Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   01 сарын 03, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Ийгл Ньюс ТВ-ийн ерөнхий продюсер Ж.Хулан

Манай ярилцлагын 2018 оны эхний зочин бол медиа салбарт амжилттай ажиллаж буй залуучуудын төлөөлөл Ж.Хулан. 25 настайдаа Монголын анхны мэдээгээр төрөлжсөн суваг Ийгл Ньюс ТВ-ийн ерөнхий продюсер болж байсан тэрээр өдгөө тус телевиз болоод Eagle.mn сайт, "Үндэстний Тойм" сэтгүүл, Ийгл ФМ, Ийгл Ньюс Сошиал-ийг багтаасан Монголын Медиа Корпорацийн ерөнхий продюсерээр ажиллаж байгаа юм. Зочин маань Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Лондоны Их Сургуулийг сэтгүүл зүйгээр дүүргэсэн бөгөөд урьд нь "Өнөөдөр" сонин болон ХУИС-д сэтгүүл зүйн багшаар ажиллаж байв. Ингээд Монголын хамгийн том медиа сувгуудын нэг, мэдээллийг бүхий л сувгаар бүрэн зураглан хүргэх зорилготой Монголын Медиа Корпорацийн редакцийг тэргүүлж буй түүний ажлын арга барилтай танилцъя.

Байршил: Монгол, Улаанбаатар
Албан тушаал: Монголын Медиа Корпорацийн ерөнхий продюсер
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Олон юмыг зэрэг амжуулах
Хэрэглэдэг гар утас: iPhone 6
Хэрэглэдэг компьютер: HP EliteBook
Сошиал хуудас: @KhulanJ (Твиттер), Khulan Jugder (Medium), Khulan Jugder (ЛинкэдИн)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Манай редакц өнгөрсөн намраас "интерактив мэдээний өрөө" гэдэг шинэ консепт руу шилжсэн. Өмнө нь "Ийгл Ньюс ТВ", "Үндэстний Тойм" сэтгүүл, Eagle.mn вэбсайт, сошиал медиа зэрэг маань тус тусдаа редакцтай байсан юм. Бид энэ редакцуудаа нэг болгоё, энэ мэдээ танайх, энэ контент манайх гэлгүй, аль нэг нь мэдээгээ түрүүлж хүргээд, дараа нь тал талаас нь харуулдаг болъё гэсэн бодлого гаргасан. Тийм болохоор, мөн ерөнхий продюсерийн хувиар редакц, хүний нөөц, маркетинг гээд бүх л хэсэг рүүгээ орж ажиллах шаардлагатай байдаг тул юм юм руу үсчиж орсон л хүн байдаг юм. Ер нь ч би өөрөө олон юмыг зэрэг амжуулах сонирхолтой.

Медиа дандаа хүмүүстэй, хүмүүсийн дунд ажилладаг болохоор шуурхай харилцаатай, түргэн хэмнэлтэй ажиллах шаардлагатай. Нөгөө талаас шинэ санаа бодож олох, бичиг цаас дээр суух зэрэгт төвлөрч ажиллах ёстой байдаг. Тэгэхээр холимог арга барилаар ажилладаг гэж болох байх.

Ажлын өдөр маань өглөө 8.50-д оффистоо ирээд, өдрийн шуурхайгаа хийхээс эхэлдэг. Редакцаараа сууж тухайн өдөр анхаарал татаж буй сэдэв, үйл явдлыг тодорхойлоод тус тусын ажилдаа орцгооно доо.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Бүх ажлаа Google Drive дээр явуулдаг. Утасныхаа Note дээр юм тэмдэглэнэ. Инстаграм, Твиттерээ бол байнга шалгадаг. Хааяа өөрийн бичвэрийг Medium дээр тавьдаг. Spotify-оор хөгжим сонсоно. Сүүлийн үед подкастууд нэлээн сонсдог болоод байгаа. BBC Conversation, BBC Media Show, HBR Ideacast зэрэг сувгуудыг сонсдог. За тэгээд бүх л төрлийн чат апп бий. Гэхдээ ажлын цагаар чатаар ажил ярихаас илүүтэй редакцийнхаа заал руугаа гараад, ажлынхантайгаа шууд нүүр тулж яриад явчих нь дээр байдаг. Ид ажлын цагаар өрөөндөө тогтож суух нь ховор.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Манай ажил цаг хэмнэхдээ биш цаг үетэйгээ зэрэгцэж явахад гол утга нь оршдог. Хүнтэй уулзах, хурал хийх, бичгийн цаасны ажилд бол сайн бэлтгэлтэй орох нь цаг хэмнэдэг. Би хүнтэй уулзахдаа эхлээд үр дүн, гол асуудлыг нь тодруулаад, дараа нь нарийн деталь зүйлсийг тодруулахыг эрмэлздэг юм. Энэ нь бас цаг хэмнэдэг болов уу.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Утасныхаа Note дээр. Мөн ажлын ширээн дээрээ хэд хэдэн бичгийн цаас тавиад, хийх ажлуудаа бичдэг. Ингэхдээ эргүүлж тойруулан зурж тэмдэглэх дуртай. Тийм болохоор бас самбар дээр нэлээн бичдэг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Бусад хүмүүс л хэлэх байх даа. Ойрын хүмүүс маань намайг юмны учир шалтгааныг эрэлхийлж, логикоор сэтгэхдээ дажгүй гэцгээдэг. Нэг юм боллоо гэхэд яагаад, ямар учраас гэж асуухыг урьтал болгодог болохоор тэр байх.

