Коронавирус, Давос, Бэйзос, Кобиг онцолсон өнөөдрийн тойм 1175 үгээс бүрдсэн. Танд бүрэн уншиж дуусгахад ердөө 4 минут л хангалттай. Бэлэн үү?

1 гол сэдэв

21-р зууны спортын ертөнцийн хамгийн тод оддын нэг, домогт сагсан бөмбөгч Коби Брайнт 41 насандаа таалал төгслөө. Дэлхий даяар сая сая фенүүдээ цочирдуулсан энэ мэдээ спортын ертөнцийг гунигт автуулав.

ЮУ БОЛОВ?

Коби 13 настай охин Жианна болон өөр гурван хүний хамтаар хувийн нисдэг тэрэгтэйгээ осолдсон байна. Тэрээр өнгөрсөн жил үүсгэн байгуулсан Mamba Sports Academy-д охиныхоо бэлтгэл рүү зорьж байсан бололтой. Тоглогч байхаасаа гэрээсээ цэнгэлдэх рүү нисдэг тэргээр зорчдог гэгддэг байсан Коби зодог тайлсныхаа дараа охиныхоо багийг дасгалжуулж байсан гэнэ.

КОБИГИЙН СПОРТЫН ЗАМНАЛ

Коби Брайнт 20 жилийн турш Лос Анжелес Лэйкэрс багт хүчин зүтгэхдээ 5 удаа лигийн аваргаар тодорч, 15 удаа лигийн бэлгэдлийн шигшээд, 12 удаа хамгаалалтын шигшээд багтаж байв. 2008 онд улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байсан тэрээр 2 удаа финалын MVP-ээр нэрлэгдэж байлаа. АНУ-ын шигшээ багийн хамтаар 2 удаа Олимпийн аваргаар тодорч байсан тэрээр лигийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэгт зүй ёсоор тооцогддог байсан юм.

ДАРААГИЙН КАРЬЕР

Коби спорт академиас гадна подкаст, ном, кино, цувралаар дамжуулан дараагийн үеийн тамирчдад урам зориг өгөх энтертэйнмент компани байгуулан ажиллаж байсан. Тэрээр зодог тайлсныхаа дараа өөрийн бичсэн шүлгээс сэдэвлэн бүтээсэн Dear Basketball анимэйшнээрээ Оскарын шагнал хүртсэн хосгүй амжилтын эзэн болсон билээ. Үүнээс гадна тэрээр 100 сая долларын сантай хөрөнгө оруулалтын компани байгуулж, спортын ундаа үйлдвэрлэгч BodyArmor-ийн 10 хувийг 6 сая доллараар худалдан авсан нь хожим 200 сая доллараар үнэлэгдэх болон өсөөд байсан юм.

Санал болгох: Кобигийн карьерыг гэрэл зургаар

Баяртай, Мамба!

2 чухал тоо


594,5 - Теслагийн нэгж хувьцааны үнэ түүхэн дэх хамгийн өндөр буюу 594,5 долларт хүрэн зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбумын босгыг давлаа. Ингэснээр тэд үнэлгээгээрээ авто салбарт Volkswagen-ийг гүйцэн зөвхөн Toyota-ийн ард бичигдэх болж байгаа юм. Сонирхуулахад, үүсгэн байгуулагч Э.Маск энэ амжилтаа тодорхой хугацаанд хадгалж чадвал 346 сая долларын бонус авах гэрээтэй гэнэ.


6,000,000 - Цахим ертөнцийн нэвтэрхий толь "Wikipedia"-ийн англи хэл дээрх нийтлэлийн тоо 6 сая давлаа. 19 жилийн өмнө Ж.Уэльсийн эхлүүлсэн уг төсөл сайн дурын бичээчдийн хүчээр жил бүр өргөжсөөр ирсэн бөгөөд өдрийн хандалт нь 255 сая байдаг нь дэлхийд 8-д бичигдэх үзүүлэлт аж.

3 онцлох зүйл


ТҮГШҮҮР ДАГУУЛСАН ВИРУС: Хятадын Ухань хотоос эхлэлтэй коронавирус дэлхий даяар хурдацтайгаар тарсаар байна. Одоогоор АНУ, Япон, Австрали, Франц зэрэг 13 оронд 40 гаруй тохиолдол, Эрээн, Бээжин зэрэг Хятадын 15 хоттой нийлэн 2000 гаруй өвчтөн бүртгэгдээд байгаа бөгөөд аль хэдийн 56 хүний аминд хүрээд байгаа нь аюулын харанга дэгдэж байгаа юм. Ханиадын шинж тэмдэг илрэхээс өмнө хүнээс хүнд халддаг мэдээлэл гарсан нь мөн онцлох мэдээ байв. Хятад улс энэ өдрүүдэд тохиож буй цагаан сарын баярын хөтөлбөрийг цуцалж, халдвар гарсан бүсийн тээврийг хязгаарлан, зарим улс орнууд хилийн хорио ч тогтоогоод эхэлжээ. Монгол улсын Засгийн газар 3-р сарын 2-ыг хүртэл бүх их, дээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргав.

