Шинэ долоо хоногийн мэнд. Гахай жилийн сүүлийн долоо хоногоо 1462 үгээс бүрдэх тоймоо уншиж эхлүүлээрэй. Танд бүтнээр нь уншихад 5.5 минут л хангалттай.

1 гол сэдэв

Дэлхийн ухаалаг утасны зах зээлийн тэргүүлэгч Samsung жил бүрийн уламжлалт Unpacked арга хэмжээгээ зохион байгуулсныг бид онцолж байна.


Ямар бүтээгдэхүүн танилцуулав?

Энэ жил тэд гурван төрлийн Galaxy S20, анхны дэлгэгддэг утас Galaxy Z Flip, илүү дэвшилтэт утасгүй чихэвч Galaxy Buds+-ийг танилцуулсан юм. S20 | S20+ | S20 Ultra загварууд нь тус бүр 6.2 | 6.7 | 6.9 инчийн дэлгэцтэй бөгөөд Ultra загвар нь 4 камертай, 5G дэмждэг гэдгээрээ онцлогтой. Батерейн багтаамж эрс өссөнөөс гадна хэрэглээнд тохируулан цэнэгээ хуваарилах ухаалаг менежментийн системтэй болсон байна. Өнгөний хувьд ч тун загварлаг, дэлгэцийн нягтрал, техникийн үзүүлэлтүүд нь ч S20-ийг ухаалаг утасны зах зээлийн гол дүр болгоход хангалттай байв.


Гол мэдэх ёстой зүйл нь юу вэ?

Камер. Samsung шинэ загварууд дээрх камерын хүчин чадлыг эрс нэмэгдүүлснээр бидний мэдэх гэрэл зургийн салбарыг тэр чигт нь өөрчилсөн ч байж магад. Камерын үзүүлэлт хэрхэн сайжирсныг софт болон хард талаас нь тайлбарлаж болно.

- Софтвэйр буюу програм хангамж талаас "Single Take" нэмэлтийг нь онцолъё. Нэг даралтаар 8К бичлэг хийж, түүнийг нь AI боловсруулан танд хамгийн оновчтой өнцөг, өнгө, дүрслэлтэйгээр хадгалж авахыг санал болгох болно. Бичлэгийн гол хэсгийг бүрэлзүүлж, хасаж алдана гэж айх хэрэггүй болжээ. Тэд Google Duo зэрэг видео чат апп-уудтай хамтарч, нэмэлтээ хөгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

- Хардвэйр буюу техник хангамж талаас S20 Ultra-ийн 108 мп-ийн камерыг дурдахгүй байхын аргагүй. S20, S20+-ийн арын камер 64 мп гэдэг нь ихэнх өрсөлдөгчдөөсөө давсан хэрэг. Мөн авсан зургаа S20 Ultra 100 дахин, S20 | S20+ 30 дахин татах боломжтой болсон нь таны гарт дэлхийн хамгийн шилдэг камерыг атгууллаа л гэсэн үг.


Дэлгэгддэг утас гэнэ ээ?

Тийм. Ухаалаг утасны эринээс өмнө хэрэглээнд ихэд түгээмэл ашиглагддаг дэлгэгддэг хувилбарыг Samsung Galaxy Z Flip-ээр буцаан авчрав. Өнгөрсөн жил нумардаг утсаараа "зоригтой" шинэчлэл хийхийг оролдсон тэд энэ удаад шинэ тренд үүсгэсэн байж магад. Бүрэн дэлгэгдэхээрээ 6.7 инч дэлгэцтэй, хоёр тусдаа хувааж дэлгэцээ ашиглаж болох, нүүрний хэсгээсээ гол мэдээллээ авч чадах авсаархан, загварлаг уг утас Валентины өдрөөс эхлэн АНУ-ын зах зээлд борлуулагдаж эхэлжээ. Сонирхуулахад, энэ загвар дээрээ Samsung нугардаг шилний технологийг дэлхийд анх удаа ашиглажээ.


Хэрхэн захиалах вэ?

