Ковер зургийн тайлбар: Өөрөө үдээсээ чангалдаг пүүз мөрөөдөл биш боллоо!

Дэлхий дахинд

Их Британийн парламент ерөнхий сайд Тереза Мэйгийн Европын холбооноос гарах тухай гэрээний төслийг дэмжсэнгүй. 3-р сарын 29-нд эцэслэгдэх учиртай шилжилтийн явцын хамгийн гол бичиг баримт 432:202-ийн харьцаатайгаар унасан нь энэ. Үүний дараа ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай санал хураалт явагдаж, Т.Мэй 325:306-ийн харьцаатайгаар арайхийн ялж, суудалдаа үлдсэн юм. Гэхдээ энэ бол Британийн улс төрийн хямралын ердөө өнгөн хэсэг. Түүнд 2 сарын дотор Европын холбоотой ахин хэлэлцээр хийж, парламентийг ятгах, эсвэл бүх нийтийн санал асуулгыг ахин хийх гэсэн хүндхэн сонголтууд үлдээд байна.

Vox: Brexit-ийн дараагийн алхам юу вэ?

Сарны ар талд газардсан Хятадын хөлгийн бүхээгт хөвөнгийн үр ургасан нь сансар судлалын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал боллоо. Хэдий уг соёолж эрдэмтдийн таамаглаж байсанчлан удалгүй үхэжсэн ч дэлхийгээс өөр газар ургамал ургуулсан анхны тохиолдол боллоо. Хөвөнгийн үрээс гадна рапс, төмс, тосны ургамлуудын суулгацыг туршсан боловч амжилтгүй болсныг эрдэмтэд мэдээлжээ.

Дэлхийн топ их сургуулиудын нэг Виржиниагийн их сургууль дата шинжлэлийн чиглэлээр дагнасан зэрэг олгох шинэ сургууль байгуулах болсноо зарлалаа. Тэд энэ төслийн хүрээнд QIM хөрөнгө оруулалтын сангаас 120 сая долларын бэлэг авсан нь сургуулийн түүхэн дэх хамгийн том хандив болсон гэнэ.

Домогт Мэнни Пакьяо 40 насандаа карьерынхаа 61 дэх ялалтаа байгууллаа. Тэрээр Лас Вегас хотноо Америкийн Адриан Бронерийг шүүгчийн саналаар ялснаар WBA-ийн аваргын бүсээ эргүүлэн авчээ. Үүний дараа тэр Ф.Мэйвэдэртэй ахин тулалдаж, 2015 онд ялагдсан хариугаа авахад бэлэн байгаагаа хэлсэн байна.

Өнгөрсөн 10-р сард Pepsi-ийн CEO-ийн албан тушаалаа хүлээлгэн өгсөн Индра Нуйи Дэлхийн Банкийг удирдаж магадгүй гэнэ. Дэлхийн топ эмэгтэй лидерүүдийн нэг түүнийг Д.Трампын охин Иванка ментороо хэмээн үздэг юм. Тус байгууллагыг сүүлийн 6 жил удирдаж буй Ким Жим 2-р сарын 1-ээс үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсноо зарласан билээ.

Хятад эрдэмтэд түүх бүтээв

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Байгууллагын харилцааны тэргүүлэх платформ Slack логогоо бүрэн шинэчилж, хэрэглэгчдэдээ сюрприз барив. Тэд 2013 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш бүтээгдэхүүний нэрийн хуудас болоод байсан хаштагийг тэр чигт нь сольж, "илүү орчин үеийн", "илүү тодорхой", "илүү цэвэрхэн" лого сонгосныг хэрэглэгчид янз бүрээр хүлээн авч байна.

Google дэлхийн алдартай цаг үйлдвэрлэгч Fossil-ийн ухаалаг цаг хөгжүүлэгч багийг оюуны өмчийнх нь хамтаар 40 сая доллараар худалдан авлаа. Энэ нь тэд ухаалаг цаг, зүүгч төхөөрөмжийн зах зээлд Apple, Samsung, Fitbit-тэй өрсөлдөх амбицтай байгааг илтгэж байгаа хэрэг юм.

