Ч.Ганжавхлангийн баримтат гэрэл зургийг "8 км 400 м" хэмээх шинэ номыг уншсан сэтгэгдлээ хуваалцаж байна. Жакийг зарим хүн хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг Лантуун Дохио ТББ-ыг үүсгэн байгуулагч, магадгүй бас кофетой холбоотой бизнес хийдэг гэдгээр нь сайн мэдэх байх. Харин авьяаслаг гэрэл зурагчин гэдгийг нь тэр бүр мэдэхгүй байж магадгүй юм. Нэлээд олон жил зураг авч буй тэрээр "Тусгал" гэрэл зургийн клубийн гишүүн бөгөөд ийнхүү нийгмийн амьдралыг гэрэл зургийн хальснаа буулган бодол эргэцүүллийн хамтаар ном болгон эмхэтгэжээ.

"Ай хот минь дээ, ай хот минь. Чи үнэндээ ямар өвөрмөц, ямар ойлгомжгүй, ямар гунигтай юм бэ. Хааш нь ч орсон аль нэг газраараа гараад ирдэг сонирхолтой гудамжнууд минь. Утаа суунаглах нүүдэлчин Монгол гэрийн хоймроос ердөө таван зуухан метр урагш явахад их хотын замын түгжрэл эхэлж гэрэлт самбар, дэлхийн үнэтэй брэнд дэлгүүр, зочид буудал, ганган хувцастай хүмүүс холхилдоно. Улаанбаатар хотын хамгийн баян тансаг гэх газраас өөрийн мэдэх хамгийн ядуу алслагдсан айл хүртэл хэрэг гарган нэг удаа хэмжиж үзсэн юм. Энэ зай 8 км 400 метр гэдэг тоог заасан билээ.! Энэ хоёр ертөнцийн хооронд ердөө иймхэн зай байсан юм гэж үү хэмээн дуу алдмаар...

Яагаад ч юм байн байн уртаа гэгчийн санаа алдмаар санагдана. Энэ нь чухам баяр тайвшралынх юм уу эсвэл уйтгар гунигийн мэдрэмж юм уу бүү мэд зүгээр л ширээнийхээ ард суугаад чиний талаар бичмээр санагдлаа...

Чи бидний холдчихоод байгаа зааг, монгол хүмүүс нэг нэгнээ хайрлаж чадахаа больсон 8 км 400 метрийн зөрүү."

Номын эхлэл

Жак номынхоо зорилгыг "Бидэнтэй хэтэрхий ойр хэрнээ холдож орхисон өнөөгийн амьдрал, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын энэ цагийн бодит үнэн төрхийг гэрэл зургаар дүрслэн үлдээхийг хичээв" хэмээгээд, бичвэрүүдээ "их мэргэн биш, хэтийдсэн ухаантай биш, хэлбэрдсэн төрхтэй бус зүгээр л 'царай муутай үнэн' мөрүүд байгаасай" хэмээн бичжээ.

Үнэхээр ч номын хуудас эргүүлэн суухад яавч худал биш мөрүүд. Эхний бүлэг болох "Бодит ертөнц"-д гэр хорооллын амьдрал, ядуурал, архидалт, утаа гэх мэт сэдэвт гэрэл зургууд, бичил түүхүүд, бодрол, эмзэглэлүүдийг багтаажээ. Энэ мэт агшин хормуудыг буулгана, бодож эргэцүүлнэ гэдэг нөхцөл байдлыг сайн мэдэх, асуудлын гүнд орж чадсан хүний л гараас гарах зүйл гэдэгт итгэнэ.

Эхний бүлгийг уншаад эрхгүй гуниг төрнө, бодолд автана. Гэвч энэ ном зөвхөн хар барааныг өгүүлээгүй. Чухамдаа Улаанбаатарын олон өнгө, олон өнцгийг энэ номоос тольдож болох ажээ. Хоёрдугаар бүлэг болох "Салхи наашаа эргэсэн" хэсэгт Улаанбаатар хотын хөгжил дэвшил, хүмүүсийн сэтгэлгээнд гарч буй өөрчлөлтүүдийг харуулна. Ариун цагаан хөдөлмөр эрхлэн амьдрах гэж зүтгэж яваа хүмүүсийн дүр төрх, амьдралд нь асуудал олон байгаа ч ирээдүй илүү гэрэл гэгээтэй гэдэгт үл эргэлзэн урагшлах хүмүүс, дотно сайхан зураглалууд гээд сэтгэлд гэгээ татуулах зүйлс энд байна. Худгаас ус зөөх хөгжөөнтэй багачуудын зурганд "Нар жаргахаас өмнө гэртээ амьдрал тээж очих хүүхдүүд" гэсэн тодорхойлолт өгсөн нь "өдий багаасаа ийм хөдөлмөр хийж эхэлсэн энэ багачууд алзахгүй дээ" гэсэн өөдрөг бодлыг төрүүлэх жишээтэй.

Хараахан иргэншиж амжаагүй энэ хотод бусдыг "орк" гэхээсээ өмнө өөрийгөө цэгнэхийг, гэр хорооллынхон утаа гаргаад байна гэж омтгойрохоосоо өмнө "Утаа ч болов гаргах сан" гэж даарч бээрч буй хүмүүс энэ хотод амьдардгийг, ядруухан харагдавч үр хүүхдэдээ л аятайхан боловсрол олгочих юм сан гэж бэдэрч яваа мянга мянган хүн бидний эргэн тойронд бийг сануулах нь энэ номоос олж авах олз гэлтэй.

Бодоогүйг бодуулж, хараагүйг харуулж, магад андуу ташаарлыг залруулах, хотоо улам хайрлах, хүмүүсийг илүү хайрлах сэдэл өгч мэдэх энэ номыг, Жакийн дотоод ертөнц, бодлын дуранд эгэл амьдрал хэрхэн тусгалаа олсныг та бүхэн сонирхон үзнэ биз ээ.