Өнөөдрийн тойм 1324 үгээс бүрдэнэ. Танд бүрэн уншиж дуусгахад ердөө 5 минут буюу 3 бууз идэх хугацаа л хангалттай :) Та бүхэн сайхан шинэлээрэй.

1 гол сэдэв

Бид энэ удаагийн гол сэдвээр цаг үеийн онцгой нөхцөл байдалтай зэрэгцэн тохиож буй сар шинийн баярыг сонголоо.

Яагаад онцгой нөхцөл гэж?

БНХАУ-аас эхлэн тархсан коронавирус буюу "Covid-19"-ийн халдвар тархах эрсдэлтэй нөхцөл байдалд манай улс байсаар байгаа нь олон хүний санааг зовоож буй. Дэлхий даяар тархалт нь зогсолтгүй нэмэгдсээр байгаа энэ өвчин Монгол Улсад хараахан илрээгүй байгаа ч цагаан сарын баярын ид бужигнаан, хөл хөдөлгөөн дэгдэлт үүсэх нэгэн суурь болох магадлал өндөр. Тиймдээ ч Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж ард олныг сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхыг уриалсан юм. Улсын Онцгой Комиссоос ч аймаг хоорондын хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, өргөн хэмжээний цугларалт, золголтуудыг хориглосон шийдвэр гаргаад байгаа билээ. Энэ нь жилээс жилд цар хүрээгээ тэлж, улам нижгэр сүртэй тэмдэглэх болсон монголчуудын баярын зан үйлд гүнзгий нөлөөлсөн үйл явдал болж байна.


Одоо тэгэхээр яах вэ?

Өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ халдварт өвчнөөс хамгаалах үйлдлүүд хийхийг мэргэжилтнүүд зөвлөж буй. Гараа тогтмол угаах, маск зүүх, олон нийтийн газраар явахгүй байх, чийгтэй цэвэрлэгээ хийх зэрэг нь үүнд багтана. Харин баярын үеэр эртнээс уламжилж ирсэн зан заншлаа хүндэтгэхийн зэрэгцээ бодит нөхцөл байдалдаа дасан зохицож цомхон бөгөөд ухаалаг хэлбэрээр шинэлэхийг санал болгож байна. Цахимаар золгох, онлайнаар шимтгэлгүй мөнгө шилжүүлэх гэх мэт олон санаачилга сошиал ертөнцөөр түгэж байгаагийн дотроос бид Оюу толгой ХХК-ийн эхлүүлсэн #ЦахимЗолголт уриалгыг онцоллоо. Тэд сошиал платформуудыг ашиглан мэнд мэдэлцэх, ёс жаягаа хадгалах олон боломжийг олгож, эерэг нөлөөллийг түгээж байгаа юм.


Ямар аргууд байна?

Цахимаар золгохын тулд та дараах хэдхэн алхмыг хэрэгжүүлэхэд л хангалттай.

1. Цахим золголт хариуцах "холбоо баригч"-аа томилох. Ихэнх тохиолдолд технологитой ойрхон "тогоо баригчид", "хоккейчид" энэ албанд сонгогдох төлөвтэй байна.

2. Цахим золголт хийх сошиал аппликэйшнээ сонгох. Facebook, Instagram, Viber зэрэг түгээмэл хэрэглэгддэг апп-уудыг туршин, хамгийн тохирох апп-даа төвлөрөх нь үр дүнтэй.

3. #ЦахимЗолголт хаштагийг ашиглан найз нөхөд, элгэн садандаа мэндчилгээ хуваалцах. Мөн өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ профайл зургийн хүрээг солин, бусдыг мөн уриалах нь илүү үр дүнтэй. Ганцаараа "цахимдаад" байвал яах билээ?

4. Групп чат үүсгэж, хамаатан садан, бүлэг нөхдөө уривал илүү хялбар бөгөөд хурдан. Хэрвээ боломжтой бол видео дуудлага хийж, царай царайгаа харан амар мэндийг нь асуун, цахим золголт хийгээрэй.

