Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Блог   05 сарын 27, 2019

2030: Хүрээлэн буй орчиндоо ээлтэй ажиллацгаах уу?

Тогтвортой хөгжил гэдгийг хүрэх үр дүн биш, үр дүнд хүрэх зам хэмээн ойлговол зохистой билээ. Хэрэглэх хувцсаа худалдан авах, идэх хүнсээ сонгох зэрэг хүний өдөр тутмын энгийн үйлдлүүдэд тогтвортой хөгжлийн зорилгууд оршдог гэдгийг бид өмнөх товхимлуудаараа сануулсаар ирсэн. Тэгэхээр та бидний өдрийн тал буюу түүнээс ч илүү цагийг өнгөрүүлдэг оффисын байр, барилгатай тогтвортой хөгжил нягт уялдах нь ойлгомжтой. Оффисын ажилтан жилд бүтэн 99 хоногтой тэнцэх хугацааг албан өрөөндөө өнгөрүүлдэг байна. Тэгэхээр "ногоон оффис", "ногоон барилга"-ын тухай ойлголтыг бид сайтар таниулж, өдөр тутмын ажлаа хийнгээ хүрээлэн буй орчиндоо хэрхэн эерэг нөлөөлөл үзүүлж болохыг энэ удаа сануулахыг хүслээ. 

Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хотод амьдардаг. Хот руу чиглэсэн нүүдэл хүрээгээ тэлсээр байгаа өнөө үед барилга байшингууд, оффисын байрууд улам бүр нэмэгдэх болно. Тэр хэрээр барилгуудын гадаад үзэмж, дотоод тохижилт, засал чимэглэл сайжирч та биднийг гайхшируулсаар байгаа билээ. Ажлын орчин гэдэг хүмүүсийн ажлын бүтээмж, сэтгэл ханамжид ихээхэн нөлөөтэй байдаг болохоор манай редакц жил бүр “Улаанбаатарын хамгийн таатай оффисууд” жагсаалтыг гарган танилцуулдаг. 

1975 онд “Business week” сэтгүүл ирээдүйд хүн төрөлхтөн цаасгүй оффист ажиллах болно хэмээн зарлаж байлаа. "Apple" компанийн 1987 оны, ирээдүйн оффисыг төсөөлсөн дүрс бичлэгийг одоо үзэхэд инээд тань хүрч мэдэх юм. Гэхдээ энэ бүх төсөөллүүд биеллээ олсоор ирэв. Тэгвэл бид бүгд “ногоон оффис”-ыг хэрхэн төсөөлөх хэрэгтэй вэ?

Бүрэн тэжээлээс салгаагүй цахилгаан хэрэгслийн улаан гэрэл 14 цаг тутамд 1 квт цахилгаан зарцуулдаг. Харин 1 квт цахилгаан гаргаж авахад дунджаар 0.7 кг нүүрс хүчлийн хий ялгардаг байна. Тэгэхээр ажлын байрныхаа цахилгаан хэрэгслийг тэжээлээс салгах нь дан ганц тог хэмнэж байгаа хэрэг бус, амьсгалах агаараа хүртэл чанаржуулж буй хэрэг юм. Энэ мэт оффис дээр хийж болох үйлдлүүд, хэрэгжүүлж болох технологи, нөү-хаугаар дамжуулан бий болгох ногоон оффис нь эрчим хүч, эд материалыг үр ашигтай ашиглах, хүлэмжийн хийн ялгарал, хог хаягдал, бохирдлыг багасгах, байгалийг хамгаалах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой хэмээн Дэлхийн Байгаль Хамгаалах Сангаас тодорхойлжээ.

Тус байгууллагаас тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор "Ногоон оффис" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ногоон оффисыг бий болгох зөвлөмжүүдийг хүргэн, шаардлага хангасан ногоон оффисуудад гэрчилгээ олгодог. Ногоон оффис нь хүмүүсийн аз жаргалтай, сайн сайхан байдлыг дэмждэг, ус, эрчим хүчний хэрэглээг бууруулдаг, цаас гэх мэт төрөл бүрийн нөөцийн хариуцлагатай хэрэглээг нэвтрүүлдэг, худалдан авалтдаа орчиндоо ээлтэй байх бодлогыг баримталдаг, автомашинаас бусад хөнгөн, хямд төсөр тээврийн хэрэгслийг дэмждэг зэргээрээ тогтвортой хөгжилд олон талаар нөлөөлдөг билээ.

