7 Хоногийн Тойм   01 сарын 07, 2018

7 хоногийн тойм: Трампын том товчлуур + Зукербергийн оны зорилго + Дараагийн биткойны эрэлд

Ковер зургийн тайлбар: Дараачийн биткойны эрэлд: Etherium уу, Ripple үү?

Дэлхий дахинд

Солонгосын хойгийн хурцадмал байдал ирэх сард явагдах өвлийн Олимпийн наадамтай холбоотойгоор харьцангуй зөөлөрч, ахиц гарах төлөв ажиглагдлаа. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун шинэ жилийн үеэр ард түмэндээ хандан хийсэн мэдэгдэлдээ шигшээ багаа өвлийн Олимпийн наадамд оролцуулах боломжтой талаар дурдаж, хөрш улсдаа амжилт хүссэн нь олны анхаарлыг татсан. Улмаар БНСУ-ын талаас энэ асуудалтай холбоотойгоор шууд холбогдон уулзалт хийх хүсэлт тавьж, хоёр тал 1-р сарын 9-нд албан ёсны уулзалт хийх болсон нь сүүлийн 2 жилд хийж буй эхний хэлцэлд тооцогдох болно. Сонирхуулахад, АНУ болон БНСУ өвлийн олимптой холбогдуулан хамтарсан цэргийн сургуулилалтаа хойшлуулаад байгаа билээ.

BBC: Солонгосын хойгт ахиц гарав уу?

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын оны эхний жиргээ БНАСАУ-ын удирдагч руу илт дайрсан шинжтэй байлаа. Ким Жон Уны "ширээн дээр нь цөмийн бөмбөг хөөргөх товч байдаг" тухай ярьсанд эгдүүцсэн тэрээр өөрт нь "илүү том, илүү хүчирхэг" товчлуур байгаа тухай бичсэн нь олны эгдүүг хүргэв. Мөн тэрээр өөрийгөө сэтгэлзүйн хувьд тогтвортой-суут ухаантан хэмээн бичсэн нь ч дутахгүй шуугиан тарив. Түүний Цагаан ордон дахь эхний жилийн тухай сэтгүүлч М.Вольфийн ном худалдаанд гарч, ойрын зөвлөхүүд, хүүхдүүд нь хүртэл түүнд итгэл алдсан тухай бичсэн нь мөн олны анхааралд өртөөд байна.

NewYorker: Том товч-жижиг ерөнхийлөгч

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улс тун удахгүй "хуурамч мэдээний эсрэг" хуулийг батлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тэд хуурамч мэдээ түгээсэн вебсайт болон медиа байгууллагыг хандалтыг хязгаарлах, шаардлагатай бол торгох арга хэмжээ авах нь зайлшгүй хэмээн үзэж байна. Сошиал медиад тодорхой зорилготойгоор хэрэглэгчдийг төөрөгдүүлэх хуурамч мэдээ их хэмжээгээр цацагдаж, сонгуулийн үр дүнд нөлөөлсөн байж болзошгүй үйл явдал АНУ тэргүүтэй хэд хэдэн улсад ажиглагдсан нь тэднийг ийм төрлийн хууль батласан анхны улс болоход хүргэж байгаа юм.

Дэлхийн хамгийн хүчирхэг эрхмүүдийн нэгт тооцогдох болсон Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг уламжлал ёсоор энэ жилийн хувийн сорилоо зарлалаа. 2014 онд мандарин хэл суран, 2015 онд 25 ном уншиж, 2016 онд хувийн хиймэл оюунт туслах хөгжүүлсэн тэрээр 2017 онд Америкийн бүх 50 мужаар аялан, энгийн иргэдтэй уулзсан юм. Тэгвэл тэрээр энэ жил Фэйсбүүктээ илүү анхаарлаа хандуулж, хуурамч мэдээ, хориотой контент зэргийн эсрэг хүчин мөхөсдөж буй үйл ажиллагааны бодлогоо шинэчлэн, "засан сайжруулах"-ын төлөө ажиллана гэдгээ мэдэгджээ.

FB: Зукербергийн 2017 оны хувийн сорил юу байв?

