Технологийн салбарын дэлхийн хамгийн том цугларалтанд тооцогдох CES 2018 өнгөрсөн долоо хоногт Лас Вегас хотноо явагдлаа. 1967 оноос эхтэй энэхүү наадмаас бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон CD, DVD, Xbox, IPTV, 3D Printer зэрэг олон бүтээгдэхүүн, төхөөрөмж, технологи анх танилцуулагдаж, олон нийтэд хүрч байсан түүхтэй. Дэлхийн инноваци, технологийн хамгийн үеийн шийдлүүдийн гэрч болж, айсуй ирээдүйг тольдох боломжийг олгодог энэхүү арга хэмжээний хамгийн онцлох үйл явдлууд, ажиглалтууд, бүтээгдэхүүнүүдийг бид та бүхэнд багцлан хүргэж байна. 

хүйсийн харьцаа асуудалтай хэвээр

Энэ жилийн CES-ийн гол хэлэлцүүлгүүдийн оролцогчид дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэт бага байсан нь санаа зовоосоор. Өмнөх жилүүдэд энэ шүүмжлэл маш хүчтэйгээр медиагаар цацагдаж байсан ч байдлыг өөрчлөх хэмжээнд хүрч чадаагүй л байна. Гол сэдвүүдийн илтгэгчид бараг бүгд эрэгтэй хүмүүс байсан нь нийт панелистуудын 20 хүрэхгүй хувь нь эмэгтэй байснаас харагдана. Сонирхуулахад, сүүлийн 11 жилд нийт 21 эмэгтэй гол илтгэлийг тавьсан гэнэ.

Гэхдээ нөгөө талаараа энэ нь технологийн салбарын бодит нүүр цараг харуулж байгаа ч хэрэг байж мэднэ. Манай Монголд ч нөхцөл байдал ялгаагүй байсаар байгаа билээ.

Apple огт үгүйлэгдсэнгүй

Стив Жобсын зөрүүд гэхдээ маш ухаалаг шийдвэрийн үр дүнд Apple CES эсвэл MacWorld зэрэг олон нийтэд зориулсан экспо-шоунд оролцохоо болиод удаж буй. Тэд өөрсдийн шинэ бүтээгдэхүүн, апдэйтээ бие даан зохиож, маркетингийн зориулалтаар илүү олон хүнд хүргэхийг илүүд үздэг болсон. Тэдний дараагаар Samsung, Facebook, Google ч ийм жишгээр эвентүүд зохион байгуулсаар буй. Гэхдээ CES-ийн үеэр Apple-ийн үйлдлийн систем, утас, падуудтай нийцсэн, тэдэнд зориулсан бүтээгдэхүүнүүд ихээр танилцуулагдаж, хэвлэлийн бага хурал, үзүүлэнгүүдээр Apple-ийн нөлөө мэдрэгдсээр байдаг байлаа.

Гэвч энэ жил тэгсэнгүй. Энэ жил эсрэгээрээ олонхи стартапууд Google Assistant, Amazon Alexa-д зориулсан, тэдэнтэй хослосон бүтээгдэхүүнүүдээ ил гаргав. Apple-ийн хэт өндөр шаардлага, төвөгтэй процедурууд програм хөгжүүлэгчдийг хангалттай зовоочихсон мэт сэтгэгдэл төрлөө. Илүү олон үйлдэлтэй болж, илүү ухаажсаар буй хувийн туслахуудын дайн энэ жилийн CES-ийн гол дүр байв. Цаана нь Microsoft-ийн Cortana, Apple-ийн Siri ч улам хөгжиж байгаа гэхээр дараагийн жилүүдийн технологийн салбарын гол тоглогчид чухам эд ч байж мэдэх төсөөлөл буув.

Google энэ жил маркетинг, ПР-даа ихээхэн ач холбогдол өгсөн нь энэ тэндгүй харагдах сурталчилгаануудаас нь харагдав. Тэд бүр өөрсдийн цогцолборыг байгуулсан байсан нь үзэгчдээс ихээхэн талархан хүлээлээ.

хачирхалтай бүтээгдэхүүнүүд нэмэгдсээр

Хүний санаанд оромгүй сонин, хачин бүтээгдэхүүнүүд үргэлжид л CES-ийн чимэг болсоор ирсэн. Хайрыг тань илчлэх ухаалаг хайрцаг, үсний чанарыг тодорхойлох машин, Wi-Fi-тай унтлагын хаалт, шөнө тэвэрч унтахад зориулсан ухаалаг дэрээс эхлээд интернетэд холбогддог ухаалаг дотуур хувцас ч байв. Зөвхөн тайчих үзүүлбэрээр мэргэшсэн робот хүртэл энэ жил үзэгчдийг баясгав. Гэхдээ аль нь ч таны цүнх, ачааг тань авч явах зориулалттай ухаалаг "түрдэг" тэргийг гүйцэхгүй байх. Өөрөө мэдрэгчтэй учир таныг мөргөхгүй, хаа явсан газар тань дагаж гарыг тань амарчлах энэ тэргийг та заавал түрэх шаардлагагүй :)