онцлох сэдэв: ногоон барилга

“Ногоон оффис”-той ойролцоо нэг чухал ойлголт бол "ногоон барилга" юм. Амины орон сууц, сургууль, эмнэлэг, инновацын төв гэх мэт бүх л төрлийн барилгыг "ногоон" байлгах боломжтой. Байгаль экологид ээлтэй байх буюу байгалийн нөөцийг хайрлаж үнэлэнгээ өөрсдийн амьдрах нөхцөл, хэв маягийг сайжруулах үндсэн зорилгыг “ногоон барилга” агуулдаг. Тэгвэл ямар зүйлс барилгыг “ногоон” гэж тодорхойлох шалгуур үзүүлэлт болох вэ гэдгийг сонирхуулъя. Ногоон барилгыг барьж босгоё гэвэл бүр анхнаас нь буюу төлөвлөлтийн үе шатнаас эхлэх учиртай. Ингээд энэ төрлийн барилгын онцлог шинжүүдийг дурдвал:

  • Ус, эрчим хүч болон байгалийн бусад нөөцийг үр ашигтайгаар ашигладаг
  • Ус, нар, салхи гэх мэт сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны асуудлаа шийддэг
  • Дахин хэрэглэх боломжтой тоног төхөөрөмж ашигладаг
  • Хог хаягдлыг аль болох дахин боловсруулдаг
  • Агаарын урсгалыг чөлөөтэй нэвтрүүлдэг, агаарыг цэвэршүүлэх, агаарын солилцоо явуулах боломжтой
  • Байгальд ээлтэй, химийн хор хөнөөл багатай, дахин боловсруулсан материал ашигладаг
  • Барилгын загвар, материал, хийц нь экологид ээлтэй, байгалийн хэв шинжийг өөртөө агуулсан
  • Загвар, материал, хийцийн хувьд оршин суугчдын амьдрах нөхцөл, хэв маягт тохирсон, тухтай

чиг хандлага 

“Ногоон оффис”-ын шаардлагуудыг бүрэн хангасан анхдагч байгууллага бол Маастрихтын их сургуулийн ногоон оффис юм. Тус албан тасалгаа нь Япон улсаас санаачилсан, ЮНЕСКО-гийн Тогтвортой хөгжлийг дэмжих боловсролын шагналыг 2010 онд буюу байгуулагдсан жилдээ хүртэж байжээ. Маастрихтын их мургуулийн ногоон оффис одоо зургаан өөр оронд, 27 албан тасалгаатай болон өргөжсөн байна.

Бидэнд ойр жишээ гэвэл “2030” товхимлыг хамтран бэлдэгч ХААН Банкны төв байр болох ХААН Банк Цамхаг юм. Тус барилга 2017 оны 8-р сард ашиглалтад орохдоо "Ногоон оффис"-ын шаардлагыг хангасан гэдгээ зарлаж байв. Тодруулбал, тус барилга eco mode тоноглол бүхий шийдэл, ухаалаг удирдлагын системтэй, давхар болгонд нэгдсэн хэвлэх өрөөтэй, мөн ахуйн хэрэглээндээ дахин боловсруулсан цаас ашигладаг, ариун цэврийн өрөөндөө автомат мэдрэгч бүхий тоноглолтой юм. Түүнчлэн нэг ажилтан нэг компьютер хэрэглэх, түлш бага зарцуулдаг цахилгаан бензин хосолсон хөдөлгүүртэй Toyota Prius автомашиныг банкны үйл ажиллагаанд түлхүү хэрэглэх бодлого баримталдаг. Тус банк энэ оноос байгаль орчинд үзүүлж буй эерэг нөлөөлөл, ногоон оффисын хэрэглээг олон улсын стандартын дагуу хэмжиж эхлэн, олон нийтэд тайлагнахаа зарлаад байгаа юм.

Дэлхийн Байгаль Хамгаалах Сангаас Скандиновын орнуудыг “Ногоон оффис”-ын төв хэмээн зарлаж буй. Тодруулбал, өнгөрсөн оны долоодугаар сарын байдлаар Финландын 143 байгууллагын 59 мянган ажилтан 382 ногоон оффист ажиллаж байгаа аж. Тэгвэл бусад оронд 2018 оны байдлаар 108 байгууллагын 21 мянган ажилтан 119 ногоон оффист ажиллаж байгаа гэдэг судалгаа гарчээ. Хэдийгээр ногоон оффисыг бий болгох нь эхэн үедээ өртөг зардалтай юм шиг боловч байгуулж бий болгосны дараа асар их хэмнэлт авчирч, ажилтнуудад ч сэтгэл ханамж өгдгөөрөө өндөр ач холбогдолтой билээ. Тийм ч учраас ногоон оффисын тоо жил ирэх бүр өсөн нэмэгдсээр байх дүр зураг харагдаж байна.

