Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   01 сарын 24, 2019

LEAD Mongolia 2018 буюу өөрийгөө дахин шинэчлэхүй

Аливаа хүн дунджаар 7 жил тутамд өөрчлөгдөн шинэчлэгддэг ажээ. Энэхүү өөрчлөлт нь хувийн амьдрал, карьер, сэтгэл зүй, үзэл бодол, төлөвшил гээд тухайн хүний амьдралын бүхий л орон зайд хамаардаг агаад эдгээрийн нийлбэрээс үүдэн дараагийнхаа үечлэлд шилжих дорвитой шинэчлэл, үсрэлтүүд хийгддэг байна (Крисп, 2011). Мэдээж хүмүүсийн онцлог, хэмнэлээс шалтгаалан энэ хугацаа нь харилцан адилгүй боловч гол төлөв 21-ээс 28, 28-аас 35, 35-аас 42 насуудыг хувь хүн, карьерынхаа хувьд “эрэл хайгуул” төдийгүй “бүтээн байгуулалт”-ын он жилүүд гэж тодорхойлж болох нь. Өөрийн амьдралаар бодоод үзэхэд ч уг судалгаатай санал нийлэхгүй байхын аргагүй мэт.

28-аас 35 гэсэн үечлэлийн тэхий дундуур майжигнаж яваа өөрөөрөө жишээ татвал, хувь хүний хөгжил, үзэл бодол, карьерын дараагийн түвшинд гарахыг зорьсон тэрхүү эрэлхийлэл тийм ч амархан бус. Хийж бүтээх эрмэлзэл, хувийн амьдрал, эргэн тойронд үл зогсон эргэлдэх тэр их шилжилт хөдөлгөөн дундуур өөрийгөө живүүлээд алдчихгүйгээр зүсэн гарна гэдэг заримдаа шантармаар ч санагдах нь бий. Өөрчлөлтийг хүсэж байгаа ч хаанаас эхлэх, хэнд хандахаа мэдэхгүй, сэлүүрдэж үл чадах далайчин бүхий сэлүүртэй завь мэт дайвалзаад суух үе ч цөөнгүй гарна. Чухамхүү үүнээс л үүдэн идэвхтэй амьдрал болоод карьерынхаа дунд үед яваа залуусыг дэмжих, сэдэлжүүлэх, чиглүүлэх зорилготой дотоодын болон олон улсын солилцооны хөтөлбөр, сургалтууд явагддаг гэж би хувьдаа ойлгодог.

Шинэчлэл, өөрчлөлтийн эрэл хайгуулчин хийж явсан надад дараагийн хүрэх цэгийг заагч луужин болсон “LEAD Mongolia 2018 - Leader Advancing Democracy” АНУ-ын солилцооны хөтөлбөрт 2018 оны 10-11 дүгээр сард хамрагдаж өөрөөсөө гадна 29 шижигнэсэн залуу манлайлагч, мэргэжилтнүүдтэй цуг шарласан навч, ногоон зүлэг алагласан налгар намар болж буй Вашингтон ДиСи болоод Виржиниагийн Их Сургууль байрладаг Шарлотсвилл хотын хөрсөн дээр хөл тавьсан нь саяхан мэт. Эрт галавын цагт Виржиниа Тек-д хэсэг хугацааг үдэж, Айова Мужийн Их Сургуульд Мастерт сурч байсны хувьд АНУ-д газардах бүрд цаанаа л дотно санагддагийг бичих нь ч бараг илүүц буй заа.

Хөтөлбөрөөс буцаж ирснээс хойш даруй 2 сар өнгөрчээ. Уг нийтлэлийг бичих сэдлийг өвөртлөн удтал явсан ч завдал болохгүй ажилд дарагдсаар чухам өнөөдөр л хүчлэн, сонссон хуучирч, сурсан мартагнахын өмнө цахим бэх цаас нийлүүлюү хэмээн суугаа минь энэ. “World Learning” ТББ, USAID Mongolia хамтран зохион байгуулж буй уг хөтөлбөрийн үндсэн концепт тун энгийн. Улаанбаатар хот болон Монгол улсын өнцөг булан бүрээс хийж бүтээж буй 30 залуусыг сонгон шалгаруулж, өөрсдийнх нь сонирхлын дагуу “Ажилгүйдэл ядуурлыг бууруулах”, “Ил тод байдал болон авлигатай тэмцэх”, “Байгаль орчин буюу хотжил” гэсэн 3 үндсэн сэдвийн дагуу баг болгож хуваана.