Санал болгох: Коронавирусын талаар мэдвэл зохих бүх зүйлс


ТРИЛЛИОНЫГ ТАРИХ АМЛАЛТ: Дэлхийн хамгийн хүчирхэг, нөлөөтэй эрхэмүүд цуглардаг Дэлхийн Эдийн Засгийн Форумын 50 дахь удаагийн чуулган амжилттай явагдлаа. "Эв нэгдэлтэй, тогтвортой дэлхийг цогцлоох оролцогч талууд" уриан дор явагдсан Давосын чуулганы гол анхаарал уур амьсгалын өөрчлөлт рүү төвлөрсөн нь санамсаргүй хэрэг биш. Форумд залуу активистууд, түүн дотор 16 настай Г.Тюнберг мөн оролцож, шийдвэр гаргагчдыг илүү далайцтай, даацтай ажиллахыг шаардсаар байв. Форумаас ирэх арван жилд 1 триллион мод тарих санаачилга дэвшүүлснээ зарлаж, 500 сая долларын санхүүжилтийг тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд хөгжиж буй орнуудад олгохоо амлав. Давост АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутьеррез, Венесуэлийн лидер Х.Гуайдо, Европын Холбооны шинэ тэргүүн У.вон дер Ляейн зэрэг 117 орны 3000 гаруй зочид экологи, эдийн засаг, нийгэм, технологи, үйлдвэрлэл, геополитик сэдвийн хүрээнд 400 гаруй хурал явагдсан юм. Монгол улсаас ерөнхийлөгч Х.Баттулга болон Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэгийн гишүүн М.Маралмаа нар оролцжээ.

Санал болгох: Хэн юу хэлэв?


ТЭРБУМТНЫГ ХАКЕРДСАН ХУНТАЙЖ: Саудын Арабын хунтайж Мохаммед Бин Салманыг дэлхийн хамгийн баян хүн Жефф Бэйзосын утсыг хакердсан хэрэгт буруутгаж, яаралтай мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг НҮБ-аас уриаллаа. Хунтайж Бэйзос руу Whatsapp-аар видео илгээх замаар хувийн мэдээлэл рүү нь нэвтэрсэн байж болзошгүй гэж шинжээчид үзэж буй гэнэ. Бэйзосын эзэмшдэг Washington Post-ийн сэтгүүлч Ж.Хашоггигийн аминд хүрэх ажиллагааг Бин Салманыг удирдсан хэмээн эх сурвалжууд баталсаар байгаатай энэ хэрэг холбоотой байх магадлалтай. Бэйзос өнгөрсөн жил гэр бүлээ цуцлуулахын өмнө хувийн мессеж, гэрэл зураг нь National Inquirer сэтгүүлийн гарт орсонтой холбогдуулан уг хэргээ шалгуулж эхэлжээ.

Санал болгох: Бэйзос хэрхэн хакдуулав?



4 мэдүүштэй баримт


ЯЛААНЫ ТАРХИ: Google-ийн судлаачид амьд биетийн тархины холбоосын хамгийн өндөр чанартай зургийг авснаа ил болголоо. Жимсний ялааны тархин дахь 25 мянган нэйроноос үүсч буй 20 сая холбоосыг 3D зураглалаар илэрхийлсэн нь неврологийн салбарын хувьд том ач холбогдолтой үйл явдал болжээ. Эрдэмтэд өмнө нь C.elegans төрлийн өтний тархины зураглалыг л бүрэн тодорхойлж байсан гэнэ.


ХАВДРЫН ЭРЛЭГ: Кардиффийн их сургуулийн эрдэмтэд бүх төрлийн хорт хавдрыг "эмчлэх" чадалтай дархлааны эсийг илрүүлснээ зарлалаа. Эсийн түвшинд хорт хавдрын эс дэх MR1 молекулыг илрүүлэн улмаар дайралт хийн устгах уг шинэ төрлийн эс нь лабораторийн түвшинд хөх, түрүү булчирхай, уушги, бөөр зэрэг олон төрлийн эсийг "ялж" байсан нь анагаах ухааны салбарт ихээхэн найдлага төрүүлж байгаа гэнэ.