Жижиг чулуугаар том чулууг хөдөлгөдөг гэдэг шүү дээ. Та дараах алхмуудыг өөртөө хэвшүүлж чадвал ажлын хамт олондоо бага багаар нөлөөлөх болно гэдэгтээ эргэлзэх хэрэггүй.

  • Лифтээр биш шатаар явцгаая. Лифтээр нэг давхар явахад 5 квт эрчим хүч зарцуулдаг байна. Бас нийт оффисын ажилтнуудын 62 хувь нь хөдөлгөөний дутагдалтай болсон байдаг гэх судалгаа бий. Иймд алхах бол тогоо хэмнэхийн сацуу хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх хамгийн хялбар арга юм.
  • Хогоо ялгаж хаяцгаая. Хогоо ялгаж хаяж хэвшвэл зарим хаягдлыг дахин боловсруулах боломж бүрдэнэ.
  • Тасалгааны гэрэл, цахилгаан хэрэгслүүдээ унтрааж хэвшье.
  • Ажил руугаа унадаг дугуй юм уу скүүтерээр явцгаая.

онцлох мэдээ 

Жил бүрийн 5 сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тохиодог. Нийслэлийн 83 байршилд цэцэрлэг ногоон байгууламж байдаг бөгөөд эдгээрийн тоог нэмэх, сайжруулах, хамгийн гол нь жил бүр тарьдаг мод, буут сөөгөө арчилж ургуулах нь чухал билээ. Энэ жил 50 гаруй иргэн, ААН, байгууллага, анги хамт олон 10 төрлийн 3000 гаруй мод, буут сөөг тарьжээ. Энэ байгууллагуудын нэг нь ХААН Банк байсан бөгөөд ажилтан, харилцагч, түншүүдийнхээ хамтаар мод тарьж хүн бүрийг байгаль орчноо хайрлахад уриалж, хамт олноороо нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлжээ.

Дэлгэрэнгүйг: "Хаан банкны ой" хөтөлбөрийн хүрээнд энэ жил 1200 мод тарина

“Осол гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил - 2030" үндэсний чуулганыг угтаж орон даяар зохион байгуулж байгаа “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөг Орхон аймагт болжээ. Өдөрлөгт эрүүл мэнд, цагдаа, хүүхдийн байгууллагын төлөөлөл оролцож Барилгачдын талбайгаас А.Амарын талбай хүртэл жагссан байна. Орхон аймгийн хэмжээнд сүүлийн таван жилд замын хөдөлгөөний аюулгүй байдлын 211 гэмт хэрэг бүртгэгдэж 27 хүн нас барснаас 0-18 насны таван хүүхэд байна. Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дээрх арга хэмжээг зохион байгуулсан аж.

Unread Media-аас ажилтнууд хийгээд харилцагчдаа хүндэлсэн ажлын орчныг бүрдүүлэхээр хичээл зүтгэл гаргасан байгууллагуудыг олж алдаршуулахаар “Улаанбаатарын хамгийн аатай оффисууд” жагсаалтыг жил бүр гаргадаг. Энэ жилийн шалгаруулалт одоо үргэлжилж буй тул уншигч та таатай оффистой байгууллагуудыг санал болгоорой. Жагсаалтад ажлын орчны тохижилт, байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт гэсэн гурван гол шалгуур тавигддаг бөгөөд ногоон оффисыг концептыг баримталдаг байгууллагууд мэдээж нэмэх оноо авах юм.

Санал өгөх: Улаанбаатарын хотын 2019 оны хамгийн таатай оффисуудыг хайж байна

Санал болгох:

Унших: Төлөвлөхөөс эхлээд баригдах, ашиглалтанд орох гэх мэт бүх л үе шатанд байгальд ээлтэй байлгахаар бодож боловсруулсан дэлхийн хамгийн “ногоон" 10 оффистой танилцана уу.

10 OF THE WORLD'S GREENEST OFFICES

Сонирхох: Архитектурын хамгийн био төрөл буюу байгалийн гаралтай буюу дахин боловсруулдаггүй (шил, дугуй г.м) зүйлсийг нийлүүлэн барилга барихыг Earthship дизайн гэдэг. Тус дизайны хамгийн амжилттай төсөл Шинэ Зеландад хэрэгжиж байжээ.

EARTHSHIPS & NATURAL BUILDINGS

Тогтвортой хөгжлийн эргэн тойронд болж буй үйл явдлууд, чухал мэдээллүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан хүргэх 2030 цахим товхимлын дараагийн дугаарыг та энд бүртгүүлэн хүлээн аваарай.

4284   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Э.Сударчулуун




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.