Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   02 сарын 28, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Монос Косметикс ХХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Солонго

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг угтуулан бид өнөөдөр бизнесийн салбарт амжилттай яваа нэгэн залуу лидерийг урьж ярилцлаа. Тэр бол Монос Группийн харьяа Монос Косметикс ХХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Солонго. Хүний өдөр тутмын гол хэрэглээ болсон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг дотооддоо, монгол хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэдэг тус компани өдгөө 70 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийн 60 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд энэ амжилт түүнтэй салшгүй холбоотой билээ. Тэрээр 2004 онд АНУ-д Калифорни мужийн их сургуулийг дүүргэж, 2005 онд Англи улсад Нортвестийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалж ирээд, тус компанийн ерөнхий менежерээр ажлын гараагаа эхэлжээ. Үүнээс хойш гүйцэтгэх захирлаар 13 жил ажиллаад, хэдхэн сарын өмнө ТУЗ-ын дарга албыг хаших болсон юм. Энгийн байхыг эрхэмлэдэг Х.Солонго захирал хэрхэн ажилладаг вэ?

Байршил: Монгол, Улаанбаатар
Албан тушаал: Монос Косметикс ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монос Группийн ТУЗ-ийн гишүүн
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Нарийн төлөвлөлттэйгөөр
Хэрэглэдэг гар утас: iPhone 6
Хэрэглэдэг компьютер: Dell лаптоп, суурин Dell компьютер
Сошиал хуудас: Solongo Kh (фэйсбүүк)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Өглөө 9 цагт ажил дээрээ ирээд, сайхан кофе дэргэдээ тавьж 30 минутанд тухайн өдрийн ажлаа төлөвлөдөг. Ажлаа төлөвлөчихөөр сэтгэл санаа цэгцрээд, ажил гайгүй санагдаад ирдэг юм. Үдээс өмнө цөөнгүй хурал, уулзалтууд болно, ТУЗ-тай холбоотой мэдээллүүд авах, чиглүүлгэ өгөх гэх мэтийн ажлууд хүлээж байдаг. Одоогийн ажил маань надаас том зургаар харах, олон юманд анхаарахыг шаардаж байгаа. Үдээс хойш харин голдуу Монос Косметикийнхоо шинэ бүтээгдэхүүнүүд дээр ажилладаг. Хэдий би хүүхэд байхад мөрөөддөг байсанчлан эм зүйч болоогүй ч аливаа зүйлсийг хольж хутгах, туршилт хийх тун сонирхолтой, их сониуч хүн. Байнга л шинэ бүтээгдэхүүний санааг эрэлхийлж явдаг даа.

Арга барилын хувьд бусдадаа итгэл найдвар их хүлээлгэдэг. Удирдах ажилтан болоод удаагүй байхдаа ажилтнууд маань хийж чадах болов уу гэж санаа зовдог л байлаа. Харин одоо багийнхандаа бат итгэдэг. Хүн болгон төгс биш, алдсан ч түүнийгээ залруулаад явах боломжтой шүү дээ. Компани гэдэг хэн нэгэн хүнээс хамаарч болохгүй. Тэгэхээр багийн тоглолт л хамгийн чухал. Манай групп ер нь ажилтнуудынхаа өсөлт хөгжилд онцгой анхаарч, "Leaders of Tomorrow" академийг ажиллуулдаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Манай компани Facebook Workplace, WhatsApp-аар дотоод харилцаа холбоогоо явуулдаг. Мөн группийн ERP систем бий, түүнийхээ апп-ийг ашиглана. Хувьдаа бол Pinterest их ашигладаг юм байна. Тэндээс төрөл бүрийн мэдээлэл, зөвлөгөө авна. Сошиал медиад бол нэг их идэвхтэй биш. Хөгжим таньдаг Shazam-ийг мөн ашигладаг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Түрүүнд хэлсэнчлэн ажлаа сайн төлөвлөх л юм даа. Ажлаа ач холбогдлоор нь эрэмбэлж, төлөвлөлтөө хийчихвэл ажлуудаа, гэнэтийн юмнууд л гараад ирэхгүй бол, бараг алдахгүй дээ. Мөн туслах, жолооч хоёр маань миний ажлыг их хөнгөвчилдөг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Гар утасны Note дээр жагсааж бичээд, хийсэн зүйлсээ арилгаад явдаг. Дэвтэр бараг хэрэглэдэггүй, гараар бичих шаардлагатай бол бичээд утсаар зургийг нь авчихдаг юм.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Шинийг санаачлахдаа өөрийгөө сайн байх гэж боддог. Зохион бүтээгчдэд бол төрөл бүрийн зөвлөгөө өгнө шүү. Манай бүтээгдэхүүн болгон л ямар нэг хэмжээгээр миний санал бодлыг шингээсэн байдаг нь ихээхэн урам зориг өгдөг. Энд тэндээс олж харсан, тэмдэглэж цуглуулсан санаануудаа хэрхэн нэгтгэж, монгол хөрсөн дээр хэрхэн буулгах вэ, компанийнхаа соёлд хэрхэн нэвтрүүлэх вэ гэж их бодно.

