Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   03 сарын 11, 2019

Онцлох бизнес: M Space - Гарааны бизнесүүдийг шинэ түвшинд гаргана

Үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй ч олон компанийг өөртөө нэгтгээд байгаа MSpace хамтын оффисыг бид энэ удаа танилцуулж байна. Байршлаас аваад бүх л зүйлийг гишүүддээ үр ашигтай, тав тухтай байхаар тооцоолсон нь тус хамтын оффисын үүсгэн байгуулагчид тухайн салбараа сайн мэддэг, туршлагатай мэргэжилтнүүд гэдгийн илрэл болов уу. Ингээд та бүхэнд MSpace хамтын оффисыг үүсгэн байгуулагч, Start компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б. Пүрэвсүрэн, хамтын оффисууд (CSO) хариуцсан захирал Б. Батбаатар нартай хийсэн ярилцлагаа хүргэе.

Бизнесийн нэр: M Space хамтын оффис
Хаяг: Сүхбаатарын талбайн зүүн талд, Central Tower-ийн 13-р давхар
Үйл ажиллагааны чиглэл: Хамтын оффис, сургалт, арга хэмжээ
Үүсгэн байгуулагчид: Д.Бат-Октябрь, С.Эрдэнэбат, Б.Пүрэвсүрэн, Б.Батбаатар, З.Билэгбаатар
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2018 оны 11-р сар
Цахим хуудсууд: M Space (Фэйсбүүк), M Space Innovation Hub (Инстаграм)

Зүүн гар талаас: C.Эрдэнэбат, Б.Батбаатар, Б.Пүрэвсүрэн

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Google болон Techstar-аас гаргасан судалгаагаар гарааны бизнес өсөж хөгжих таатай нөхцөл буюу экосистем нь нийт 5 хүчин зүйлээс бүрддэг хэмээн тодорхойлсон байдаг. Үүний нэг нь нягтаршил юм. Энэ нь гарааны бизнесүүд цуг байж, бие биеэсээ суралцан хамтдаа хөгжих боломжийг хэлж байгаа юм. Startup Монгол компани 7 жилийн хугацаанд гарааны бизнесийн экосистем хөгжүүлэлтийн хүрээнд тогтмол арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн. Бидний зохион байгуулсан арга хэмжээ, тэмцээнүүдэд оролцогчид, зарим бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчид, бизнесийн зөвлөх менторууд, хийж бүтээх эрмэлзэлтэй зорилго нэгт залуустай уулзаж бизнесээ урам зоригтойгоор эхлүүлдэг ч явцын дунд эрчээ алдаж улмаар зорилгоосоо буцах явдал их ажиглагддаг юм. Үүнээс бид энэ хүрээнийхнийг үргэлж цугт нь байлгах орчинг бий болгох зайлшгүй хэрэгцээ байгааг ойлгон 2017 онд Workcentral, 2018 онд M Space-ийг тус тус нээгээд байна.

MSPACE-ЫН ОНЦЛОХ КОМПАНИУДЫН ТАЛААР? ТЭДЭНД ҮЗҮҮЛЖ БУЙ ДЭМЖЛЭГ, ҮР ДҮН ҮЗҮҮЛЖ БУЙ ЖИШЭЭ?

Манай хамтын оффис дээр Anduud lab , Alchemist, Insur, Appril, Insur гэх зэрэг Монголын шилдэг технологийн стартапууд байрлаж байгаа. Эдгээр стартапуудад бид төрөл бүрийн дэмжлэг, консалтинг үзүүлж, компанийн хувьд өргөжин тэлэхэд нь тусалдаг. Жишээлбэл хамгийн сүүлд бид M Space-ийнхээ таван компанийг хөрөнгө оруулагчтай уулзуулсны үр дүнд гурав нь хөрөнгө оруулалт авахаар болоод байна. Түүнчлэн бид сар бүр салбар, салбарын туршлагатай бизнес эрхлэгчдийг ментороор урьж, олон улсын зах зээлд гарах тал дээр нь стартапууддаа зөвлөгөө өгүүлдэг. Энэ сард Д.Энхтүвшин шаркийг хамтын оффисынхоо ментороор уриад байна.

Хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Бид MLab хөрөнгө оруулалтын сангаас үйл ажиллагаагаа эхлүүлэх санхүүжилт аван үйл ажиллагаа явуулж байна.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?

Анх 2014 онд Бат-Октябрь, Билэгбаатар нар хамтран “Стартап Монгол” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсний дүнд гарааны бизнес сонирхогчид, эрхлэгчдийн маш том коммюнити үүссэн гэж ойлгож болно. Үүний үндсэн дээр Start компани байгуулагдаж, уг компанийн хамгийн анхны бүтээгдэхүүн болох M Space үүд хаалгаа нээгээд байгаа нь энэ юм.

ТАнайх ямар онцлог, давуу талуудтай вэ?

