Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Блог   05 сарын 29, 2019

2030: Бид энэ даалгаврыг биелүүлэх сүүлчийн үеийнхэн гэж үү?

Дэлхийн байгаль хамгаалах сангаас (WWF) хоёр жил тутам гаргадаг Living Planet Report тайлангаас үзэхэд дэлхий дээрх хөхтөн ан амьтны тоо сүүлийн 50 жилд 60 хувиар буураад байгаа нь итгэхэд бэрх дүн юм. Онгон дагшин байгальтай, олон зүйлийн ховор ан амьтан, ургамалтай гэгддэг манай улсын хувьд "Төрөл зүйлээ хамгаалъя" уриа бүр ч ойрхон, бүр ч чухал мэт…

Эх дэлхийгээ энэрч, амьд төрөл зүйлсийг хайрлаж хамгаалахын тулд бид хамтын ажиллагааг мөн зайлшгүй ярих ёстой. Төрөл зүйлсийг хамгаалахад Тогтвортой хөгжлийн 13 дахь зорилт болох “Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах”, 15 дахь зорилт болох “Хуурай газрын экосистемийг хамгаалах” зорилтууд шууд холбогдох бөгөөд авах арга хэмжээнүүдээ бид 17 дахь зорилт болох “Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх” хүрээнд хийх учиртай.

Эх дэлхийгээ хайрлан хамгаалахад хувь нэмрээ оруулж, хамтын ажиллагаа, өргөжүүлэхэд туслах "Тогтвортой хөгжил 2030" цахим томхимлын дөрөв дэх дугаарыг хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.

Манай дэлхий үнэхээр үзэмжтэй мөртлөө жижигхэн шүү! Хайрлаарай, Хамгаалаарай!
Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа

Манай гараг дээр харилцан шүтэлцээтэй сая сая амьтан, ургамлын төрөл зүйл бий. Үүний дотор бидний мэддэг, бидний хайртай олон зүйлийн амьтан бий. Гэвч хүмүүс бид байгалийн тэнцвэрийг алдагдуулснаас болоод олон ан амьтан мөхөх аюулд оров. Тэртээ 60 гаруй сая жилийн тэртээ үлэг гүрвэлүүд уур амьсгалын нөлөөгөөр устаж үгүй болсон бол өдгөө ан амьтад мөхөх эрсдэлд орсон нь хүний хүчин зүйлээс үүдэлтэй. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, ой мод ба гол усны хорогдол, бэлчээр ба хүний амьдрах орон зайн тэлэлт, хууль бус ан, эрүүл бус газар тариалан, төрөл бүрийн бохирдол зэргийг дурдаж болно.

Бүхий л амьд амьтан, ургамал өөрийн гэсэн үнэ цэнтэй, тодорхой үүрэгтэй бөгөөд хоорондоо шүтэлцэж амьдрах маш нарийн экосистемтэй. Иэллевстөүн паркт чонын тоо толгой нэмэгдсэн нь өвсөн идэшт амьтдын зан төлөвт нөлөө үзүүлж, тэр нь мод ургамлын ургацад нөлөөлж, тэр нь "усны инженер" гэгддэг минжний тоо толгойг олшруулснаар голын гольдрол хүртэл өөрчлөгдөж, нуур цөөрөм тогтож эхэлсэн тухай гайхал төрүүлэм видеог та бүхэн үзсэн байж магадгүй. Илүү ойрын жишээ гэвэл, бидний сайн мэдэх тарвага л гэхэд тахь хамгаалагч болдог байна. Тарвага нь чоно, бүргэд, тас гэх мэт олон амьтны идэш тэжээл болдог тул устаж алга болбол тэдгээр амьтад тахийн унагыг идэх болдог. Мөн маш том нүх ухаж, гүнд байгаа хөрсийг сийрүүлэн хөрсний эрдэс бодисыг хутгаж, жижиг амьтдын үүрийг бэлтгэдэг тул тарвагыг "хээрийн инженер" ч гэдэг. Ан амьтад өөр хоорондоо чухам ийм л нарийн шүтэлцээтэй, цаашлаад хүмүүс бидний амьдралд шууд болон дам нөлөөтэй тул бид төрөл зүйлсээ цаг алдалгүй хамгаалах ёстой билээ.

