Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   02 сарын 22, 2019

2019 оны Оскарын наадмын мэдвэл зохих 5 баримт

оскар - 2019 хаанаас шууд үзэх вэ?

Оскарын наадмыг уламжлал ёсоор "Монгол ТВ" албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэх бөгөөд улаан хивсний ёслол манай цагаар 2-р сарын 25-ны даваа гарагийн 06:00 цагаас эхлэх бол үндсэн арга хэмжээ 09:00 цагаас эхэлнэ. Хэрвээ онлайнаар үзэх бол "Ori"-оос "Монгол ТВ"-ийн шууд эфирийг сонгон үзэх боломжтой. Мэдээж өмнөх жилүүдийн адилаар шууд дамжуулалт англи хэл дээр дамжуулагдаж, тус өдрийнхөө орой нь бүрэн орчуулга, дуу оруулгатайгаар та бүхэнд хүрнэ.

оскарыг хэн хөтлөх вэ?

Кевин Харт 2019 оны Оскарын наадмын хөтлөгчөөр сонгогдоод байсан хэдий ч түүний олон жилийн өмнөх зүй бус жиргээнүүд олон нийтэд дэлгэгдсэнээр өөрөө тус наадмыг хөтлөхөөс татгалзсан байна. Оскарын хамгийн чухал хүмүүсийн нэг нь яахын аргагүй хөтлөгч байдаг бөгөөд шоуг хэрхэн нээх, номинациудын голоор юу ярих, яаж төгсгөх гээд юу хийхээс нь хамааран Оскарын уур амьсгал, цар хүрээ, чанар тодорхойлогддог тал бий. Тийм ч учраас Оскарыг хөтөлнө гэдэг маш их бэлтгэл төдийгүй мэдрэмж, авьяас шаарддаг.

Эцэст нь хугацаа тулсан, хайж байсан хүнээ олоогүй шалтгаанаар энэ жилийн Оскар хөтлөгчгүйгээр явахаар болсон. Гэхдээ энэ анхны тохиолдол биш бөгөөд 30 жилийн өмнө хөтлөгчгүй явагдсан ч "гамшиг" болоод дууссан юм.

GMA: Хөтлөгчгүй Оскараас бид юу хүлээх вэ?

Хөтлөгчтэй Оскарууд үргэлж сайн байсангүй. 2011 оны Жэймс Франко, Анне Хэтавэй нарын хөтлөлт сүүлийн жилүүдэд байгаагүй "аймшигтай" бүтэлгүйтэл гэгддэг.

ямар уран бүтээлчид тайзан дээр тоглох вэ?

Оны шилдэг кино төрлийг оролцуулаад 8 төрөлд нэр дэвшээд буй "Bohemian Rhapsody", "A Star is Born" киноны төлөөллүүд тайзан дээр тоглолт үзүүлэх нь энэ өдрийн оргил хэсгүүдийн нэг байх болно. Одоогоор Youtube-ээр л гэхэд 300 гаруй сая хандалт аваад буй "Shallow" дуугаа Брэдли Күүпэр, Лэди Гага нар дуулна. Харин үүнээс илүүтэйгээр домогт Queen хамтлаг уран бүтээлээ Долби театрт эгшиглүүлэх бөгөөд хамтлагийн гишүүдийн хамтаар Адам Ламберт дуучнаар оролцох аж.

ямар кинонууд өрсөлдөж байна вэ?

91 дэх удаагийн Оскарын наадамд "The Favourite", "Roma" кинонууд тус бүр 10 төрөлд нэр дэвшсэнээр тэргүүлж байна. Black Panther 7 төрөлд нэр дэвшсэн төдийгүй бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн анхны супер баатрын тухай кино оны шилдэг кино төрөлд өрсөлдсөн тохиолдол болж байна. "Roma" мөн 91 жилийн түүхэн анх удаа хар цагаан, Холливуудаас гаднах бөгөөд өөр хэл дээр хийгдсэн кино оны шилдэгт өрсөлдөж буй тохиолдол болж байна. Дээр дурдсан кинонуудаас гадна Vice, A Star is Born, Green Book, Blakkklansman, Bohemian Rhapsody, First Man, If Beale Street Could Talk зэрэг кинонууд хамгийн олон төрөлд нэр дэвшээд байна.

Энэ жил Netflix-ийн хувьд тун амжилттай жил болж байгаа бөгөөд "Roma" киногоор оны шилдэг кино төрөлд нэр дэвшиж буй нь тэдний хувьд анхных болж байгаа. Мөн "The Ballad of Buster Scruggs" хэмээх Netflix-ийн өөр нэгэн оригинал цуврал 3 төрөлд нэр дэвшиж буй.

ямар кинонууд өрсөлдөөнөөс хасагдсан бэ?

Кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан "A Quiet Place" өрсөлдөөний гадна үлдэв. Мөн Дамиэн Чазелийн "First Man" кино хангалттай олон төрөлд нэр дэвшиж чадсан ч оны шилдэг киноны өрсөлдөөнд багтаж чадсангүй. A Quiet Place, Marry Poppin Returs кинонуудаараа Эмили Блант аль алинаар нь Оскарт нэр дэвших хэмжээний жүжиглэлтийг бүтээсэн гэгдэж байсан ч бас л нэр дэвшиж чадаагүй нь "Эмили Блант Оскарт нэр дэвшихэд хэтэрхий сайн байна" гэсэн яриаг үүсгээд буй. Мөн Өмнөд Солонгосын "Burning" (Муракамигийн зохиолоос сэдэвлэсэн) шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд багтаж чадаагүй нь сонирхолтой.

Дэлгэрэнгүй: Vox - 2019 оны Оскарын наадмын нэр дэвшилтийн 7 ялагч, 5 ялагдагч

4692   0


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.