Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   01 сарын 09, 2018

Эрч хүчтэй, эрүүл саруул амьдрахад туслах 5 апп

Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж эрүүл амьдрахыг хүсдэггүй хүн гэж байдаггүй байх. Гэхдээ хүн бүр фитнессд явах боломж үгүй, явлаа ч тууштай үргэлжлүүлэх нь хэцүү байдаг. Харин цаг зав, мөнгө бараг шаардахгүй өөр нэгэн сонголт байдаг нь фитнесс, эрүүл мэндийн апп юм. Өнөөдрийн нийтлэлд фитнесс, иогийн төвд явж байгаагаас ялгаагүй боломжийг олгох 5 апп-ыг танилцуулж байна.

1. NIKE+ TRAINING CLUB

Иог, хүчний гэх мэт 160+ төрлийн дасгалыг санал болгодог Nike+ Training Club апп-ийг хамгийн түрүүнд онцолж байна. Эдгээр дасгалуудыг аль булчинг хөгжүүлдэг, ямар тамирчны бэлтгэлийг дууриамаар байгаа гэх мэт ангиллаар шүүж болдог тул өөрийн хүсэж буй дасгалыг олоход хялбар. Мөн апп-ийг ашиглан өөрийн цаг зав, ахиц дээр тулгуурлан хувийн фитнесийн 4-8 долоо хоногийн төлөвлөгөө гаргах боломжтой. Эдгээр бүх дасгалууд апп дээр бичигдээд явах тул ахиц дэвшлээ хараад дүгнээд явж боломжтой. Нэмж хэлэхэд, Nike+ Run Club хэмээх таны гүйсэн замыг тэмдэглэж авдаг апптай хамт ашиглавал илүү цогц байж магадгүй. Хамгийн чухал нь Nike-аас гаргасан энэ апп бүхэлдээ үнэгүй юм.

Татах: iOS, Android

2. SWORKIT

Дасгал хийж амждаггүй, бэртэлтэй, хөгшин, залуу гэх мэт бүх хүмүүст зориулсан хэмээн өөрсдийгөө тодорхойлдог Sworkit нь олон жилийн турш фитнесийн аппууд дунд тэргүүлж ирсэн билээ. Апп-ийг суулгасны дараа чийрэг, булчинлаг, туранхай зэргийн аль нэгийг нь сонгож хэр хүнд дасгал хийхээ тохируулна. Ийнхүү таны 6 долоо хоногийн хөтөлбөр эхлэх ба аяллаар явж байсан ч өөртөө тохируулан тухайн өдрөө 5 минутын сунгалтын дасгал хийхэд хангалттай. Улмаар зарим нэг дасгалууд таалагдахгүй байвал хасаж хөтөлбөрөө өөрчилж болно. Sworkit нь үнэтэй болон үнэгүй хувилбартай бөгөөд улирлын 29,99$, эсвэл жилийн 59,99$-ыг төлөөд мэргэжлийн багшаас зөвлөгөө авах, нэмэлт дасгалуудыг үзэх, нарийвчилсан дасгалын хөтөлбөр гаргах гэх мэт боломжийг эдэлж болно.

Татах: iOS, Android

3. SEVEN

Seven буюу 7 minute workout хэмээх энэ апп нь хүмүүсийн дасгал хийдэггүй хамгийн түгээмэл шалтгаан болох дасгал хийх "цаг гардаггүй" асуудлыг шийдэхээр гарч ирсэн аж. 12 төрлийн дасгалыг 7 минутанд багтааж өдөр бүр хийх шаардлагатай ба хэрвээ 7 минутын турш үнэхээр сайн хийж чадсан бол 1 цагийн дасгал хийсэнтэй адил үр дүнтэй гэдгийг апп-ийн хөгжүүлэгчид шинжлэх ухааны баримтын хамт харуулжээ. Энэ апп-ийн гол онцлог нь тоглоом шиг гаргасан амжилтууд гэсэн хэсэгтэй. Үүнд 2 өдөр дараалан дасгал хийсэн, эсвэл хөлний дасгал анх хийсэн гэх мэт олон төрлийн амжилт багтана. Ингэснээр аппыг ашиглаж буй хүмүүст илүү урам зориг өгч чаддаг байна. Мөн тасралтгүй 7 сар дасгал хийх 7 сарын сорилт хэмээх хэсэгтэй.

Татах: iOS, Android

4. RUNTASTIC RUNNING & FITNESS

Дээрх аппуудтай адилхан таны нөхцөл дээр тулгуурлан 12 долоо хоногийн хөтөлбөрийг санал болгодог. Доторх Progress Pics гэх хэсэгт нь өөрийн зургийг авч, хөтөлбөрийн явцад хэр ахицтай яваагаа хараад явж болно.

Гэхдээ Runtastic нь Running & Fitness-ээс гадна Steps, Results, Balance Food Tracker, Leg Trainer гэх мэт маш төрлийн апптай тул эдгээртэй хослуулж хэрэглэхэд илүү тохиромжтой. Мөн үүнийгээ дагаад олон хэрэглэгчтэй тул бусад хэрэглэгчидтэй харилцан, хамтран дасгал хийх боломжийг олгодог. Хэрвээ фитнесийн статистик, анализ, дасгалаа хамгийн үр дүнтэй болгоход туслах хоол, амин дэмийн зөвлөмж болоод хувийн багш зэрэгтэй болохыг хүсвэл сарын 9.99$, жилийн 49.99$-оос сонгон үнэтэй хувилбарыг нь авах боломжтой.

Татах: iOS, Android

5. ASANA REBEL: YOGA AND FITNESS

Уламжлалт иог, фитнесстэй хослуулсан дасгалын хөтөлбөртэй энэ апп нь хүчтэй дасгал хийхийг тэр болгон хүсдэггүй хүмүүст тохиромжтой. Өдөр бүр богино болон урт 2 хичээлийг танд санал болгох тул өөрийн боломждоо тохируулан аль нэгийг нь сонгон хийх юм. Үнэгүй хувилбар нь нийт 5 урт хичээлтэй.

Цаанаасаа календарьтай тул өөрийн өнгөрсөн сар, жил хэр тогтмол хичээллэж байснаа харах боломжтой. Үүнээс гадна Profile хэсэгт нийт хэдэн цаг иог хийж, хэр их калорийг шатаасан гэх мэт статистикийг харуулсан байдаг тул ахиц дэвшлээ хянаад явахад хялбар.

Татах: iOS, Android

36063   1


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.