Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   04 сарын 07, 2019

7 хоногийн тойм: Хамгийн харгис хууль + Хамгийн ашигтай компани + Хамгийн гол найдвар

Ковер зургийн тайлбар: Snap сэргэн мандаж чадах уу?

Онцлох:

Snapchat анх удаагаа шинэ бүтээгдэхүүн, нэмэлтээ танилцуулах зорилготой арга хэмжээгээ Partner Summit нэртэйгээр зохиолоо. Нэгэн үе сошиал ертөнцийн өнгө төрхийг тодорхойлж, томчуудын дээр цахиур хагалж явсан ч өсөлт нь удааширч, өрсөлдөгчдөдөө гол давуу талуудаа "алдсаар" буй тэд хүчтэй "эргэн ирэх" амбицтай байгаагаа энэ эвентээр тунхаглав.

Тус эвентийн хамгийн онцлох танилцуулга нь сошиал тоглоомуудын талбар Snap Games байлаа. Хэдий Google, Apple-ийн дараа тоглоомын зах зээлд орж байгаа мэт харагдавч 2 жилийн өмнө супер хит тоглоом Fruit Ninja-г бүтээгч PrettyGreat-ийг худалдан авснаараа үүнд бэлтгэж эхэлсэн гэж хэлж болно. Тэд өөрсдийн хөгжүүлсэн Bitmoji Party нэртэй тоглоомыг оролцуулан нийт 6 тоглоомтой платформоо пүрэв гарагаас бүх хэрэглэгчдэд нээлттэй болгоно. Эдгээр тоглоомуудыг Zynga, Zeptolab, PikPok зэрэг шилдэг тоглоом хөгжүүлэгчид бүтээсэн гэнэ.

Үүнээс гадна ихээхэн анхаарал татсан шинэ мэдээ нь Snapchat-ийн хамгийн алдартай нэмэлт Stories-ийг өөр апп-ууд ашиглах боломжтой болсон явдал байв. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид өөрсдийн Snap дээр хийсэн сторигоо өөр апп-ууд руу шууд хуваалцаж болно гэсэн үг. Tinder, HouseParty гэсэн залуусын дунд эрэлттэй апп-ууд эхний хамтрагчид нь болсон байна. Тэднээс хуулбарлан эхлүүлсэн Instagram-ийн сториг өдгөө 500 сая хүн хэрэглэж байгаа нь Snapchat-ийн нийт хэрэглэгчдээс даруй 2.5 дахин их тоо билээ.

Энэтэй зэрэгцэн тэд анимэйшн хэлбэрээр өөрийн аватарыг бүтээх боломж олгодог Bitmoji-оо ч өөр апп-уудад хэрэглэх боломжтой болгож байгаа гэнэ. Одоо хэрэглэгчид аватараа Fitbit, Netflix, Venmo зэрэг апп-ууд дээр ашиглаж болно. Энэ нь мөн стикерүүдэд ч үйлчлэх аж. Ийм хамтын ажиллагаануудаараа дамжуулан тэд хэрэглэгчдийн өсөлтөө нэмэгдүүлнэ хэмээн найдаж буй.

AR технологи Snap-ийн урдаа барьдаг гол давуу тал. Үүнийгээ ч тэд Landmarkers нэртэй шинэ танилцуулгаараа баталж, Лондон, Нью Йорк, Парисын топ байршил, барилгуудад зориулсан камерын "хөгжилтэй" нэмэлтийг танилцуулсан юм. Одоо хэрэглэгчид түүхэн дурсгалт газрууд руу камераа харуулан аварга пицца, том нүд, цаасан салют зэрэгтэй хослуулан ашиглах боломжтой болжээ. Мөн тэд гар утсанд зориулан бүтээгдсэн, богино хэмжээний цувралуудаас бүрдэх 10 шинэ оригинал контентоо танилцуулав.

Snap-ийн үүсгэн байгуулагч Э.Шпигел хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг хангах нь компанийн эрхэм үүрэг байх болно гэдгийг онцолсон байна. Хэрэглэгчдийн датаг багцлан гуравдагч этгээдүүдэд борлуулж сурталчилгаа байршуулах боломжуудыг эрэлхийж, шинээр санал болгож буй өнөө үед энэ шийдвэр нь ихээхэн чухал даалгавар билээ. Сонирхуулахад, Snap-ийг АНУ-ын 13-24 насны залуусын 90 хувь нь ашигладаг гэнэ.

