Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   01 сарын 11, 2018

МЭДҮҮШТЭЙ: Сошиал медиа маркетингийг илүү үр дүнтэй хийхэд туслах 7 судалгаа

Бидний нэг нэгэнтэйгээ холбогдох, мэдээлэл хуваалцах, тэр байтугай өөрсдийгөө "бүтээх" хэв маягийг сошиал медиа хэрхэн өөрчилж буйг харуулах шинэ шинэ судалгаанууд өдөр бүр гарсаар байдаг. Өнөөдөр бид, сошиал медиа дээр хийгдсэн эдгээр судалгаанаас биднийг илүү сайн маркетер болгох долоог нь хуваалцъя.

1. ПОСТЛООГҮЙ ОРХИСОН ЗҮЙЛС ХҮН БҮРТ БАЙДАГ

Бидний ихэнх нь пост бичсэн ч бусадтай хуваалцахаасаа тээнэгэлзэх, бичсэний дараа хурдан устгах тохиолдлуудтай тулгарч байсан. Үүнтэй холбогдуулан Фэйсбүүкийн зүгээс судалгаа хийсэн бөгөөд 17 өдрийн турш 3.9 сая хэрэглэгчийн сошиал медиагаар дамжуулан хийж буй үйлдлийг ажигласан байна. Судалгааны туршид нийт хэрэглэгчдийн 71 хувь нь дор хаяж нэг статус юм уу сэтгэгдлийг бусадтай хуваалцалгүй орхижээ. Дунджаар тэд 4.52 статус, 3.2 сэтгэгдлийг бичихээ больсон байна.

Судлаачдын үзэж буйгаар, бичигч нь тухайн пост юм уу сэтгэгдлийг унших хүмүүсийн талаар сайн мэдэхгүй байх буюу хэн болохыг тодорхойлох боломжгүй байх нь үүний гол шалтгаан аж.

Сургамж: Хэрэглэгчидтэйгээ илүү ойр харилцаж, холбоо үүсгэхийг хүсэж байвал дүр (persona) үүсгэх хэрэгтэй. Мөн хэрэглэгчдээсээ ямар нэг юм сонсохгүй байна гэдэг нь тэд сонсохгүй байгаа гэсэн үг биш юм шүү.

2. СЭТГЭЛ ХӨДЛӨЛ ОНЛАЙН ОРЧИНД ТАРХДАГ

Сэтгэл хөдлөл нэг хүнээс нөгөөд халдах чадвартай байдаг ч энэ нь онлайн орчинд адил үйлчилдэг эсэх дээр Калифорниагийн Их Сургуулийн баг судалгаа хийсэн байна. Тэд 2 жилийн турш 1 тэрбум гаруй фэйсбүүк постын сэтгэл хөдлөлийг ажигласан бөгөөд сонирхолтой үр дүн гарчээ. Бороотой өдрүүдэд хүмүүс илүү гунигтай постууд бичсэн бөгөөд энэ нь бусад бороогүй хотын хүмүүст нөлөөлж байсныг олж тогтоосон байна.

Энэхүү цаг агаарын мэдээллийг ашиглан тэд бороотой өдрийн гунигтай сэтгэл хөдлөл нь олон нийтийн сүлжээгээр дамжин бусдад халдаж байсныг илрүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хэлж, ярьж буй зүйл тэрүүхэн хооронд дэлхийн олон өнцөгт тархаж болно гэсэн үг юм.

Үүнийг гүнзгийрүүлэн Фэйсбүүк мөн судалгаа хийж нэгэн сайхан мэдээг дуулгасан нь эерэг сэтгэл хөдлөл сөрөг сэтгэл хөдлөлөөс илүү хурдан тархдаг нь тогтоогдсон байна. Нэг сөрөг пост 1.29 найз сөрөг пост бичихэд нөлөөлдөг бол нэг эерэг пост 1.75 пост бичихэд нөлөөлдөг аж.