М Space бол оффис гэхээс илүүтэй хамтын бүлэг, бизнес эрхлэгчдийн хүрээлэл юм. Тиймээс ч талбай түрээслэхийн оронд гишүүнчлэлийн эрх олгож, тогтмол сургалт, үйл ажиллагаа зохион байгуулдаг. Манайх гарааны бизнес эрхлэгчид, компаниуд, хөрөнгө оруулагчид гэсэн 3 төрлийн гишүүдэд зориулсан гишүүнчлэлийн эрхтэй.

Тэгэхээр дан ганц гарааны бизнесүүд бус дэлхийн зах зээлд гарчихсан Анд Глобалаас эхлээд амжилттай яваа компаниуд манайд байрладаг тул олон улсад гарах туршлага солилцох, бие биеэсээ суралцах, дотроосоо хөрөнгө оруулалт авах зэрэг давуу талуудаар ялгарна.

Мөн М Space нь Зүүн Өмнөд Азийн хамтын оффисуудын холбоонд харьяалагддаг тул манай гишүүд Тайланд, Шанхай, Малайз, Индонез зэрэг улс орнуудад байрлах хамтын оффисуудаар үнэгүй үйлчлүүлж, олон улсын компаниудтай хамтран ажиллах боломжтой.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Мэдээлэл, харилцаа холбоо дутуу байснаас үүдэн үл ойлголцол, өөр олон асуудал үүсдэг. Тэгэхээр манай хамт олноос хэн нь ч алдаа гаргалаа гэсэн бусдадаа шууд хэлж, түүнийг залруулах арга хэмжээг дор нь авдаг. "Зөвшөөрлийг бус өршөөлийг хүс" буюу алдаа гаргах боломжийг ажилтнууддаа нээж өгдгөөрөө илүү хурдтай, бүтээлч ажиллаж чаддаг. Энэ нь хамт олны уур амьсгалыг илүү ил тод, үнэнч байлгадаг.

яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

M Space гишүүнчлэлийн эрх олгох, хамт олны хүрээллийг илүү бэхжүүлэх, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх зэрэгт төвлөрөн ажиллаж байна. Өнгөрсөн сард Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуультай хамтран оюутнуудад гарааны бизнесийн мэдлэг, туршлага өгөх MCampus-ийг албан ёсоор нээлээ. Мөн 13-р хороололд шинэ хамтын оффис нээхээр засварын ажлаа хийж байгаа. Шинээр нээгдэх хамтын оффис маань сургалт, арга хэмжээ хийхэд тохиромжтой, илүү том орон зайтай байх юм.

Энэ бизнесийг ЭРХЛЭХИЙН эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд юу вэ?

Анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан үе буюу 6 жилийн өмнөхтэй харьцуулахад хүмүүс стартапын ажиллах соёл, онцлогийн талаар хавьгүй сайн ойлголттой болсон байна. Гэхдээ хөгжүүлж сайжруулах зүйлс мэдээж байсаар байгаа. Бэрхшээлүүд мэдээж тулгарна. Бэрхшээл байна гэдэг нь өөрөө боломж байна гэсэн үг гэж боддог. Аль өнцгөөс харах нь хүн хүнээс шалтгаална. Дэлхийд монгол бизнесээ таниулах, холбож өгөх, хийж бүтээх эрмэлзэлтэй залуустаа дэмжлэг үзүүлж буй маань манай бизнесийн хамгийн том эерэг тал болов уу.

Товчхон хэлэхэд, гарааны бизнес эрхлэгчийг дайчин гэж үзвэл манай M Space хамтын оффис нь дайчдын хүчээ нэгтгэж байлдааны арга барилаа боловсруулах ОТОГ гэж хэлж болох юм.

ТА БҮХЭН ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭГЧДЭД ЯМАР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ВЭ? ТЭД ЮУН ДЭЭР ИХ АЛДААД БАЙНА?

Гарааны бизнес эхлүүлэх замд маш олон саад бартаа, бэрхшээл бий. Тэдгээр бэрхшээл бүрийг өөрийн шинэлэг санаа, санаачилга, хүчин чармайлтаар давж гараад амжилтад хүрэх нь энтрепренер хүний зорилго байдаг. Бид асуудлыг шийдэж, шинэ бизнес эрхэлж байгаа залуучуудыг бүх л мэддэг, чаддаг зүйлсээрээ дэмжин ажиллахыг хичээдэг.

Бизнесээ эхлүүлж байгаа залуучууд зөв хүрээлэлд байхгүйгээс болоод цаг хугацаа, хөрөнгө мөнгө их алддаг. Жишээлбэл хамтраад хийчих юмыг хоёр, гурван талд тус бүрдээ хийгээд цаг алдаад байх нь элбэг. M Space яг л энэ асуудлыг шийдэх зорилготой. Тиймээс гарааны бизнесээ эхлэхээр бэлдэж буй залуучуудад зөв хүрээллээ олоорой гэж хэлмээр байна.

17126   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг
Г.Эрдэнэбилгүүн

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.