Хувийн амьдрал дээр бол сайн ээж байхыг хичээж байна, суралцаж байна. Хүүхдүүд маань жаахан, хамгийн эгдүүтэй хөөрхөн үе дээрээ байгаа болохоор тэдэнтэйгээ аль болох их цагийг өнгөрүүлэхийг хичээдэг.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Косметикс буюу гоо сайхны бүтээгдэхүүний салбар эмэгтэй хүний хувьд үнэхээр гоё салбар. Ялангуяа үндэсний компанид бүх бүтээгдэхүүнээ анхнаас нь, тэгээс нь эхлэн бүтээж үйлдвэрлэнэ гэдэг үнэхээр амаргүй бөгөөд урамтай ажил байдаг. Бүтээгдэхүүнээ хийсэн хойноо борлуулна гэдэг бас нүсэр ажил. Үйлдвэрлэл маань түүхий эд, сав баглаа боодлоос эхлээд бүтээгдэхүүн болж эцсийн хэрэглэгчид хүрэх хүртэл бидний оролцоо маш их байдаг. Тийм ч учраас үүгээрээ манай хамт олон бахархдаг.

Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэдэг бүх орц, жор маш нарийн стандарттай. Асар их судалгаа шинжилгээ хийнэ, лабораторийн туршилтууд явагдана. Нэг л сөрөг үзүүлэлт илрэхэд эхнээс нь туршаад явдаг. Цаашдаа бид органик үйлдвэрлэлийг маш өндөр түвшинд хөгжүүлэхээр зорино. Органик гэхээр гар аргаар хийхтэй хутгаж ойлгож болохгүй, органик үйлдвэрлэлийг технологи, техникээр хийх боломжтой.

Хүний нөөц, улсын байгууллагуудын хүнд суртал гэх мэт жижиг асуудлууд бий ч туулаад даваад л гарах учиртай.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Энэ жил манай компани 15 шинэ бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөсөн. Зарим бүтээгдэхүүнээ шинэчилж гаргана. Ерөнхий технологич маань энэ жил Солонгост мэргэжил дээшлүүлж, их дээд сургуулийн судалгаа хөгжүүлэлтийн төвтэй хамтран, эдгээр шинэ бүтээгдэхүүнээ гаргах юм. Тэгэхээр бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажил дээрээ сайтар анхаарч байна.

Мөн удахгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр тохиох гэж байна. Бид энэ Мартаар бүсгүйчүүддээ шинэ бүтээгдэхүүнээр бэлэг барьж байгаа нь Perfumed гарын тос байгаа юм. Бид энэ бүтээгдэхүүн дээрээ зураач Б. Номинтой хамтран ажиллаж байгаа. Цаашдаа улам хөгжүүлээд явна даа.

МОНОС КОСМЕТИКСИЙН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ГЭВЭЛ?