Сургамж: Үргэлж гэрэл гэгээтэй мэдээлэл сошиал медиагаар цацахыг эрмэлзээрэй. Өөрийн хуудаснаас өгч буй мессежээ эерэг байлгахын сацуу хэрэглэгчдээ сэтгэл ханамжтай байлгаж тэдний сөрөг санал хүсэлтийг даруй шийдвэрлэж цаашид тархахаас сэргийлэх нь чухал.

3. ПРОФАЙЛ ЗУРАГ СЕКУНД Ч ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНД ТАНЫ ТУХАЙ СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭДЭГ

Хэрвээ зураг 1000 үгийг илэрхийлдэг бол сошиал медиа дээрх зөв зураг юугаар ч сольшгүй үнэтэй аж. Psychological Science сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанаас харвал бид хүмүүсийн талаарх дүгнэлтээ зургийг нь харснаас хойш 40 миллисекундын дотор гаргадаг байна. Судлаачид ижилхэн орчинд авсан хэдий ч өөр нүүрний хувиралтай зургуудыг хүмүүст үзүүлж зүс царай, ухаан, итгэлтэй, нээлттэй байдал зэрэг дээр үнэлэхийг хүссэн аж.

Үүнээс харахад нүүрний үл мэдэгдэх шахуу хувирал тухайн зургийг харах хүмүүсийн өнцгийг өөрчилж чаддаг байна.

Сургамж: Нэг их ач холбогдолгүй мэт байж болох ч таны бренд, байгууллагыг хамгийн түрүүнд сошиал медиад илэрхийлдэг зүйл бол профайл зураг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс аль болох тохиромжтой зургийг сонгон авахыг зөвлөе. Яг энэ тухай нэгэн блоггер зургаа сольсноор хандалт нь 35%-иар өссөн тухай эндээс уншаарай.

4. БИД АЛИВАА ЗҮЙЛСИЙГ ХУВААЛЦАХДАА ӨӨР ӨӨРӨӨР ХАНДДАГ

Ipsos хэмээх маркетингийн фирмээс гаргасан судалгаагаар сошиал медиа хэрэглэгчдийн 1/4 нь буюу 24% нь бүх зүйлсээ, эсвэл ихэнх зүйлсээ онлайн орчинд хуваалцдаг аж. Харин 19% нь огт юу ч дэлгэдэггүй байна. Эдгээр харьцаа нь улс, улсаар ялгаатай ч нийтлэг нэг хандлага ажиглагдсаныг Washington Post-ийн зүгээс тэмдэглэжээ. Хэтэрхий их зүйл сошиал медиагаар дамжуулж хуваалцдаг орнуудад Ази, Африк, Латин Америкийн орнууд багтаж байсан бөгөөд эдгээр бүс нутагт интернэтийн тархалт харьцангуй бага юм. Харин бараг бусадтай хувийн амьдралаа хуваалцдаггүй хэсэгт интернэт хэрэглээний тархалт өндөртэй газрууд буюу Европын орнууд давамгайлж байсан аж.

Сургамж: Өөрийн зорилтот хэрэглэгчдийн сошиал медиа ашиглах зан төлөвийг тодорхойлж, түүнтэй уялдуулан контентоо бэлтгэж, үр дүнг хэмжих нь чухал юм.

5. сошиал медиа хариу үйлдэл нь хүмүүст sense of belonging төрүүлдэг

Кюнсландын их сургуулийнхан фэйсбүүк хэрэглэгч хэсэг бүлэг хүмүүст 2 янзын заавар өгчээ. Эхний бүлэгт байнга пост бичиж, идэвхтэй байхыг захьсан бол нөгөө хэсэгт зүгээр л Фэйсбүүкт идэвхтэй байгаа найзуудаа ажиглахыг хүсжээ. Ийнхүү 2 өдрийн турш огт пост бичээгүй зүгээр л ажиглаж байсан хүмүүсийн дунд хувийн амьдралд нь сөрөг нөлөө арай илүү байсан байна. Өөр нэгэн судалгаагаар оролцогчдыг сошиал медиад пост бичүүлсэн хэдий ч хэн ч тэдэнд хариу өгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ ч мөн тухайн хүмүүсийн сэтгэл зүйд болон хувийн амьдралд сөргөөр нөлөөлсөн байна.

