Дэлхий дахин интернэт харилцааны гол сүлжээ болж байсан Yahoo Messenger нийтийн хэрэглээнээс гараад багагүй хугацааг үджээ. Ихэнх хэрэглэгчээ шинэ сошиал сүлжээнд алдсан, харьцангуй хоцрогдсон зэрэг асуудлуудаас болоод энэ оны 7-р сард Yahoo Messenger-ийн үйл ажиллагааг эзэмшигч Oath компани албан ёсоор зогсоосон юм. Yahoo Messenger гэсэн үгийг сонсоход BUZZ! чимээ, хэрэглэгчийн онлайн байгааг илэрхийлэх шар тэмдэг зэрэг дурсамжууд таны толгойд зурсхийж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгвэл чат аппуудын "эцэг" гэж хэлж болох Yahoo Messenger-ийг орлохоор гарч ирсэн Yahoo Together апп-ийг бид энэ удаа танилцуулж байна. 

1998 онд нээлтээ хийж байсан Yahoo Messenger 20 жилийн туршид тасралтгүй ажилласны эцэст 2018 онд буюу 20 жилийн дараа үйл ажиллагаагаа зогсоосон юм.

яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Slack-тай ижил боломжууд, Facebook Messenger-тэй төстэй эможи, хөдөлгөөнт зураг зэрэг энтертэйнмэнт төрлийн боломжуудыг шигтгэж өгснөөрөө онцлогтой. Сэдэв үүсгэх, группийн гишүүд рүү тусгайлан мэссэж бичих, группд харьяалагдаж буй хүмүүсийг аль сэдэв руу орохыг зааж өгөх зэрэг боломжуудаараа бусад багийн ажиллагааны чат аппуудтай ижил.

Хэрэглэх гол шалтгаан нь албан болон албан бус чатуудаа нэгдсэн байдлаар ашиглах боломж юм. Ихэнх хүмүүс фэйсбүүкийн мессенжерээр албан бус харилцаа буюу найзууд, гэр бүлийн групп чатыг үүсгэдэг бол Slack, Workplace гэх мэт апп дээр ажлын чатаа үүсгэдэг. Тэгвэл Yahoo Together эдгээрийг нэг цэгт төвлөрүүлэхийн тулд Slack-тай ижил боломжууд, Facebook Messenger-тэй төстэй эможи, хөдөлгөөнт зураг зэрэг санал болгож байгаа аж.

Санал болгох: Аль чат апп-ийг ямар үед хэрэглэх вэ?

ямар онцлог давуу талуудтай вэ?

Yahoo Together-ийн боломжуудаас хамгийн онцлууштай нь Smart Reminder буюу сануулга хийх тохиргоо. Мэссэжүүд дээр ердөө нэг товшоод сануулга (reminder) хийх боломжтой тул багийн ажлаа төлөвлөх, санах зэрэгт тун хэрэгтэй. Мөн харьяалагдаж буй группуудийн сонордуулгыг (notification) нэг дороос харах, хариу үйлдэл (reaction) болон меншин зэргийг тусад нь нэг дороос харах боломжуудтай. Нууцлалын үүднээс хурууны хээ болон кодоор апп-ийг бүхэлд нь болон тодорхой нэг чатуудыг цоожилж болох бөгөөд өөрийн хүссэн цагт тааруулж автоматаар түгжигддэг байхаар тохируулж болно.

ямар сул талуудтай вэ?

Багийн удирдлага, зохион байгуулалтыг хялбаршуулах функцууд тун бага байгаа нь сул тал гэж хэлж болно. Одоогоор зөвхөн харилцааг голчилж байгаа тул Google Drive, Trello, бусад өргөн хэрэглээний аппуудтай хавсарч ажиллах боломжгүй. Групп чат дээр суурилсан хэдий ч видео дуудлага хийх боломжгүй гэдэг нь хамгийн том сул тал. Гэхдээ групп чат дээр суурилсан апп учраас удахгүй эдгээр боломжуудыг бага багаар оруулж сайжруулалт хийнэ гэдэгт итгэлтэй байна.

unread-ийн үнэлгээ

Хэрвээ цаашдаа зөв шинэчлэлүүдийг хурдацтай хийгээд явах юм бол багийн ажиллагаа болон өдөр дутмын мэдээлэл солилцох дундын групп чатын хамгийн шилдэг аппуудын нэг болох магадлалтай. Одоогийн боломжийн хувьд шинэ содон ч бусдаас ялгарах давуу тал цөөнтэй учраас Unread энэхүү апп-д 7 оноо өгч байна.