Улмаар АНУ-д очин 4 долоо хоногийн турш маш шахуу хөтөлбөртэй сургалтанд хамрагдаж, бодлого боловсруулах, төслийн менежмент, зөрчлийг шийдвэрлэхээс эхлээд тэгш оролцоог хангах, ардчиллын үндэс, АНУ төрийн тогтолцоо зэрэг олон сэдвээр номын дуу сонсож, нүд чихээ бүлтийлгэх бөгөөд бодит компаниуд дээр очин үйл ажиллагаатай танилцаж, АНУ-ын Үндсэн Хуулийг анх ноороглож суусан Жэймс Мадисоны Монтпелиэ, “Үндэслэгч Эцгүүд”-ийн нэг Томас Жефферсоны Монтечелло эдлэнгүүдээр зочлон, АНУ ямар гараанаас эхэлсэн, одоо хаана ирчихээд байгаа, үүнд юу нөлөөлсөн гэдгийг ул суурьтай, үндэслэл баримттай, нийгэм, соёл, ахуйн бүх л хэлбэрээр ойлгуулах аж. Эцэст нь Монголд буцаж ирээд үндсэн гурван сэдвийнхээ дагуу нийгэмд ээлтэй, тэгш оролцоог хангасан төсөл хэрэгжүүлэх учиртай. Миний бие “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах” багт байгаа бөгөөд манай баг яг энэ мөч дор төсөл дээрээ ажиллаж буй.

Гэхдээ би ийм газар очиж ийм зүйлс заалгасан гэж нуршихыг хүссэнгүй. Уг аялал/хөтөлбөр асар олон төрлийн өгөөжтэй авч надад тун чухал санагдан үлдсэн хоёр зүйлээр уг тэмдэглэлээ өндөрлөе. Эхнийх нь алсын хараа гэдэг зүйлийг дурдахгүй өнгөрч үл болно. АНУ одоогийн түвшинд ирчихсэн байгааг “Үндэслэгч Эцгүүд”-ийнх нь ямар алсын хараатай, “овоо гарууд” байснаар нь дүгнэж болох мэт. Одоог хүртэл хэрэглэгдэж буй Үндсэн Хуулийн заалтуудыг хэрхэн буй болгож чадав гэдэг нь санаанд багтамгүй. Вашингтон ДиСи-гийн Капитол буюу засаг захиргааны ордны түүхээс ч дараагийн үеийн удирдагчид нь мөн ямар алсын хараатай, өмнөх үеийнхныхээ алсын харааг үгүйсгэлгүй авч явж ирснийг ойлгох боломжтой. Анх тусгаар тогтносон улс гэдгээ мэдрүүлж сүрийг үзүүлэх зорилготой эхэлсэн уг барилгын дээврийн хэсэг АНУ-ын Иргэний дайны үед зогсох шахсан авч Хойд мужуудын удирдагчид, тэр дундаа Абрахам Линкольн “Уг барилгын ажлыг зогсоох нь бидний тусгаар тогтносон улс гэдэг бэлгэдлийг үгүй хийнэ. Барилга зогссоноор ард иргэд ч бид дайнд ялагдаж буй гэсэн ойлголтыг авах тул зогсоолгүй заавал урагшлуул” гэсэн даалгавар өгч Иргэнийн дайны хүнд хүчир үед нэг ч зогсолгүй урагшилсаар дуусгасан гэсэн түүхийг манай хөтөч бидэнд ярьсан билээ.

Хоёрдугаарт хөтөлбөрөөс ирснийхээ дараа би багийнхантайгаа уулзаж суухдаа “Ер нь манайхан үйлдэл хийдэггүй юм байна, үйлдэл хийхээрээ дуусгадаггүй юм байна” гээд хошигнож байсан маань явж явж миний авч үлдсэн хамгийн том дүгнэлтүүдийн нэг байж. Аливаа зүйлийг бүтээх, хөгжингүй улс, нийгмийг бүтээхэд эцсийн дүндээ иргэний оролцоо хамгийн чухал юм гэдгийг асар сайн ойлгосон билээ. Иргэний оролцоогүйгээр ямарваа нэгэн өөрчлөлт ирэхгүй, зөв төрийн аппарат ч үүсэхгүй аж. Дор бүрнээ үүнийг тунгааж өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхийг энэ ташрамд хүснэм.

Үг олдож үхэр холдохуй дор дараагийн цэгт минь нэлээд ойртуулсан LEAD Mongolia 2018 хөтөлбөр болон бүх оролцогч талуудад баярласнаа ахин нэг илэрхийлье. Уг хөтөлбөр ахиад 2 жил дараалан зохион байгуулагдах тул залуусыг өргөнөөр оролцоосой хэмээн уриалж байна. Сонирхуулахад манай ерөнхий редактор Ганзориг ч гэсэн 2016 оны LEAD хөтөлбөрийн төгсөгч билээ.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг та доорх хаягаас авах боломжтой.
https://www.facebook.com/LEADMongolia/

23371   0


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.