Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   06 сарын 21, 2019

Амьтанд хайртай хүмүүст: Тэжээвэр амьтадтай холбоотой орчин үеийн чиг хандлагууд

Өдгөө хүн төрөлхтөн амьтан үрчилж, гэр бүлийн гишүүнээ гэж үзэх хандлага тэлсээр байна. Энэ хэрээр тэднийг тэжээхэд шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл улам өргөжин тэлж, гэрийн тэжээвэр нохой гэхэд үнэ үүлдэр, гарал үүслээсээ шалтгаалаад 150-1.6 сая ам.долларт хүрчээ. Түүгээр зогсохгүй технологийн хөгжил тэжээвэр амьтдыг өсгөх чиг хандлагыг өөрчилж, алсын зайнаас ч асран хамгаалах боломжийг бүрдүүлээд байна. Тиймээс бид энэ удаа амьтан тэжээх олон улсын чиг хандлага, голлох трендийн талаар онцлон хүргэе.

Олон улсын чиг хандлага

"Gallup" судалгааны байгууллагаас хийсэн тайланд хүн төрөлхтний сэтгэл зүйн тогтвортой байдал сүүлийн жилд хамгийн сөрөг буюу стресс, бухимдал ихтэй байгааг дурдсан байдаг. Дэлхийн 146 орны иргэдийн сэтгэл зүйн байдлыг өнгөрсөн 10 жилийн өмнөхтэй харьцуулсан уг судалгаанаас үзэхэд дэлхий дахинд сөрөг сэтгэл хөдлөлийн индекс нэмэгдэхийн хэрээр тэжээвэр амьтдын эрэлт хэрэгцээ улам ихсэх болжээ. Тэжээвэр амьтдын ач тусыг ойлгосон Солонгос, Япон улс ажлын бүтээмжийг нэмэхийн тулд ажлын байранд муур, нохой зэрэг тэжээвэр амьтдыг тэжээж эхлээд байна. Амьтан тэжээнэ гэдэг наад зах нь хөдөлгөөний идэвхтэй байхыг шаарддаг тул тэдэнтэй харилцах, хайрлах нь хүмүүст эерэгээр нөлөөлж бусадтай харьцах харилцаа холбоог сайжруулдаг билээ.

Grand view”судалгааны байгууллагаас олон улсад тэжээвэр амьтны зах зээл 2025 он гэхэд 202.6 тэрбум ам.долларт хүрэх тооцоог гаргасан. Учир нь, 2009 оны байдлаар дэлхий дахинд 500 сая гаруй тэжээвэр нохой байсан бол түүнээс 10 жилийн дараа буюу өнөөдрийн байдлаар 900 сая гаруй гэрийн тэжээвэр нохой амьдарч байна. Тэдэнд зориулсан эмнэлэг, дэлгүүрээс гадна алжаал тайлах, усанд оруулах спа, гоо сайхны салонууд, өдөр өнжүүлэх, сургалтын хөгжлийн төв зэрэг хүнээс дутахааргүй тансаг зэрэглэлийн олон төрлийн үйлчилгээг авах боломжтой болжээ. Ухаалаг технологи, эмнэлгийн сайн үйлчилгээ нь тэжээвэр амьтдыг илүү урт насалж, хүн шиг тав тухай амьдрах боломжийг олгож байгааг “Michelson Found Animals” байгууллагын тайлангаас уншиж болно. Тус байгууллага 1000 гаруй амьтан тэжээдэг хүмүүсээс судалгаа ававахад 56 хувь нь зөвхөн амьтанд зориулан хяналтын камер, ухаалаг тоглоом, амин үзүүлэлтүүдийг хянах тусгай тоног төхөөрөмж худалдан авсан байна.

