Хятадын Санья хотноо явагдаж буй "Дэлхийн Мисс 2017" тэмцээнд 2017 оны Монголын миссээр тодорсон, гоо үзэмж, билиг оюун цогцолсон Ц.Энхжин хэмээх бүсгүй оролцож байгаа билээ. Монгол эмэгтэйчүүдээ, Монгол Улсаа төлөөлөн яваа Ц.Энхжин бол Их Британийн Кэмбрижийн Урлагийн сургуулийг интерьер, дизайны мэргэжлээр төгсөж, Италийн Флоренц хотын Дизайны их сургуульд бүтээгдэхүүний дизайнаар магистр хамгаалсан өндөр боловсролтой бүсгүй. Интерьер дизайны Eden Design компанийг үүсгэн байгуулсан тэрээр олон улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн багийг удирдан ажилладаг. Сар гаруй хугацаанд үргэлжилж 11-р сарын 18-нд дүнгээ гаргах “Дэлхийн Мисс 2017” тэмцээнд оролцож буй Ц.Энхжингээ бүгдээрээ илүү сайн танин мэдэж, дэмжсэн шиг дэмжицгээе.

Байршил: Монгол, Улаанбаатар
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: 2017 оны Монголын мисс, Дэлхийн Мисс 2017 тэмцээний оролцогч, Eden Design-ийг үүсгэн байгуулагч Ц.Энхжин
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Эмх цэгцтэй, дэс дараалалтай
Хэрэглэдэг гар утас: iPhone 6S Plus
Хэрэглэдэг лаптоп: Dell XPS
Сошиал хуудсууд: Enkhjin Tseveendash (фэйсбүүк), Enkhjin Tseveendash (инстаграм)
Дэмжих хуудсууд:
Албаны ёсны фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/missworldmongolia/
Албан ёсны твиттер хуудас: https://twitter.com/mwmongolia
Miss Mongolia-г дэмжигчдийн групп: https://www.facebook.com/groups/501452303555943/

Таны ажлын онцлох арга барил юу вэ?

Хийж байгаа ажилтайгаа холбоотойгоор үргэлж шинийг эрэлхийлж байдаг гэж хэлж болно. Өглөө бүр манай багийнхан шинэ материал, шинэ тавилга, шинэ өнгө төрхийн талаар яриа өрнүүлж, тэндээсээ урам зориг, эрч хүч авч ажлаа эхлүүлдэг юм.

Би ажлаа сайн төлөвлөж, ажил үүргээ тодорхой, цэгцтэй хуваарилахыг эрмэлздэг. Онлайнаар ажилладаг итали, англи дизайнеруудыг оруулаад манай багт 8 хүн харьяалагддаг. Бид хийх ажлаа өдөр өдрөөр, долоо хоногоор, сараар төлөвлөөд, самбар дээр жагсаан хөтөлж, ажлаа цэгцтэй явуулах гэж хичээдэг. Миний хувьд компанийхаа өдөр тутмын ажлыг удирдаж явуулахаас гадна тухайн төслийн эхний судалгааг хийж, харилцагчдынхаа хүсэл, хийж байгаа ажлын утга санаанд тааруулсан концепц боловсруулах үүрэгтэй байдаг.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай ажлын хэрэгсэл, аппликэйшн, програмаасаа нэрлэнэ үү?

Миний хувьд Pinterest-ийг тогтмол ашигладаг. Хамгийн сүүлийн үеийн трендийг ажиглаж, шинэлэг санаа цуглуулахад хамгийн тохиромжтой талбар. Мөн Issuu-г ажилдаа их ашиглана. Линкединээр дамжуулж нетворкинг хийдэг. Хэдий сошиал медиа дээр нэг их идэвхтэй биш ч ажлын шаардлагаар фэйсбүүк, твиттер, инстаграмыг ашиглаж байна.
Ажилдаа мөн Autocad, Sketch Up-ийг өдөр тутам ашигладаг.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Сайн төлөвлөх л цаг их хэмнэдэг юм шиг санагддаг. Хамгийн чухал ажлаа буюу хамгийн түрүүнд дуусгах ёстой зүйлээ мэдэж, түүндээ төвлөрвөл ажил хурдан урагшилдаг. Үүний дараа цаг гарвал хоёрдогч болон бусад зүйлс рүү анхаарал хандуулах зарчимтай.

