Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   03 сарын 09, 2019

Unlock Podcast #54: "Ухаалаг хөрөнгө оруулагч" номын тухай

Подкастын ээлжит дугаарт Наги, Дээгий хоёр бизнесийн нэгэн сонгодог бүтээлийг ярилцсан нь Бенжамин Граэмийн "Ухаалаг хөрөнгө оруулагч" юм. 1950 онд хэвлэгдсэн, дотроо агуулсан үнэт зарчмуудаараа хойчийн хөрөнгө оруулагчдын гарын авлага болж "хөрөнгө оруулалтын библи" гэгдсэн энэ ном саяхан монгол хэлнээ орчуулагдсан юм. Ингээд хувьцаанд хөрөнгө оруулах замаар эд баялгаа өсгөх хүсэлтэй хүмүүсийн уншвал зохих, манай цагийн үеийн хамгийн шилдэг хөрөнгө оруулагч Уоррен Баффетийн багшийн бичсэн номтой танилцацгаая.

НОМЫН ТУХАЙ

Хөрөнгө оруулагч гэхээр бидний санаанд хамгийн түрүүнд дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Уоррен Баффет буудаг. Уоррены хөрөнгө оруулалтын арга барилыг "үнэ цэнийн арга" (value investing) гэдэг бөгөөд тэрээр үүнийг өөрийн багш, энэ номын зохиолч Колумбын их сургуулийн профессор Бенжамин Граэмээс сурсан гэдэг.

Value investing гэдэг нь урт хугацаанд тогтвортой хөрөнгө оруулах арга юм. Тэгэхээр энэ ном богино хугацааны ашиг харж хувьцаан дээр тоглох сонирхолтой хүмүүст бус, урт хугацаанд тогтвортой хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүст зориулагдсан гэсэн үг. Монголд хөрөнгийн зах зээл хөгжиж эхлэн, хүмүүс хувьцаа сонирхдог болж буй энэ цаг үед тун хэрэгтэй сурвалж гэдэг нь тодорхой. Уг номыг Монсудар компаниас орчуулан гаргасан бөгөөд англи хэлнээс АНУ-д бизнесийн удирдлагаар суралцаж байхдаа Уоррен Баффеттай уулзаж явсан Э.Амарбаясгалан орчуулжээ. Орчуулга нь уг номын 1973 оны дөрөв дэх хэвлэл 2003 онд Money сэтгүүлийн сэтгүүлч Жейсон Цвейгийн тайлбартайгаар шинэчлэгдсэн хувилбар аж. Өөрөөр хэлбэл Граэмийн өгүүлсэн жишээнүүдийг орчин үед буулган, өнөөгийн зах зээлийн бодит байдалтай нийцүүлсэн учир уншигчид илүү сайн ойлгох биз ээ.

Энэ номд дурдсанчлан хувьцаа бол бизнес юм. Шинжлэх ухаан. Зарчим. Аргачлалууд. Харин азаа үзэх, таамаглах нь буруу хандлага аж.
Энэ номын гол санаа бол, хөрөнгө оруулалтын суурь зарчмуудыг мэдэж байвал, тэдгээрийг ямар ч үед хэлбэрлэлтгүй даган сахилга бат сайтай байж чадвал тухайн хүн хөрөнгөө өсгөх боломжтой. Хувьцаагаар хөрөнгөө өсгөхийн тулд та суутан байх албагүй. Суутан байгаад ч тэдгээр зарчмуудыг хэрэгжүүлэхгүй бол амжилт олохгүй гэнэ. Тэгэхээр чухам тэр л зарчмуудыг та энэхүү номоос мэдэж авах боломжтой ажээ.

"Бений санаанууд няцаагдах нь бүү хэл, эдийн засгийн шуурга бүрд үр ашиг нь нотлогдож, нийтэд улам илүү хүлээн зөвшөөрөгдөж иржээ. Түүнийг онолыг дагагсад өөрсдөөсөө илүү ухаантай боловч өөр мэргэдийн онолыг дагаж яваад бүдэрсэн мундаг хүмүүсээс хавьгүй их ашиг хүртсэн байдаг."

Уоррен Баффет

ПОДКАСТЫГ СОНСОХ

Та энд дарж подкастыг сонсоно уу.

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

Ташрамд өгүүлэхэд та уг номыг Интерномоос 10 хувийн хямдралтай худалдан авах боломжтой. Яаж гэдгийг подкастаас сонсоорой.

13683   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.