3-р сарын 9 хүртэл дэлхий даяар, түүн дотор Монголд S20 загварын урьдчилсан захиалга эхлээд буй. Samsung Galaxy S20 | S20+ | S20 Ultra загварын утаснуудын урьдчилсан захиалга болгонд дуугаралт сайжирсан, цэнэгээ удаан барих Buds+ чихэвч үнэгүй дагалдаж байгаа. Урьдчилсан захиалга Samsung-ийн Монгол дахь албан ёсны бүх дистрибьютерүүдээр дамжин явагдаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгчийн лавлах 1800-2555 утсаар аваарай.

2 чухал тоо


154 - Францын домогт жүдоч Тедди Ринье 10 жил, 154 барилдааны дараа анхны ялагдлаа амслаа. Нутагтаа болсон Парисын их дуулгын гуравдугаар шатанд Японы бөх К.Кагуэрад ялагдаж фенүүдээ гонсойлгов. Энэ хугацаанд тэрээр 2 удаа Олимпод аваргалж, 10 удаа дэлхийн аваргаар тодроод байсан билээ.

71,000 - Хятадаас гаралтай COVID-19 вирусын халдвар авсан хүмүүсийн тоо 70 мянга давав. Одоогоор 1770 хүн нас бараад байгаагийн 4 нь Хятадаас өөр оронд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт бүртгэлийн аргачлалаа өөрчилсөнтэй холбогдуулан нэг өдөр өвчлөлийн тоо 15 мянгаар нэмэгджээ.


3 онцлох сэдэв


Сити цочирдсон өглөө: Европын Хөлбөмбөгийн Холбоо санхүүгийн шударга өрсөлдөөний журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Английн аварга Манчестер Сити клубыг Аваргуудын лигийн тэмцээнд оролцох эрхийг нь 2 жилээр хасаж, 30 сая еврогоор торголоо. Энэ бол клубүүдийг хэт их үнийн хөөрөгдөл үүсгэж, сахилга баттай засаглал үүсгэх зорилготой орлогоосоо давсан зардалтай байхыг хязгаарласан шинэ журам гарснаас хойших хамгийн том шийтгэл болж байна. Европын хөлбөмбөгийн клубийн түвшин дэх хамгийн том тэмцээнийг өнжинө гэдэг бол Ситигийн зэрэглэлийн амбицтай багт хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү шийтгэл гэсэн үг. 22 тэрбум долларын хөрөнгөтэй Араб эзэн Шэйх Мансур клубийг 2008 онд худалдан авснаас хойш наймааны зах зээл дээр хамгийн идэвхтэй баг нь Сити болж, түүхэн амжилтуудаа үзүүлсээр ирсэн. Гэсэн ч Германы Der Spiegel сонин тус клубийн үндсэн ивээн тэтгэгч Etihad-тай байгуулсан 67 сая фунтийн гэрээний 90 хувийг Мансур өөрийн гэр бүлийн хөрөнгөөс "нууцаар" шилжүүлдэг байсныг илчилсэн нь УЕФА-г шийдэмгий алхам хийхээс өөр аргагүйд хүргэсэн бололтой. Английн Премьер лиг үүнтэй холбоотой шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа бөгөөд оноо хасах, бүр цаашилбал аваргын цомыг хураах хүртэл арга хэмжээ авах эрхтэй аж. Сити давж заалдана гэдгээ мэдэгджээ.

Санал болгох: Манчестер Сити хэрхэн хөлбөмбөгийг үүрд өөрчлөв?


Соник тэсэрсэн өдөр: Сеганы хамгийн алдартай тоглоомын дүрүүдийн нэг "Sonic The Hedgehog"-ийн кино нээлтийн долоо хоногтоо 68 сая долларын орлого олж, бокс оффисийг тэргүүллээ. Энэ нь Хойд Америкийн зах зээлд "Detective Pikachu"-г давж, видео тоглоомоос сэдэвлэсэн хамгийн амжилттай кино болоход хангалттай байлаа. 80 сая долларын төсөвтэй уг кино өнгөрсөн 11 сард нээлтээ хийх байсан ч эхний трэйлэр дэх зарим эффектүүд нь фенүүдийн эрс эсэргүүцэлтэй тулгарч, улмаар бүтээгчид нь шинээр зарим дүрслэлийг хийснээр хойшлоод байсан юм. 1991 онд анх гарч байсан Соник зарааны тоглоомын борлуулалт 5 тэрбум доллартай тэнцдэг бөгөөд үнэгүй гар утасны тоглоом нь нэг тэрбум удаа татагджээ. Өнгөрсөн долоо хоногт чартыг тэргүүлсэн "Birds of Prey" 2-р байрт, Sony-ийн "Fantasy Island" 3-р байрт тус тус бичигдсэн байна.