Каталаны тусгаар тогтнолын төлөөх тэмцэл хөлбөмбөгийн ертөнцөд ч нөлөөлсөн бололтой. Өнөө цагийн дэлхийн хөлбөмбөгийн нүүр царай Лионель Месси хэрвээ Каталан тусгаар тогтнолоо зарлаж, Барселона клуб нь Ла Лигаг орхин, бусад Европын топ лигт ч тоглож чадахгүйд хүрвэл багаа "үнэгүй" буюу чөлөөт агентийн хувиар орхих тухай заалтыг гэрээндээ оруулсан тухай эх сурвалжууд мэдээллээ.

Олон нийт Трампын сэтгэл санааны байдалд санаа зовниж эхлэв

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

2017 онд Google Play болон App Store дээрх апп-уудын борлуулалт 35 хувиар өсөж, 58.7 тэрбумд хүрсэн тухай Sensor Tower мэдээллээ. Үүнээс 38 тэрбум нь App Store-д хийгдсэн гэнэ. Видео тоглоомын апп-ууд нийтдээ 35.5 тэрбум удаа татагдсан нь хамгийн сонирхолтой дүн байв.

ST: 2017 оны апп-ийн зах зээлийн тойм

Uber-ийн үүсгэн байгуулагч Трэвис Каланик өөрийн эзэмшиж буй хувьцааныхаа 29 хувийг зарахаар зэхэж байгаа гэнэ. Өнгөрөгч онд CEO-ийн албан тушаалаа хүлээлгэн өгсөн тэрээр өдгөө Uber-ийн 10 орчим хувийг эзэмшдэг бөгөөд хувьцаагаа зарснаар 1.4 тэрбум доллар олох боломжтой хэмээн Bloomberg тооцоолжээ. Сонирхуулахад, SoftBank энэ сардаа багтаан Uber-ийг 48 тэрбум доллараар үнэлэн, 14 хувийг нь худалдан авах хэлэлцээрээ дуусгахаар төлөвлөж байгаа юм.

Борлуулалт удааширч, зах зээлийн өрсөлдөөнд төдийлөн дасан зохицож чадалгүй, санхүүгийн хүнд байдалд ороод буй GoPro энэ сардаа багтаан 300 хүртэлх ажилтнаа үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсноо зарлалаа. Эдгээрийн дийлэнх нь дроны технологи хөгжүүлэгч албанд харьяалагддаг гэнэ.

Дэлхийн автомашины зах зээлийн лидерүүд Volkswagen болон Hyundai хамтран Aurora нэртэй стартапд хамтран хөрөнгө оруулж байгаагаа зарлалаа. Тэд автомат удирдлагатай машины технологи хөгжүүлэгч Aurora-ийн хамтаар 2021 он гэхэд жолоочгүй таксиг зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Aurora-ийн үүсгэн байгуулагч К.Урмсон Google, Tesla, Uber-т ажиллаж байв

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Цахим мөнгөний зах зээлийн багтаамж зогсолтгүй өссөөр байгаа энэ цаг мөчид биткойны дараах хамгийн алдартай криптовалют Etherium-ийн ханш анх удаа 1000 долларыг давлаа. Нийт зах зээлийн 13 хувийг эзэлж буй Etherium-ийн ханш 40 хувиар өссөн нь энэ юм. Сонирхуулахад Биткойн нийт криптовалютын зах зээлийн 32 хувийг эзэлдэг.

Хөгжмийн стриминг үйлчилгээ үзүүлэгч Spotify удтал хүлээлгэсэн IPO хийх хүсэлтээ гаргалаа. Тэд энэ оны эхний улиралд багтаан хувьцаагаа нээлттэй арилжаалж эхэлнэ. Өнгөрөгч долоо хоногт тэд 70 сая дахь төлбөрт хэрэглэгчээ угтан авсан нь гол өрсөлдөгч Apple Music-ээс даруй 2 дахин өндөр тоо болж байгаа юм. Сонирхуулахад, оны өмнөхөн Wixen Music Publishing тэднийг зохиогчийн эрх зөрчсөн хэмээн шүүхэд өгч, 1.6 тэрбум долларыг нэхэмжлээд байгаа юм.

Google Хятадын цахим спортын онлайн стриминг үйлчилгээ үзүүлэгч Chushou-д 120 сая долларын хөрөнгө оруулалт хийснээ зарлалаа. Хэдий үндсэн хайлтын систем нь тус улсад хориглогдсон байдаг ч Google өмнө нь 2015 онд хиймэл оюуны технологи хөгжүүлэгч стартап Mobvoi-д хөрөнгө оруулж байсан юм.