За тэгээд кофе чанах, хөгжим сонсох, кино үзэхдээ сайн юм болов уу (инээв).

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Би сургуулийнхаа сонинд ажилладаг, бүх арга хэмжээг хөтөлдөг, ФМ хөтөлдөг хүүхэд байсан. Гэхдээ олон улсын харилцаагаар суръя гэж бодож байгаад эцсийн мөчид сэтгүүлчээр сурахаар шийдэж байлаа. Сэтгүүл зүйгээр сурахгүй бол би хожим харамсах байх, бусад мэргэжлээр бол дараа нь сурчихаж болно шүү дээ гэсэн бодол харваж энэ мэргэжлийг сонгосон. Ингээд нэгдүгээр курсээсээ төгстөлөө "Өнөөдөр" сонинд дадлагажиж, хэрвээ надад сэтгүүлчийн сайн чанар бий бол түүнийг энэ сониноос олж авсан. Дараа нь Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульдаа үлдэн багшлахдаа мэргэжлийнхээ гүнд орж, утга учрыг нь улам эргэцүүлж, улам бүр дурласан даа. Тухайн үед Ройтерсийн сурвалжлагын баг Монголд ирэхэд тэдэнд дагалдан, мултимедиа сэтгүүл зүй гэдэг ойлголт бий болж байгааг ойлгоод, Англи руу сурахаар явсан юм. Англиас ирээд азаар Д.Бадамдаш захирал, нийтлэлч Д.Болдхуяг нартай танилцан, Ийгл Ньюс ТВ нь Монголын Медиа Корпораци болж өргөжин онлайн сэтгүүл зүйг гойд анхаарч эхэлсэн үе таарсан тул хүн нэг бүр нь мэдээ бэлтгэхийн төлөө зүтгэдэг энэ хамт олны нэг хэсэг болох завшаан тохиож байлаа. Ингэж л дурлаж сонгосон ажил мэргэжил маань юм болохоор би ажлаа ажил гэж бодож түүртдэггүй.

Аливаа асуудал, сэдвийг шийдвэр гаргагчдын сонорт хүргэж, нийгэмд эерэг нөлөөг авчрахын төлөө ажилладаг маань ихээхэн сэтгэл ханамжийг өгдөг. Жишээ нь манай ТВ сүүлийн хоёр жил хүчирхийлэл, хүний эрхийн асуудлаар байнга сурвалжлага, мэдээ бэлтгэж, бодлогод нөлөөлж чадсан. Бид бараг л энэ сэдвүүдийг телевизийнхээ нэрийн хуудас болтол шаргуу ажилласан байна.

Энд нэг зүйлийг тодотгон хэлэхэд, бидний ажил жинхэнэ багийн ажиллагаа байдаг. Би 20 жилийн түүхтэй телевизэд дөнгөж 25 настай ирж байлаа. Энэ олон жилийн хугацаанд Ийглийн өөрийн гэсэн школ, том суурь бий болсон байдаг. Мэргэшсэн, туршлагатай ийм л хамт олны дунд би сурсан багахан зүйлээрээ хувь нэмэр оруулах гэж ирсэн. Чадварлаг сэтгүүлч, уран бүтээлч олонтой байгууллагаасаа ихийг сурч хөгжиж байдагтаа баярладаг.

Хийж буй ажлын маань үр дүн, хариу үйлдэл хурдан гардаг нь бас манай ажлын нэг онцлог. Ийглээс хүмүүсийг ихийг хүлээдэг, тэр хүлээлтэд хүрч ажиллана гэдэг нэг талаараа сорилт болдог. Хүмүүс утасдаад энд гал гарч байна, танайх яагаад ирэхгүй байгаа юм бэ гэж загнах бол энгийн л үзэгдэл. Тийм болохоор ямар нэг юм болбол манайх тэнд л байх ёстой гэж өглөө сэрдэг дээ (инээв).