Илүү органик хооллолт 

Өдгөө дэлхийн нийт гэрийн тэжээмэл гурван амьтан тутмын нэг нь илүүдэл жинтэй. Амьтдыг хооллох нь урамтай ч зөв арга барилаар эрүүл хооллохгүй бол хүнтэй адил идсэн зүйлээсээ шалтгаалан өвдөх нь элбэг байдаг аж. АНУ-д гэхэд нийт муурын 58, нохойн 53 хувь нь илүүдэл жинтэй. Тиймээс амьтанд хайртай хүмүүсийн органик хооллолтын эрэлт хэрэгцээ өндөр болж, энэ онд гэхэд зөвхөн тэжээмэл амьтдын эрүүл хооллолтод зориулсан бүтээгдэхүүний зах зээл 6.8 тэрбум ам.долларт хүрэх тооцоо байна. Цаашлаад 2022 он гэхэд дэлхий дахинд тэжээвэр амьтдад зориулсан хоолны зах зээл 98 тэрбум ам.доллар хүрэх нь. Ихэнх амьтад цадсанаа мэдэхгүйгээр идсээр байдгийг зарим хүмүүс мэддэггүй тул их хэмжээний хоол өгсөөр хордлогод оруулах тохиолдол бий. Тэжээлээс хамаараад тухайн амьтны эрүүл мэнд, үсний өнгө хүртэл өөрчлөгддөг учраас нохой тэжээдэг хүмүүсийн хувьд хоол тэжээл бол хамгийн чухал арчилгаа ажээ.

Онлайн дуудлагын цэвэрлэгээ 

АНУ, Европын орнуудад ухаалаг гар утасныхаа тусламжтайгаар тэжээвэр амьтдын цэвэрлэгээний бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой болжээ. Нохойн шүд цэвэрлэх, муурын үс самнах, хуурай хоол дэлгүүрээс авчруулах гээд хүссэн бүхнээ гар утасныхаа аппликейшнийхаа тусламжтайгаар дуудаж болох нь. Хэрэв гэртээ амьтнаа харах завгүй болвол нохой асрагч дуудаад л асуудлаа шийддэг болсон байна шүү.

Амьтдыг фото модель болгох нь 

Хүмүүс гэрийн тэжээмэл амьтдыг зөвхөн тэжээх бус олон нийтэд танилцуулж, түүгээрээ орлого олох болсон нь шинэ тренд болоод байна. Биднээс хэд дахин их хөрөнгөтэй, чинээлэг амьтад зар сурталчилгааны захиалгуудад дарагдаж, баян тансаг амьдарч байгаад гайхах зүйлгүй болжээ. Тухайлбал, өөрийн эзэн Гуравдугаар Гюнтерээс 375 сая ам.долларын хөрөнгийг өвлөн авсан Германд амьдарч буй Дөрөвдүгээр Гюнтер овчарка нохой одоогоор дэлхийн хамгийн баян амьтанд тооцогдож байна. Түүний араас ярвагар, ууртай царайгаараа алдартай Грампи муур 100 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр хоёрдугаарт жагсаж байсан ч өнгөрсөн сард нас барсан билээ. Хамгийн баян тэжээмэл амьтдын тоонд дуучин Тэйлор Свифтын муур, Опра Уинфригийн нохойнууд багтдаг.

Тансаг зэрэглэлийн үйлчилгээ 

Нохой, мууранд зориулан спа, үсчин, гоо сайхны салоноос авахуулаад төрсөн өдөр, тэмдэглэлт баярыг тэмдэглэж өгөх тусгай арга хэмжээ зохион байгуулагчид хүртэл байдаг. Мөн тэдэнд зориулсан хувцас загвар, үнэт эдлэлийн тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд АНУ-д нээгдээд байна. Гоо сайхны салонд үсэнд нь сор тавьж, массаж хийж өгч болно. Мөн нохойнд зориулсан иог, фитнесийн хичээлүүд ч олон улсад байдаг аж. “America Pet Products Association”-аас мэдээлснээр АНУ-ын сүүлийн 30 жилд 85 сая өрх шинээр тэжээвэр амьтантай болжээ. Энэ хэрээр тэдэнд зориулсан тусгай үйлчилгээ үзүүлэх бизнес улам өргөжин тэлж байна. Харин манай улсад цөөн тооны нохой усанд оруулах спагаас гадна 10 гаруй хувийн эмнэлэг, дэлгүүр үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Гар утасны шийдлүүд 