Санал болгох: Соникийг дахин бүтээсэн нь


Паразит гялалзсан үдэш: 92 дахь удаагийн Оскарын наадмын гол дүр нь Солонгосын найруулагч Бон Жон Хогийн "Parasite" байлаа. Тус кино "оны шилдэг бүтээл"-ээр тодорсон анхны гадаад хэл дээрх бүтээл болсноос гадна "шилдэг найруулагч", "шилдэг эх зохиол", "шилдэг гадаад кино" төрлүүдэд ялж нийт 4 цомтой буцав. Шилдэг эрэгтэй жүжигчнээр "Joker"-ийн дүрээр Ж.Финикс, эмэгтэй жүжигчнээр "Judy"-ийн дүрээр Р.Зеллвегер тодорлоо. Б.Питт 6 дахь оролдлогоороо Оскар хүртсэн бол "Toy Story 4" шилдэг анимэйшнээр нэрлэгджээ. Хамгийн олон удаа нэр дэвшсэн медиа компани болоод байсан Netflix 100 сая долларыг Оскарын кампанит ажил, сурталчилгаанд зарцуулсан ч Обамагийн гэр бүлийн продюсерээр нь ажилласан "American Factory" болоод "Marriage Story"-ийн Л.Дерний "найдвартай" гэгдэж байсан эмэгтэй туслах дүрийн шагналтай л хоцров. 10 төрөлд өрсөлдсөн М.Скорсесийн "The Irishman" нэг ч шагналгүй хоцорсон нь сонирхолтой. "Алтан Бөмбөрцөг"-ийн шилдэг киногоор шалгарсан "1917" мөн 10 төрөлд өрсөлдөн "шилдэг зураг авалт", "шилдэг визуал эффект" зэрэг гурван шагнал хүртжээ. Сонирхуулахад, шагнал гардуулах ёслолын шууд дамжуулалтыг 23.6 сая хүн үзсэн нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт болсон гэнэ.

Санал болгох: Паразитын дараа юу хүлээж байна вэ?


4 мэдүүштэй баримт


Хэвлэсэн шоколад: Валентины долоо хоногтой зэрэгцэн Швейцарын Barry Callebaut компани 3D принтерээр хэвлэсэн шоколадаа нийтийн хэрэглээнд гаргаж байгаагаа зарлалаа. Тусгайлан байгуулсан дэлхийн анхны студид үйлдвэрлэсэн шоколадаа Европ даяар ресторан, кофе шоп, зочид буудлуудад түгээх гэнэ. Тус компани жилд 2 сая тонн шоколад үйлдвэрлэдэг бөгөөд дэлхий даяар 11 мянган ажилтантай салбарын лидерүүдийн нэг юм.

Анхны тираннозавр: 79 сая жилийн өмнө амьдарч байсан тираннозаврын хамгийн эртний төрлийг Алберта муж орчмоос олж тогтоосноо Канадын эрдэмтэд зарлалаа. Энэ нь нийтийн төсөөлөлд хамгийн түгээмэл махчин динозавр T.Rex-ээс 11 сая жилийн өмнө оршин байсан гэсэн үг юм. 2.4 м өндөртэй уг төрөлд "Үхлийн хадуур" гэж нэр оноожээ.

Жигтэй чимээ: Канадын эрдэмтэд дэлхийгээс хагас тэрбум гэрлийн жилийн зайтай орших үл мэдэгдэх эх үүсвэрээс ялгарч буй тодорхой давтамжтай долгионыг хүлээн авч байгаагаа зарлалаа. 4 хоногийн турш цагт 1-2 удаа бүртгэгдэж, улмаар 12 хоног завсарласны эцэст ахин ялгарч эхэлдэг уг чимээг юу үүсгэж байгааг эрдэмтэд тогтоогоогүй байгаа юм. Зарим эрдэмтэд харийн соёл иргэншил байх боломжтой гэж таамаглаж буй ажээ.