онцлох тоонууд 

  • Хуурай газар дээрх амьтдын тоо толгой 1970 оноос хойш 40 хувиар буурчээ.
  • Далайн амьтдын тоо толгой мөн 40 орчим хувиар буурчээ.
  • Дэлхийн 11,000 орчим шувууны төрөл зүйлийн тоо толгой буурч байна.Цэвэр усны экосистем дэх амьтдын тоо толгой 1970 оноос хойш 75хувиар буурчээ.
  • Дэлхийн зарим хэсэгт шавжны тоо толгой 75 хувиар буурчээ.
  • Хүмүүсийн нөлөө дэлхийн газрын гадаргын 83 хувьд хүрсэн гэж тооцогдож байгаа бөгөөд энэ нь эргээд ан амьтан, ургамлын экосистемд нөлөөлж байгаа юм.

МОНГОЛ ДАХЬ ХОВОР АМЬТАД

Хамгийн сүүлд хийсэн тооллогын дүнгээр:
Мазаалай 28
Хүрэн баавгай 500
Баданга хүдэр 6500
Төв Азийн минж 300
Голын халиу 100
Цоохор ирвэс 900-1200
Тахь 538
Хулан 10,000
Хавтгай 800-1200
Бөхөн 10,000
Төрөөс зэрлэг амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөц баялгийг зохистой ашиглах бодлогыг төр, хувийн хэвшлийн байгууллага, ард иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж байгаагийн дүнд нэн ховор, ховор амьтдаас тахь, минж, халиун буга сэргээн нутагшуулах, хүдэр, хавтгай, тул, зэвэг, хадран загас үржүүлэх төслүүд зохих үр дүнгээ өгч байгаа аж.

ЧИГ ХАНДЛАГА

Хэдийгээр дээрх тоонуудыг харахад нөхцөл байдал баргар байгаа мэт санагдавч сайн мэдээ гэвэл төрөл зүйлсийн тоо толгой буурч устаж буй энэ үйл явцыг бид удаашруулж, цаашлаад тоо толгойг нь сэргээх бүрэн боломжтой. Хэрвээ иргэд бид нэгдэж, дуу хоолойгоо хүргэж чадвал хэрэглэгчид, санал өгөгчид, сурган хүмүүжүүлэгчид, лидерүүд, эрдэмтдээр дамжуулан төрөл зүйлсээ хадгалан хамгаалж, эх дэлхийгээ хойч үедээ нүүр улайхгүйгээр өвлүүлэх болно. Хамтын ажиллагааны томоохон жишээнүүдээс дурдвал, энэ дөрөвдүгээр сарын эхээр үзэгчдийн хүртээл болж эхэлсэн Netflix-ийн Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран бүтээсэн "Our Planet" цувралыг онцолж болно. Ан амьтад, төрөл зүйлсийн зан төлөв, төлөв байдлыг уулга алдмаар дүрслэн харуулж, цэнхэр гарагийг "бүрэн зурагласан" энэ цуврал бол байгаль дэлхийгээ хамгаалахад уриалж буй хамтын ажиллагааны нэг том алхам юм. Энэхүү цуврал нь сургуулиуд, бага насныханд зориулсан дагалдах контентуудтай ажээ.

Дотоодын амжилттай хамтын ажиллагааны нэгэн жишээг мөн дурдвал, "2030" цахим товхимлыг хамтран бэлтгэж буй ХААН Банк тогтвортой хөгжлийн бодлого, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн онд "Ногоон төсөл"-ийн уралдаан зарласан юм. Энэхүү төслийн уралдааны дүнд ХААН Банк Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвтэй хамтран "Би эх дэлхийн хүүхэд" байгаль орчныг танин мэдэх төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг төслийн гол зорилго нь "Найрамдал" төвд амрагч нийт 40,000 гаруй хүүхэд залуусыг байгаль орчны танин мэдэхүйн хичээл, ан амьтны төрөл зүйл болон тэдгээрийг хэрхэн хайрлан хамгаалах тухай цогц хөгжлийн хөтөлбөрт хамруулан ирээдүйн хариуцлагатай иргэдийг багаас нь байгаль дэлхийгээ хайрлах дадал хэвшилтэй болгон хүмүүжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Уг төслийн хүрээнд одоогоор байгаль орчны сэдэвтэй сургалтын танхим тохижуулах ажил хийгдэж байгаа бөгөөд энэ зуны ээлж эхлэх үеэс буюу 6-р сараас амрагч хүүхдүүд хөгжлийн сургалтад хамрагдах юм. Энэ бол манай улсын төдийгүй олон улсын амрагч хүүхдүүдэд байгаль дэлхий, ан амьтад гэдэг бидний ирээдүйд ямар чухал, ямар нөлөөтэйг сонирхолтой аргаар таниулах хамтын ажиллагаа билээ.