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

"Интерактив мэдээний өрөө" консептоо улам сайжруулах зорилготой ажиллаж байна. Том далайцтай ажил болохоор хийх юм их. Одоогоор бид 2 сар туршиж үзлээ, 2018 онд яаж сайжруулах вэ, яаж илүү сайн нутагшуулах вэ гэдгээ ид төлөвлөж байна.

Энэ ойлголтоо жаахан дэлгэрүүлж тайлбарлая. Мэдээ олон янз, хэзээ ч дуусашгүй. Бид мэдээг зүгээр л мэдээ хэлбэрээр нь хүргэх биш, мэдээг сэдэв болгон илүү өргөн хүрээнд, ул суурьтай хөндөхийг эрмэлзэж байгаа юм. Жишээ нь нэг сэдвийг сонгоод 7 хоногийн турш бүх талаас нь харуулахын тулд мэдээ сурвалжлага бэлдэх, хэлэлцүүлэг, ярилцлага хийх гээд төрөл бүрийн контент бэлдэнэ. Мөн мэдээг давтахаас айхгүй. Гэхдээ давтах бүртээ заавал шинэ мэдээлэл, нэмэлт (update) оруулах байдлаар хүргэж, өдрийн турш сэдвээ хөгжүүлнэ гэсэн үг юм.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Багадаа би хип хоп дуулдаг байлаа. Нэг хэсэг хамтлаг байгуулахдаа хүртэл тулж байсан шүү (инээв). Эминем, 2pac хоёрыг их сонсдог байсан маань англи хэл сурахад ч гэсэн эергээр нөлөөлсөн гэж боддог. Нэг хэсэг гэртээ хоолойгоо бичдэг, бийт зохиож, рэп хөгжим хийх гэж оролддог байсан. Эминем удахгүй шинэ цомгоо гаргах сурагтай, баяртай л байна.

Мөн инди рок хөгжимд адилхан дуртай. Хөгжмийн хоёр урсгалд үнэнч гэж болно. Сонсдог хамтлагууд гэвэл, XX, Beirut, Feist, Haim зэргийг дурдаж болно. Spotify дээр сонсох хөгжмийн жагсаалтаа нэлээн цаг зарцуулан байж гаргадаг. Бас орон орны соёлыг сонирхдог учраас афганистан дуучин, ливан хамтлагийн дуу ч миний жагсаалтад байж магадгүй. Найзууд маань Хулангийн утаснаас юу ч гарч ирж мэднэ гээд шоолдог юм.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Сүүлийн үед ном уншихаас илүү ном цуглуулагч болчихжээ. Унших цаг харьцангуй багассан ч хэд хэдэн ном эхлүүлээд зав чөлөөгөөрөө уншдаг. Би нэг сонин дадалтай. Ном, кино зэргийн эхлэл, дунд, төгсгөл хэсгүүдийг нь эхэлж гүйлгээд ерөнхий төсөөлөл авч, таалагдвал эхнээс нь детальчилж үзэж, уншдаг. Хэдэн цагаа юунд зарцуулахаа мэдэхгүйгээр харанхуй эхэлж түвддэггүй юм. Тэвчээргүй зантайн шинж юм болов уу (инээв).

Одоо "Running from Office", Хиллари Клинтоны "What Happened", "The True Story of Fake News" зэрэг номуудыг эхлүүлээд явж байна. "Running from Office" номд Америкийн залуу үе улс төрийг бохир хэмээн жигшиж, төрийн албанаас зайлсхийх болсон тухай, залуучуудын анхаарлыг эргээд нийгэм, улс төрийн амьдралд хэрхэн хандуулах талаар өгүүлдэг. АНУ-д 2008 онд яг иймэрхүү үзэгдэл болоод, дараа нь залуучуудын дунд томоохон судалгаа хийж байсан юм билээ. Энэ үзэгдэл манайд ч гэсэн газар авсан, өнгөрсөн сонгуулиар "Цагаан сонголт" хөдөлгөөнийг залуучууд эхлүүлсэн шүү дээ. Тэгэхээр бид залуу үе, дараагийн үеэ сайн судлах хэрэгтэй болж байна.