CNN: Snap тоглоомд ихээхэн найдвар хүлээлгэж байна

дэлхий дахинд

Япон улс тавдугаар сарын 1-ээс эхлэх шинэ эринийхээ нэрийг "Рэйва" хэмээн зарлалаа. Одоогийн эзэн хаан Акихитио хаан ширээнээсээ бууснаар 1989 оноос эхтэй "Хэйсэй" эрин дуусгавар болж байгаа нь энэ. Түүний орыг ханхүү Нарухито залгамжилна. Японд 645 оноос эхлэн шинэ эзэн хаан тодрох бүрд түүний эринийг зарлаж, он тоололдоо мөрддөг уламжлал тогтсон юм. "Дэг журам, энх тайван" гэсэн агуулгатай уг нэрийг Японы бизнес, шинжлэх ухаан, медиагийн төлөөлөгчдөөс бүрдсэн 9 хүнтэй зөвлөл үндэсний уран зохиолоос дээжээс санаа аван сонгожээ.

420 мянган иргэнтэй, Зүүн Өмнөд Азийн Бруней улс энэ долоо хоногоос эхлэн ижил хүйстнүүдэд үхлийн ял оноох лалын шашинт хууль баталсан нь олон улсын хүний эрхийг хамгаалагч байгууллагууд, активистуудын эрс шүүмжлэлтэй тулгарлаа. Хэрвээ өөрөө хүлээн зөвшөөрсөн, өөр дөрвөн хүн гэрчилсэн тохиолдолд ялтныг гэм буруутайд тооцож, чулуу шидэн цаазын ял гүйцэтгэхээр хуульчилсан байна. Мөн хулгайн гэмт хэрэг үйлдэгчдийн мөчийг таслах, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн, хүчингийн гэмт хэрэг хийсэн, бэлгийн гаж харилцаанд орсон, зөнч Мухаммедийг доромжилсон нь тогтоогдсон тохиолдолд цаазын ял оноох аж. Байгалийн хий, газрын тосны нөөцөөрөө бүс нутагтаа тэргүүлэгч, нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээгээрээ дэлхийд тавд бичигддэг энэ улсын хөрөнгө оруулалтын сан The Beverly Hills, The Dorchester зэрэг дэлхийн хамгийн үнэтэй, дээд зэрэглэлийн зочид буудлын сүлжээнүүдийг эзэмшдэг. Эдгээр газруудаар үйлчлүүлэхгүй бойкот хийнэ гэдгээ Ж.Клүүни, Р.Брэнсон тэргүүтэй алдартнууд мэдэгджээ.

Time: Брунейд гэй хүн амьдрах ямар байдаг вэ?

Дэлхийн Банкны шинэ ерөнхийлөгчөөр Америкийн эдийн засагч, 63 настай Дэвид Малпасс сонгогдлоо. Өмнө нь АНУ-ын сангийн яамны олон улсын асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүнийг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп нэр дэвшүүлээд байсан юм. Дэлхийн банкыг 2012 оноос хойш удирдаж байсан Жим Ён Ким өнгөрсөн оны 1-р сард өөрийн хүсэлтээр ажлаа өгөх хүсэлтээ гаргаад байсан билээ.

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй Европын холбооноос гарах шилжилтийг 6-р сарын 30 хүртэл хойшлуулах хүсэлтээ албан ёсоор гаргалаа. Парламенттайгаа зөвшилцөж чадалгүй удаа дараалан ялагдал хүлээсээр буй Мэйд 4-р сарын 12 гэсэн хугацаа заагдаад байсан юм. Тэгвэл Европын Холбооны тэргүүн Д.Таск 2020 оны 3-р сарын 31 хүртэл хугацааг сунгах саналтай байгаагаа мэдэгдсэн байна. Европын холбооны бусад улсын удирдагчид энэ шийдвэрийг батлах учиртай.

Сакура цэцэглэхтэй зэрэгцэн шинэ эриндээ Японы ард түмэн бэлдэж эхэллээ

технологийн ертөнцийн эргэн тойронд

Японы "Хаябүса 2" аппарат сансрын чулуулаг биет дээр тэсэлгээ хийсэн нь салбарын түүхэнд бичигдэхүйц үйл явдал боллоо. Өнгөрсөн 2-р сард Рюгү нэртэй биет дээр амжилттай газардсан уг аппарат зэс сум бүхий тусгай блокийн тусламжтайгаар хиймэл тогоо үүсгэсэн байна. Уг тогоон дотроос 4.5 тэрбум жилийн өмнө нарны аймаг үүссэн цагаас хойш хөндөгдөөгүй үлдсэн хөрс шороог илрүүлнэ хэмээн эрдэмтэд найдаж буй. Төлөвлөгөө ёсоор "Хаябүса 2" 5-р сард тогоонд бууж, дээжийг авах учиртай.

Skype нэгэн зэрэг 50 хүнтэй видео дуудлага хийх боломжтой болсноо зарлалаа. Microsoft-ийн эзэмшдэг уг апп өмнөх боломжоо 2 дахин нэмэгдүүлснээс гадна дуудлага хийх үйлдлийг илүү хялбаршуулсан гэдгээ онцолсон байна. Ингэснээр тэд Messenger, Facetime, Hangout зэрэг бусад өрсөлдөгчдөөсөө илүү гарч байгаа юм.