2030онд манай дэлхийд одоогийнхоос 40 хувиар илүү ус, 50 хувиар илүү хоол хүнс, 40 хувиар илүү эрчим хүч, 40 хувиар илүү мод, даавуу хэрэг болох тооцоо бий. Дэлхий даяар хүн ам өсөж, хэрэглээ нэмэгдэж буй өнөө цагт бүхний ундарга болсон эх дэлхийгээ хайрлан хамгаалах нь маш том сорилт болж байна. Ийм нөхцөлд хүрээлэн буй орчин, экосистемийн тэнцвэрийг ухаалгаар, тогтвортойгоор хангах нь бидний цорын ганц зам юм. Ингээд эх дэлхийгээ хайрлах, хариуцлагатай иргэн байх зарим алхмыг санал болгоё:

Байгальд ээлтэй сонголтуудыг хийх. Үүнд, хуванцрын оронд органик бүтээгдэхүүн ашиглах зэрэг төрөл бүрийн алхам, амьдралын хэв маяг багтана.
Хэрэглэгч, иргэний хувиар дуу хоолойгоо илэрхийлдэг байх. Та байгаль орчинд илүү ээлтэй бодлого хэрэгжүүлэхийг бизнес эрхлэгчид болон засгийн газарт илэрхийлдэг, санал хүсэлт, шаардлагаа тавьдаг болох хэрэгтэй.
Хэрэгтэй мэдээллийг түгээх. Гэр бүлийнхэн, найзуудаа байгаль орчинд ээлтэй иргэд болгон хувиргавал тэрхүү нөлөө ойр дотны хүмүүсээр тань дамжин илүү олон хүнд хүрэх боломжтой.

онцлох мэдээ 

Улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрхэн биелүүлж байгаагаа Үндэсний сайн дурын илтгэлээр дамжуулан НҮБ-д тайлагнадаг. Тэгвэл манай улс ирэх долдугаар сард олон улсын чуулганд Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулах аж. Энэ хүрээнд илтгэлийг бэлтгэх ажлын хэсгээс хэлэлцүүлэг зохион байгуулж, ТХЗ-ын хэрэгжилтийн явцыг нэгтгэжээ.

Дэлгэрэнгүйг: Тогтвортой хөгжлийн 17 зорилго: БИД ХААНА БАЙНА ВЭ?

Монгол Улсын малын тоо сүүлийн үед жил бүр 6.3 хувиар өсөж, 2018 онд 66.4 сая толгой мал тоологджээ. Гэвч бэлчээрийн даац, багтаамж хэтэрч буй нь эргээд малчдын амьжиргаа төдийгүй, улсын эдийн засагт ч сөргөөр нөлөөлөх өндөр магадлалтай. 2017 онд хийсэн судалгаагаар Монгол орны нийт нутгийн 57 хувь нь ургамлын нөмрөг, төрөл зүйл хурдацтайгаар буурч, доройтож байгаа гэсэн дүгнэлт гарчээ.

Дэлгэрэнгүйг: Монгол орны нийт нутгийн 57 хувьд нь ургамлын нөмрөг, төрөл зүйл хурдацтайгаар буурч байгаа дүгнэлт гарчээ

Санал болгох 

ҮЗЭХ: Энэ сарын эхээр цацагдан үзэгчдийн талархлыг хүлээж байгаа “Our Planet” бол Netflix-ийн бүтээсэн байгаль орчны анхны баримтат цуврал юм. Дэлхийн ан амьтдын зан төлөв, өнөөгийн нөхцөл байдлыг амьдрах орчин тус бүрээр нь нийт 8 ангиар харуулжээ.
NETFLIX: Our planet

УНШИХ: Хустайд 55 зүйлийн хөхтөн, 223 зүйлийн нүүдлийн болон өвөлждөг шувуу, 493 зүйл гуурст буюу цэцэгт ургамал бүртгэгдсэн байдаг гэнэ. “Хустайн байгалийн цогцолборт газар“-ын Судалгаа, сургалтын албаны ургамлын биологич Ц.Цэрэндуламтай хийсэн сонирхолтой ярилцлагыг уламжилъя​.
Ц. ЦЭРЭНДУЛАМ: Тахийн хамгаалагч нь тарвага

ТУРШИХ: Блоггер М.Маралмаа өөрийн жишээн дээр хог хаягдлыг багасгахад туслах 10 төрлийн бүтээгдэхүүнийг нэрлэжээ. Алхам алхмаар хог хаягдлаа багасгаж, байгальд орчинд учруулдаг дарамтаа багасгахыг хүсвэл та энэ нийтлэлд дурдагдсан зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.​
ТУРШИЛТ: Хог хаягдлаа багасгахад туслах 10 бүтээгдэхүүн

БҮРТГҮҮЛЭХ: "ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - 2030" ЦАХИМ ТОВХИМОЛ

5598   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.