Салбарын тэргүүлэгчид болох Intel, AMD, ARM-ийн сүүлийн 20 жилд үйлдвэрлэсэн чипүүдэд гарсан Meltdown, Spectre нэртэй системийн алдаа ил болж, олон хэрэглэгчдэд мэдээллээ алдах эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа. Apple үүнийг баталж, бүх Mac болон iOS ашиглаж буй төхөөрөмжүүд үүнд өртсөн гэдгийг сануулан, апп-уудаа найдвартай эх сурвалжуудаас татаж, системээ апдэйт хийхийг санал болгожээ.

Өдгөө 34 настай швед энтрепренер Даниел Экийн үүсгэн байгуулсан Spotify 20 тэрбум доллараар үнэлэгдэж байна.

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

HBO өөрсдийн хамгийн амжилттай цувралуудын нэг Game of Thrones-ийн эцсийн буюу 8-р улирал 2019 онд нээлтээ хийнэ гэдгийг албан ёсоор зарлалаа. Цувралын сүүлийн улирлын 6 анги бүгд 80 орчим минутын буюу бүрэн хэмжээний киноны урттайгаар гарах ажээ.

Nintendo Switch Америкийн зах зээлд борлуулалтын түүхэн дээд амжилт тогтоолоо. Уг видео тоглоомын төхөөрөмж худалдаанд гарсан эхний 10 сардаа 4.8 сая ширхэг борлуулагдсан нь Wii-ийн тогтоосон дээд амжилтыг 800 мянгаар ахиулсан статистик болжээ. Ташрамд дурдахад, Switch хэрэглэгчдийн 55 хувь нь Super Mario Odyssei тоглоомыг худалдан авсан гэнэ.

90-ээд эхэн үеийн хамгийн алдартай хүүхэлдэйн киноны цуврал Animaniacs дэлгэцнээ эргэн ирэх гэж байна. Уг цувралын 99 ангийг Hulu ахин бүтээхээр төлөвлөж байгаа бөгөөд 2020 оны эхний улиралд нээлтээ хийнэ гэнэ. Animaniacs-ийн продюсерээр домогт найруулагч Стивен Спилберг ажиллах юм.

Алтан Бөмбөрцөг, Оскарын наадмын өмнөх томоохон сорилуудын нэгт тооцогддог Үндэсний Кино Шүүмжлэгчдийн Нийгэмлэг буюу NSFC-ийн оны шилдгүүдийг тодруулах ёслол болж өнгөрлөө. Тус наадмын оны шилдэг киногоор Lady Bird тодорч, найруулагч Г.Гервиг нь шилдэг найруулагчаар нэрлэгджээ. Get Out-ийн Д.Калуяа шилдэг эрэгтэй жүжигчнээр, The Shape of Water-ийн С.Хаукинс шилдэг эмэгтэй жүжигчнээр тус тус тодорсон байна.

Nielsen-ий тайланд дурдсанаар АНУ-д 2017 онд 149 мянган ширхэг кассет зарагдаж, 2012 оноос хойших дээд амжилтаа тогтоолоо. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 74 хувиар өссөн үзүүлэлт болсон юм. Кассетийн борлуулалт өссөн нь Guardians of Galaxy болон Stranger Things-ийн маркетингийн кампанит ажлуудтай шууд холбоотой гэнэ.

Алдалгүй унших арван мэдээ

Bloomberg: Хөрөнгийн зах зээлийн түүхэн долоо хоног
NYTimes: Анхны сансрын аяллын ахлагч 87 насандаа таалал төгслөө
Techcruch: Хэрэглэгчид өөрийн Instagram Stories-оо Whatsapp-даа шууд оруулж болно
Variety: Star Wars-ийн шинэ анги Хятадад "бүтэлгүйтэв"
Football Tribe: Коутиньогийн шилжилт Ливерпүүлд ямар нөлөө үзүүлэх вэ?
Recode: Твиттер яагаад Трампд хориг тавихгүй вэ гэдгээ тайлбарлав
The Verge: 450 настай муммигээс гепатитийн вирус олджээ
DW: Меркелийн эрин дуусаж байна гэж үү?
CNN: Лото тоглоод 559 сая долларыг хожив
VOX: Трампын сэтгэл зүйн байдал санаа зовоож эхлэв

14105   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.