Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   01 сарын 01, 2018

2018 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд

Шинэ оны эхний нийтлэлээ бид энэ онд дэлхийн дахинд ихээхэн хүлээлт үүсгэж буй үйл явдлуудад зориулж байна. Монгол улсын хувьд сонгуульгүй харьцангуй тайван жил болох учиртай. Энэ л үед амжиж бүтээн байгуулалтын ажлуудаа дориухан урагшлуулахыг манай дотоодын нөхцөл байдал шаарддаг. Шинэ ерөнхийлөгч, шинэ ерөнхий сайд маань хэрхэн ажиллахыг монголчууд бүгд хүлээж байгаа билээ. Ингээд таамаглахад хэцүү дэлхийн улс төр, олон улсын харилцааг орхиод бусад голлох салбаруудад болох үйл явдлуудыг хураангуйлснаа хүргэе.

Технологийн ертөнц 2018 онд

Сансрын аялал энэ жил бодит болох учиртай. Элон Маскийн SpaceX 2018 он гэхэд 2 энгийн иргэнийг сар луу аялуулах зорилготой хэмээн мэдэгдсэн. Гэхдээ Цахиурын хөндийн өөр нэг амбиц дүүрэн стартап Moon Express энэ жил сансарт газардаж, сансрын аяллыг энгийн хэрэглээ болгохоо амлаад байгааг мөн дуулгая. Мөнгөтэй байхад мөрөөдлөө биелүүлэх амархан болох нь.

Tesla-ийн хүлээлт дагуулж буй цахилгаанаар ажилладаг ачааны машин борлуулалтаа эхлэх төлөвтэй байна. Тэдний гол өрсөлдөгч NIO хоёр дахин хямдхан ч хүчин чадлаар дутахааргүй цахилгаан машинаа худалдаанд гаргах ёстой. Цахилгаан машин байтугай жолоочгүй машинууд анх удаа энгийн хэрэглээнд нэвтрэх жил 2018 байх болно.

Биткойны үнэ хаа хүртэл өсөх нь жил дамнан олны анхаарлын төвд байх нь гарцаагүй. Олон улс орнууд, томоохон институтууд бүгд энэхүү цахим мөнгөн тэмдэгт рүү анхаарлаа хандуулж, илүү тодорхой нөхцөл байдал үүснэ байх хэмээн бид найдна.

Хиймэл оюуны потенциал биднийг хаашаа хөтлөхийг тааж мэдэхгүй нь. Бидний төсөөлөөгүй байгаа олон боломж руу энэ технологи хөтлөх нь эргэлзээгүй. Зүйлсийн интернет буюу ухаалаг төхөөрөмжүүдийн эрин үед биднийг ангайлгасан олон бүтээгдэхүүн гарах нь гарцаагүй. Гэхдээ энэ жил заавал анхаарлаа хандуулах ёстой технологи бол AR байх ёстой. Facebook, Snapchat, Instagram зэрэг бидний өдөр тутамдаа хэрэглэж буй сошиал платформууд шинэ боломж, нэмэлтүүдийг AR дээр тулгуурлан бүтээхээр зэхэж байна.

Moon Express сансрын аяллыг бодит биелэл болгоно.

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

21st Century Fox-ийг авсан худалдан авалтаараа Hulu-г эгнээндээ нэгтгэсэн Disney онлайн стримингийн зах зээлд Netflix-тэй шууд өрсөлдөх болж байна. Энэ жил зөвхөн өөрсдийн контент бүхий платформыг танилцуулахаа зарласан нь Disney-г улам ч хүчирхэг харагдуулж байна. Контентийн зах зээлд Apple, Google, Facebook тэргүүтэй технологийн салбарын томчууд хүч түрэн орж ирж буй энэ үед Netflix, Disney хоёрын өрсөлдөөнөөс зөвхөн хэрэглэгчид хожих учиртай.

Apple энэ жилдээ багтаан түүхэн дэх анхны 1 триллион долларын зах зээлийн үнэлгээтэй компани болно. iPhone X болон iPhone 8-ийн борлуулалт үүний гол тулгуур болох учиртай. Гэхдээ бизнесээ эмийн худалдаа, цахим сурталчилгаа, биет дэлгүүр зэрэг шинэ чиглэлээр өргөтгөж буй Amazon тэдний гол өрсөлдөгч байх төлөвтэй байна. Ж.Бэйзос энэ жилийн эцэст ч дэлхийн хамгийн баян хүний статусаа хадгалж, 100 тэрбумаас илүү хөрөнгөтэй болох магадлал өндөр.

Дэлхий нийт анх удаа "орхигдсон тив" Антарктид руу аялах боломжтой боллоо. 2018 оноос эхлэн түүхэнд анх удаа Аргентиний нийслэлээс Антарктид руу долоо хоногт нэг удаа нисэх боломжтой болж байгаа гэнэ. Аргентиний төрийн өмчид LADE авиа компани 3300 км-ийн энэхүү аяллаар шинэ арилжааны боломжийг нээнэ гэж найдаж байна.

