Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   05 сарын 19, 2019

7 хоногийн тойм: Артемис ажиллагаа + Топ 100 + Хайр ялна!

Ковер зургийн тайлбар: Хайр ялна

Дэлхий дахинд

Тайвань улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрсөн Азийн анхны улс боллоо. Тус улсын парламентын энэхүү түүхэн шийдвэр 5-р сарын 24-өөс эхлэн хүчин төгөлдөр болох юм. Хэдий Азийн хамгийн том LGBT коммюнититэй гэгдэж, хамгийн олон хүнийг хамарсан парад зохиодог ч энэ асуудал дээр нийгэм эмзэг хэвээр байгаа нь өнгөрсөн 11-р сард болсон бүх нийтийн санал асуулгаас харагдсан юм. Тухайн үед нийт иргэдийн 67 хувь нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн саналаа өгч байсан билээ.

Өнгөрсөн бямба гарагт 6 дахь удаагийн "Улаанбаатарын марафон" амжилттай явагдаж өндөрлөлөө. "Автомашингүй өдөр"-ийн хүрээнд явагддаг уг тэмцээн 5 км, 10 км, 21 км, 42 км-ийн ангилалд зохиогдсон бөгөөд 27 орны төлөөлөл бүхий 30 мянга орчим хүн оролцжээ.

News: Фото: Автомашингүй өдрийн мэнд

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2018 оны Монгол Улсын "ТОП 100" аж ахуйн нэгжийг танилцууллаа. Уг жагсаалтыг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Таван Толгой ХК, Оюу Толгой ХХК, Хаан банк, Энержи Ресурс ХХК тэргүүллээ. 2018 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн орлогын нийт хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 96 хувьтай байгаа нь 2015 оноос 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. ТОП-100 аж ахуйн нэгжүүд 2018 онд төлсөн татварын хэмжээ 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх жилээс 29 хувиар өсөж, Монгол Улсын татварын нийт орлогын 50 хувь болж байна.

iKon: Танилц: Монгол улсын ТОП 100 болон онцлох таван үзүүлэлт

Египт улс дэлхийн хамгийн өргөн дүүжин гүүрийг ашиглалтанд орууллаа. Нил мөрний дээгүүр сүндэрлэх уг гүүр нь 6 эгнээтэй бөгөөд 67 метрийн өргөнтэй гэнэ. Rod al-Farag Axis нэртэй уг гүүрийн нийт зардал 9.4 тэрбум доллар болжээ.

900 сая бүртгэлтэй сонгогч оролцох учиртай Энэтхэгийн сонгуулийн урьдчилсан дүнгээр ерөнхий сайд Н.Модигийн эвсэл олонх болж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Түүний тэргүүлж буй эвсэл боломжит 543 суудлын 306-д нь ялалт байгуулсан тухай эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

NYTimes: Санал хураалт дуусав: Одоо яах вэ?

Технологийн ертөнцийн эргэн тойронд

NASA саранд хүрэх төсөлдөө зориулан 1.6 тэрбум долларын нэмэлт санхүүжилт гаргах болсноо зарлалаа. Тэд SpaceX, Boeing зэрэг хувийн хэвшлийн компаниудтай хамтран 2024 он гэхэд сар луу ахин хүрэхээр зэхэж байгаа юм. Энэ төслөө тэд эртний Грекийн бурхадын нэг, сарын гүнж "Артемис" хэмээн нэрлэсэн нь сар луу анхны эмэгтэй сансрын нисгэгчийг илгээх агуулгатай хэмээн тайлбарлажээ.

Хятадын Google гэгддэг Baidu 2005 оноос хойш анх удаа алдагдалтай улирлыг өнгөрүүлснээ ил болголоо. Тэд өнгөрсөн улиралд 49 сая долларыг алдсан нь Netflix-тэй төстэй iQiyi платформд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, судалгаа хөгжүүлэлтийн зардлаа 26 хувиар өсгөж, 621 сая долларт хүргэсэнтэй холбоотой. Жилийн өмнөх мөн үед 970 сая долларын ашигтай тайлан танилцуулж байсан тэд Хятадын хайлтын зах зээлийн 67 хувийг эзэлдэг юм.