Манай дэлхийн оюуны өмчийн газрын алтан медальт Биомон гүүний саам, барагшун, чацарганатай бүтээгдэхүүнийг мэдэхгүй хүн бараг байхгүй байх аа. Сүүлийн үед эрэлт хэрэгцээ ихтэй байгаа бүтээгдэхүүн гэвэл, сүүлд гарсан биомон болон гурамсан хандтай шампунь, чихэр өвсний хандтай шампунь, хонины сүүлтэй хүүхдийн тос зэргийг дурдаж болно.

Биоген үрчлээний эсрэг сет, биодерм батганы эсрэг бүтээгдэхүүн, санитас зэрэг бүтээгдэхүүнээ бас маш амжилттай зах зээлд байршуулсан гэж үздэг.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Яг ажиллаж байх үедээ сонсдоггүй. Олон уулзалт, хурлын дараа өрөөндөө ганцаараа суугаад хөгжим тавих дуртай шүү. Яг тухайлсан, илүү сонсдог төрөл жанр, хамтлаг дуучид гэж байхгүй дээ. Shazam апп-ийг ашиглаж энд тэнд сонссон дууныхаа нэр, дуучныг нь мэдэж аваад эргэж сонсох дуртай.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Ном унших дуртай. Гадагшаа явахаараа ном их цуглуулна аа. Сүүлийн үед маркетингийн номууд нэлээд авдаг болжээ. Яг одоо бол Иванка Трампын "Women Who Work" номыг уншиж байна.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Би өөрийгөө нээлттэй хүн гэж боддог. Хэлэх юмаа шулуухан л хэлдэг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Дунджаар шөнө 12-07 цагийн хооронд унтдаг юм байна.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Хагас, бүтэн сайнд бол гэртээ хүүхдүүдтэй байна. Ер нь би гэр бүлсэг хүн. Ажил тараад гэр лүүгээ яарна. 2 охиндоо балет үзүүлж, багаас нь урлагийн боловсрол олгохыг хичээж байна. Том охин маань мөн балетийн дугуйланд явж байгаа.

Мөн миний нэг хобби бол уран зөгнөлт юм уу детектив кино үзэх. За тэгээд орой хүүхдүүдээ унтуулчихаад 22-23 цагийн хооронд голдуу ном уншдаг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Нэг ажлыг эхлүүлээд дуусгаж байж санаа амардаг. Ажлынхаа үр дүнгээс маш их эрч хүч авдаг.

Гэр бүл бол мэдээж миний энергийн хамгийн том эх үүсвэр. Хань, 3 сайхан үр минь байна. Хувь хүн талаасаа би маш мэдрэмжтэй ээжээсээ ихийг сурдаг бол ааваасаа бизнесийн ухаанд, ажил хөдөлмөрт суралцдаг. Аав минь бүх л сайхан чанаруудыг өөртөө шингээсэн хүн дээ.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Төлөвлөлт сайтай ажиллахыг сурсан маань л миний авч байсан хамгийн том, хамгийн чухал сургамж юм болов уу. Өдөр тутам надад хамгийн их хэрэг болдог зүйл.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Залуучуудын хувьд ажлыг эзэнгүйдүүлэх, орхих хандлага гаргах нь түгээмэл юм байна гэж ажиглагддаг. Хариуцаж авсан ажилдаа өөриймсөг хандаж байвал ажил ч амжилттай болно, дагаад өөрөө ч амжилтад хүрнэ шүү дээ. Өөриймсөг хандлага, хүн чанар, шударга байдал зэрэг бол миний бодлоор манай нийгэмд хамгийн их дутагдах болсон чанарууд. Тиймээс энэ л үнэт зүйлс, зарчмуудыг эрхэмлэж яваасай гэж хүсэж байна.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаагийн хувьд Д.Сарангэрэл сайдын хийж буй ажлууд, бодол санаа, ажлын арга барилыг мэдвэл сонирхолтой санагдаж байна.

69459   10


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.