Хятадын технологийн компаниуд дэлхийн хэмжээнд үнэлэгдэх жил байж мэднэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Ofo, Mobike зэрэг дугуй түрээсийн стартапууд дэлхийн олон хотод өргөжиж, Tencent, Alibaba зэрэг томчуудын нөлөө ч улам өссөөр. Xiaomi, Huawei зэрэг төхөөрөмж үйлдвэрлэлийн фирмүүд Америкийн зах зээлд хүч түрэн орж ирж, Samsung, Apple-ийн ноёрхлыг таслахыг хүсэж байна.

Оцон шувууд ихээр суурьшсан Марамбиод жуулчид ихээр ирснээр уг амьтдын үнэ цэнийг улам нэмэгдүүлнэ гэж эрдэмтэд найдаж байна.

спортын ертөнц 2017 онд

Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон өвлийн олимпийн наадам 2-р сарын 9-нд БНСУ-ын Пёнчан хотноо нээлтээ хийнэ. Солонгосын хойг дахь тодорхойгүй байдал болон өвлийн спортын хамгийн хүчирхэг гүрэн Орос улс допингийн асуудлаас үүдэн оролцохгүй болсон зэрэг нь олимпийн наадмын нэр хүндийг бууруулж буй боловч дэлхийн шилдгүүд энд цуглаж, хамгийн шилдэг үзүүлбэрүүдээ толилуулах болно.

Ирэх зуны турш дэлхий нийт хөлбөмбөгөөр амьсгалах болно. 6-р сарын 14-нд ОХУ-д 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ нээлтээ хийж, дэлхийн шилдэг 32 улс алтан цомын төлөө өрсөлдөнө. Аваргаа хамгаалагч Германы шигшээгийн эсрэг зогсох олон хүчтэй баг, олон шүтээн тоглогчид хойд хөршийг зорино.

Цахим спортын ертөнц магадгүй хамгийн онцгой бөгөөд чухал жилээ угтан авч байна. NBA, FIFA зэрэг олон улсын томоохон холбоод, лигүүд и-спорт руу анхаарлаа хандуулж, мэргэжлийн клубүүд өөрсдийн багаа үүсгэн байгуулж, илүү их мөнгө зарцуулагдах боллоо. 2018 оны Азийн наадамд цахим спорт багтсан нь ч үүний баталгаа.

Дүрмээ өөрчилсөн Тур Де Франц алдсаар буй нэр хүндээ эргүүлж авч чадах уу? Голден Стэйтийг зогсоох хослол NBA-д үнэхээр байна гэж үү? Пепийн Сити, супер баян ПСЖ Европт ноёрхоно гэж үү? Федерер, Надалийг зогсоох теннисчид одоог болтол гарахгүй байна гэж үү? зэрэг олон асуултын хариу бидэнд тодорхой болох он айсуй.

Бидэнд хамгийн ойртсон энэ том тэмцээнийг олон монголчууд зорьж үзэхээр төлөвлөж байгаа биз ээ.

энтертэйнмент ертөнц 2018 онд

Марвелийн ертөнцийн баатруудын оргил цуглаан Marvel: Infinity Wars энэ жил нээлтээ хийнэ. Үүгээр ч зогсохгүй Black Panther ч бүрэн хэмжээний бүтээлээр бидэнтэй учрах болно. Хүлээлт дүүрэн байгаа Jurassic Park, The Incredibles, Ocean's, Fifty Shades-ийн шинэ ангиуд олон нийтэд хүрэхээр байгаа нь нь киноны хорхойтнуудыг баярлуулж буй нь тодорхой.

Телевизийн цувралын фенүүдийн хувьд ч таатай жил хүлээж байна. Жил хагас хүлээлгэсний эцэст Ж.Ноланы Westworld эргэн ирнэ. Хамгийн алдартай инээдмийн цувралуудын нэг Veep эцсийн улирлаа гаргаж, The Handmaid's Tale, Black Mirror-ийн шинэ ангиуд олонд хүрнэ.

Сүүлийн жилүүдэд гарсан хамгийн амжилттай анимэйшн Frozen мюзиклээрээ Бродвэйд тавигдах гэж байна. Тэгвэл түүнийг бүтээгч Pixar-ийг амжилтанд хүргэсэн гол уран бүтээл Toy Story-ийн ертөнц Disney World-д нэгдэх болно. Энэ зун хүүхэд багачуудыг соронзон мэт татах учиртай Toy Story Land нээлтээ хийх юм.

5-р сарын 19-нд Британийн ард түмэн баяр хөөрт умбаж, хунтайж Харригийн хуримыг тэмдэглэнэ. Орчин цагийн Америк мөрөөдлийн бэлэг тэмдэг болсон жүжигчин М.Маркл болон Харригийн хурим сүр хүч дүүрэн байх нь гарцаагүй. Ингээд дуусахгүй, хунтайж Уиллиам болон гүнж Катерин нар 4-р сард гурав дахь хүүгээ хүлээж буйг танд дуулгая.

Төгсгөлд нь, "уламжлалт ёсоор" Жорж Мартин дэндүү удаан хүлээлгэж буй "Гал, мөсний дуун" цувралынхаа шинэ дэвтрийг гаргах болов уу гэсэн асуултаар энэ хэсгээ өндөрлөе.

2011 онд Хонгконгд нээгдсэн эхний үзвэрүүд ихээхэн өндөр рэйтингтэй байсан нь бүр том, илүү олон тоглоомтой паркийг байгуулах сэдэл болжээ.

30108   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.