Агаарын бохирдол нь хүний бие организмыг алгуурхнаар бохирдуулан гэмтээж, урт хугацаандаа эмчлэгдэх боломжгүй олон сөрөг үр дагаварт хүргэдэг. Иймд бид дан ганц утааг багасгахад анхаараад зогсохгүй төрөөс авч хэрэгжүүлж буй нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ, хөтөлбөр төлөвлөгөөнд иргэний зүгээс хяналт тавьж, өөрсдийн ирээдүй, эрүүл мэндийн төлөө идэвх санаачилгатай байх нь чухал байна. 

НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарсан агаарын бохирдлын нөлөөллийн тухай цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт бид Нийгмийн эрүүл мэндийн магистр, Тохоку их сургуулийн докторант Ч.Цэлмүүнийг урихын хамт, энэ чиглэлийг бэхжүүлэх санал санаачилгуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

эМТҮ-ний чухал хэсэг нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол


Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины багтаамж нь хөдөө орон нутгийн хүүхдийн уушгины багтаамжаас 40 хувиар бага байдаг талаар НҮБ-ийн Хүүхдийн Сангийн судалгаанд тайлагнасан байдаг. Тиймээс эцэг эхчүүд агаарын бохирдол өндөртэй, хүйтний улиралд хүүхдүүдээ томуугийн эсрэг вакцинжуулалтад хамруулж, урьдчилан сэргийлэлтийг шинжлэх ухаанч үндэслэлтэйгээр хийх нь эргээд тухайн өвчний хүндрэлээс хамгаалахаас гадна иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшлэх боломжтой.

Япон улсын хүн амын баримт дээр хийсэн судалгааны үр дүнгээсээ хуваалцахад, томуугийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах байдал нь иргэдийн боловсролын түвшинтэй шууд хамааралтай гарсан. Оролцогчдын боловсролын түвшин өндөр байх тусам вакцинжуулалтад хамрагдаж, эсрэгээрээ боловсролын түвшин бага байх тусам хамрагдаагүй байх хандлагатай байсан. Боловсролын түвшин доогуур иргэд яагаад уг вакцинжуулалтад хамрагдаагүйг тодруулахад онцын шалтгаангүй эсвэл өндөр боловсролтой хүмүүсээс ялгаатай нь эмнэлэгт очих цаг гардаггүйн улмаас хамрагдаагүй гэх мэт боловсролын тэгш бус байдал нь томуугийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах байдлыг тодорхойлж байлаа. Тийм учраас агаарын бохирдол ихтэй ялангуяа манай улсад томуугийн эсрэг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг нийгмийн тэгш бус байдлыг арилгах замаар орон даяар зохих хөтөлбөрийг хэрэгжүүлэн түгээлтэд анхаарах хэрэгтэй болов уу.



Манай улс агаарын бохирдолтой тэмцэх богино болон урт хугацааны бодлогууд хэрэгжүүлж байгаа хэдий ч үүнд боловсролын системийг хангалттай хөндөж чадаагүй гэж хэлэхээр. Боловсролын асуудал анхаарал хандуулснаа иргэд эрүүл байх, аюулгүй орчинд амьдрах, гэр бүл зөв төлөвлөх гэх мэт олон үзүүлэлтээр ахиц гаргах боломжтой болно. Ингэж байж олон нийт зөвхөн бие физиологийн хувьд биш эрүүл тайван сэтгэл зүйтэй байж чанартай амьдраад зогсохгүй ЭМТҮ-нд ирэх дарамт багасах учиртай билээ.

Мөн өөр нэг чухал зүйл бол хувь хүнээс гарч буй эрүүл мэндийн зардлын тухай асуудал. Дэлхийд жилдээ гадаад орчны агаарын бохирдлын улмаас 4,2 сая хүн нас бардаг ч дотоод орчны агаарын бохирдлоос, үндсэндээ шаардлага хангаагүй зуух болон халаалтаас үүдэн 3,8 сая хүн нас бардаг байна. Агаарын бохирдол гэхээр хамгийн түрүүнд гэр хороололд амьдарч буй өрхүүд яригдана.



Судалгаагаар тэдгээр өрх орлогынхоо 17,5 хувийг өвлийн түлшинд зарцуулдаг ба орон сууц, байшинд амьдарч байгаа иргэдэд хэрэгжих төлбөрийн хөнгөлөлт тэдэнд байхгүй. Ихэнхдээ хямд, шаардлага хангаагүй түлш хэрэглэн эрүүл мэндээрээ хохирч байна. Үүнээс гадна, манай улсад эрүүл мэндийн зардалд хувь хүн өөрөөсөө (out of pocket payment) төлөх тохиолдол элбэг байгаагаас санхүүгийн дарамтад өртөх магадлал нь өндөр бөгөөд энэ нь улмаар ядуурлыг үүсгэх шалтгаануудын нэг нь болж буйг судалгаанд дурджээ. Өрхийн эрүүл мэндийн зардлаас болж санхүүгийн хямралд орох босгыг хэд хэдэн янзаар авдаг байна. Эхнийх нь өрхийн орлогын эсвэл зарлагын (хэрэглээний байж болно) 10 хувиас хэтэрвэл. Нөгөө түгээмэл арга нь өрхийн хүнсний бус зардлын 40 хувиас хэтэрвэл ЭМ-ийн зардлаас болж ядууралд орох боломжтойг судалгаанд дурдсан байна.

