ажээ.

Олон нийт, зорчигч, гэр бүл, албан байгууллагад зориулсан урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн найман төрлийн мэдээ, мэдээллийн хуудсыг бэлтгэн орон даяар тарааж, халдвар хяналтын чиглэлээр эрүүл мэндийн ажилтнуудад сургалт зохион байгуулж байгаа аж.

Санал болгох: Коронавирусийн талаарх 8 чухал асуулт, хариулт

НҮБ-ын Хүүхдийн Сан & Unread

уриалга

Цахим орчинд баталгаагүй эх сурвалжаас авсан мэдээллийг түгээх нь олон нийтэд айдас түгшүүр бий болгох магадлалтай бөгөөд буруу, ташаа мэдээлэл, зөвлөгөөг дагахаас сэрэмжлэх нь нийгмийн эерэг хандлагад чухал нөлөөтэй юм. Саяхан нийгмийн сүлжээнд "Архи уувал COVID-19 халдвараас сэргийлнэ" гэх худал мэдээлэл тархаж олон нийтийг төөрөгдүүлсэн удаатай. Хэн нэгнийг халдвар авсан эсэхээр нь, түүнчлэн шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлах нь дэлхийн нийтээр нэг л зүйлд анхаарч, нэг л асуудлын эсрэг бүх хүчин чадлаараа тэмцэж буй энэ хүнд үед нөхцөл байдлыг үүсгэж байна.

Тиймээс зөвхөн албан ёсны мэдээллийн эх сурвалжаас баталгаат мэдээлэл авч, асуудалд хүлээцтэй, ул суурьтай хандаж байхыг нийт уншигчиддаа уриалъя.