Prius загвараараа хайбрид технологийн салбарт дэвшил авчирсан Toyota хос болон цахилгаан хөдөлгүүртэй холбоотой, өөрсдийн эзэмшиж буй бүх патентыг нээлттэй болголоо. 2030 он хүртэл үргэлжлэх уг хөтөлбөрт нийт 24 мянган патент багтаж байгаа гэнэ. Үүгээрээ тэд бусад өрсөлдөгч компаниудаа байгальд ээлтэй үйлдвэрлэл, технологид уриалж байгаа юм.

Amazon илүү хямд үнэтэй интернэтийн үйлчилгээ үзүүлэх зорилготой "Kuiper" нэртэй төслийг эхлүүлж байгаагаа зарлалаа. Тусгай лиценз авах хүсэлтдээ тэд 3326 ширхэг хиймэл дагуул хөөргөн, интернэтэд холбогдоогүй байгаа 3.8 тэрбум хүнд илүү дэвшилтэт, чанартай үйлчилгээг санал болгоно хэмээн тусгасан байна. Энэ зах зээлд тэднээс гадна Facebook, SpaceX, OneWeb зэрэг компаниуд өрсөлдөж байгаа билээ.

Гэрэл, хүчилтөрөгчгүй орчинд энерги үүсгэн амьдрах чадвартай бактерийг нээн илрүүлснээ ОХУ-ын Томскийн их сургуулийн эрдэмтэд зарлалаа. "Фотосинтезийн урвал явагдахгүй тийм орчинд амьдрал байх ёсгүй" хэмээх үзлийг эвдсэнээрээ уг бактери сансар огторгуйд амьдрал байх боломжтой гэдгийг онолын хувьд харуулж буй юм. Гүнийн усанд оршин байх, "Desulforudis audaxviator" буюу "зоригт аянчин" нэртэй уг бактерийн генийн ул мөрийг 10 гаруй жилийн өмнө илрүүлж байсан гэнэ.

"Японоос Бразил дахь 6 см-ын байг онох" оролдлого хийлээ хэмээн JAXA мэдээлжээ

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Саудын Арабын төрийн эзэмшлийн компани Aramco санхүүгийн үзүүлэлтээ ил болгож, дэлхийн хамгийн ашигтай компани гэдгээ нотоллоо. Өдөрт 13,6 сая баррель газрын тос олборлодог тус компани 2018 онд 360 тэрбум долларын борлуулалт хийж, 111.1 тэрбум долларын ашигтай ажилласан байна. Энэ нь Apple, Google-ийн ашгийг нийлүүлснээс ч илүү үзүүлэлт бөгөөд гол өрсөлдөгч Shell-ийг 5 нугалсан ашиг юм. 70-аад оноос хойш санхүүгийн үзүүлэлтээ нууцалсаар ирсэн Aramco петрохимийн компани Sabic-ийг 69.1 тэрбум доллараар худалдаж авах хэлцэлдээ зориулан мэдээллээ ил болгосон нь энэ.

Amazon-ийн үүсгэн байгуулагч Ж.Бейзос гэр бүлээ цуцалсны дараа ч дэлхийн хамгийн баян хүн хэвээр үлдэх нь тодорхой боллоо. Түүний экс эхнэр Макензи Бэйзос нөхрийнхөө Amazon-д эзэмшиж байсан хувьцааны 25 хувь буюу компанийн 4 хувийг авч байгаа гэнэ. Гэхдээ өөрийн бүх саналын эрхийг Жеффд шилжүүлж байгаагаас гадна сансрын технологийн Blue Origin, медиа салбарын Washington Post компаниудаас ямар нэгэн хувь хүртэхгүй гэдгээ зарласан байна. Ингэснээр тэрээр 35 тэрбум долларын хөрөнгөтэй болж, дэлхийн 4 дэх баян эмэгтэй болж байгаа юм. Өдгөө 55 настай Ж.Бэйзосын хөрөнгийн хэмжээ энэ явдлын дараа 110 орчим тэрбумаар үнэлэгдэж байна.

456 тэрбум долларын үнэлгээтэйгээр Азийн хамгийн том технологийн компанид тооцогдох Tencent 6 тэрбум долларын бонд гаргалаа. Хятадын супер чат апп WeChat-ийг эзэмшигч тэд PUBG зэрэг тоглоомоороо өндөр амжилтад хүрсэн билээ. Үүнээс гадна тэд Tesla, Reddit, Snapchat зэрэг өндөр өсөлттэй компаниудад хөрөнгө оруулаад байгаа юм.