Энэ жил IPO хийхээр зэхэж буй Airbnb 2 дахь жилдээ дараалан ашигтай ажилласнаа зарлалаа. Үүнээс гадна тэд зочид буудлын захиалгын үйлчилгээ үзүүлэгч Hotel Tonight-ийг худалдан авахаар зэхэж байгаа гэнэ.

Facebook болон Google орон нутгийн мэдээг хүргэх төслүүдийг дэмжих шинэ хөтөлбөрөө ээлж дараалан ил болгов. Facebook 300 сая долларыг ирэх 3 жилд зарцуулж, шинэ төслүүдийг дэмжинэ гэдгээ зарласан. Харин Google хамгийн алдартай блог платформ Wordpress-тэй хамтран Newspack нэртэй платформоор дамжуулан орон нутгийн редакцуудын технологийн асуудлыг шийдэх зорилготой аж.

Дэлхийн тэргүүлэх дрон үйлдвэрлэгч компани DJI байгууллагын засаглалын асуудалтай холбоотойгоор 150 сая долларын хохирол амссан нь ил боллоо. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өндөр албан тушаалын 40 гаруй ажилтан авлигын хэрэгт холбогдсон нь хөрөнгө оруулагчдын санааг ихэд зовоож байгаа гэнэ.

Аль лого нь илүү таалагдаж байна вэ?

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Зөвхөн Америк дахь хэрэглэгчид нь өдөрт 100 сая цагийн контент хэрэглэж буй Netflix сарын үйлчилгээний төлбөрөө нэмж байгаагаа зарлалаа. Тэд шинэ хэрэглэгчдийн төлбөрийг 13-18 хувиар өсгөсөн бөгөөд энэ мэдээний дараагаар хувьцааны үнэлгээ нь 6.5 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн улиралд 4.19 тэрбум долларын борлуулалт хийсэн Netflix 88 сая шинэ хэрэглэгч нэмсэн нь шинжээчдийн таамгаас давсан хэрэг байв.

Цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla нийт ажиллах хүчнийхээ 7 хувийг буюу 3000 гаруй ажилтнаа цомхотголд оруулж байгаагаа зарлалаа. Зардал хэмнэн Model 3-ийн үйлдвэрлэлийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа сайжруулах зорилготой хэмээн уг шийдвэрээ Э.Маск тайлбарлажээ.

35 жилийн түүхтэй, санхүүгийн технологийн гигант Fiserv 2015 онд IPO хийсэн, 100 улсын 6 сая гаруй мерчантад шийдлээ нийлүүлдэг First Data-г 22 тэрбум доллараар өөртөө нэгтгэлээ. Шинэ нэгдлийн 57 хувийг Fiserv эзэмших бөгөөд шинэ технологи хөгжүүлэлтэд ирэх 5 жилд 500 сая доллар зарцуулна гэдгээ зарлажээ.

Volkswagen цахилгаан машин үйлдвэрлэлээ АНУ руу төвлөрүүлж, 800 сая долларын хөрөнгө оруулалт хийх болсноо зарлалаа. Детройтын авто шоуны үеэр зарласан уг мэдэгдлийн үеэр тэд 1000 гаруй ажлын байр үүсгэнэ хэмээжээ. Үүнтэй зэрэгцэн Ford домогт F загварын ачааны машиныхаа цахилгаан хувилбарыг танилцуулав. Тэд 2022 он гэхэд 40 төрлийн цахилгаан машин үйлдвэрлэхэд 11 тэрбум доллар зарцуулахаа зарлаад байгаа юм. Мөн General Motors анхны цахилгаан машинууд нь Cadillac байх болно гэдгийг ил болгожээ.

QZ: Детройтын авто шоуны төгсгөл энэ гэж үү?