Энэ мэтээр сүүлийн үед улс төр, нийгмийн чанартай номуудыг нэлээд сонирхдог болж. Улс төрийг харилцаа холбоо (communication) гэдэг талаас нь харж судлахыг хичээж байгаа. Англид магистраа хамгаалахдаа ч үүнтэй холбоотой сэдвээр хийж байлаа. Хүмүүсийн интернэт, технологийн хэрэглээний зөрүүтэй байдал (digital divide) ардчилал, иргэдийн оролцоог бэхжүүлэхэд хэрхэн нөлөөлдөг талаар судалж байсан юм л даа.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Холимог гэж болно. Ажил дээр бол нээлттэй байхаас ч аргагүй. Ямар ч мэдээ байж болох учраас би бүх л дуудлагыг цаг үл харгалзан хүлээж авдаг. Өрөөний хаалга маань ч үргэлж нээлттэй. Харин хувь хүнийхээ хувьд хаалттай талдаа.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Ажлын өдрүүдээд шөнө 1 цаг гэж унтаад өглөөд 7.20-д босдог. Амралтын өдрүүдээр сайн унтдаг, унтах дуртай. Тийм болохоор замд машинд явахдаа жаахан ч гэсэн нойр авахыг хичээдэг. Маргааш нь бүтээмжгүй болчихдог болохоор нойроо алдан байж ажиллах дургүй.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Foodie буюу хоолны хорхойтон болохоор найзуудтайгаа кофе шоп, ресторанд суун гоё амттай хоол унд туршиж, юм ярьж суух дуртай. Зарим үед гэртээ хоол хийгээд найзуудаа урина. Бас аялах дуртай. Жилдээ очиж байгаагүй нэг газраа яаж ийгээд очихыг зорьдог. Аялахдаа тав тухыг эн тэргүүнд тавилгүй тухайн газар орны иргэдийн дунд орж, нийтийн тээврээр нь зорчиж, амьдрал, соёлтой нь ойроос танилцахыг хүсдэг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Товчхондоо хүмүүсээс. Жишээ хэлье. Нэг удаа таксидлаа, жолооч нь нэг эгч байв. Ороод суутал миний дүү машины хаалганд чихэр байгаа шүү, амсаарай гэж байна. Тэгснээ, гадаа хүйтэн байна гэх зэргээр ойр зуур яриа өрнүүлээд л. Ямар гоё хүн бэ л гэж бодсон. Үүн шиг хүмүүс ийм дулаахан, бие биедээ эелдэг байвал ямар гоё вэ гэж боддог. Хүмүүсийг харж, ажиглаж суухад урам авах, суралцах тохиолдол олон. Үе тэнгийн бүтээлч, хөдөлмөрч залуусаас мэдээж урам зориг авна.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Хамт олноо удирдах хариуцлага хүлээж аваад, хэдий өөртөө итгэж байсан ч дотроо сүрдээд "Захирал аа, би чинь жаахан ш дээ" гэхэд А.Амундра захирал "Хулаан чи чадна за юу, би 20 настай Боловсрол ТВ-ийн захирал болж байсан. Фронтод гарч өөрөө манлайл" гэж зөвлөх, загнахын дундуур хэлж байсан юм. Энэ үг надад их итгэл өгсөн. Фронтод манлайлж чадвал нас хамаагүй юм байна гэж бодох болсон доо.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Би нас залуу, бусдад зөвлөх хэмжээнд хүрээгүй байх аа. Энэ асуултад саяхан уншсан нэг үгийг хуваалцъя. Хиллари Клинтоны "What Happened" номын өмнөтгөл хэсэгт байсан юм:
"Хэрвээ чи ядарч байвал урагшаа тэмүүл.
Хэрвээ чи өлсөж байвал урагшаа тэмүүл.
Хэрвээ чи залхаж байвал урагшаа тэмүүл.
Хэрвээ чи эрх чөлөөнд хүрмээр байвал урагшаа тэмүүл" гэсэн байсан. Би тэмүүл гэх энэ үгэнд их дуртай. Хүн зорьсон зүйлдээ тууштай тэмүүлж чадвал ямар нэг үр дүнд хүрдэг гэдэгт итгэдэг.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Өмнө нь дандаа хэвлэл мэдээллийн өөр хэрэгслүүдэд ажиллаж байсан би телевизэд анх ороод, Херогийн Б.Баатар найруулагчтай багахан хугацаанд хамтран ажиллах завшаан таарсан юм. Богино хугацаа байсан ч уран бүтээлд "шунах", хүмүүсийн хэлдгээр тултал нь хийхийн төлөө тууштай, шаргуу хөдөлмөрлөдөг чанарыг нь биширч, юм хийх бол ингэж л ажиллах хэрэгтэй юм байна гэж бодсон. Нэг зэрэг олон бүтээлд төвлөрдөг, амьдрал нь ажил болсон харагддаг энэ хүний арга барил надад төдийгүй залууст сонин, бас үлгэр жишээ байх болов уу гэж бодож байна.

Гэрэл зургийг Х.Хантүшиг

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

63832   5


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.