Нарыг судлагч: Европын Сансрын Агентлаг болон NASA-ийн хамтарсан нарыг хамгийн ойроос судлах зорилготой Solar Orbiter 2 жилийн аяллаа эхлүүллээ. Тус хөлөг 2021 онд зорьсон газартаа хүрч нарны туйл руу төвлөрсөн судалгаа хийх бөгөөд ирэх 10 жилд 22 удаа нар луу дөхөн ажиглалт хийх гэнэ.

5 сонин хачин

1. Гар утас харилцаа холбооны зах зээлийн дэлхийн хамгийн том цугларалт Mobile World Congress коронавирусын дэгдэлтийн улмаас энэ оны чуулганаа цуцаллаа. 1987 оноос эхлэлтэй энэ чуулганд жил бүр дэлхийн топ компаниуд шинэ технологи, бүтээгдэхүүнээ танилцуулж, 100 мянга гаруй зочид оролцдог билээ. Энэ жилийн гол анхаарал 5G технологид төвлөрнө гэж экспертүүд үзэж байсан юм.

2. Forbes сэтгүүл NBA-ийн хамгийн үнэ цэнтэй багуудыг нэрлэлээ. Жагсаалтыг Нью Йорк Никс (4.6 тэрбум), Лос Анжелес Лэйкэрс (4.4 тэрбум), Голден Стэйт Уарриорс (4.3 тэрбум) багууд тэргүүлсэн байна. Лигийн дундаж багийн үнэлгээ 2.1 тэрбумд хүрсэн нь өмнөх жилээс 14 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

3. Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Жефф Бэйзос Беверли Хиллзд 165 сая доллараар байшин, эдлэн газрын хамтаар худалдан авсан байна. 1930-аад онд баригдсан уг байшин нь гольфийн талбайтай гэдгээрээ онцлог бөгөөд анх Warner Bros-ийн Ж.Варнер бариулж байжээ. 130 тэрбум долларын хөрөнгөтэй Бэйзосын худалдан авалт Калифорни мужийн хамгийн үнэтэй хувийн үл хөдлөхийн наймаа болсон байна.

4. Европ даяар дэгдсэн хүчтэй шуурганы "ачаар" British Airways-ийн Нью Йоркоос Лондон чиглэлийн онгоц 5552 км замыг 4 цаг 56 минутанд туулж рекорд тогтоов. Зам дундаа 1330 км/цаг хүртэл хурдалсан уг аялал товлосон хугацаанаасаа 98 минутын өмнө зогсоолд буусан бөгөөд өмнөх дээд амжилтыг 17 минутаар ахиулжээ.

5. Ирэх 4-р сард нээлтээ хийх домогт тагнуулч Жэймс Бондын 25 дахь түүх "No Time To Die"-ийн албан ёсны дуу цацагдлаа. Энэ дууг хөгжмийн ертөнцийн шинэ од Билли Айлиш бүтээх болсон нь фенүүдийн хүлээлтийг улам нэмээд байсан юм. 18 настай Айлиш 007-ийн дууг дуулсан хамгийн залуу артист болсон бөгөөд П.Мккартни, Мадонна, Аделе зэрэг оддын эгнээнд бичигдэх боллоо.

10 унших мэдээ

Суралцах: Гүүгл хэрхэн ажилчдаа эрүүл хоолонд донтуулав? /Medium/

Зовних: CIA хэрхэн дэлхийг хуурав? /Washington Post/

Сонирхох: Snapchat дизайнаа эрс өөрчлөхөөр зэхэж байна /The Verge/

Талархах: Кофе урт наслуулдаг /CNBC/

Ойлгох: Блүүмбергийн сонгуулийн сурталчилгаа: Меме 2020 /NYTimes/

Унших: Зукербергийн алдагдсан тэмдэглэлийн дэвтрээс /Wired/

Сонсох: Ж.Биеберийн шинэ цомгийн тойм /Vice/

Тооцох: Тесла 2 тэрбум доллар босгоно /Fortune/

Хүлээх: Меркелийн дараах Германыг юу хүлээж байна вэ? /Time/

Ажиглах: NASA хамгийн холоос хийсэн судалгаагаа танилцууллаа /CNN/