АНУ-д “Spot on” хэмээх аппликейшн нь Uber, Lyft-тэй адил такси дуудлагын үйлчилгээ үзүүлдэг ч ялгаатай нь тэжээвэр амьтан зориулсан үйлчилгээг багтаасан байдаг. Зориулалтын суудал, бүсэнд суулган тав тух, аюулгүй байдлыг хангаж, хүссэн газарт тань хүргэж өгөх болно. Мөн “Forbes” сэтгүүлээс онцолсон “Toletta” хэмээх мууранд зориулсан дижитал хэвтэр нь амьтныг орж ирэх үед биеийн амин үзүүлэлтүүдийг шалгаж, эрүүл мэндийн хяналтыг автоматоор хийдэг. Энэхүү төхөөрөмж нь таны муурын жингийн өөрчлөлт, өвчний шинж тэмдэг зэргийг үргэлж хянан, эрүүл мэндэд нь анхаарал тавих болно. Өөрөөр хэлбэл, муурын талаарх дата мэдээллийг цуглуулан, эзний гар утсанд нь өдөр бүр шаардлагатай мэдээллийг тогтмол хүргэдгээрээ онцлогтой.

Зөвхөн нохойнд зориулсан телевиз 

Ихэнх хүмүүст тэжээвэр амьтнаа гэртээ үлдээж явахаас өөр аргагүйд хүрдэг. Нохой, муурын хувьд хүнтэй адил зурагт үзэх дуртай учраас тэдэнд зориулсан тусгай телевизийн сувгууд хүртэл бий болжээ. Тухайлбал, АНУ-д 2012 онд байгуулагдсан DOGTV суваг нь нохойг зугаацуулах, тайвшруулах, нийгэмшүүлэх зорилготой олон төрлийн контентийг бэлтгэн хүргэдэг. Контентийн хэлбэрийг нохой ойлгоход амар хялбар байдлаар дуу, дүрс хослуулан бүтээжээ. Нэг нэвтрүүлгийн дундаж хугацаа 3-6 минут үргэлжилдэг байна.

Амьтанд хайртай хүмүүсийн нэгдэл 

Фэйсбүүк, Твиттер зэрэг олон нийтийн сүлжээнд амьтан тэжээдэг хүмүүсийн олон групп, нэгдэл бий. Амьтанд хайртай хүмүүсийг нь хооронд холбож, ижил сонирхлоороо бие биенийгээ олох боломжийг “DIG” аппликейшн олгодог. Энэ бол амьтанд хайртай хүмүүст зориулсан болзооны хамгийн алдартай аппликейшн юм. “Tinder”-тэй адил зургаа хийгээд бусад хүмүүстэй тохирох эсэхээ үзэх аргын дагуу та өөрийн тэжээвэр амьтантайгаа авахуулсан зургаа хийх шаардлагатай.

АНУ-д өдгөө нийт ажлын байрны найм, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газрын хоёр хувь нь амьтдад ээлтэй орчинг бий болгосон байдаг аж. Тиймээс “Puppy Mama“ хэмээх нэгдэл нь амьтдад тулгардаг нийгмийн асуудлыг шийдэх, тэдний эрхийг хамгаалахаар ажилладаг. Тэд хүмүүсийн амьдралд амьтад хэрхэн нөлөөлсөн түүхийг хуваалцаж, амьтдыг ойлгож, хэрхэн суралцах тухай сэтгэл зүйн асуудлыг хэлэлцэн, тэдэнд ээлтэй орчинг бүрдүүлэх зорилготой байгууллага юм.

Ийнхүү тэжээвэр амьтад хүнээс дутахааргүй амьдрах орчин, хоол тэжээл, хайр халамжийг хүртэж, тэдэнд зориулсан зах зээл, бизнес, хууль эрх зүйн таатай орчин бүрдсээр байна. Энэ хүрээнд бид дараагийн дугаартаа тэжээвэр амьтантай холбоотой илүү сонирхолтой нийтлэлийг хүргэх болно.

11784   1


НИЙТЭЛСЭН:

Tsogzolmaa Shofyor

Нийтлэлд оролцсон:

О.Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.