Mind Maps (Оюуны зураглал)-ийг зохион бүтээсэн, тархи болон сурах үйл явцын талаар бүтээл туурвидаг дэлхийн тэргүүлэх судлаачдын нэг Тони Бузаны "Ой тогтоолтын нууц" номыг манай зарим уншигчид мэдэх байх. Тэгвэл түүний өөр нэг бүтээл болох "Гавал хүүхэд" номыг Open Mind ХХК тун саяхан эрхлэн гаргажээ. Энэхүү номдоо зохиогч хүүхдийн тархи асар өндөр чадамжтай болохыг, хүүхэд тэрхүү чадамждаа хүрэхэд эцэг эхчүүд ямар ямар арга техник ашиглан тусалж болохыг харуулжээ. Ингээд ухаалаг эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн өсгөдөг талаар өгүүлэх энэхүү номын оршил хэсгээс хүргэе.

НОМЫН ХЭСГЭЭС

Эрхэм уншигч танаа!
Автомашин (хүүхдийн тань чигчий хуруунаас ч болхи эд) 100 хуудас гарын авлагатай ирдэг.
Нэг мегабайтын компьютер (хүүхдийн тархины сая сая эсийн ганц ширхэгийнх ч ухаанд хүрэхгүй) МЯНГАН ХУУДАС ГАРЫН АВЛАГАТАЙ ирдэг.
Сүүлийн 10 жилд орчин үеийн тархи судлалд гарсан үүнтэй ижил төстэй олон арван баримтыг эргүүлж үзээд, хүүхэд өсгөх талаар хүүхдийн дотоод ертөнцөөс харуулсан ном яагаад бичиж болохгүй гэж бодсон билээ.
"Гавал хүүхэд" бол тэр ном юм. Уг номын субъект объектын аль аль нь болох "ирээдүйн хүүхэд" хэдэн үг уламжилсныг болгооно уу.

Сайн уу ээж ээ! Сайн уу аав аа!

"Гавал хүүхэд" бол ирээдүйд мэндлэх хүүхдийн тань өмнөөс бичигдсэн, миний танд зориулсан ном юм шүү.
Уг номонд миний оюун ухаан, бие бялдар, санаа сэтгэлийг өв тэгш хөгжүүлж, өсгөн хүмүүжүүлэхэд анхаарвал зохих бүхнийг миний өнцгөөс бодож тунгаан бичсэн бөгөөд эл ном та бидний амьдралыг хөнгөвчилж, аз жаргал нэмэх нь дамжиггүй.

Таны хүү-Миний бие байгаль эх, хүн төрөлхтөний бүтээсэн хамгийн эгэлгүй боловч энгүүн төхөөрөмж - та бидэнд заяасан хосгүй бэлэг болох уураг тархины эзэн болно гэдгийг дуулгахад таатай байна. Мөн надад ер бусын соргог мэдрэхүй бүхий цогц нарийн бүтэцтэй бие махбод заяах болно.

Чухам яагаад хүүхэд бүрийн тархи шидэт бэлэг болохыг, мөн хайрт аав ээж та хоёр минь миний хөгжил боловсролд хэчнээн чухал нөлөөтэй болохыг эл ном тайлбарлах болно.
Хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх тухай ихэнх ном ходоодоо хэрхэн хоолож ундлах талаар байдаг. Харин миний санал болгож буй энэ ном уураг тархийг хэрхэн тэжээж тэтгэхэд анхаарсан.
Намайг төрөх үед тархины нийт эс болох нэг их наяд (1,000,000,000,000) эс аль эрт бүрэлдчихсэн байна. Эдгээрийг сайтар арчилж тордоход минь тусалж үзээрэй!

Ирээдүйн хайрт хүүхдээс чинь


Угтаа бие, ухаанаа дээд цэгт нь хүртэл ашиглаж чадвал материаллаг ертөнцийг ч өөрчлөх чадалтайг саяхны нэгэн шинжлэх ухааны судалгаагаар баталсан билээ.
Тохирсон хөшүүрэг, тусалж тэтгэх зөв орчинг бүрдүүлж чадвал хүүхэд бүр гоё авьяасаа нээж чадна гэдэгт хувьдаа би өчүүхэн ч эргэлздэггүй.
Юуны өмнө хүүхэд аз жаргалтай, сэтгэл тэнэгэр нэгэн болж өсөхөд дээрх бүхэн тустай юм шүү.