Гэхдээ ажилд хандахдаа цаг хэмнэж яарахдаа биш, аль болох хангалттай цаг, хангалттай зүтгэл гаргаж байж чанартай бүтээл гараасаа гаргая гэж эрмэлздэг. Сайн санаа, шинэ санаа гаргахын тулд гүн төвлөрч, цаг зарцуулахаас өөр аргагүй болдог. Өөрийнхөө дуртай дууг тавиад, хажуудаа гоё цэцэг, ургамал тавиад ажиллахад илүү бүтээмжтэй ч ажиллаад байгаа юм шиг санагддаг.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Хийх ажлын жагсаалтаа гараараа бичиж, тэмдэглэх дуртай. Тэмдэглэлийн дэвтэр дээрээ хийх ажлуудаа өдрөөр, долоо хоногоор, сараар, жилээр нь төлөвлөж бичдэг.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Аливаа төсөл, ажлууд дээр консепт боловсруулах, санаа гаргахдаа илүү сайн гэж боддог. Миний толгойноос ургаж гарч байгаа санаа бүрийг онцгой, нандин гэж хүлээн авч, түүнийгээ цааш нь сайтар боловсруулж, анхаарал хандуулж ажилладаг.

Хувийн амьдралдаа бол бага цагт ихийг амжуулж чаддаг байж мэднэ. Өглөөдөө бясалгал, иог хийчихвэл тэр өдрийг өндөр бүтээмжтэй өнгөрүүлэхэд шаардагдах энергиэ авчихаж байгаа юм шиг санагддаг.

Таны хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Ямарваа нэг зүйлд баригдаж, янз бүрийн нөөцөд хязгаарлагдахгүйгээр задгай сэтгэж, галзуу санаа гаргаж, хамгийн бүтээлчээрээ байх боломжийг өгдөг нь манай ажлын гол онцлог. Өөр ажил хийгээд, тодорхой үүрэг хүлээгээд оффист сууж байсан бол яг л ингэх ёстой, тэгэх ёстой гээд баригдмал байх байсан болов уу гэж боддог.

Өөрийгөө олон талаар хөгжүүлэх боломж өгдөг нь сайхан. Өдөр бүр өөр өөр харилцагчтай уулзаж, тэдэнтэй ойлголцохын тулд сэтгэл зүйч шиг ажиллах хэрэг гарна. Аливаа хэлцэл, гэрээн дээр бизнесийн ухаан гаргах шаардлагатай. Тэгэхээр зөвхөн интерьер дизайнер, бүтээгдэхүүний дизайнераар хязгаарлагдахгүй олон төрлийн чадваруудыг эзэмших хэрэгтэй. Үргэлж л шинэ даалгавар, шинэ сорилтой учирч байдаг.

Интерьер дизайн ч гэлтгүй ер нь дизайн гэдэг зүйлийн ач холбогдол, утга учир, агуулгыг манайд дөнгөж одоо л ойлгож эхэлж байна. Манайхны урлагийн боловсрол харьцангуй сул учраас зарим үед ойлголцлын зөрүү үүсдэг талтай. Гэхдээ үүнийг асуудал гэхээс илүү өөрчлөлт хийх өөрөө хувь нэмэр оруулах ёстой ажил гэж ойлгодог.

Миссийн тэмцээнд оролцох болсон гол шалтгаан бол миний хүмүүнлэгийн ажлын санаа байсан юм. Энэ тэмцээнд маш олон хүн анхаарлаа хандуулдаг учраас бодож явдаг, хэрэгжүүлэхийг хүсдэг зүйлээ асар олон хүнд хүргэх боломжтой юм байна гэж харсан. Өмнө нь 10 хүнд л нөлөөлдөг байсан бол дэлхийн миссийн шалгаруулалтанд орсноор 3 тэрбум хүнд дуу хоолойгоо хүргэх завшаан олдож байна шүү дээ. Энийг ухамсарлаж, зөв зүйтэй санааг хүргэх нь миний үүрэг гэж ойлгож байгаа.

Хөрсний бохирдол сэдвийг би хүмүүнлэгийн ажил дээрээ хөндөж байгаа юм. Олон улсын байгууллагуудын анхаарлыг Монгол руугаа хандуулж, энэ эмзэг асуудал руу цаг алдалгүй "дайрч", өөрийнхөө хувь нэмрийг оруулахыг хүсэж байна.