TikTok 5 дахь улиралдаа дараалан App Store-ийн хамгийн их таталттай апп-аар нэрлэгдлээ. Бага насны хүүхдүүдэд зохисгүй контент түгээж байна хэмээн буруутгагдаж, улмаар 5.7 сая доллараар торгуулан, хэрэглэгчдийн насны доод хэмжээг 13 хэмээн тогтоосон ч тэдний өсөлт саарсангүй, 33 сая шинэ хэрэглэгчийг татсан байна. ТikTok-ийн араас Youtube, Instagram, WhatsApp, Messenger бичигджээ.

Фрилансерууд, чөлөөт уран бүтээлчдийг хэрэглэгчидтэй холбож өгдөг платформ Fiverr нээлттэй компани болох хүсэлтээ гаргалаа. 2010 онд байгуулагдсан тус платформыг 800 мянга гаруй дизайнер, блоггер, маркетерууд хэрэглэдэг гэнэ. Тэдний борлуулалт өнгөрсөн жил 41 хувиар өссөн ч алдагдалтай ажилласан хэвээр байгааг мэргэжилтнүүд онцлов.

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Домогт тэрбумтан В.Баффет Amazon-ий хувьцааг албан ёсоор эзэмших боллоо. "Эртхэн хөрөнгө оруулж байгаагүйдээ харамсдаг" хэмээн хэлж байсан тэрээр өөрийн Berkshire Hathaway фирмээр дамжуулан 900 сая долларын үнэтэй хөрөнгө оруулалтыг хийсэн нь энэ. Гэхдээ энэ нь Amazon-ий 0.1 хувьтай тэнцүү үнэлэгдэх хөрөнгө гэсэн үг билээ.

Тэгвэл Amazon Европын хамгийн том хоол хүргэлтийг үйлчилгээ үзүүлэгч Deliveroo-д 570 сая долларын санхүүжилт хийснээ зарлалаа. 14 оронд 80 мянга гаруй ресторантай хамтран ажилладаг Deliveroo-той хамтрах болсноор тэд энэ зах зээлд тэргүүлж буй Uber-тэй шууд өрсөлдөх болж байгаа юм. 2017 оны сүүлээр 2 тэрбумаар үнэлэгдэж байсан Deliveroo-г Uber, Amazon-ы аль аль нь худалдаж авахыг санаархаж байсан ч бүтэлгүйтэж байсан билээ.

Хятадын зах зээлд Starbucks-ийн ноёрхлыг унагаах гол найдвар болоод буй Luckin NASDAQ-т хувьцаагаа гарган, нээлттэй компани боллоо. 2 жилийн дотор 2400 гаруй салбарыг байгуулаад буй Luckin 5 тэрбум доллараар үнэлэгдсэн бөгөөд эхний өдөр хувьцааны үнэлгээ нь 20 хувиар өсжээ.

HPE өндөр хүчин чадалтай компьютерийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Cray-ийг 1.3 тэрбум доллараар өөрийн болголоо. Ингэснээр тэд энэ зах зээл дэх хамгийн том нэгдлийн нэгийг үүсгэж байгаа юм. Сонирхуулахад, Цахиурын хөндийн анхны гигантуудын нэг HP 2014 онд 2 салж, улмаар принтерээр дагнасан HP Inc, байгууллагын зах зээл рүү онилсон HPE болон хуваагдсан билээ.

Nestle өөрсдийн эзэмшдэг гоо сайхны бүтээгдэхүүний брэндүүдийг 10 тэрбум доллараар үнэлэн зарах хэлэлцээрийг эхлүүллээ. Жилийн 2.1 тэрбум долларын борлуулалттай гэгдэх уг бизнесийн төлөө Unliver, Colgate зэрэг топ компаниуд бүгд өрсөлдсөн ч Шведийн EQT фирм ялалт байгуулан, худалдан авах төлөвтэй байгаа гэнэ.