5. Бүр илүү бүтээлчээр "шинэлэхийг" хүсэгчдэд ОТ-ээс маш сонирхолтой филтерүүдийг санал болгож байна. Өөр нэгийг энд дарж туршиж үзээрэй.

6. Эцэст нь, ахиад л #ЦахимЗолголт хаштагийг ашиглаж, өөрийн туршлагыг бусадтай хуваалцаж, эерэг нөлөөлөл үзүүлээрэй.

Эрүүл байвал ирэх жилүүдийн олон цагаан сарыг хамтдаа үзэж, баяр хөөртэй учран золгох билээ.


Санал болгох: Цагаан сарын амралтаар шинээр турших 6 зүйл

Санал болгох: Коронавирустай холбоотой 8 чухал асуулт, хариулт


2 чухал тоо

13,000,000,000 - Morgan Stanley онлайн арилжааны платформ E-Trade-ийг 13 тэрбум доллараар худалдан авлаа. Энэ нь 2008 оноос хойших Уолл Стрийтийн хамгийн том наймаа болсон байна. E-Trade 5.2 сая хэрэглэгчийн 360 тэрбумтай тэнцэх хөрөнгийг эргэлдүүлдэг гэнэ.

51,954 - ӨАБНУ-ын Кэйп Тоун хотноо болсон Рожер Федерер, Рафа Надаль нарын хандивын тоглолтыг 51,954 хүн үзэж Гиннесийн рекордыг шинэчиллээ. Б.Гэйтс, Т.Ноа зэрэг алдартнуудын оролцон тоглосон уг арга хэмжээг Федерерийн үүсгэсэн сан зохион байгуулжээ. Өмнөх дээд амжилтыг Федерер мөн эзэмшиж байсан бөгөөд Мехикод А.Зверевтэй хийсэн тоглолтыг нь 41 мянган хүн үзэж байжээ.

3 онцлох зүйл


Bezos: Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Жефф Бэйзос уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулан 10 тэрбум доллар зарцуулна гэдгээ мэдэгдлээ. Тэрээр шинээр байгуулж буй "Bezos Earth Fund"-аар дамжуулан энэ чиглэлээр ажиллаж буй эрдэмтэд, активистууд, ТББ-уудыг дэмжинэ гэнэ. Тэрээр шинэ технологи, шийдэл боловсруулах судалгааны төслүүдээс гадна олон нийтийн мэдлэг боловсрол, анхаарлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудад ч хөрөнгө оруулах аж. 10 тэрбум доллар нь Бэйзосын хувийн хөрөнгөөс зарцуулагдах бөгөөд Amazon, Blue Origin зэрэг түүний компаниудтай хамааралгүй гэдгийг мэдэгдэлдээ онцолжээ. Amazon-ий дэлхий даяарх ложистик, түгээлтийн сүлжээгээрээ байгаль орчинд хортой нөлөө үзүүлдэг хэмээн шүүмжлүүлдэг тэрээр үүнээс гадна Б.Гэйтсийн санаачилсан "Breakthrough Energy Ventures"-д хөрөнгө оруулж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төслүүд, стартапуудыг дэмждэг юм. Ташрамд дурдахад, түүний нийт хөрөнгө 130 тэрбумаар хэмжигдэж байгаа ажээ.

Санал болгох: Яагаад хүмүүс Бэйзосын амлалтанд бухимдав?