Нөгөө талаар асар их ачаалал ирж байна. Угаас шахуу хуваарьтай байсан бол одоо бүр их ажлууд овоороод цагийн менежмент маань гологдоход ч хүрч байх шиг (инээв). Гэхдээ манай багийнхан шаргуу ажиллаж байгаа тул өөрөөсөө шалтгаалах зүйлүүд дээр л анхаараад явахад болохоор болсонд баяртай байна. Дараа дараагийн жилүүдэд ч туршлагатай, мэдлэгтэй нэг баг миссүүддээ туслаад, арын албыг нь хариуцаад явбал илүү амжилт гаргах юм байна гэж бодогдсон шүү.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Яг одоо "Дэлхийн мисс 2017" тэмцээндээ гол анхаарлаа хандуулаад явж байна. Видео танилцуулгадаа өндөр ач холбогдол өгч, санаандаа хүртэл сайн танилцуулга хийсэн учир одоо авьяас болон спорт төрлүүддээ илүүтэй анхаарч, төвлөрч байна. (Энэ ярилцлагыг түүнийг эх орноосоо мордохоос өмнө авсан болно) Бүх төрөл дээр Монголынхоо хамгийн шилдэг сайн мэргэжилтнүүдтэй хамтарч, тэдэнтэй зөвлөлдөн бэлтгэлээ базааж байна. Авьяас төрөл дээр л гэхэд бүжиг дэглээч Сүхбаатар ахтай хамтарч байна. Өдөр бүр хөлөө хөхөртөл, ядрахаа мэдэхгүй л бэлтгэл хийж байна даа. Ерөөс энэ жилийн миний дэлхийд өгөхийг хүсэж байгаа мессеж бол монголчууд гэдэг байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой, байгаль дэлхийгээ эрхэмлэн хүндэтгэдэг үндэстэн. Тийм ч учраас дараагийн үедээ эх дэлхийгээ байгаа чигээр нь үлдээхэд анхаарлаа хандуулахыг уриалж байна гэсэн санаа юм.

Мультимедиа миссийн шалгаруулалтанд бас нэлээд анхаарч байгаа. Олон нийтийн санал асуулга гэсэн үг л дээ. Миний хувьд өөрөөс шалтгаалах зүйлс болох сошиал контентууд оруулах, олон нийтэд мэдээлэл цаг алдахгүй хүргэхдээ ихэд анхаарч байгаа. Өнгөрсөн жил монголчууд маань бүгдээрээ нэгдэж ямар амжилтанд хүрснийг дэлхий нийт харсан учир энэ жил ч дахиад энэ санаачилга, эв нэгдэлтэй байдлаараа өндөр амжилт үзүүлэх байх гэж найдаж байна.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Ажиллаж байх үедээ классик хөгжим сонсдог. Өглөөг мантра сонсож эхлүүлдэг. Тэр өдрийнхөө эрч хүчийг авчихаж байгаа юм шиг л санагддаг юм. Чөлөөт цагаараа бол сэтгэл санааны байдлаасаа хамаараад янз бүрийн хөгжим сонсоно доо. Ф.Синатра, The xx-ийг онцолъё.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Өдөр тутам байнга уншдаг гэвэл, "Гэгээрлийн зам" номыг нэрлэнэ. Би бурханы шашинтай хүн. Шүлэглэсэн хэлбэрээр бичигдсэн энэ номонд хүнийг яаж өөрийнхөө илүү сайн хувилбар байх вэ гэдгийг чиглүүлж өгдөг юм. Ямар нэгэн асуудал тулгарсан, эргэлзсэн, хэцүү үедээ уншихаар тэр байдлаас хэрхэн гарахыг зааж өгсөн мөр заавал олдоод байдаг нь гайхалтай шүү.