Luckin-ий үүсгэн байгуулагч Женни Жияа Starbucks-ийг тулаанд дуудав

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Хойд Америкийн бокс оффисыг 3 долоо хоногийн турш тэргүүлсэн "Avengers: Endgame" тэргүүн байраа алдлаа. К.Рийвзийн гол дүрд тоглосон "John Wick 3" нийт 59 сая долларын орлого олсон нь "Avengers"-аас бараг 2 дахин илүү үзүүлэлт байв. Жон Викийн сүүлийн анги дэлхий даяар 92 сая доллар олсон нь франчайзын дээд амжилт болжээ. "Avengers" одоогоор 2.6 тэрбум долларын борлуулалт хийсэн нь "Avatar"-ийн тогтоосон бүх цаг үеийн дээд амжилтаас ердөө 178 саяар бага гэсэн үг юм.

Энэ долоо хоногт эцсийн бүлгээ цацаж буй "Game Of Thrones"-ийг бүтээгчид дараагийн төслөө эхлүүлсэн байна. Д.Вайсс болон Д.Бениофф нар 2022 онд нээлтээ хийхээр төлөвлөж буй "Star Wars"-ийн ээлжит киног найруулах болсныг Disney албан ёсоор зарлажээ.

Үүнтэй зэрэгцэн Disney 28 сая хэрэглэгчтэй стриминг үйлчилгээ Hulu-г бүрэн удирдлагадаа авснаа зарлалаа. Гэхдээ Comcast 2024 он хүртэл өөрсдийн эзэмшиж буй 33 хувиа хадгалж үлдэнэ гэнэ. Disney Fox-ийг худалдан авснаар Netflix-ийн гол өрсөлдөгчид тооцогддог Hulu-ийн гол хувьцаа эзэмшигч болоод байсан билээ.

Дэлхийн хамгийн нэр хүнтэй фестивалиудын нэг "Каннын кино наадам" эхэллээ. 5-р сарын 25 хүртэл үргэлжлэх уг наадмын гурван ангилалд нийт 50 кино өрсөлдөж буй. Наадмын нээлтийг Ж.Жармушийн найруулсан "The Dead Don't Die" хэмээх кино хийсэн байна. Сонирхуулахад, уг наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг алдарт найруулагч А.Инарриту ахалж байгаа гэнэ.

Европын хамгийн том дууны тэмцээн "Eurovision 2019" явагдаж, Нидерланд улс ялалт байгууллаа. Нидерландын уран бүтээлч Д.Ловренс эхний шатнаас л тэмцээнийг тэргүүлж, улмаар 1975 оноос хойш анх удаа эх орондоо ялагчийн цомыг авчирч байна. Итали, ОХУ-ын дуучид дараагийн байрт орсон байна.

The Guardian: Эхний долоо хоногийг базахуй

алдалгүй унших арван мэдээ

BBC: Яагаад бидний зарим нь зүүдээ санадаггүй вэ?
Wired: Black Mirror-ийн шинэ трэйлэр цацагдлаа
CNN: Трампыг огцруулахыг анх удаа намын гишүүн нь шаардлаа
BBC: 18 төхөөрөмж бүтээсэн эмчтэй танилц
Variety: Hulu Х.Вайнштейний тухай баримтат кино бүтээнэ
The Guardian: Австралийн сонгууль явагдлаа
Vox: Килограм даваа гарагаас шинэчлэгдэнэ
Techcrunch: Биткойны үнэ 8000 давлаа
PGA: Б.Коепка PGA Championship-д дараалан түрүүлэв
Atlantic: Өөрчлөлтөнд дургүй Парисыг үүрд шинэчилсэн эрхэм

10842   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.