дэлгэцийн шинэ эрин эхэлжээ

Энэ жилийн онцлох бүтээгдэхүүнүүд нь яах аргагүй LG болон Samsung-ийн танилцуулсан шинэ зурагтууд байв. Samsung 146 инчийн хамгийн том зурагтаа танилцуулсан жинхэнэ утгаараа хүмүүсийн хорхойг хүргэж, олны нүдийг хужирлав. Харин LG утаснаас ч нимгэхэн OLED дэлгэц бүхий ханын зурагтаа танилцуулж, Google, Amazon-той холбосноороо цоо шинэ зах зээлийг нээж орхив.

Үүнээс гадна гэр ахуйн болон гал тогооны ухаалаг төхөөрөмжүүд ухаалаг туслахуудын ачаар улам бүр боловсронгуй болсоор байна. Угаалгын машин, хөргөгчнөөс эхлээд цайгаа уудаг аяга тань хүртэл интернетэд холбогдож, таны зааврыг хүлээн авч, дата боловсруулдаг болох цаг айсуй. Гэхдээ нэг л асуудал байна. Тэд хэт үнэтэй хэвээр л байна. Тиймдээ ч масс хэрэглээнд нэвтрэх цаг арай л болоогүй мэт.

Жолоочгүй машины технологи хүчийг авчээ

Тодорхой дүгнэлт байж мэднэ. Гэхдээ жолоочгүй машины зах зээл зөвхөн хувийн хэрэглээнээс гадна нийтийн тээвэрт, компанийн түгээлтийн хэрэглээнд ч хүчтэй нэвтэрч байна. Amazon-той хамтран ажиллах болсноо зарласан Toyota-ийн E-Palette үүний нэг жишээ. Явдаг сурталчилгааны самбар ч гэж хэлж болох хэрнээ бүрэн автомат удирдлагатай, хамгийн бага зардалтай мөн хүссэнээрээ өөрчилж янзалж болох боломжтой гэх энэ машиныг Pizza Hut лав ашиглахаар төлөвлөж байгаа гэнэ.

VR ТЕХНОЛОГИ ХЭРЭГЛЭГЧИД РҮҮ УЛАМ ОЙРТСООР

Хэдхэн жилийн өмнө CES-ийн хамгийн шинэлэг технологид тооцогдож, хүн бүрийн туршиж үзэхийг хүсдэг байсан эрэлт одоо ч VR тийш чиглэсээр. Виртуал орчинд зах хязгааргүй ертөнцөөр аялах боломжийг олгож буй энэ зах зээл улам бүр тэлж, улам бодит болсоор байгаа нь тодорхой болов.

Энэ жил Google Lenovo-той хамтран The Lenovo Mirage Solo-г танилцуулсан нь ихээхэн хүчирхэг төхөөрөмж болжээ. HTC-ийн Vive Pro-ийн шинэ хувилбар ч гэсэн хамаагүй сайжирсан байна. Oculus тэргүүтэй олон төхөөрөмжүүд энэ зах зээлд өрсөлдөж байгаа нь чанар, гүйцэтгэлийг улам бүр хурдасгаж, хэрэглэгчдэд эерэг нөлөө үзүүлж байгааг онцлох хэрэгтэй.

NVIDIA-ИЙН ТЭСРЭЛТ + Project Linda

Хэрвээ нэг компани онцолж, энэ жилийн хамгийн шилдэг оролцогчоор тодруул гэвэл маргаангүй NVIDIA-г нэрлэхээр байлаа. NVIDIA жолоочгүй машинд зориулсан чип бүтээснээ зарласан нь онцлох мэдээ байлаа. Тэд аль хэдийн 320 гаруй хамтрагчидтай болоод амжсан нь энэ төрлийн технологийн эрэлтийг илэрхийлсэн баталгаа байв. Мөн тэд тоглоомчдод зориулсан дэлгэц танилцуулсан нь тун сонирхолтой байв. 4К нягтаршилтай 65 инчийн дэлгэц нь мэргэжлийн тоглоомчдын хамгийн гол сонголт болох нь тодорхой биз ээ.

Тоглоомчдод зориулсан өөр нэг бүтээгдэхүүнээ Razer зарласан нь Project Linda байлаа. Project Linda бол гар утсаа лаптоп болгон шилжүүлэх боломж. Гар утсаа лаптопны дэлгэц, гар болон хулганатай холбож, илүү том дэлгэцэн дээр илүү ихийг амжуулахыг санал болгож байгаа гэж ойлгож болно. Энэ жилийн хамгийн онцлох бүтээгдэхүүнүүдийн нэг яах аргагүй Project Linda байв.