Тиймээс “Эрүүл мэндийн төгөлдөр тусламжийг хүн бүрт” (Universal Health Coverage) хэмээх ЭМТҮ-г жигд хүртээх, тэр дотроо санхүүгийн хямралыг багасгахын тулд эрүүл мэндийн илүү найдвартай, чанартай тогтолцоог хөгжүүлэх дэлхийн зорилгод манай улс идэвхтэй оролцох нь чухал болов уу.

~Ч.Цэлмүүн~

Нийгмийн эрүүл мэндийг тогтолцоог сайжруулахын тулд бид юунаас эхлэх вэ? 

1. Эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг нэгдсэн шалгуураар шалгаж, баталгаажуулдаг болох

“Эрүүл мэндэд тустай” гэдэг тодотголтой ч албан ёсны мэргэжлийн байгууллагын шалгалтад ороогүй, батлагдаагүй бүтээгдэхүүнүүд дотоодын зах зээлд их бий. Эдгээр бүтээгдэхүүнийг нэгдсэн шалгуур үзүүлэлтээр шалган үнэхээр эрүүл мэндийн бүтээгдэхүүн мөн эсэхийг итгэмжилсэн нийтлэг, түгээмэл стандарт хэрэглэгчдэд үгүйлэгдэж буй. АНУ гэхэд эрүүл мэндийн үр ашиг бүхий бүтээгдэхүүнүүдийг “Улсын эм, эмийн бүтээгдэхүүний зөвлөл”-өөс зөвхөн нотолгоонд суурилсан мэдээлэлд тулгуурлан баталгаажуулж, худалдаанд сурталчлах эрхийг олгодог.

Эмийн бодис биш боловч олон нийтийг эрүүл мэндийн ашиг тус нь тодорхой бус, батлагдаагүй бүтээгдэхүүн хэрэглэн эдийн засаг, бусад байдлаар хохирохоос хамгаалах нь нийгмийн эрүүл мэндийн төлөө хийх чухал алхам юм.

2. Нийгмийн эрүүл мэнд, эдийн засгийн урт хугацааны нөлөөллийг  үнэлэх

АНУ-ын хувьд 1990-2020 оны хооронд өрнүүлсэн “Цэвэр Агаар” хөдөлгөөнд 65 тэрбум ам.доллар зарцуулсан ба өртөг үр ашгийн дүн шинжилгээгээр 30 орчим хүчин зүйлийн хүрээнд 85 хувийн үр ашиг гарч, зарцуулалтаасаа илүү ашиг гарсан болохыг тогтоосон. Энэ хөтөлбөрийн хүрээнд 230 мянган эндэгдэл, 200 мянган цочмог зүрхний шигдээс 2,4 сая уушгины багтраа өвчнөөс сэргийлсэн гэсэн тооцоо байна.

Монгол Улсад Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбоотойгоор агаарын бохирдлоос үүдэлтэй хүүхдийн өвчлөлийг эмчлэх өртөг нэмэгдэж, 2017-2025 оны хооронд зөвхөн Улаанбаатар хотын эрүүл мэндийн тогтолцоо 24,5 тэрбум төгрөгийг зарцуулна гэсэн тооцоо гарч байна. АНУ-ын жишээнээс суралцаж гаргаж буй зардалтайгаа тэнцэхүйц хэмжээний үр дүн үзүүлэх ажлыг боловсруулан хэрэгжүүлэх нь нэн тэргүүний асуудал билээ.


Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний төлөв. Нэг ХЧАТАЖ-ийг (ХЧАТАЖ= Хөдөлмөрийн Чадвар Алдагдалтаар Тооцсон Амьдралын Жилүүд) нэг бүтэн “эрүүл” жилийг алдсантай дүйцүүлэн ойлгож болно.

Коронавирусийн халдварын улмаас Ухань хотын иргэдийн 0,014 хувь нь нас барж, түгшүүр зарласан бол манай улсад жилдээ зөвхөн хатгалгаагаар л гэхэд хүн амын 0,013 хувь нь нас бардаг. Агаарын бохирдол тахлын дайтай хохирол учруулж буйн наад захын жишээ энэ буй.

Unread

3. Агаарын бохирдолтой холбоотой тархвар зүйн дүн шинжилгээ хийх чадавхийг бэхжүүлэх, хөтөлбөр боловсруулах

Монгол улсын Засгийн Газрын 2017 оны 259 дүгээр тогтоолоор НЭМҮТ-д Орчны тандалтын тогтолцоо байгуулагджээ. Хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл мэндэд нөлөөлөх эерэг, сөрөг нөлөөллийг ажиглах, судлах, мэдээ, мэдээллийг цуглуулах, мэдээлэх, хариу арга хэмжээг төлөвлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тандалтын тогтолцооны зорилго оршдог. Одоогоор Цаг уур, орчны шинжилгээний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс авсан мэдээллүүдээр гол датагаа бүрдүүлж буй.

Уг мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан хүн ам зүйн үзүүлэлттэй уялдуулан эрүүл мэндийн нөлөөллийг тооцоолдог боловч, орчны хүчин зүйлс болон эрүүл мэндийн нөлөөллийг программчилж суулгаагүй тул цааш цаашдаа тархвар зүйн аргачлал, статистик кодыг нэгтгэх нэмэлт сургалтын тусламжтайгаар илүү хүчин чадалтай болгох боломжтой. Энэ мэт үнэлгээ, тооцооллын тогтолцоогоо сайжруулснаар тухайн асуудалд зориулан авах арга хэмжээгээ илүү үр дүнтэй төлөвлөх, хэрэгжүүлэхэд том түлхэц болох нь гарцаагүй.