Nike анхны автомат үдлэгтэй сагсан бөмбөгийн пүүзээ танилцууллаа. Adapt BB нэртэй уг пүүзийн үдээсийг гар утасны апп-аар дамжуулан чангалж, суллан тохируулах боломжтой бөгөөд баттерей нь 2 долоо хоног цэнэгээ барих чадалтай гэнэ. Бостон Селтиксийн залуу од Ж.Татум уг пүүзийг мэргэжлийн тоглолтонд өмсөх анхны тоглогч болжээ.

Adapt BB 2-р сараас худалдаанд гарна.

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Game of Thrones хамгийн сүүлийн бүлгийн нууцлаг мессежээр дүүрэн эхний трэйлэрээ цацаж, цацагдах өдрийг ил болголоо. HBO-ийн хамгийн алдартай шоунуудын нэг 4-р сарын 14-нд нээлтээ хийнэ гэнэ. Анги бүр нь бүрэн хэмжээний киноны урттай байх 8-р бүлэг нийт 6 ангитай байх юм.

Instagram дээрх хамгийн олон лайк цуглуулсан амжилт шинэчлэгдлээ. World_Record_Egg нэртэй хуудаснаас тавьсан өндөгний зураг 49 сая лайктай болсон байна. 1-р сард нээгдсэн хэн хөтөлдөг нь ч мэдэгдэхгүй уг хуудас "дээд амжилтыг хамтдаа эвдэцгээе" хэмээн аян өрнүүлсэн нь ийн амжилтанд хүрчээ. Өмнөх дээд амжилт нь Кайли Женнерийн дөнгөж амаржаад хүүхдийнхээ зургийг оруулаад авсан 18 сая лайк байсан юм.

Дэлхийн хамгийн алдартай подкастуудын нэг Stuff You Should Know нийт 1 тэрбум таталттай болсноо зарлалаа. 2008 онд анх эхэлж байсан уг подкаст төрөл бүрийн үйл явдал, ойлголт, зүйлсийг тайлбарладаг бөгөөд 1000 гаруй дугаар гаргаад байгаа аж. Сонирхуулахад, Apple iTunes болон Podcast апп дахь нийт контентийн таталт нь 50 тэрбумд хүрсэн тухай мэдээлж байсан билээ.

Алдарт найруулагч М.Найт Шямаланы "Glass" 49 сая долларын орлогоор бокс оффисийг тэргүүллээ. 2000 онд гарсан "Unbreakable", 2017 оны "Split"-ийн үргэлжлэл уг кино нь Мартин Лютер Кингийн өдрийн долоо хоногийн түүхэнд борлуулалтаараа хоёрт бичигдэх кино болжээ. К.Харт, Б.Кранстон нар гол дүрд нь тоглосон Францын "The Intouchables"-ийн америк хувилбар "The Upside", DC Comics-ийн "Aquaman" эхний 3-т бичигдсэн байна. Ташрамд дурдахад, Aquaman-ий дэлхий даяарх борлуулалтын орлого 1 тэрбум долларыг давжээ.

Улам бүр эрчийг авсаар буй Fortnite тоглоом зөвхөн 2018 онд 2.4 тэрбум долларын орлого олсон гэнэ. Тэдний гол өрсөлдөгч PUBG харин 1.035 тэрбум долларын л борлуулалт хийсэн байна. Харин Pokemon Go 1.1 тэрбумыг, League of Legends 1.4 тэрбумын орлого тоглоомоосоо олж жагсаалтад тэргүүн байруудад багтжээ.

алдалгүй унших арван мэдээ

Techcrunch: Twitter-ийн шинэ дизайныг хармаар байна уу?
Deadline: Producers Guild Awards-ийн шилдгүүд тодорлоо
SCMP: TikTok Wechat-тай өрсөлдөх апп-аа гаргалаа
Time: Дэлхийн хамгийн өндөр настай хүн таалал төгслөө
Verge: Facebook-ын өсвөр насынханд зориулсан "LOL" апп
NY Times: Эмэгтэйчүүдийн жагсаалд 30 гаруй орон нэгдлээ
QZ: FBI-ийн дундаж цалин 37,000!
Vox: Ким-Трамп 2 дахь удаагаа уулзана
Ikon: УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг баталлаа
Grammy: А.Кэйз Грэммиг хөтөлнө