Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   02 сарын 09, 2019

Unlock Podcast #52: "Бүтээлч, Inc" номын тухай

Подкастын ээлжит дугаарт Тэгшээ, Дээгий хоёр Wall-E, Toy Story, Finding Nemo, The Incredibles, Cars зэрэг бидний сайн мэдэх алдартай анимэйшн кинонуудыг бүтээсэн Pixar-ийн хамтран байгуулагч Эдвин Катмуллын "Creativity Inc" номын тухай ярилцлаа. Pixar-ийг хэрхэн байгуулж ямар бэрхшээлүүдийг туулан амжилтад хүргэсэн, бүтээлч байхын тулд хувь хүмүүс болон компаниуд хэрхэн хэрэгтэй талаар өгүүлсэн энэ ном 2014 онд The Huffington Post, Financial Times-ийн оны шилдэг номоор шалгарч байсан бөгөөд өнгөрсөн онд "Бүтээлч, Inc" нэрээр монгол хэлнээ орчуулагдсан билээ.

НОМЫН ТУХАЙ

Уг номын зохиогч Эд Катмулл бол Pixar-ийн амин сүнс болсон эрхэм юм. Багадаа хүүхэлдэйн киноны домог Уолт Диснейн алдартай бүтээлүүдээ хэрхэн хийсэн талаарх нэвтрүүлгүүдийг үзээд анимэйшн кино хийх мөрөөдөлтэй болсон тэрээр компьютерийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалж, компьютерээр бүтээсэн анхны анимэйшн киног хийхийг хүсэх болжээ. Star Wars-ийг бүтээсэн Lucasfilm-ийн компьютер графикийн хэлтсийг ахлах боломж олдоход компьютер графикийн шилдэг шинэ технологиудыг бүтээж эхэлсэн байна.

Удалгүй түүний зам Стив Жобстой огтлолцдог. Уг хэлтсийг өндөр зардлаас нь болж үргэлжлүүлэн ажиллуулах сонирхолгүй болсон Lucasfilm-тэй Жобс хэлэлцээр хийн 1986 Animation Studio-г үүсгэн байгуулдаг. Эндээс тус компанийн адал явдал, баялаг түүх эхэлдэг гэж болно.

Тус компани 1988 онд өөрсдийн бүтээлээр Оскар хүртэн өндөр чадамжаа харуулж, 4 жилийн турш хийсэн Toy Story хэмээх бүтээлээрээ алдар нэрээ мандуулж, анимэйшн салбарыг эгнэгт өөрчилснийг та бид мэднэ. Улмаар гучаад жилийн хугацаанд 20 гаруй хит бүтээлийг гаргажээ.

Энэ бүхний цаана Эд Катмуллын ур ухаан, менежментийн арга барил ихээхэн үүрэг нөлөөтэй байжээ. Тэрээр омголон зантай Стив Жобстой хэл амаа ололцож, авьяас чадалтай багийн гишүүдээ зангидаж ажилласан тэртээх жилүүдэд компанийн соёл, менежментийн нэлээд хэдэн зарчим, философийг боловсруулан гаргажээ.

Сайн багийг бүрдүүлэх, хэн нь ч хэнтэйгээ чөлөөтэй ярьж болох, бүтээлч шүүмжлэл хэлэх нөхцөлийг бүрдүүлэх, алдаа хийхээс эмээдэггүй сэтгэлгээтэй болгох зэрэг тэдгээр зарчмууд нь тус компани урт хугацаанд амжилтаа ахиулсаар байх, бүтээлч байдлаа алдахгүй байх суурь болжээ. Энэ тухайгаа болон гүйцэтгэх захирал, менежер хүмүүсийн үлгэр авууштай олон арга барил, жишээг номдоо хуваалцсан байна.

Pixar 2006 онд Walt Disney-д 7.4 тэрбум доллараар зарагдан нэгдэх хэлцлийг хийсэн бөгөөд хэдий энэ аварга компанийн харьяа болох ч үргэлжлүүлэн бие даасан компани байх тохироог хийж, Эд өөрөө Disney-н удирдах албанд очсон билээ.

Ингээд бүтээлч байхыг хүсдэг, мөн компанийн соёлоо сайжруулахыг хүсэж буй хүмүүсийн уншвал зохих "Бүтээлч, Inc" номын агуулгыг ярилцсан подкастын дугаараа хүлээн авч сонсоцгооё.

ПОДКАСТЫГ СОНСОХ

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

11355   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.