Ширээний ном гэвэл С.Ковигийн "Ажил хэрэгч хүний долоон дадал". Энэ номонд дурдсан бүхнийг өөртөө дадал болгох гэж хичээж явдаг. Хамгийн сүүлд "Mindset" гэж ном уншсан. Яаж байгууллага удирдах вэ, яаж хүмүүст санаагаа ойлгуулах вэ гэдэг дээр чухал санаануудыг олж тэмдэглэсэн шүү.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Ер нь бол нээлттэй талдаа байх. Гэхдээ дуугүй хүн. Хэрэгтэй үедээ, ярих юмаа л ярихыг эрмэлздэг.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Энгийн үедээ зөв цагтаа унтаж амрахыг хичээдэг. Орой 11-ээс өмнө унтаж, өглөө 8-аас өмнө босохыг хичээдэг. Гэхдээ ажлын ачааллаас болоод байнга энэ дэглэмээрээ явна гэж байдаггүй.

Одоо ч гэсэн 12-оос хэтрүүлэхгүй унтаж амарч байхыг эрмэлзэж байгаа. Яг дэлхийн миссийн тэмцээний үеэр бол тухайн өдрийн арга хэмжээ шөнө 12 цагт дуусаад, өглөө эрт 5, 6 цагт босох шаардлага гардаг юм билээ.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Чөлөөт цагаараа байгальтайгаа аль болох ойрхон байхыг хичээдэг. Уул руу гарч иог, бясалгал хийх дуртай. Зав гарвал усанд сэлнэ. Ажлын өдрүүдээр ихэнх цагаа оффистоо өнгөрүүлдэг учир амралтын өдрөө гэртээ зүгээр л тааваараа байж өнгөрүүлэх дуртай.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Төрөл бүрийн юмнаас л авна даа. Хааяа зүгээр гудамжинд явж байгаад гоё сонирхолтой гэрэл сүүдрийн зохиомж харахад л шинэ санаа төрөх нь бий. Уншсан номоосоо гоё мөр, гоё эшлэл олж харахад сайхан сэтгэгдэл төрнө.

Ер нь хүний таван мэдрэхүйгээрээ хүртэж мэдэрч буй бүхэн далд ухамсарт хадгалагдаж, ирээдүйд гаргах шийдвэр, ажилд нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж би итгэдэг. Тийм ч учраас үзэх кино, сонсох дуу, унших номоо болгоомжтойгоор сайн судалж байж сонгохыг боддог.

Мэргэжлийн хувьд япон артистуудын дизайн их таалагддаг. Кенго Кунма, Тадао Андо зэрэг уран бүтээлчдийн санаа өвөрмөц, дахин давтагдаагүй санагддаг шүү.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Аав ээж маань намайг урмын үгээр дутаалгүй өсгөсөн гэж боддог. Бага байхаас л чи чадна, чиний хүсэл бүгд биелнэ, бодсондоо хүрч, зорьсноо хийж чадна гэсэн сэтгэлзүйг суулгасан. Үргэлж л намайг өндрөөр үнэлж, урам зоригоор тэтгэдэг юм. Ээжийнхээ амны бэлгээр хүн амьдардаг гэдэг дээ, тэдний минь итгэл, надад өгсөн урам өдий болтол намайг урагшлуулж, эерэг нөлөө үзүүлж байна гэж ойлгодог.

Би ааваасаа үргэлж суралцахыг хичээдэг. Аав маань сэтгэлийн хаттай, өөдрөг хүн. Аливааг үргэлж сайн талаас нь хардаг, ямар ч саад бэрхшээлийг тоолгүй зорьсондоо хүрдэг хүн байдаг юм. Тэр зан чанараас нь суралцаж, аль болох өөртөө шингээхийг хичээж явдаг даа.

Залуу мэргэжилтнүүдэд хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Хийж байгаа ажил, ирээдүйн төлөвлөгөөнийхөө сэдлийг л зөв тодорхойлоорой гэж хэлмээр байна. Сэдэл нь зөв байж л амжилтанд хүрнэ гэж боддог. Зөв сэдлээр эхлүүлсэн, хийсэн ажил амжилтанд хүрдэг. Бизнес эхлүүлж байгаа бол зөвхөн мөнгө, ашгийг урьтал болголгүй үр нөлөөг нь давхар бодож байвал илүү амжилт хүлээж байгаа гэж итгэдэг дээ.

Та энэ буланд хэнийг санал болгож ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

Үлгэр дууриал болсон хэн нэг эмэгтэй лидерийг урьж оруулаасай гэж хүсэж байна.

Гэрэл зургийг Б.Батзаяа (Зак)

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.