Bloomberg: АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөж буй тэрбумтан Майкл Блүүмберг анх удаа нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнд оролцлоо. Сүүлийн үеийн судалгаагаар рэйтинг нь тасралтгүй өссөөр 19 хувьд хүрсэн тэрээр Невадагийн сунгаанд оролцохгүй ч мэтгэлцээний тайзнаа гарсан нь энэ. Энэ үеэр гол өрсөлдөгчдийн нэг Э.Варрен түүн рүү шууд дайралт хийж, ялангуяа зарим эмэгтэй ажилчидтайгаа хийсэн нууцлалын гэрээг нь хөндсөн нь түүнийг хүнд байдалд оруулж орхив. Блүүмберг одоогоор сошиал медиа болон ТВ-ийн сурталчилгаанд өөрийн хөрөнгөөс 200 сая долларыг зарцуулаад байгаа нь бусад бүх өрсөлдөгчдийнх нь нийлбэрээс ч ихэд тооцогдож байгаа билээ. Сонирхуулахад, Блүүмберг хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол өөрийн нэрээр нэрлэгдсэн медиа эзэнт гүрнээ хараат бус санд шилжүүлэхэд бэлэн байгаа гэнэ.

Санал болгох: Майкл Блүүмберг хэрхэн ялалт байгуулах вэ?


BTS: Дэлхийг байлдан дагуулж буй "BTS" хамтлаг бие даасан 7 дахь цомгоо гаргалаа. "Map of The Soul:7" нэртэй уг цомгийн урьдчилсан захиалга 4 саяыг давсан нь түүхэн амжилт болсон бол зөвхөн Солонгост эхний 120 минутанд 2 сая хувь борлогдож рекорд тогтоожээ. iTunes-ийн чартыг тэргүүлсэн энэ цомог аль хэдийн дэлхийн 2020 оны хамгийн их борлуулалттай цомогт тооцогдох болоод байна. 2019 онд Солонгосын эдийн засагт тэд Хьюндай, Самсунгтай зэрэгцэхүйц 4.65 тэрбум долларын хувь нэмэр оруулсан бөгөөд 2023 он гэхэд энэ үзүүлэлт 10 дахин өснө гэсэн тооцоо гараад байгаа нь гайхалтай. 21-р зууны соёлын хамгийн онцгой дүрүүдийн нэг болоод буй тус хамтлагийн 2020 оны аялан тоглолт 4-р сараас эхлэх ч бүх тоглолтын тасалбар нь аль хэдийн борлуулагдаж дуусжээ.

Санал болгох: BTS-ийн тэрбум долларын эзэнт гүрэн


4 мэдүүштэй баримт


Хиймэл геном: Германы судлаачид нөхөн төлжих чадвартай геномийг лабораторийн аргаар гарган авснаа зарлалаа. Уг хиймэл геном нь 116 кб-тай тэнцэхүйц ДНХ-аа биологийн геномтой адил ургуулах чадвартай ажээ.

Cut, Copy, Paste: Компьютерийн хамгийн алдартай хослолыг бүтээгч Ларри Теслер 74 насандаа таалал төгслөө. Тэрээр 1973 онд Xerox-ийн судалгааны лаб-д ажиллаж байхдаа "cut, copy, paste"-ийн концептийг хөгжүүлж байжээ. Хожим Теслер Apple-д 18 жил ажилласан юм.

AI антибиотик: MIT-ийн эрдэмтэд дэлхийд анх удаа хиймэл оюун ашиглан антибиотик гарган авсан байна. Тэд 2500 төрлийн антибиотикийн химийн бүтцийг AI-д сургаж, улмаар 35 төрлийн бактерийг устгах чадвартай хүчтэй эмийг гарган авсан нь энэ гэнэ.

Болжморын өвөг: Эрдэмтэд мөстлөгийн үед хамаарах шувууны сайтар хадгалагдсан үлдэгдлийг Сибирь орчмоос олсон байна. Эвэрт болжморийн төрлийн уг шувууны насыг 46 мянга хэмээн тогтоосон бөгөөд Монгол, Орост түгээмэл үзэгддэг бор болжморын өвөг байж болзошгүй хэмээжээ.

5 сонин хачин


1. Алдарт зохиолч Ж.Лондоны 1903 оны бүтээлээс сэдэвлэсэн "The Call of The Wild" 28 сая долларын орлогоор бокс оффисийг тэргүүллээ. Х.Фордын гол дүрд нь тоглосон уг кино 120 сая долларын өртгөөр боссон нь гол дүрийн нохойг CGI ашиглаж бүтээсэнтэй холбоотой аж. Харин "Sonic The Hedgehog" 2-р байр луу ухарчээ.