МӨХЛИЙН ЦАГ: 1947 оноос эхлэн соёл иргэншил устаж үгүй болох хугацааг хэмжсээр буй бэлгэдлийн цагийг шөнө дундад 100 секунд үлдэх хүртэл урагшлуулсныг эрдэмтэд анхаарууллаа. Тэд цөмийн мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлтийг мөхлийн шалтгаан болно хэмээн үзэж буй гэнэ. Энэ бол хүйтэн дайны үед зүү 23:58-д хүрснээс хойшхи хамгийн ойртсон үзүүлэлт. 15 Нобелийн шагналтнаас бүрдсэн "The Bulletin of Atomic Scientists" байгууллага "Мөхлийн цаг"-ийг цөмийн зэвсгийн аюулаас урьдчилсан сэргийлэх зорилгоор санаачилж байжээ.


ТӨӨРДӨГГҮЙ AI: Фэйсбүүкийн судлаачид урьдчилан олгогдсон газрын зураггүйгээр бодит орчинд тодорхой чиглэлд зорчих чадвартай хиймэл оюуныг сургасан гэнэ. Уг AI нь камер, GPS, луужингийн тусламжтайгаар А цэгээс Б цэг рүү замд тулгарах бүх төрлийн саадыг даван 99,9 хувийн амжилттай зорчиж байгаа аж.

5 сонин хачин


1. Дисней 1942 онд анхлан цацагдсан "Bambi"-ийн түүхийг шинэчлэн хийх болсноо зарлалаа. "Captain Marvel"-ийн Ж.Робертсон-Дворетийн зохиолыг нь бичиж буй уг кино "The Lion King"-ийн адилаар CGI технологид суурилан хийгдэнэ гэнэ. 2010 онд "Alice in Wonderland"-ийг дахин хийснээс хойш Дисней классик анимэйшний шинэ ангиудаасаа нийт 8,2 тэрбум доллар цуглуулаад байгаа билээ.


2. Дэлхийн хамгийн алдартай видео тоглоомын нэг "Call of Duty" албан ёсны лигийн тэмцээнээ нээлээ. Нью Йорк, Парис, Лондон, Торонто зэрэг 12 хотыг төлөөлсөн багууд нийт 6 сая долларын шагналын сантай, зөвхөн Youtube-ээр л цацагдах уг тэмцээнд улирлын турш өрсөлдөнө.


3. Харвардаас гаралтай Soft Robotics 23 сая долларын шинэ хөрөнгө оруулалт татлаа. Зах зээл дэх бусад өрсөлдөгчдөөсөө ялгаатай нь тэд зөөлөн гадаргатай эд юмстай харьцдаг робот төхөөрөмжүүд бүтээдэг юм. Тэдний робот агуулахад жимс, хүнсний ногоо савлах, түгээлт хуваарилах зэрэг нарийн үйлдлүүдийг автоматжуулснаараа тэсрэлт хийж байгаа билээ.


4. Д.Трамп АНУ-ын Сансрын Зэвсэгт Хүчиний шинэ логог зарлалаа. Өнгөрсөн 12-р сард албан ёсоор байгуулагдсан уг нэгж нь зориулалтаараа дэлхийд анхны бөгөөд цорын ганцад тооцогдож байгаа юм.


5. NBA-ийн өнөө цагийн нүүр царай Леброн Жэймс карьерынхаа 33655 дахь оноог авснаар бүх цаг үеийн онооны лидерүүдийн жагсаалтын 3-р байрт бичигдэж эхэллээ. Өдгөө 36 настай тэрээр Лэйкэрсийн домог К.Брайнтыг гүйцсэн нь энэ юм.

10 унших мэдээ

Үзэх: Dear Basketball /Youtube/

Төсөөлөх: Та ч гэсэн "ичих" боломжтой /The Atlantic/

Суралцах: Стартапад хэрхэн хөрөнгө оруулах вэ? /Sam Altman/

Сайшаах: Goldman IPO-ийн шаардлагаа нэмнэ /CNBC/

Ангайх: Ертөнцөд төгсгөл гэж үгүй бол яах вэ? /BBC/

Үзэх: Bad Boys for Life бокс оффисийг ахин тэргүүллээ /Deadline/

Таамаглах: Грэммид хэн өнгөлөх вэ? /Variety/

Анхаарах: Трампад итгэл эс үзүүлэх хурлаас онцлох зүйлс /Vox/

Танилцах: Аpple-ийн хамгийн алдартай зардал танагч /WSJ/

Мэдэх: Туркийн газар хөдлөлтөд 36 хүн амиа алдав /CNN/