Сургамж: Сошиал медиа хэрэглэгчид нь ямар нэгэн хариу үйлдэл, харилцааг хүсэмжилж байдаг. Тиймээс тасралтгүй контентоор булахын оронд заримдаа цаг гарган өөрсдийн хэрэглэгчидтэй бодит харилцаа үүсгэн, санал бодлоо солилцох боломж бий болгох хэрэгтэй.

6. МЭДЭЭЛЛИЙГ ХУВААЛЦАХАД СЭТГЭЛ ХӨДЛӨЛ НӨЛӨӨЛДӨГ

Хүнд уур, гайхашрал, баяр баясал гэх мэт хүчтэй сэтгэл хөдлөл төрүүлж чадсан контентийг хүмүүс хуваалцах нь илүү байдаг аж.

Жишээ нь, 2 бүлэг хүмүүсийн нэгэнд нь сэтгэл хөдлөл өдөөх бичлэг, нөгөөд нь аль болох тайван бичлэг үзүүлжээ. Эхний бичлэгийг үзсэн хүмүүс байрандаа ямар нэгэн хөдөлгөөн хийж байсан бөгөөд хоёр дахь бичлэгийн үзэгчид харин нэг их хөдөлгөөнгүй суусан хэвээрээ байжээ. Үүний дараа тэдэнд нэгэн нийтлэлийг үзүүлэн бусадтай хуваалцахыг хүсэж буй эсэхийг нь асуусан байна. Эхний бүлэг хүмүүс арай илүү хуваалцах хандлагатай байсан аж.

Үүнийг судалгааны ахлагч Бергер тайлбарлахдаа "Эхний бичлэгийн үзэгчдэд үүссэн сэтгэл хөдлөл нь лайк дарах эсвэл шэйр хийснээр гадагшаа гарч байгаа гэсэн үг юм." хэмээжээ.

Сургамж: Контентоо аль болох бусдад сэтгэл хөдлөл төрүүлэх талаас нь харж бэлтгэх хэрэгтэй. Тэдэнд хэрэгтэй буй зүйлсийг нь тайлбарлаж талархал төрүүлэх, эсвэл гайхалтай түүхийг өгүүлэн гайхашрал, баяр баяслыг бий болгоорой.

7. өөрсдийнхөө тухай хуваалцах хүслээр бид програмчлагдсан байдаг

Хүн бүр өөрсдийн тухай ярих дуртай байдаг. Бүр өөрийн эрхгүй бодол санаагаа бусадтай хуваалцах үе ч бий. Учир нь энэ үйлдэл бидний тархинд хоол болон мөнгөний бий болгодогтой ижил мэдрэмжийг төрүүлдэг байна.

Нэг судалгаагаар бүр хүмүүс мөнгө төлж өөрсдийн тухай ярихад бэлэн байдаг тухай тогтоожээ. Энэ бүхэн ч гэсэн сошиал медиад тусгалаа олдог бөгөөд бидний ихэнх постууд буюу 80%-ыг өөрсдийн амьдрал, туршлагатай холбоотой зүйлс бүрдүүлдэг аж.

Сургамж: Маркетерууд ч үүнийг хэрэглэгчийн түвшинд харж, байнга нэг талаас хэрэглэгчдийг мэдээллээр булахын оронд заримдаа илүү сонсож, хэрэглэгчдээ яриулах үйлдлийг хийх нь зүйтэй.


Эх сурвалж: Кортни Сейтер

15449   3


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.