Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   05 сарын 18, 2018

Онцлох эвент: Хүүхдүүдэд Зориулсан Хаврын Үзэсгэлэн Яармаг

Хүүхдийн баяр айсуй. Нялх бяцхан үрстэйгээ хийх зүйлс, очих газруудаа та төлөвлөн байна уу? Хэрвээ тийм бол таны сонорт баяртай мэдээ дуулгая. Эх үрсийн баярыг угтан 2018 оны 5 сарын 25, 26-ны баасан, бямба гарагуудад "Хүүхдүүдэд зориулсан хаврын үзэсгэлэн яармаг"-ийг зохион байгуулах гэж байна. Арга хэмжээ МҮХАҮТ-ын Их Танхимд 11:00-17:00 цагийн хооронд болох бөгөөд тус арга хэмжээний нийт орлогыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг дэмжихэд зарцуулах юм байна.

Та бүхнийг уг үзэсгэлэн яармагт нэгдэж, сургалт семинар, төрөл бүрийн үзэсгэлэн худалдаанд оролцон, ЛЕГО тоглоом, циркийн үзүүлбэр, ГОЁО брэндийн хүүхдийн фэшн шоу зэрэг хөгжөөнт үйл ажиллагаануудад бяцхан үрсээ хамруулан 2 өдрийг гэр бүлээрээ хөгжилтэй өнгөрөөхийг урьж байна. Таны зарцуулсан цаг, оруулсан орлого хувь нэмэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжихэд зарцуулагдах болно.

"Нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаа илүү үр дүнтэй болохыг энэхүү арга хэмжээ маань харуулж буй. МҮХАҮТ-аас манай арга хэмжээг дэмжиж Их танхимаа 2 өдөр гарган өгч, ивээн тэтгэгч байгууллагууд болон бизнес эрхлэгч эмэгтэйчууд, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр энэхүү төрийн бус байгууллагуудийн үйл ажиллагаанд тус дэм болж байгаадаа баяртай байна. Цаашид жил бүр хүүхдийн баярыг угтуулан энэхүү арга хэмжээг уламжлал болгон үргэлжлүүлэн зохион байгуулах болов уу хэмээн өөдрөгөөр харж байна" гэж МҮХАҮТ-ын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн дарга Л.Болормаа өгүүлэв.

ДЭМЖИХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД

"Бидний Дэм" ТББ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг дэмжих, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Дэм Брайль төсөл нь харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116-р сургуульд анхны иж бүрэн сурах бичиг хэвлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүжилт босгож, сургуульд хандивлах зорилготой.

"Итгэлийн Мод" ТББ нь Орхон аймагт олон улсын стандартын "Сэргээн засах кабинет"-тай болох зорилттой. Орхон аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 330 хүүхэд байдгийн 131 нь 0-6 насны балчир үрс агаад бага насны хүүхдүүдэд зориулсан "Сэргээн засах кабинет" байгуулах нь нэн чухал байгаа юм.

ЗОРИЛГО БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

Уг арга хэмжээг МҮХАҮТ дахь Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл, Монгол дахь Олон улсын эмэгтэйчүүдийн нийгэмлэг (IWAM), Дэлхийн зөн Монгол, Ротари клубууд хамтран зохион байгуулж буй бөгөөд 50 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ санал болгож, Монголын Улсын Цирк, Дэм ББСБ, Монолаб ХХК, Эрдэнэзоо транс, UNICEF зэрэг 10 гаруй ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагууд оролцож буйг онцлууштай.

Дэлхийн зөн Монголын төлөөлөгч Б.Цэцэгсайхан "Гэр бүл, эцэг эх, хүүхдүүд цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрөөх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих зорилгоор хөрөнгө босгохоос гадна уг арга хэмжээ нь маш олон жижиг дунд бизнес эрхлэгчдэд өөрсдийгөө олон нийтэд таниулах зэрэг давхар давхар боломж, синержийг үүсгэж байгаа юм" хэмээсэн бол ерөнхий зохион байгуулагчдын нэг IWAM-ийн Ерөнхийлөгч Лийн Хайкенс "Аль болох том цар хүрээг хамарч, эерэг нөлөөг түгээхийн тулд тулд бид бүгдээрээ нэгэн зорилгын дор хамтран ажиллах нь чухал байсан. Тиймдээ ч аль болох олон байгууллагыг хамруулахыг зорьж буй" хэмээн ярив.

Үзэсгэлэн яармагт оролцоход ямар нэгэн үнэ төлбөргүй болно.

Тус арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авах, нэгдэх боломжтой. https://www.facebook.com/events/589383938086633/

Мөн бизнес эрхлэгч эмэгтэй та үзэсгэлэн худалдаанд оролцож бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой бөгөөд ширээ болон стэндний тоо хязгаартай тул яараарай.

Холбогдох утас: 9999 4955

41907   0


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya

Нийтлэлд оролцсон:

Namuunaa Saruul




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.