Alibaba-ийн 15 хувийг эзэмшдэг Altaba компани 40 тэрбумаар үнэлэгдэх бүх хувиа зах зээлд арилжаалж, улмаар татан буугдах болсноо зарлалаа. Altaba бол 2017 онд Yahoo компани Verizon-д зарагдахад үүссэн нэгдэл. Yahoo 2005 онд тухайн үед дөнгөж танигдаж байсан Alibaba-д 1 тэрбум долларын хөрөнгө оруулж, улмаар 30 хувийг нь эзэмших болсон нь түүхэн дэх хамгийн ашигтай хэлцлүүдийн нэгт тооцогддог юм. Altaba үүнээс гадна Yahoo Japan-ий 35 хувийг эзэмшиж байсан бөгөөд түүнийгээ өнгөрсөн 9-р сард 4 тэрбум доллараар бүрэн зарсан билээ.

Aramco нийт орлогынхоо 50 хувийг татварт төлдөг гэнэ

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

DC Comics-ийн ээлжит супер баатрын түүх "Shazam!" Хойд Америкийн зах зээлээс 51 сая долларын орлого олсноор бокс оффисийг тэргүүллээ. Харин алдарт С.Кингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Pet Sematary" 23 сая долларын борлуулалтаар 2-р байрт бичигдсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн лидер "Dumbo"-ийн борлуулалт 60 хувиар буурч, 3-р байр луу уналаа. Харин 5-р байрт жагссан "Captain Marvel"-ийн дэлхий даяарх орлого 1 тэрбумыг давснаар хамгийн амжилттай эмэгтэй супер баатартай кино болжээ.

17 настай авьяаслаг уран бүтээлч Билли Айлиш Британийн чартыг тэргүүлсэн хамгийн залуу эмэгтэй уран бүтээлч боллоо. Түүний анхны студийн бүрэн хэмжээний цомог "When We All Fall Sleep, Where Do We Go?" дебют долоо хоногтоо 48 мянган хувь борлуулагдсан нь энэ жилийн хувьд зөвхөн А.Грандегийн "Thank U, Next"-ийн дараа орох үзүүлэлт юм. "Bad Guy" бүтээлээрээ синглийн жагсаалтад 2-т бичигдсэн Эллиш 2004 оны Ж.Стоуны амжилтыг 2 сараар ахиулсан нь энэ.

Тэгвэл Монголын рок хамтлаг The Hu-ийн "Wolf Totem" буюу "Чонон сүлд" бүтээл iTunes-ийн "Шилдэг рок дуу", "Шилдэг метал дуу" жагсаалтыг тэргүүллээ. Тэдний өнгөрсөн оны 11-р сард гаргасан уг дууны видеог Youtube-ээр 6 сая гаруй хүн үзэж сонирхоод байгаа билээ. Таталтаараа Америкийн чартыг тэргүүлсэн нь манай уран бүтээлчдийн хувьд анхдагчид тооцогдох амжилт юм.

4-р сарын 26-нд нээлтээ хийх Marvel-ийн "Avengers: Endgame"-ийн урьдчилсан тасалбарын борлуулалт онлайн сайтуудын дээд амжилтыг эвдсэн байна. Тус киноны захиалга Fandango, Atom зэрэг сайтуудаар явагдаж, бүр эхэн үедээ хэт их ачааллаас болон гацаж удааширсан гэнэ. Өмнөх амжилтыг "Star Wars: The Force Awakens" эзэмшиж байсан аж.

Их Британийн ханхүү Харри болон түүний гэргий Меган Маркл нарын Инстаграмд нэгдсэн эхний өдрөө 3.8 сая дагагчтай болж, дээд амжилт тогтоолоо. @SussexRoyal нэртэй уг хуудас ердөө 5 цагийн дотор 1 сая дагагчтай болсон нь мөн хамгийн хурданд тооцогдоно. K-Pop-ийн од Канг Даниел өмнө нь 11 цаг 36 минутын дотор 1 сая дагагчтай болж рекорд тогтоож байв.

АЛДАЛГҮЙ УНШИХ АРВАН МЭДЭЭ

Washington Post: Монголын ардчилал хэрхэн сүйдэж байна вэ?
Techcrunch: 4-р сарын нэгний хамгийн шилдэг ба бүтэлгүй хошигнолууд
The Verge: Microsoft-ийн Hololens 2-ийг турших уу? (үзэх)
BBC: 1MDB: Малайзын санхүүгийн луйврын эргэн тойронд
iKon: Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн робот хөтөч танилцууллаа
CNN: Apple Хятадад iPhone-ийн үнээ буулгалаа
NYTimes: Генийн инженерчлэлээр бүтээсэн анхны гүрвэлтэй танилц
Reuters: Энэтхэгийн "нүсэр" сонгуулийн өмнө
Fox: Дэлхийн хамгийн үнэтэй уран зураг алга болсон уу?
Vox: Реппер Нипси Хасслын дурсгалд

12950   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.