Хийх ажлын жагсаалт гаргахдаа хамгийн их ашигладаг байсан Wunderlist апп-ийг маань Microsoft хааж, хөгжүүлэлтээ зогсоосныг сонсоод урам хугарсан юм. Түүнээс хойш ямар нэгэн апп ашиглахыг ч хүссэнгүй. Яагаад ч юм Bear, Evernote  ч юм уу, бусад ижил төстэй аппуудыг ашиглаж үзээд нэг л санаанд хүрэхгүй байв. Гэтэл саяхан болж өнгөрсөн Disrupt тэмцээн дээр танилцуулагдсан Index-ийн танилцуулга видеог олж үзсэн минь энэ апп-ийг туршиж үзэх сэдлийг төрүүлсэн билээ. Анх нээж үзээд л ашиглаж болох юм гэсэн итгэл төрүүлсэн цөөхөн аппуудын нэг нь энэ болов. Тиймдээ ч та бүхэндээ заавал танилцуулах ёстой апп гэж үзэн энэхүү нийтлэлээ хүргэж байна. Index бол хийх ажлын жагсаалт, унших нийтлэлүүдээ цэгцтэйгээр хадгалж бүртгэхэд зориулсан цоо шинэхэн апп. 

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Хийх ёстой бас дуусгах ёстой бөөн ажлууд байгаа биз? Гэтэл хажуугаар нь ажлаас өгсөн үүрэг даалгаврууд бас байгаад байдаг. Тэр бүгдийг ямар нэг байдлаар, арай илүү цэгцтэйгээр хадгалах шаардлага гардаг уу? Ид ажилтай үедээ найз руугаа явуулах байсан файлыг нь илгээхээ мартчихдаг тохиолдол гараад байна уу? Тийм бол та энэ апп-ийг заавал туршиж үзэх ёстой.

Үүнээс гадна таны дуртай сайтууд эсвэл сошиал хуудсуудаар уншихгүй бол хоцорчихоод байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх нийтлэлүүд, ажилд хожим хэрэг болж магадгүй бичвэрүүд, бүх хүмүүсийн шохоорхож байгаа сэдвүүд гарч ирсээр байна. Бүгдийг нь унших гэхээр цаг их авна. Хадгалж авна гэхээр төгс хэрэгсэл тун цөөн. Энэ асуудлыг Index бас шийдэхийг хүсэж байна.

Index бол таны ажил, санаа бас дижитал контентоо хянах самбар.

Ямар давуу, онцлох талуудтай вэ?

Маш энгийн. Бусад бүтээмж нэмэх ийм төрлийн аппууд аль болох олон давуу талтай болох гэж, түүгээрээ хоорондоо өрсөлдөж хэрэглэгчдээ татдаг. Гэтэл Index ерөөс тэгэхийг урьтал болгосонгүй. Тэд гуравхан түлхүүр үг, цэсэн дэх хоёрхон нэмэлтээрээ л өнөөгийн хүмүүсийн толгойны өвчин болоод буй "цэгцтэй байдал"-ыг санал болгож байна. Таны хадгалж авсан линкүүд, нийтлэлүүд, зурагнууд, тэмдэглэсэн хийх ажлын жагсаалтууд нүүр хуудсан дээр нь дарааллаараа цэгцтэй гараад ирнэ.

Тэр дундаасаа хэрхэн шүүлтүүр хийх асуудлыг тэд hashtag буюу # ашиглаж шийдсэн нь тун ухаалаг байв. Анхнаасаа #todo, #readinglist #workflow гэсэн гурван үндсэн сонголт танд өгөгдөнө. Та хийх ёстой ажлуудаа #todo ашиглан өөрөө нэмж болно. Зочилж буй хуудсууд, дараа нь уншихыг хүссэн нийтлэлүүдээ, санах ёстой зүйлсээ #readinglist рүүгээ оруулна гэсэн үг. Харин ажилтайгаа холбоотой ирсэн зүйлс, чухал шаардлагатай нэмэлтүүдээ #workflow руугаа хийчихнэ.

Гэхдээ үүнээс ч илүү олон буюу өөрийн хүссэнээр энэ түлхүүр үгсээ өөрчилж болно. Би бол #ideas #inspiring гэх мэтээр хэд хэдэн шинэ категори нэмж үзсэн. Ер нь дажгүй шүү. Pocket, Wunderlist 2-ыг нийлүүлчихэж байгаа юм шиг сэтгэгдэл төрөв.

Вэб хувилбар нь дажгүй. Шууд вэб броузер дээр нэмэлт буюу extension болчихдог тул имэйлээр ирсэн линк, зочилж буй сайтаа шууд Index рүүгээ нэмчихэж болно. Зураг, видеогоо ч жагсаалт руу оруулж болно.

Өөрийнхөө жагсаалтуудыг сонгож аваад хуваалцаж болно. Шууд линкээр найзууд руугаа мессеж, чат, имэйлээр явуулж болдог нь дажгүй. Ялангуяа ажилтай холбоотой зүйлсээ хамтрагчидтайгаа шууд хуваалцаж байхад тун зүгээр.

Shortcut буюу вэб, утсан дээрээ өөрийн үүсгэсэн категориудаа хамгийн хялбараар буюу товчилж гаргаж ирэх боломжтой. Вэб хувилбар дээр эдгээр товчны хослолууд илүү тохиромжтой байх.

Ямар сул талтай вэ?

Evernote шиг олон цэс, олон сонголттой биш гэдгийг хамгийн эхэнд анхааруулах хэрэгтэй. Учир нь энэ апп бол танд хэрэгтэй файл, линк, бодсон санаа, хийх ажлын жагсаалтуудаа цэгцтэй хадгалахад л туслах хэрэгсэл.

Үнэгүй хэрэглэгчид 237 зүйлийг хадгалах боломжтой хязгаар тогтоож өгсөн. Үгүй бол сард хоёр доллар төлөөд хязгааргүй зүйл хадгалахыг санал болгож буй. Үүсгэн байгуулагчид нь энэ тоог өсгөнө гэдгээ амалж байгаа ч #todolist-ээсээ амжуулж, унших ёстойгоо уншаад байвал байнга хасаад, багасгаад байхад асуудалгүй байх. 237 унших юмтай, хийх ажилтай байвал танд цагийн менежментийн асуудал үүсчихсэн байна гэсэн үг шүү :)

Хэтэрхий энгийн хийцтэй гэдэг нь нөгөө талаараа анх хэрэглэж буй хүнийг төөрөгдүүлж магад. Гэхдээ шаардлагатай заавар, видео бичлэгүүдийг нь үзчихэд ер нь овоо төсөөлөл авчихна.

Хөгжүүлэлт яг одоо хийгдэж байгаа учир алдаа дутагдал байж магад. Гараад сар ч болоогүй байгаа учир бараг өдөр бүр ороход шинэ юмс нэмэгдэж байгаа нь сонирхолтой.

Unread-ийн үнэлгээ

8 оноо. Тун ойлгомжтой, дэндүү цэгцтэй, хэрэглэхэд амархан. Бүр ч илүү оноо өгөх хэрэгтэй байсан байж магад.