ШИНЭЧЛЭГДСЭН: Даваа гарагийн өглөөний эцэслэн багцлагдсан мэдээгээр "Sonic The Hedgehog" Хойд Америкийн чартыг тэргүүлсэн байна. Тэд "The Call of The Wild"-аас 1,6 сая доллараар илүү орлого олжээ.


2. Спортын салбарын Оскар гэгддэг "Laureus"-ийн шагнал гардуулах ёслол явагдлаа. Ф1-ийн дэлхийн аваргаар 6 дахиа тодорсон Л.Хэмилтон болон дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр 6 дахиа нэрлэгдсэн Л.Месси нар шилдэг эрэгтэй тамирчны шагналыг хуваан хүртлээ. 2 тамирчинд шагнал өгсөн нь 21 жилийн түүхэн дэх анхны тохиолдол болсон байна. Харин эмэгтэй шилдгээр гимнастикийн ДАШТ-ээс 5 алт хүртэж, түүхэн дэх хамгийн амжилттай тамирчин болсон АНУ-ын С.Байлз нэрлэгджээ.


3. The Hu хамтлаг алдарт "Star Wars" цувралын видео тоглоомын дууг бүтээж, олон нийтэд цацлаа. "Харийн хэлээр" дуулсан гэдгээрээ онцлогтой энэ дууны нэр нь "Хар Аянга" буюу "Sugaan Essena". Өнгөрсөн 11-р сард худалдаанд гарсан "Star Wars Jedi: Fallen Order" одоогоор 8 сая хувь борлуулагдаад байгаа гэнэ.


4. Victoria's Secret брэндийг эзэмшигч Л.Векснер өөрийн эзэмшлийн 55 хувиа "Sycamore Partners"-д 525 сая доллараар зарж байгаагаа зарлалаа. Компаниа 51 жил удирдсанаар Fortune 500-ийн хамгийн олон жил CEO-оор ажилласан эрхэмд тооцогдож байсан тэрээр энэ жил мөн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсон байна. Хэдий олон нийтэд нэр хүнд нь унаж, хамгийн алдартай шоу нь цуцлагдсан ч VS өнгөрсөн жил 7 тэрбум долларын борлуулалт хийжээ.


5. 2020 оны 5-р сард нээлтээ хийх HBO Max үйлчилгээний нээлтийн гол сюрприз задарлаа. Энэ бол "The Friends" цувралын эргэн ирэх болсон мэдээ юм. 15 жилийн өмнө албан ёсоор дууссан уг цуврал одоо ч дэлхийн хамгийн их үзэгчтэй, хамгийн их эрэлттэй шоунд тооцогдсоор байдаг билээ. Гол дүрийн 6 жүжигчин бүгд шоуны тусгай ангид тоглоно гэнэ. Тэд тус бүр 2.5 сая долларын цалин авч байгаа аж.

10 унших мэдээ

Ойлгох: Б.Аффлек яагаад Батманы дүрээс татгалзав? /NYTimes/

Ухаарах: Яагаад Хятадын эдийн засаг танд ч хамаатай вэ? /BBC/

Сонирхох: Цахим спортын шинэ тренд - шатар /NBC/

Анзаарах: Берни Сандерс Невадад ялалт байгуулав /Politico/

Мэдэх: Саудын Арабчуудын Твиттерийг эзэлсэн түүх /Buzzfeed/

Бахархах: The HU хэрхэн харь гарагийн хэлээр дуу зохиов? /Revolver/

Мэгдэх: Дэлхийг "мөргөх" магадлалтай 11 сансрын биет /Futurism/

Анхаарах: Коронавирустэй холбоотой цогц мэдээ /CNN/

Судлах: У.Баффетийн 2020 оны захианаас онцлох зүйлс /Investopedia/

Хүлээх: Яагаад iOS 14 Apple-д чухал гэж? /The Verge/